Бүсчилсэн хөгжлийн бодлого хөгжлийн Шинэ загвар

Sarangerel
2025-06-16 14:17:52
Ангилал:

Монголчууд бид ирээдүйн хөгжлийн чиг луужинтай болж, нэг зүгт харж хөгжих хөгжлийн шинэ загвартай боллоо

Дэлхийн улс орнуудын хөгжлийн онолд өөрчлөлт орж, бүсчилсэн хөгжлийн загварыг чухалчлан үзэх болжээ. Учир нь улс орон бүр өөр өөрийн газар нутгийн онцлог түүх, соёл, үнэт зүйлсийн өвтэй. Сэтгэлгээний хүрээлэл ч өөр. Тийм учраас нэг загварт цутгасан бодлогоор бус улс орнууд өөрийн онцлогоо гаргаж, түүндээ тулгуурлан хөгжлийн бодлогоо явуулах ёстой гэсэн онол илүү жин дарах болжээ. Өөрөөр хэлбэл, газар нутаг, хүн амын байршил, баялгийн нөөцдөө үндэслэн бүсчилсэн байдлаар хөгжих нь хамгийн зөв бодлого юм гэж үзэх болсон байна. Монгол Улсын хувьд энэхүү хөгжлийн онол дэлхий дахинаа хүчтэй дэлгэрсэн үеэс 20 жилийн дараа буюу 2011 онд бүсчилсэн хөгжлийн бодлогыг баталсан. Гэхдээ дорвитой хэрэгжээгүй. Харин 23 жилийн дараа буюу 2024 онд Монгол Улс бүсчлэн хөгжихөөр баттай шийдэж, УИХ “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан.

Монгол Улсын ирээдүйн хөгжил бүсчилсэн байдлаар явна гэдэгт улс төрийн намууд, эдийн засагч, бизнес эрхлэгчид, эрдэмтэд бүгд санал нэгдэж, хөгжлийн чиглэлээ тодорхойллоо. Одоо монголчууд бид бодитой хөгжлийн чиг, луужинтай болж, нэг зүгт харж явах бодлогын баримт бичигтэй болсон гэсэн үг. Сүүлийн 23 жилд бүсчилсэн хөгжлийн бодлогын олон баримт бичигт өөрчлөлт орж, нэмж хасч, нэрийг өөрчлөх зэрэг олон асуудал өрнөсөөр ирсэн. Нэг нам гарч ирж, нэрийг өөрчлөөд, дөрвөн жилийн дараа өөр нэг нам дахин өөрчлөх гэх мэт хөгжлийн загварын хувилбаруудыг гаргаж ирж туршиж, хэрэгжүүлж, алдаж оносоор ирсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин өнөөдөр Монголын хөгжлийн шинэ загвар бол Бүсчилсэн хөгжил гэдгийг баталгаажуулж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулсан. Үр дүнд нь парламентад суудалтай гол гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, төсөв мөнгө, үйл ажиллагааны хөтөлбөрөө бүсчилсэн хөгжлийн дагуу зураглаж байна. Энэ бол улс төрийн хувьд ч, эдийн засаг, бизнесийн хувьд ч маш том дэвшил. Тийм учраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хамгийн зөв бөгөөд цорын ганц шийдэл” гэж Шадар сайд С.Амарсайхан хэлж байна.

Яагаад бүсчлэн хөгжье гэж?

Хүн амын өсөлт Улаанбаатар хотод 2.6, орон нутагт 1.5 хувь, ядуурал нийслэлд 21.6, орон нутагт 30 хувь байна. Худалдаа үйлчилгээ нийслэлд 84 хувь, хөдөөд 6 хувь, их дээд сургууль хотод 96, хөдөөд 4 хувь. Улаанбаатар хотын нийт автозамын 78 хувь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн, РМ 2.5 тоосонцрын бохирдол аюулгүйн түвшнээс 27 дахин хэтэрсэн. Эдгээр тоон үзүүлэлт манай улсын хөгжлийн бодит байдлыг тод харуулна. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн, амьдралын даац хэтэрснийг нотолж байна.

 

Монгол Улсыг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн долоон эдийн засгийн бүс болгон хөгжүүлэхээр тогтсон бөгөөд төлөвлөлт, хэрэгжилт, бүс нутгийн хөгжлийг дэмжих дэмжлэгийн хэлбэр, механизмыг бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин бүрдэж, бүс орон нутгийн хөгжлийн түвшний ялгаа багасаж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх юм.

