П.Мэнд-Амгалан: Дархан дэлхийн хот болсон

Европын Холбооны хамтарсан 3 сая еврогийн санхүүжилттэй “Найрамдал” төсөл Дархан-Уул аймагт гурван жил хэрэгжээд дуусах гэж байна. Тус төслийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн эрдэмтэн багш П.Мэнд-Амгалан боловсруулж, дэлхийн олон улстай өрсөлдөн шалгарч, Дархан Уул аймагтаа авчирчээ. Төсөл хэрэгжсэнээр “Олон хүний үзэл бодол өөрчлөгдөхийн дээр 10 гарааны бизнесийг бойжуулж, хөрөнгө оруулахаас гадна давхар олон төслийг бий болгосон. Орон нутагт өөрсдийн санаачилгаар төр, шинжлэх ухааны байгуул лага хамтран томоохон төсөл хэрэгжүүлж болж байна. Цаашид бусад аймагтайгаа хамтарч, холбоо байгуулан хөгжих боломж бий” хэмээн “Найрамдал” төслийн удирдагч, Европ-Дарханы Инновац, Энтрепренершип төвийн захирал, доктор П.Мэнд-Амгалан онцолж байна.
-Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи бизнесийн сургуультай таны ажил амьдрал холбогджээ. Энэ түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Би Завхан аймгийн Тосонцэнгэлийн арван жилийг 1990 онд онц дүнтэй төгссөн. Төгсөөд илгээлтээр нэг жил 350 төллөх хонь авч хариулж байгаад 1991 онд хуучин Гадаад хэлний дээд сургууль одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи, орос хэлний багшийн ангид суралцаж төгссөн. Бага байхаасаа хэлний хүн болно гэж мөрөөддөг байлаа. Орос хэлний багш нар хөдөө хамгийн гоё хүмүүс байлаа шүү дээ. Бидний үед хэлний ангийн хуваарь маш өрсөлдөөнтэй цөөхөн ирнэ. 10 дугаар ангиа төгсөх жилээ намын даргын хүүхдэд хувиараа алдчихаад нэг жил мал маллаад жилийн дараа зорьсон сургуульдаа орж англи, орос хэлний багшийн мэргэжил эзэмшсэн дээ. 1995 онд сургуулиа төгсөөд Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуульд англи хэлний багшаар ирсэн. 1999 онд харьцуулсан хэл шинжлэлээр магистр хамгаалан, англи хэлний багшаар таван жил ажиллаад 2000 онд энэ сургуульдаа Хүмүүнлэгийн ухааны тэнхимийг байгуулж, Эрхлэгчээр нь ажилласан. 2003 онд Сургалт эрхэлсэн дэд захирал болсон. Арав гаруй жил дэд захирлын албыг хашихдаа боловсролын удирдлагаар Чагнаагийн Пүрэвдорж багш дээр докторт элсэн суралцсан боловч судалгааны ажлаа дуусгаж чадаагүй. Мэдээж цаастай хутгалдаж байгаа хүн судалгааны ажил хийх цаг зав бага, тэр бүр төвлөрч сууж амждаггүй байлаа.
Манай сургууль намайг ажлаа хүлээж авахад 700 гаруй оюутантай байсан, 2008 он гэхэд 2500 оюутантай болтол өргөжсөн. Энэ он жилүүдэд би өөрийгөө бүр умартчихсан байсан. Анх ирж байхдаа 1-2 жил багшилчихаад гадагшаа явах бодолтой байсан хүн чинь бүр шингэчихсэн. Манай монголчууд захирал, дарга эмэгтэй хүнд эр хүнээс илүү хатуу ханддаг бас уйдамтгай талтай. Нэг нэр, хоёр хоч өгнө. Сүүлдээ анзаараад эхэлсэн юм нь нэгдүгээрт, би өөрийгөө бүр хаячихсан байсан. Дотогшоо өнгийдөг, мэдрэмжтэй заримдаа хэдэн шад шүлэг бичдэг, аливаа зүйлд уян хатан ханддаг нээлттэй хүн нэг л ажлын машин шиг болчихсон, хүмүүст хатуу шаардлага тавьдаг, уур уцаартай нэгэн болчихсон байсан. Тэгээд л өөртөө завсарлага авахгүй бол болохгүй юм байна гэж шийдээд 2015 онд ажлаа өгөөд 2016 онд буцаад үүргэвчээ үүрээд оюутан болсон доо.
