2024 онд 48 компани 1 их наяд 7 тэрбум 721 сая төгрөг хуваарилахаар болжээ

Sarangerel
2024-12-06 14:08:07
Ангилал:

Биржид бүртгэлтэй компаниудын ногдол ашгийн хэмжээ жил тутам нэмэгдсээр байна. Тухайлбал, 2021 онд 37 компани цэвэр ашгаасаа 161.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан бол энэ үзүүлэлт 2022 онд 47 компани 212.8 тэрбум төгрөг, 2023 онд 44 компани 653.2 тэрбум төгрөг, 2024 онд 48 компани 1 их наяд 7 тэрбум 721 сая 436 мянга 972 төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн дүн мэдээллээ ирүүлжээ. Компаниуд цэвэр ашгийнхаа 100 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний ногдол ашгийг хуваарилах боломжтой байдаг.

Нийт дүнгээр нь авч үзвэл 2005 оноос хойш нээлттэй болсон 38 компани 704 тэрбум төгрөгийн хөрөнгийг анхдагч зах зээлээс босгожээ. Үүний 63 хувийг нь банкууд, үлдсэн 32 компани 300 орчим тэрбум төгрөгийг босгосон байна. Эдгээр компаниудын хувьцааны зах зээлийн үнээс харахад компанийн хувьцааны үнэ анх зах зээлд гаргасан үнээсээ хамгийн багадаа 2 хувиар, хамгийн ихдээ 14.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн үнэ цэн хэрхэн өссөнийг харуулж байгаа юм. Тухайлбал, “Монголын хөрөнгийн бирж”- ХК-ийн хувьцаа анх зах зээлд гарахдаа 100 төгрөгөөр арилжаалагдсан бол жилийн дараа нэгж хувьцааны үнэ 300 төгрөг болж өсчээ. Энэ нь тухайн үед 10 сая төгрөгөөр хувьцаа авсан хүний хөрөнгө оруулалтын үнэ цэн нэмэгдэж, жилийн дотор 30 сая төгрөг болсон гэсэн үг юм.

Мөн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хорь орчим компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгслүүд арилжаалагдаж байна. Үүнээс зөвхөн 2023 онд найм, 2024 онд нэг компани, мөн Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар бонд”, Хаан банкны стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгосон 25 сая ам.долларын “Ногоон бонд”-ыг тус тус гаргасан байдаг. Эдгээр өрийн хэрэгсэл нь хувьцаатай харьцуулахад эрсдэл багатай хөрөнгө оруулалтад ордог байна.