“Бүсчилсэн хөгжил” сэтгүүлийн анхны дугаар

Sarangerel
2025-05-12 11:38:27
Ангилал:

Mongolian Economy сэтгүүл дэргэдээ “Бүсчилсэн хөгжил” сэтгүүл эрхлэн гаргаж байна. Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийн шинэ загвар бол Бүсчилсэн хөгжил байна гэж үзэж, УИХ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2024 оны зургаадугаар сард баталсан юм. Энэ хүрээнд Mongolian Economy сэтгүүл бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж, тусгайлсан сэтгүүл гаргаж байгаа бөгөөд өнөөдөр уншигчдадаа анхны дугаараа хүргэж байна.

Бид анхны дугаартаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар тодорхой мэдээлэл өглөө. Бүсчилсэн хөгжил гэж юуг хэлээд байгаа, ямар стратеги төлөвлөгөөгөөр хэрэгжих юм, бүсүүд газарзүйн онцлог, ялгаагаар хэрхэн хөгжих юм, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, ямар бүтээн байгуулалтууд өрнөж, хэрхэн хөрөнгө оруулалт татаж ажиллах зэрэг агуулгыг багтаалаа.

Бид шинэ бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Бүсчилсэн хөгжил” сэтгүүлээ гаргалаа.

Бүсчилсэн хөгжлийн талаар нэгдсэн нэг ойлголт мэдээлэлтэй байж энэхүү бодлого амжилттай хэрэгжинэ гэдэг дээр бүгд санал нийлж, бүсчилсэн хөгжлийн форумуудыг хийж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийн төлөө явж байгаа. Энэ хүрээнд бид ч нэгдэж, шинэ сэтгүүлээрээ уншигчид та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын гол зорилго нийслэл хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд оршино. Улаанбаатар хотын төвлөрөл задарснаар орон нутаг хөгжиж, улмаар ард иргэд ийш тийш нүүж нүүдэллэхгүйгээр төрсөн нутаг усандаа сэтгэл хангалуун сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ гэдэг гол агуулга явж байгаа юм.

Өнгөрсөн 30 жилд хөдөөнөөс Улаанбаатар хот руу гэсэн нүүдэл явсан бол шинэ 30 жилд нийслэлээс орон нутаг руу гэсэн нүүдэл явна гэсэн үндсэн концепц бол Бүсчилсэн хөгжлийн бодлогын амин сүнс гэж хэлж болно. Ийм учраас Mongolian Economy сэтгүүл энэхүү бодлогыг дэмжиж байгаагаа хэлэхийг хүсч байна.