-Хаана ямар мэргэжлээр суралцсан бэ. Ингэж суралцсанаар таны амьдралын өөр нэгэн үүд хаалга нээгдсэн үү?
-Тэгэлгүй яах вэ, хэдийгээр хэлний багш байсан ч олон жил газар тариалан, хүрээлэн буй орчны сургалтын бодлого, хөтөлбөртэй ажилласан болохоор энэ салбартаа сонирхолтой болчихдог юм билээ. Тэгээд БНСУ-ын Инчоны их сургуульд Уур амьсгалын олон улсын харилцааны тэнхимд дөрвөн жил суралцаж, Хүрээлэн буй орчноор докторын зэрэг хамгаалсан. Солонгост докторт 36 кредит үздэг бол миний хувьд мэргэжлийн зөрүү 60 кредит судалж төгссөн. Докторын зэргээ Хог хаягдлын менежментийн чиглэлээр хамгаалсан. Засгийн газрын тэтгэлгээр суралцсан болохоор улс орондоо өртэй юм шиг санагдаад байдаг. Тиймээс орон нутаг, цаашлаад улс орондоо хэрэгтэй зүйл хийхийг үргэлж бодож явдаг. Намайг 2020 онд БНСУ-д сургуулиа төгсөөд ирэхэд сургууль маань 400 орчим оюутантай болчихсон байсан. Ингээд эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагааных нь тал дээр дэм болж, сургуулиа өөд нь татахад тусалъя гээд ковидын хөл хорионы үеэр таван төсөл бичсэн.
Улс орнууд Парисын гэрээнд нэгдэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх үүрэг амлалт авдаг. Гэтэл энэ бодлого манайд одоог хүртэл хөрсөн дээрээ буугаагүй л байна. Иргэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нь төр, засгийн хийх ёстой ажил бидэнд хамаагүй гэж боддог. Зарим нь энэ тухай ямар ч ойлголтгүй. Одоо л нэг юм орон нутагт төрийн албанаасаа эхлээд ойлголт нэг болж эхэлж байна. Миний бичсэн төслүүд бүгд үүн рүү чиглэсэн.
-Үүнээс “Найрамдал” төсөл бий болох эхлэл тавигдсан уу?
-Дархан-Уул аймгийн хог хаягдлын менежментийн 2032 он хүртэл хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөг эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлээд боловсруулсан. Тэгээд аймгийн Иргэдийн хурлаар батлуулаад хэрэгжихээр болсон. Үүнийг хэрэгжүүлэхэд наад зах нь 60 орчим тэрбум төгрөгийн төсөв хэрэгтэй болж байгаа юм. Бүгдийг нь орон нутгийн төсвөөс гаргана гэхээр боломжгүй.
Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил гурав нягт холбоотой байдаг улс орон хөгжиж байна
Мөнгөгүй бол мянган сайхан төлөвлөгөө байгаад хэрэгжихгүй шүү дээ. Тиймээс яаж мөнгө босгох уу, үүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох уу гээд энд тэнд зарласан төсөл хөтөлбөрүүдийг судалж эхэлсэн. Дэлхий дахинаа маш олон боломж байдаг. Европын Холбооны тогтвортой хотуудын түншлэл хөтөлбөрийн хүрээнд ихэнхдээ Латин Америк, Африкийн орнуудыг дэмжиж ирсэн хөтөлбөр байдаг. 200 мянгаас 3 сая хүртэлх еврогийн төслийн тэтгэлэгт уралдааныг зарласан байсныг судалж үзлээ. 2020 онд ковидын хөл хорионы үеэр Инчоны их сургуулийнхаа профессортойгоо мөн Пакистан, Египет, Энэтхэг орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран олон улсын цуврал онлайн хурал зохион байгуулсан. Энэ хурлыг хамтран зохион байгуулсан уур амьсгалын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн захирал Энэтхэг хамтрагчдаа “Европын Холбооноос төслийн уралдаан зарлажээ. Хамтарч төсөл бичих үү” гэдэг санал тавьсан. Найз маань зөвшөөрсөн. Тэгээд “Найрамдал” төслийг хамтран бичих ажлаа эхлүүлсэн дээ.
