Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн Жендэр бонд

ХААН Банк Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй Жендэр бонд гаргалаа. Ингэснээр Жендэр бондыг Монголдоо анхлан гаргасан банк болж байна. Олон улсын нэршил нь “Оранж бонд” гэдэг бөгөөд эмэгтэйчүүд рүү хандсан энэхүү бондыг улс орнууд гаргасаар ирсэн туршлагатай. Монголын Улсын хувьд анх удаа “Оранж бонд”-ыг гаргаж буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй том алхам боллоо гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх, тэгш эрхийг хангаж, эдийн засгийн хувьд чадавхжуулах зорилготой бонд юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлага тогтвортой хөгжил, ногоон санхүүгийн тогтолцоо, нийгмийн хариуцлагын чиглэл рүү түлхүү анхаарал хандуулах болсон энэ цаг үед ХААН Банк Жендэр бондыг гаргаж ирсэн нь маш чухал ач холбогдолтой. “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 5-р зорилт буюу эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засаг дахь чадамжийг хангах асуудал нэг номерт байдаг.
Монголын Улсын хувьд анх удаа “Оранж бонд”- ыг гаргаж байна
Энэ хүрээнд ХААН Банк санаачилгатай ажиллаж Жендэр бондыг богино хугацаанд гаргаж байгаад талархалтай байна. Учир нь ирэх наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатарт хуран чуулна. Тус чуулганыг манай улс анх удаа НҮБ тай хамтран зохион байгуулна. Үүний хамгийн эхний бодит ажил Жендэр бондоор гарч байгаа нь өөрөө онцлог, давуу талтай” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай ярив. Санхүүгийн зохицуулах хорооноос олон улсын чиг хандлагыг дагаад хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлсэн, тогтвортой хөгжлийн ийм бондуудыг гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо 2021 онд “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д ногоон бондын зохицуулалтын орчныг бий болгож, дотоодын аж ахуйн нэгжүүд байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг дотоодын хөрөнгийн зах зээлээс татах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар нийт 48 сая ам.долларын үнийн дүн бүхий гурван үнэт цаас гаргагчийн ногоон бондыг дотоодын зах зээлд амжилттай гаргажээ. “Нийгмийн бондын хүрээнд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн оролцоог эдийн засгийн салбарт бодитоор нэмэгдүүлэх, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн захаар дамжуулан санхүүжүүлэх боломж бүрдсэн” гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц онцолж байна. Монголын эмэгтэйчүүдийг боловсролтой, харьцангуй эрх чөлөөтэй гэдэг. Энэ үнэн. Гэхдээ учир дутагдалтай зүйлс байсаар байгаа юм. Тухайлбал, манай эмэгтэйчүүд санхүүгийн хувьд ихэнхдээ хараат байдаг. Бизнес эрхлээд, санхүүгийн зээл тусламж авъя гэхээр өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, барьцаанд тавих хөрөнгийн асуудалтай тулгардаг.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн зөрүүтэй байдлын тайлангаар Монгол Улс 140 орноос 80 дугаар байранд явж байна
Үл хөдлөх хөрөнгө, байр, орон сууц өрхийн тэргүүний нэр дээр байдаг нь нууц биш юм. Тиймээс жендэрийн бодлогоор эмэгтэйчүүдийг дэмжиж өгөх гээд байгаагийн цаана эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал, харьцангуй хоцрогдолтой талыг нөхөж, эн тэнцүү нөхцөлөөр хангах бодлого л яваад байгаа юм. Түүнээс эрэгтэй, эмэгтэй гэж албаар ялгаварлаж хандах бодлого яваагүй гэдгийг хэлэх ёстой. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн зөрүүтэй байдлын тайлангаар Монгол Улс 140 орноос 80 дугаар байранд явж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн хэмжээ банкны бизнесийн зээлийн багцын 15 хувьд ч хүрэхгүй байна. Монголын эмэгтэйчүүд харьцангуй боловсролтой, эрх чөлөөтэй гэдэг ч эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээр бол өөр гардаг талаар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр ярьсан. Тэрбээр “Монголын эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд зайлшгүй дэмжих шаардлагатай. Эмэгтэйчүүдийг дэмжсэнээр ямар үр дагавар гарах вэ гэдэг нь чухал. Дэлхийн банкны судалгаагаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог 10 хувиар дэмжихэд дотоодын нийт бүтээгдэхүүн 2 хувь өснө гэсэн байгаа юм. Монголын эмэгтэйчүүд боловсрол эзэмшсэн суурь сайтай. Тэгэхээр эмэгтэйчүүдээ эдийн засгийн хувьд дэмжээд өгвөл бусад орныг бодвол харьцангуй хурдтайгаар дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх боломжтой гэсэн юм. Монгол Улсын бизнесийн салбар дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоон үзүүлэлтийг аваад үзье. Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн 20 хувьд эмэгтэй бизнес эрхлэгчид удирдлагын түвшинд ажиллаж байгаа бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байна. Бичил бизнесийн хувьд 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Азийн хөгжлийн банкны 2022 оны судалгаагаар Монголын нийт хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь ажлын байртай. Энэхүү 53 хувийг 2050 он гэхэд 65 хувьд хүргэж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн 15 хувиар өсөх боломжтой гэсэн дүгнэлтийг АХБ гаргачихсан. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр дэмжиж өгөх шаардлагатай байгааг дээрх статистик харуулна.
/”Жендэр бонд” тусгай дугаараас 2025.07, 08 сар/