Дэйрдрэ Лингенфэлдэр: “Монгол залуус бахдам эрч хүч, авьяас ур чадвартай”

Гурван жилийн өмнө Рио Тинто группийн ТУЗ-өөс “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдэрийг томилж, Монгол руу илгээсэн юм. Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төрж өссөн тэрбээр дэлхийн хэмжээний уурхайг удирдахаар Монгол Улсад хөл тавингуутаа Ханбогд руу нисчээ. Галбын говийн элсэрхэг тал нутаг эх орных нь байгальтай ижил төстэй байсан нь түүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Нөгөөтэйгүүр, Өмнөд Африкийн Йоханнесбург хот нь уул уурхайн хот байсан учраас тэрбээр уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшиж, улмаар Антарктидаас бусад тивд уурхайн үйл ажиллагаа, стратеги, төсөл хөгжүүлэлт, бизнес сайжруулалтын чиглэлээр ажиллаж 25 жилийн туршлага хуримтлуулсан байна. “Хаана ч ажилласан гүйцэтгэлийг сайжруулахыг гол зарчмаа болгож, ингэхдээ байгаль орчны хамгаалал, хүмүүсийг чадавхжуулахад түлхүү анхаарч ажилласан. Монгол шиг маш үзэсгэлэнтэй, бас сорилттой улс орнуудад мэргэжил минь намайг аваачиж, гүйцэтгэлийг сайжруулах, өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх, хүмүүсийг чадавхжуулахад анхаарч ажиллах боломжийг олгодогт талархдаг” хэмээн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдэр ярьж байна.
-Манай уул уурхайн компани, томоохон төслүүдийг ихэнхдээ эрчүүд удирдаж ирсэн байдаг. Ер нь уул уурхайг эрчүүдийн салбар ч гэдэг. Тэр ч утгаараа “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар эрэгтэй хүн томилогдоно гэж олон хүн бодож байсан. Гэтэл эмэгтэй хүн дэлхийн хэмжээний уурхайг удирдахаар ирсэн. Харин таны хувьд энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
– Үнэнийг хэлэхэд, миний хувьд ч бас гэнэтийн мэдээ байсан. Намайг 2022 онд Монголд ажиллаж эхлэхэд “Оюу толгой” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн ил уурхайгаас гадна гүний уурхайгаа ашиглалтад оруулан зэсийн нэгдсэн, цогц бизнес болох шилжилтийн үе дээрээ байсан. Тухайн үед компанийн стратегиа шинэчлэх, мөн хамт олон, түншүүдтэйгээ хамтран ажиллах арга барилаа сайжруулах, ирээдүйгээ зураглах зэрэг маш том ажлын зааг дээр ирчихсэн байсан. Аливааг шинэлэг, өөр өнцгөөс харах чадамжтай хүн авчрах цаг үе нь байсан болов уу. Дэлхийн хэмжээний уурхай болохоор зорьж буй бизнесийн хувьд гүний уурхайг ашиглалтанд оруулах нь маш том даваа байв. Манай хөрөнгө оруулагчид болох Монгол Улсын Засгийн Газар болон Рио Тинто, гайхалтай чадварлаг хамт олон, мөн түнш байгууллагуудын хамтаар асар том өөрчлөлтүүдийг бид бүтээж чадсан. “Оюутолгой” компани сүүлийн гурван жил дараалан ТОП 100 АНН-ийн нэгдүгээрт эрэмбэлэгдээд байна. Энэ нь бидний хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд манай стратеги маш тодорхой болсны илрэл юм. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна дэлхийн тавцанд өрсөлдөх ур чадварыг хурдтай бий болгож байгаа маань ийнхүү үнэлэгдэж байгаа болов уу.
-“Оюу толгой” компанийн өнөөдрийн бий болгосон амжилтуудаас та ярина уу?