Уг нь хог хаягдлын төслийн санхүүжилт хайж байсан боловч хотуудын түншлэл чиглэлийн төсөл рүү ороод явчихсан. Тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлантай уулзаад “Аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр энэ төслийг бичлээ шүү, болох уу” гэхэд “болно” гэсэн. Төсөл маань гурван шатны шалгаруулалтад амжилттай тэнцэж шалгарсан. Ингэж л “Найрамдал” төсөл үүссэн түүхтэй.
-Европын Холбооны 3 сая еврогийн санхүүжилттэй. Тийм ч бага хөрөнгө оруулалт биш шүү дээ.
-Европын Холбооны Тогтвортой хотуудын түншлэл хөтөлбөр 2018 оноос хойш хэрэгжсэн. 2021 онд хамгийн сүүлийнхээ уралдааныг зарласан. Энэ хөтөлбөр нь Ази, Африк, Латин Америкийн хөгжиж байгаа орнуудын төвлөрлийг сааруулах, Европын хотуудтай олон талаар хамтран ажиллах санал санаачилгыг дэмжих чиглэлээр хэрэгждэг.
-Энэ төслийг дахин зарлахгүй юм уу?
-Тийм. 2025 оноор дуусаж байгаа. Гэхдээ Европын Холбоо төвлөрлийг сааруулах чиглэлээр бүсчилсэн хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэл рүү илүү их анхаарч байна. Хотууд хамтрах, бие биеэсээ суралцах нь хамгийн зөв гарц гэж үздэг бөгөөд төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутаг хүчтэй байх нь улс орон хөгжих суурь болдог. Тиймээс Европын Холбооноос хэрэгжүүлдэг аль ч төсөл хөтөлбөрт хамрагдах өөр олон боломж бий.
-Ер нь Найрамдал төсөл яагаад шалгарсан гэж та бодож байна вэ?
-Нэгд, төр, шинжлэх ухаан хамтарсан, төслийн үндсэн агуулга санаа тогтвортой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн нийгмийн институтүүдийг төслийн хүрээнд байгуулахаар бичсэн. Хоёрт, тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжил, инновац, эмэгтэйчүүд, зорилтод бүлгүүдийг дэмжсэн төсөл. Гуравт, тэгш хүртээмжтэй байдал, Европын сайн хамтрагч түнштэй байх гээд тогтвортой хотуудын түншлэл хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцсэн байсан болохоор шалгарсан болов уу. Камлеш зөвлөх маань Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум буюу ЗӨЕНУК байгууллагатай холбож өгсөн. Уг холбоо нь 14 улсын 9000 хотыг эгнээндээ элсүүлсэн маш том байгууллага юм.
-Төслөө яагаад “Найрамдал” гэж нэрлэсэн юм бэ?
-Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар “Найрамдлын Дархан” нэрээр байгуулан хөгжүүлсэн. Бид Дархан хотын гадаад харилцааг шинэ шатанд гаргахыг бэлгэдэн, Европын хотуудтай урт хугацааны түншлэл бий болгохыг зорьж төслөө “Найрамдал” гэж нэрлэсэн. Ер нь бол Дархан дэлхийн хот болчихлоо шүү дээ. “Орон нутаг хүчтэй байж улс орон хөгжинө” гэсэн Европын хотуудын үзэл санаа Дарханд бий болж эхэлж байна. Энэ төсөл хэрэгжихээр гарын үсэг зурах болоход Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гайхаж байсан. “Буцалтгүй тусламж юм уу, 3 сая евро гэдэг чинь бага мөнгө биш шүү дээ. Энэ зээл биш биз дээ” гээд л дахин дахин асууж байсан.
