ЖДҮ-ийн зээлд 1300 орчим зээлдэгч хүсэлт ирүүлжээ 

Sarangerel
2024-12-06 14:42:34
Ангилал:

Жижиг, дунд үйлдвэрийн зээлд он гарсаар 1300 орчим зээлдэгч хүсэлт ирүүлжээ. Гэсэн ч 279 аж ахуйн нэгж ЖДҮ-ийн зээл авсан  байна. Учир нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд улсын төсвөөс “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-д мөнгө өгөөгүйтэй холбоотой. Тус сан зээлийнхээ эргэн төлөлтөөс жил бүр 30 орчим тэрбум төгрөгийг зээл олгоход зориулж байна. Хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүдийн 100 тутмын 9-10 нь л зээл авч байна гэсэн үг. Үлдсэн 90 нь гомдолтой үлддэг аж. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Зээлийн хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн 70-80 хувь нь зээлд хамрагдах боломжтой байдаг. Харамсалтай нь 10-20 хувь нь л зээл авч байна. Уг нь юм хийх гээд байгаа хүмүүсээ дэмжвэл эргээд улс орны эдийн засагт нэмэртэй шүү дээ. Хатуухан хэлэхэд нэг захын суманд сургууль цэцэрлэг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нэг ангид арван хэдэн хүүхэд сурахад зориулж хэдэн тэрбумаар нь сургууль цэцэрлэг барьж байхаар нэг, хоёрхон жилдээ түр хязгаарлаад ЖДҮ-ийн зээлээ өгчихөөч ээ. ЖДҮ-ийн зээлд нэг удаа боломжийн мөнгө улсын төсөвт суулгахад эргэн төлөлтөөрөө нөхөөд явчихна. Одоо бол ЖДҮ-ийн зээл шударга, хэн нэгэн хүний танил тал, нөлөөлөл байхгүй болсон гэдгийг хаана ч хэлдэг” хэмээн ярьсан юм. 

ЖДҮГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого зэрэг төрөөс гарч байгаа бодлого шийдвэрүүдтэй уялдуулан зээлээ олгодог байна. Сүүлийн жилүүдэд ихэнхдээ боловсруулах үйлдвэрлэлд зээл олгож байгаа аж.