– 2010 оноос хойш татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 13.1 их наяд төгрөг төлөөд байна. Оюутолгойчууд энэ жил үйлвэрлэсэн зэсийн баяжмалаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүлж чадлаа. Үйлдвэрлэлээ аюул осолгүй, тогтвортой явуулах нь л бидний гол үүрэг. Газрын гадаргаас доош 1,300 метрийн гүнд блокчлон олборлох гэх нарийн төвөгтэй аргаар бид гол үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээн байгуулалтын шатандаа 200 км гаруй үргэлжлэх туннель босгоно гэдэг хэр их том хэмжээний бүтээн байгуулалт гэдэг нь ойлгогдох болов уу. Манай стратегийн гол цөм нь хүн. Тиймээс чадавхжуулах, чадварлаг мэргэжилтнүүдийг татах нь чухал. Уурхайн мэргэжилтнүүдийг уурхайдаа сургахаас гадна боловсролын тэтгэлэг болон дадлагажих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Одоогоор 1130 гаруй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт монгол залуусыг хамруулжээ. Манай компани үндсэн болон гэрээт ажилтнууд нийлээд 17000 гаруй ажилтантай бөгөөд үүний 97 хувь нь монгол ажилтнууд. Оюу толгойг гайхалтай ур чадвартай монголчууд бүтээн байгуулж, ажиллуулж, авч явж байна. Тэд мөн мэргэжлээрээ гадны улс орнуудын уурхайд ажиллан дэлхийд өрсөлдөх ур чадвараар туршлагажиж байна.
Нийгэм болоод орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт мөн чухал. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гаараа дамжуулан орон нутагт 224 орчим тэрбум төгрөгийг хатуу дэд бүтцээс гадна сургууль, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулаад байна. Ханбогд сумыг өөрөө өөрийгөө авч явах чадалтай, тогтвортой хот болгохоор тууштай ажиллаж байна. Цаашлаад Оюу толгойн уурхайн ажилтнууд гэр бүлээсээ хол биш, Ханбогд болон Даланзадгад сумдад суурьшиж, гэр бүлтэйгээ хамт амьдрах орчныг бүрдүүлж эхлээд байна. Мөн бид дэлхийн хамгийн орчин үеийн уурхайн нэг болох зорилгоор шилдэг технологиудыг нэвтрүүлэхийг чухалчилдаг. Жишээлбэл, манайх уурхайнхаа “дижитал ихэр”-ийг хийлгэж авснаас гадна тоног төхөөрөмжүүдээ хянаж, аливаа доголдлыг урьдчилан тодорхойлж, арга хэмжээ авахад хиймэл оюун ухааныг ашиглаж байна.
– “Оюу толгой” компанийн түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, манлайлал, оролцоо ямар байгаа вэ?
-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тоо хөөх нь чухал биш. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр бүтээмж, гүйцэтгэл дагаад өсдөг. Тийм учраас чухал үүрэгтэй. Мөн инновацлаг, шинэлэг, олон өнцгөөс аливаа асуудлыг харах боломжууд бий болдог. Манай ажиллах хүчний 23 хувь, удирдах албан тушаалд 40 хувь нь эмэгтэйчүүд байна. Гүйцэтгэх удирдлагын багийн тал нь эмэгтэйчүүд, тал нь монгол ажилтнууд байна. Намайг ажилдаа томилогдохоос өмнөх үетэй харьцуулбал, дүр зураг маш их өөрчлөгдсөн. Бид урт хугацаандаа эмэгтэй ажилтнуудын хувийг 50 хувьд хүргэх нэлээн том зорилт тавьсан байгаа. Манай Ил уурхайд өөрөө буулгагч, гүний уурхайд road train хүнд машин механизм жолооддог олон эмэгтэй бий. Гүний уурхайд ч удирдах албан тушаал хашиж буй цөөнгүй эмэгтэй байгаа. Уламжлалт ойлголтоор эрчүүд давамгай байдаг л даа. Харин манай босоо амны операторуудын 60 хувь эмэгтэйчүүд бөгөөд гүний уурхайд ажиллаж буй хүмүүсийн нэвтрэх, гаргах хөдөлгөөний зохицуулах ажлыг хариуцаж байна.
2010 оноос хойш татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 13.1 их наяд төгрөг төлөөд байна
-Таны Монголд ирэхээс өмнөх, ирсний дараах Монголын тухай төсөөлөл сэтгэгдэл хэр зөрүүтэй байсан бол?
-Өмнөд Африк, Монгол хоёрын дунд ижил төстэй зүйл их байдаг. Хоёулаа уудам тал нутагтай, мөн ашигт малтмалаар баялаг. Аль аль нь хөгжиж байгаа улс учраас танил дотно санагддаг. Би анх Монголд ирээд Ханбогд руу нисэж байсан үеэ маш тод санадаг. Өмнөд Африкийн цөл тал нутгийг санагдуулам цэлийсэн говийг хараад гайхсан. Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Монголын залуу, эрч хүчтэй хүн ам. Гуравны нэг нь 30-аас доош насны хүмүүс байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр маш их авьяас чадвар, эрч хүч Монголд байна гэсэн үг. Мөн хоёр том гүрний дунд геополитикийн ярвигтай нөхцөл байрлалтай ч ардчилсан, нээлттэй бодлогоо тогтвортой авч явдаг нь гайхалтай санагдаж байсан даа. Монголчууд гадны мэргэжилтэн намайг элгэмсгээр, өөрийн гэр бүлийн гишүүн мэт халуун дотно хүлээн авсан. Соёлын өв, уламжлалаа найрсагаар хуваалцаж Наадам, Цагаан сарын баяртаа урьдаг нь сайхан санагддаг. Өөр улс орнуудад ажиллаж байхад гадны хүн мэт санагдах нь элбэг байдаг бол Монголд эсрэгээрээ байсан.