-Төсөл хэд хэдэн зорилготой хэрэгжиж байгаа юм байна. Ямар зорилтууд дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?
-Төслийн зорилтууд маш чухал. Дөрвөн зорилттой. Нэгдүгээр зорилт нь, Европ Монголын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх,
Энэ зорилтын хүрээнд Дархан Европын Форум байгуулагдсан. Дархан Европын форум гэхээр нэг удаагийн чуулган, хурал гэж хүмүүс ойлгодог. Гэтэл бид үүнийг нийгмийн институтийн түвшинд оруулаад ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Европын түнш байгууллагууд, Азийн бүсийн экспертүүд болон Дархан бүс нутгийнхаа төлөөллүүдийг оруулаад форум байгуулж байгаа юм. Дотроо таван дэд хороотой. Форум хэрхэн ажиллах вэ гэхээр Дархан бүс нутагт тулгамдсан асуудлуудыг хэлэлцээд Европын сайн туршлагуудаас санаа авч, санхүүжилттэй төслүүдийг босгон хэрэгжүүлэх зорилготой.
Сүүлийн форумыг Бельгид хийлээ. Форумаа яагаад Европын зүрхэнд очиж хийгээд байна вэ гэхээр Европын санхүүг мэддэг бүх байгууллага тэнд байна шүү дээ. GCoM, UTM, CEMR гэх мэт байгууллагуудын удирдлагуудыг форумдаа урьж оролцуулсан. Бельги дэх манай Элчин сайдын яамныхан “Та нар яаж ийм өндөр хэмжээнд форумаа зохион байгуулж байна вэ, энэ чухал хүмүүсийг нэг дор цуглуулах тийм амар биш шүү дээ” гэж байсан. Төслөө бичихдээ нэг л зүйлийг маш сайн бодсон. Монгол Улсад төсөл хэрэгжихээр яг хэрэгжих хугацаандаа сайхан явж байгаад дуусангуут байхгүй болчихдог. Тэгэхээр төслийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг бодлогоор шигтгэж бичсэн.
Бид Дархан хотын гадаад харилцааг шинэ шатанд гаргахыг бэлгэдэн, Европын хотуудтай урт хугацааны түншлэл бий болгохыг зорьж төслөө “Найрамдал” гэж нэрлэсэн
Хоёрдугаар зорилт нь иргэдийн оролцоот засаглалыг дэмжих,
Өндөр хөгжилтэй орнуудын хотууд дэргэдээ форумтай байдаг. Тэр форум нь тухайн хотод тулгамдаж буй асуудлуудаа дундаа тавьж байгаад ярилцдаг. Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, судлаач, иргэний нийгмийн байгууллага, иргэн гээд бүх талыг байлцуулж, яг тэр асуудал дээрээ төвлөрч ярилцаад зөв гарц гаргалгаа гаргаж, тэрийгээ орон нутгийн бодлогод тусгаад хэрэгжүүлээд явдаг нийгмийн институтийн түвшинд ажилладаг. Энэ бол шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах сонгодог загвар юм. Дархан форум байгуулагдаад энэ соёлыг орон нутагтаа төлөвшүүлэх зорилгоор төсөл хэрэгжих хугацаанд 10 форум зохион байгуулсан. Нэг форум зохион байгуулахад 5 сая төгрөгийн төсөвтэй. Эхлээд хэцүү байсан зүйл нь аймгийн иргэдийн хуралд хандсан. Сум руу хандсан. “Энэ форумыг аваад яваач ээ, дүрмийг нь боловсруулаад өгчихлөө. Та нарын үйл ажиллагаатай уялдаж байна” гэсэн. Хамгийн гайхалтай нь бие бие рүүгээ шидээд авахгүй байсан. Шүүрч аваад хийх байх гэж бодсон. Нэг л их болгоомжилсон хүмүүс байсан нь сонин. Сүүлдээ ойлгосон. Зохион байгуулсан Форум болгоноос үр дүн гарсан. Форумдаа аймаг, сумын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг оролцуулсан болохоор ямар ч байсан дотроос нь шүүрээд ажил болгоод яваад байдаг юм билээ. Хамгийн сүүлд гэхэд нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой форум зохион байгуулсан. Дарханд сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын нэгдсэн холбоог бий болголоо. Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажлуудыг хийсэн.
