Шинэ Ерөнхий сайдыг юу хүлээж байна вэ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбажавын Занданшатар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа. Тэрбээр Засгийн газрын кабинетаа бүрдүүлэхээс ажлаа эхлэх юм. Г.Занданшатар бол эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. Сүүлд АНУ-ын Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажилласан нэгэн. Түүний хувьд төрийн байгууллагын системийг ойлгодог, мэддэг, арвин туршлага хуримтлуулсан хүн. Төрд бэлтгэгдсэн хүн гэж хэлж болно.
Шинэхэн Ерөнхий сайдын хувьд дэлхийн болон Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн үед Засгийн газрыг тэргүүлэхээр болж байна. Орос,Укрианы дайн, АНУ-ын Ерөнхийлөгчийн дэлхийн улс орнуудад тавьж буй тариф, Америк, Хятадын худалдааны дайн гэх мэт асуудал дэлхийг тодорхойгүй байдалд оруулж, эдийн засгийн хүнд нөхцөлийг бий болгоод байгаа юм. Энэ бүхэн жижиг зах зээлтэй, импортлогч Монгол Улсын эдийн засгийг агшаахад нөлөөлж эхэллээ. Г.Занданшатар Ерөнхий сайд “Би сайхан цаг үед гарч ирэхээс илүү хүнд үед ард иргэдтэйгээ хамтдаа асуудлыг даван гарахыг илүүтэй хичээнэ гэж” УИХ-ын чуулганы танхимд өчигдөр хэлсэн. Мөн тэрбээр эдийн засгийн шинэтгэл хийхээ хэлээд богино хугацааны популизм, сошиалд таалагдах бус дунд, урт хугацаандаа үр дүнгээ өгөх хөгжлийн бодлого хэрэгжүүлж ажиллана гэдгээ онцолсон юм.
Шинэ Ерөнхий сайдыг юу хүлээж байна вэ? Үүнд:
Эрчим хүчний салбарын асуудал шинэ Ерөнхий сайдын толгойны өвчин байх нь мэдээж. Баталгаат хугацаа нь аль хэдийнэ дууссан, хуучирч муудсан цахилгаан, дулааны станцууд, шугам сүлжээ бүхий салбар хүлээж байна. Үүний нэг жишээ болоод сануулга бол гуравдугаар ДЦС-д гарсан осол аваар юм. Шинэ Засгийн тэргүүн өнөөдрөөс л ирэх өвөлд эрчим хүчний салбар бэлэн үү гэдэг ажлыг хийж эхлэх хэрэгтэй.
14 мега төсөлд анализ хийж эрэмблэн хэрэгжүүлэх ажил хүлээж байна.
Татварын багц хуулийн өөрчлөлт шинэтгэлийг хийж, хувийн хэвшлийг дэмжин урамшуулж ажиллах маш том шинэтгэл хүлээж байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг мөн хөндөж, хувь хэмжээг багасгах замаар хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл бол хувийн хэвшлийг хөгжин дээшлэхгүй байхад хүргэж буй том асуудал юм.
Төрийн данхгар бүтцийг цомхон, чадавхтай төрийн албыг бий болгоход анхаарч ажиллах. Мөн төрийн өмчийн компаниудыг ашигтай ажиллуулж, чадавхжуулахад анхаарах ёстой.
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг үргэлжүүлэн ажиллахаа 34 дэх Ерөнхий сайд хэлсэн. Энэхүү бодлогыг сайтар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийг хөгжүүлж, Улаанбаатараас хөдөө рүү нүүх нүүдлийг бий болгоход анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулж, хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, хөрөнгө оруулалт татаж ажиллах шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, сөрөн тэмцэх бодлогууд хэрэгжүүлж, зөв ажиллах нь шинэ засгийн тэргүүний нэн чухал баримтлах чиглэл байх ёстой.
Энэ мэт олон олон асуудал бий. Эцэст нь экспортыг дэмжих, эдийн засгийг солонгоруулах гэдэг олон жил ярьдаг ч сайтар хэрэгждэггүй асуудлыг анхааралдаа аваасай. Монгол Улс импортлогчоос экспортлогч улс болоход Г.Занданшатар Ерөнхий сайд томоохон үүрэг гүйцэтгэж ажиллаасай.
Д.Бэхбаяр