Хөдөө орон нутагт хүн ам цөөрч, хөгжил 1.5 жилээр хоцрогдсон гэсэн тоог онцолъё. Тиймээс бүсчилсэн хөгжлийн онолын чухал хэсэг болох орон зайн төлөвлөлтөд түлхүү анхаарахаас өөр аргагүйд хүрсэн тухай судлаачид тэмдэглэж байна. “Орон зайн төлөвлөлтийн олон аргын нэг нь бидний одоо хэрэгжүүлэхээр зорьж буй бүс нутгийн, бүсчилсэн хөгжил, бүсчилсэн төлөвлөлт юм. Орон зайн төлөвлөлт нь тодорхой орон зайн эсвэл аймаг, бүсийн тодорхой нөөцийг хамтран зөв зохистой ашиглах замаар хөгжлийг түргэсгэх, хамгийн гол нь хөгжлийн үр ашгийг олон нийтэд тэнцвэртэйгээр хүргэх юм” гэж МУИС-ийн багш, доктор профессор В.Батцэнгэл ярив. Бүсчилсэн хөгжлийн үндэсний форумд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хандлагаа өөрчилье. Бүх түвшинд хандлага, сэтгэлгээгээ өөрчилж чадвал богино хугацаанд хөгжих боломж бүрдэнэ” гэсэн юм.

Монголчууд бид эрт дээр үеэсээ орон зайн маш өргөн хүрээний сэтгэлгээтэй, дэлхийг өөрийнхөө эх орон, гэрээ гэж үздэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд бидний сэтгэлгээ харьцангуй явцуурч, зөвхөн аймаг, сум, гол усны хэмжээнд очсон. Энэ явцуу сэтгэлгээнээс гарах нэг арга бол орон зайн сэтгэлгээг өргөн хүрээнд ойлгох явдал гэдгийг В.Батцэнгэл профессор тодотгосон билээ. Бид одоо хандлага, оюун сэтгэлгээндээ өөрчлөлт хийх ёстой болж байна. Бид дэлхийн талыг эзэлж, оюун сэтгэлгээний хувьд дэлхийг багтааж байсан улс түмний үр сад. Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэртээ XIII зуунд хэрэгжүүлэн газар нутгаа Ази, Европ, Дундад Ази хүртэл тэлсэн түүх бол монголчуудынх. Тиймээс огт шинэ биш бүсчлэн хөгжих бодлогыг зөв зүйтэй хэрэгжүүлж, улс орноо богино хугацаанд хөгжүүлэх нь зүйтэй байна. Үүний тулд улсаараа, бүсээрээ, аймгаараа, сум, багаараа талцах асуудлыг зогсоож, шинэ хандлага, шинэ сэтгэлгээгээр нэгдэн нийлж хөгжих нь хамгийн чухал боллоо. Шинэ хөгжлийн загварын тухай ойлголтоо ч бид нэгтгэх ёстой. Нэгдмэл нэг ойлголт, мэдээлэлтэй байж бодлого шат шатандаа асуудалгүй хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үндэсний форум болон бүсүүдэд уг зөвлөгөөнийг зохион байгуулаад байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор Монгол Улсыг 7 бүс нутгаар авч үзсэн. Бүс нутгуудын газар зүйн онцлог ялгаагаар нь Баруун, Зүүн, Хангай, Төв, Говь, Хойд, Улаанбаатарын бүс гэж хөгжүүлэхээр тусгасан. Харин 330 сумын дунд 91 өсөлтийн сум, төвийг бий болгоно. Бүс нутгийн онцлог давуу талуудыг нээн илрүүлж хөгжүүлж, хоршиж, төрөлжүүлж, дагнана. Тэнцвэртэй оролцоо буюу УИХ, Засгийн газар, хувийн хэвшил, орон нутаг, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж ажиллана. Бүсчилсэн хөгжлийн гол зарчим нь хувийн хэвшлийг дэмжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад түлхүү анхаарах талаар төрийн түшээд онцолж байгаа. “Бид хөгжлийн онолын үүднээс зөв зам дээрээ гараад ирлээ” гэж УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хэлсэн юм. Улаанбаатар гэсэн ганцхан чиглэлтэй таталцлыг багасгаж, тараан байршуулах, аймаг сумдыг газар зүйн байршил, соёлын онцлогоор нь хоршин хөгжүүлснээр орон нутгийн ард иргэдийн нийслэл рүү нүүх сэтгэлгээнд өөрчлөлт хийж, төрж өссөн нутагтаа ажиллаж амьдрах боломжийг нээж өгөх нь бүсчилсэн хөгжлийн хамгийн гол зорилго билээ.

Монголчууд бид өнгөрсөн 30 жилд зөвхөн нийслэл рүү чиглэх урсгалаар явсан. Жилдээ 60 мянган хүн хотод ирж суурьшсан судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр гаргажээ. Ингээд бид нийслэлдээ 1.6 саяулаа болж, дөрвөн уулын дундаа ачааллаа дийлэхгүй газарт бөөгнөрөн амьдарч, олон асуудлыг үүсгэж буйгаа бүгд мэднэ. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, өвчлөл, эрчим хүчний дутагдал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт. Тэгвэл одоо орон нутгийг хөгжүүлэхэд анхаарч, төр эрх зүйн бодлогоо Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар дамжуулан хэрэгжүүлнэ. Эргээд харахад, энэ нь Монгол Улсын хөгжлийн хамгийн зөв, хамгийн оновчтой бодлого мөн гэдгийг улстөрчид ч, эрдэмтэн судлаачид ч хүлээн зөвшөөрч байна.

 

/“Бүсчилсэн хөгжил” сэтгүүлийн анхны дугаараас 2025/