Монгол Улсад төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг ганцхан Удирдлагын академи хийдэг. Нэгэн хэвийн сургалтууд л явдаг шүү дээ. НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд төрийн алба ямар хандлагатай байх, ур чадвар, бодлогын хувьд хэрхэн төлөвшсөн байх вэ гэдэг чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан гарын авлага байдаг. Энэ гарын авлагыг орчуулж авахыг нь авч, монгол хөрсөн дээр буулгаад 10 модультай сургалтын томоохон хөтөлбөр боловсруулсан. Тэгээд 10 модулиараа 400 орчим төрийн албан хаагчдад сургалт явуулсан. Мөн энэ зорилтын хүрээнд Ухаалаг хотын концепцийг боловсруулж, эмнэлгийн анхан шатны үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, IT технологийг нэвтрүүлэх зорилгоор өрхийн эмнэлгүүд, нэгдсэн эмнэлэгт “E-Health” системтэй холбох гэх мэт төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Орон нутаг хүчтэй байж улс орон хөгжинө” гэсэн Европын хотуудын үзэл санаа Дарханд бий болж эхэлж байна
-Манайхан одоо форум гэхээр л залхах шинжтэй хүлээж авдаг болсон. Монголд форумууд болоод л байдаг, гарсан үр дүн байдаггүйтэй холбоотой байх. Тэгвэл гадаадынхан форум гэдгийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Асар их ялгаатай. Монголд болж буй форумууд үзэл суртлын өндөр түвшинд зохион байгуулагддаг. Үзэгдэх харагдах байдлаасаа эхлээд супер шүү дээ. Гэтэл Европт зүгээр хурлын өрөө түрээслээд энгийн өдөр тутмын хурал хийж байгаа юм шиг хийнэ. Гэхдээ төлөвлөгөө гаргах, оролцогчдоо сонгох ажил маш нарийн. Тэнд оролцож байгаа хүн болгонд маш өндөр ач холбогдол өгч хамгийн чанартай мэдээллүүдээ солилцдог. Төслийн хүрээнд тэргүүн туршлага солилцох 12 удаагийн форум зохион байгуулахаас зургаа нь Монголд, зургаа нь Европт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-25-нд Испанийн Мадридад “Испани Монголын ухаалаг хотуудын бизнес түншлэл” сэдвийн хүрээнд форум хийсэн. Мэдээллийн эрин зуунд хамгийн чанартай, чухал мэдээллийг нэг дороос авна гэдэг бол маш чухал. Гол нь сайн туршлагуудыг хуваалцах нь юу юунаас илүү үнэ цэнтэй. Синхрон орчуулгатай явдаг. Ач холбогдол өгч оролцож байгаа хүмүүсийн хандлага илт анзаарагддаг.
Өөрчлөлтөд хэдий чинээ олон хүн өртөнө, төдий чинээ хөгжил хурдасна. Одоо Дарханд гоё экосистем бий болж эхэлж байна. Ялангуяа хүний харах өнцгийг өөрчилнө гэдэг тийм амар ажил биш шүү дээ. Манайхан танилцуулах презентацдаа бүх анхаарлаа хандуулдаг, эсвэл хэтэрхий сунжирсан илтгэлүүд тавьдаг, хамгийн чухал хэсэг нь болох хэлэлцүүлэгтээ ач холбогдол өгдөггүй, уйтгартай байдлаар хэлбэр төдий хийдэг. Тиймээс форумууд үр дүнгүй болоод байгаа юм.
-Энэ төсөл ер нь хүний тархи руу их ажилласан юм байна. Тийм үү?
-Тийм шүү. Аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн алба хаагчид, бизнес эрхэгчид гээд 2000 гаруй хүн чадавхжуулах сургалтуудад хамрагдах, солилцооны хөтөлбөрт оролцох, бизнес айлчлал хийх гэх мэтээр төслийн үйл ажиллагаанд хамрагдаж өөрчлөлт шинэчлэлийн давалгаанд өртсөн гэж дүгнэж болно. Энэ өөрчлөлтөд хамгийн их өртсөн хүн бол Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа. Тэрбээр “Найрамдал” төслийн Засаг даргын Тамгын газрын төслийн нэгжийн захирлаар ажилладаг. Тиймээс энэ төсөл эхэлсэн цагаас хойш унага шиг дагасан даа. “Онц сурлагатан” гэж хэлэхэд гадныхны сайн туршлагуудаас сайн суралцаж ажил хэрэгтээ нэвтрүүлдэг хүн. Хэрхэн чамбайрч, хөгжиж байгаа нь нүдний өмнө ил байдаг.
-Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум буюу ЗӨЕНУК байгууллагатай төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Энэ байгууллагаас ямар туршлагуудыг авч хэрэгжүүлж байгаа вэ?
-ЗӨЕНУК (Зүүн Өмнөдийн Европын нутгийн удирдлагын консорциум) нь 14 улсын 9000 хотуудын нэгдсэн холбоо. Хотууд хамтарч хөгждөг том платформ. Бид энэ туршлагыг Монголд нутагшуулах зорилгоор Монголын Үндэсний хотуудын удирдлагын нэгдсэн холбоо Монголын хотуудын холбоог байгуулсан. Даргаар нь Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа ажилладаг. Дархан Уул аймаг бусад аймагтайгаа хамтарч, аймаг хотоо хөгжүүлэх боломж бий болж байна гэсэн үг.
Бид энэ туршлагыг Монголд нутагшуулах зорилгоор Монголын Үндэсний хотуудын удирдлагын нэгдсэн холбоо Монголын хотуудын холбоог байгуулсан
Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын хэлэлцээртэй хамтран энэ зургаадугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах арга аргачлалын талаар хотуудын холбооны гишүүдэд сургалт явуулахаар төлөвлөж байна. Энэ төлөвлөгөө ямар ашигтай вэ гэхээр олон улсын стандартын дагуу боловсруулбал уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр хөрөнгө оруулалт татах үндсэн бодлогын баримт бичиг болох юм. Хотууд, бүс нутгууд гаднын санхүүжилт авахад тогтвортой хөгжлийн 17 зорилгыг нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн байх хэрэгтэй юм. Дээрх хоёр агуулгаар бичсэн төсөл санхүүжилт авах өргөн боломжтой. Бусад аймаг, хот үүнийг мэддэг байх хэрэгтэй.
-”Найрамдал” төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжихдээ ямар үр дүн авчирсан бэ?
-Олон үр дүнг дурдаж болно. Ярьж дуусахгүй ээ. Дархан хот Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын хэлэлцээрт элссэн. Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын хэлэлцээр, Хотын шилжилтийн хөтөлбөр, Зүүн Азийн хотуудын холбоонд элссэн. Дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн хөгжих үүд хаалга нээгдэж байна. Эдгээр холбоонд элссэнээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулахад хотын удирдлагууд үүрэг хүлээж, бодлогоо үүнтэй уялдуулна гэсэн үг. Энэ хүрээнд уурын зуухнуудаа нурааж эхэлсэн, яндангийн тоог цөөлөх, нийтийн тээврээ электрон болгох гээд шилжилт өөрчлөлтүүд хийж эхэлсэн.
Ухаалаг хотын концепцийг боловсруулсан. Асуудлаа олж харж, шийдвэрлэх арга замаа тодорхойлсон хотыг ухаалаг хот гэдэг юм байна. Ухаалаг хот нь ногоон, байгаль болон хүндээ ээлтэй, хүн нь эрүүл, аюулгүй, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй, хамгийн бага хүлэмжийн хий ялгаруулдаг хот байх ёстой гэдгийг ойлгосон. Мэдээж ийм болох нь алга урвуулахтай адил амархан зүйл биш хэдий ч Дархан-Уул жишиг, ухаалаг аймаг болохоор зорин ажиллаж байна. Мөн гарааны бизнесүүдийг дэмжих ажлын хүрээнд Дархан-Уул аймагт үндсэн 41, улирлын 48 чанартай ажлын байр шинээр бий болсон.
-Гарааны 10 бизнесийг бойжуулж, хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Одоо эдгээр бизнес хэр амжилттай явж байгаа вэ?
-Энэ ажил төслийн маань гуравдугаар зорилтын хүрээнд хийгдсэн. Уг төслийн автор нь манай их сургууль. Манайд бизнес хөгжихгүй, судалгаа шинжилгээний байгууллагуудын чадавх нэмэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь үйлдвэрлэл, сургалт хоёр уялдаж чадахгүй байгаа юм. Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил гурав нягт холбоотой байдаг улс орон хөгжиж байна. Тиймээс бид Дархан-Уул аймагтаа инновац, гарааны бизнесийн экосистемийг бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд сургуулиа түшиглээд Европ-Дарханы Инновац, Энтрепренершип төвийг байгуулсан. Тус төв арван гарааны бизнесийг бойжуулж байна. Гарааны бизнес гэхээрээ мэдээлэл, технологийн чиглэлээр хөгждөг гэсэн ойлголт байдаг. Бид салбар салбарын дэвшилтэт технологи бүхий гарааны бизнесүүдийг хөгжүүлэхээр зорьж байна.
Манай арван гарааны бизнес дотор био нүүрс гаргаж, хөрсөн бортогонд хийгээд ургамлын амьдрах чадварыг эрс сайжруулж байгаа бизнес бий. Өндөгний бизнес гэхэд тахианы сангас нь хаягдахгүй тойргийн эдийн засгийн зарчмыг хангаж байгаа юм. “Найрамдал мөөг” гээд ухаалаг хүлэмжтэй мөөгний аж ахуйг гарааны бизнесээр байгуулсан. Ухаалаг зоорины бизнес автомат хяналтын системтэй. Хадгалалтын горимыг зохицуулна гэсэн үг. “Ихэр дөл” утаагүй зуухыг гаргаж ирсэн. Үнэхээр сайн зуух байгаа. Японы мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжигийн сүүний ферм энэ зуухаар халаалтаа шийдсэн. Одоо энэ зуухны бизнес дараагийн хөрөнгө оруулалтаа авах гээд явж байна. Манай их сургууль дээр Science Cafe байгуулагдсан. Энд хүмүүс кофе уухаас гадна анги хамт олон, гэр бүлээрээ ирж шинжлэх ухааны туршилтуудыг хийх боломжтой. Мөн боломжийн өртөгтэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц гээд олон чиглэлийн гарааны бизнесүүдийг бойжуулж байна.
Анх эхэлж байхад үйлчлүүлэгчид маань уламжлалт бизнес гарааны бизнес хоёрын ялгааг ч мэдэхгүй, өөрсдөө төсөл бичиж мэдэхгүй, компанийн засаглалаа ч ойлгохгүй, бизнесийн төлөвлөгөөгөө гаргах мэдлэггүй байсан. Тиймээс бид бизнесүүдээ чадавхжуулах сургалтуудыг шат дараатай зохион байгуулсан. Эхнээс нь авхуулаад бас л толгойтой нь ажиллаж байгаа юм. Төсөл бичих аргачлалыг нь зааж өгч, санаануудыг нь хөгжүүлж байгаад шалгаруулсан. Шалгарсан арван гарааны бизнестээ тус тусад нь 70 сая төгрөгийн буцалтгүй тусламж болон инкубацийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн Турк, Словени, Хорват, Брюссель рүү авч явж туршлага судлуулж, салбар салбараар нь сургалт зохион байгуулсан. Ази, Европ, Африкт том том бизнесүүдийг босгоод ирсэн туршлагатай менторуудыг Европоос авчирч бизнес эрхлэгчдэдээ сургалт явуулж байна.
Миний данстай найман төсөл бий. Европын Холбооны санхүүжилттэй 5, ЖАЙКА-гийн 1, Солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлдэг 2 төсөл байна
Мөн Монголынхоо тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийг урьж хичээл заалган, хурдасгуур хөтөлбөртөө хамрууллаа. Төсөл дууссан ч энэ төв маань цаашид үйл ажиллагаагаа тогтвортой хадгалаад явна.-”Найрамдал” төслийн хүрээнд Дарханд мэдээллийн технологийн дэвшлийг шингээсэн төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, хотын дэд бүтэц дээр тулгамддаг асуудлуудаас ногоон хөгжил мэдээлэл технологийн болон “ноу хау” шингээсэн төслүүдийг хэрэгжүүлэх зорилго мөн явж байгаа юм байна. Энэ хүрээнд юу хийсэн бэ? -Төслийн маань дөрөвдүгээр зорилтын хүрээнд хотын дэд бүтэц, нийгмийн дэд бүтцийн гурав, гурван туршилтын төслүүдийг хэрэгжүүлсэн. Нийт 700 гаруй сая төгрөгийн 6 зорилтот төсөл хэрэгжүүлээд байна. Тухайлбал, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилах “Жишиг хороолол”, ухаалаг худаг, гэр хорооллын дахин төлөвлөлт, “Home Cen ter” СӨХ-ны менежментийг сайжруулах төсөл, Дархан-Уул аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө боловсруулах D-CAMP төслүүдийг дурдаж болно.
-Та ер нь хэдэн төсөл бичсэн хүн бэ?
-Миний данстай найман төсөл бий. Европын Холбооны санхүүжилттэй 5, ЖАЙКА-гийн 1, Солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлдэг 2 төсөл байна. Ихэнх нь дээд боловсролын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, сургалт судалгааны орчны сайжруулах төслүүд. Орон нутагт Олон улсын төсөл хэрэгжүүлдэг сургууль цөөхөн шүү дээ. Манай сургууль дээр нийт Олон улсын 13 төсөл хэрэгжиж байна.
-Европын Холбоо Төслийн хэрэгжилтийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Төсөл хэрэгжих хугацаанд жил бүр дотоодын болон Европын Холбооны аудит орж байсан. Мөн Европын талаас хөндлөнгийн үнэлгээг нэг удаа хийсэн. Бид маш сайн үнэлгээ авсан. Төслийн төлөвлөгөөнөөс хазайлгүйгээр явахад ямар ч асуудал байхгүй дээ. Энэ төслийг 3 сая еврогийн хөрөнгө оруулалтыг Дархан Уул аймагт хийж байгаа ч гарах үр дүн нь 10 сая еврогийн тэлэлтийг бий болгоно гэсэн зорилготойгоор бичсэн. Тиймээс энэ төслийн хүрээнд бид найман төслийг боловсруулж Олон улсын байгууллагууд руу явуулсан. Дээр дурдсан төслүүдээс гадна томоохон өөр нэг төсөл энэ жил хэрэгжих гэж байна. Тэр нь Карбон маркет буюу нүүрстөрөгчийн зах зээл дээрээс анхны хөрөнгө оруулалтыг босгох гэж байна. Энэ бол Монгол Улсад, манай аймагт маш чухал хэрэгцээт төсөл байх болно.
/”Найрамдал” төсөл тусгай дугаараас 2025.06 сар/