-Монголын эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Монгол эмэгтэйчүүдийг “монгол хатад” гэж хэлмээр байна. Тэд чадалтай, эрч хүчтэй, тууштай, аливаад дасан зохицох чадвартай. Мөн өв уламжлалаа хадгалж ирсэн хүсэл эрмэлзлэл өндөр, ухарч няцдаггүй дайчин зан чанартай. Нэмээд хэлэхэд, монгол эмэгтэйчүүд нийтээрээ боловсрол өндөр. Аль ч ажилд томилогдсон бай ажлаа маш чадамжтай хийдэг. Тавьсан зорилгодоо хүрдэг, бүтээмжтэй байхаас гадна алсын хараатай, аливааг том зургаар нь хардаг, ертөнцийг үзэх үзэл нь нухацтай. Хажуугаар нь гэр бүлээ ч бас авч явж, аль алиныг нь амжуулдаг нь гайхалтай. Гэсэн хэдий ч шийдвэр гаргах түвшинд, ялангуяа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Монгол Улсын төр, засгаас эмэгтэй удирдагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан нь сайшаалтай. Харин хэр ахицтай байгаа нь ”шилэн тааз”-ыг нэвтлэн гарч ирсэн эмэгтэйчүүдээс их шалтгаална. Залуу эмэгтэйчүүд ингэх боломжтойг харвал, урам зориг авч чадна. Тиймээс менторшип хөтөлбөр, сургалт, боломжуудаар хангах нь бодитой дэмжлэг болно.
Оюу толгой бол шилдэг дижитал технологи, автоматжуулалтад суурилсан, тогтвортой хөгжлийг тэргүүнд тавьдаг дэлхийн хэмжээний уурхай
-Таны удирдсан гурван жил гаруй хугацаанд хамгийн хэцүү ямар сорилт байсан бол?
-Ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн төслийг нэгтгээд зэсийн цогц бизнес болгох, техникийн талаасаа гэхээсээ илүү олон оролцогч талуудтайгаа нэг ойлголтод хүрэх, хоёр хувьцаа эзэмшигчдийнхээ зорилготой уялдуулах нь маш чухал сорилт байсан. Үүнийг бид Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 болон Рио Тинтогийн стратегитай уялдуулан “Оюу толгой” компанийн шинэ стратегийг боловсруулснаар хийж чадсан. Жил гаруй хугацаанд маш олон оролцогч талтай ажилласны үр дүнд компанийнхаа стратегийг тодорхойлж чадсан. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар ЕТГ-ын даргаар ажиллаж байхдаа Оюу толгойн уурхайд зочлох үеэр манай стратегийг сайн мэдэж байсныг хараад сэтгэл их хөдөлсөн. Тэр мөчид хамт олон, түншлэгч байгууллагууд болон хувьцаа эзэмшигчдэдээ өөрсдийн зорилго, зорилтууд болон алсын хараагаа ойлгуулж, ойлголтоо нэгтгэж чаджээ гэсэн бодол төрж байлаа.
-Таны бахархал юу вэ? Юунаас урам зориг авдаг эмэгтэй удирдагч вэ?
-Уул уурхайн салбарыг сөргөөр ойлгож төсөөлөх хүн цөөнгүй. Харин зөв зохистойгоор уурхайг ажиллуулж чадвал эерэг өөрчлөлт авчрах хүч гэж би хардаг. Оюу толгой үндэсний хэмжээнд маш олон боломж, үр өгөөжийг бий болгож байгаад гол утга учир нь байдаг. Бидний амьдрах хугацаанаас илүү урт хугацаанд ч үр өгөөжөө хүртээсээр байна гэж бодохоор сайхан байдаг. Албан тушаал ахиж удирдах ажилд өөрийгөө сорьж байгаа эмэгтэйчүүдийгээ, мөн Оюу толгой төсөл дээр түшиглээд орон нутагт шинээр бий болж байгаа бизнесүүдийг харахаар урам зориг авдаг. Ханбогдод очиход таван жилийн өмнөхөөс танигдахаагүй дүр зураг харагддаг. Шинэ шинэ дэд бүтэц бий болохоос гадна маш олон бизнес бий болж, манай зарим томоохон ханган нийлүүлэгчид төв салбараа нээсэн байна. Хэзээ нэг өдөр Монгол Улсад утга учиртай, далайцтай эерэг өөрчлөлт авчрах уурхайг босгоход гар бие оролцож, нэгээхэн хэсэг нь байсан гэж бодохоор сэтгэл өег байх болов уу. Үүнээс илүү урам зориг гэж юу байх вэ.
-Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй тулж байна. Энэ том асуудалд Оюу толгойн үзүүлэх эерэг нөлөө юу байх вэ?
Манай бизнес дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй бодитойгоор тэмцэх гэж оршин тогтнодог гэж хэлж болно. Үйлдвэрлэдэг зэс маань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гол хөшүүрэг болох эд мөн. Монголд энэ өөрчлөлтийн бодит нөлөө харагдсаар байгаа. Уур амьсгалын өөрчлөлт ирээдүйд болох биш харин өнөөдөр бодитоор бий болчихоод байгаатай маргахын аргагүй. Ийм учраас бид шинэчлэгдсэн стратегидаа тодорхой зорилтууд тавьсан байгаа. Бид үүнийг гурван өнцгөөс хардаг. Эхнийх нь хүн дээр төвлөрч, хүмүүсийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтыг сайжруулахаас гадна хариу үйлдэл үзүүлэх чадамж болон арга техникийг нь хөгжүүлэхэд анхаарч байна. Жишээлбэл, бид Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч ажиллаж ирсэн. Байгалийн гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах дээр чадавхжуулж, аврах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг мөн хандивласан. Дараагийнх нь манай “хөрст дэлхий” тэргүүлэх чиглэл буюу байгаль орчинд хөрөнгө оруулах.
Оюу толгой 2030 он гэхэд 100 сая мод тарих болон ургуулахтай дүйцэх ажлыг хэрэгжүүлэх хөтөлбөр эхлүүлээд байгаа. Үүнээс өнөөдөр 21 сая мод тариад байна. Зөвхөн мод тарих биш, энэ чиглэлээр чадавхжуулж мөн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Дархан, Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил орхигдсон 615 га талбайд нөхөн сэргээлт хийсэн ба энэ жил 600 га талбайг нэмж нөхөн сэргээнэ. Ингэснээр Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон талбай үлдэхгүй юм. Гурав дахь нь ногоон дэд бүтэц. 2050 он гэхэд бид өөрсдийн үйл ажиллагаанаас гарах нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх зорилготой.
Нүүрс болон дизел түлшээр ажилладаг техникийг цахилгаан баттерейт шийдлээр орлуулах, нүүрсхүчил бууруулах сертификатаар баталгаажуулах зэрэг төслийг ажил хэрэг болгоод явж байна. Монгол нарлаг, салхи ихтэй орон. Тэгэхээр нөхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах бүрэн боломж бий. Монгол Улсын Засгийн газрын хувьд ч мөн адил үүн дээр анхаарал тавьж байгаа болов уу. Олборлох бизнесийг байгаль орчныг хамгаалахтай хоршиж хөгжүүлэх боломжтой гэдгийг хойч үедээ үлгэрлэн харуулахыг зорьж байна. Харин үүнд бүтээлч сэтгэлгээ, ажлын шинэлэг арга барил шаардлагатайгаас гадна хийх ажил, хүрэх үр дүнгээ маш тодорхой зураглан гаргасан байх нь чухал юм.
-“Оюу толгой” компани Монголд төдийгүй дэлхийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Өнгөрсөн арван жилийн хугацаанд өнөөг хүртэл 20 гаруй тэрбумын ам долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийжээ. Энэ бага тоо биш, цаашид гүнийн уурхайн үйл ажиллагаа маань тогтвортой үргэлжлэхээр энэ тоо бүр их нэмэгдэх боломжтой. Гэхдээ үр нөлөөг нь зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэх нь өрөөсгөл. Оюу толгойн Монгол Улсад авчирч байгаа үнэ цэнийн хувьд хамгийн чухлын нэг нь ур чадвар бий болгож байгаа ажлууд болов уу. Хоёр дахь нь орон нутаг болон бүсийн хөгжил. Ханбогд, Даланзадгад зэрэг түншлэгч сумдын эдийн засгийн хөгжлийн суурийг нь бэхжүүлэхэд анхаарч байна. Дараагийнх нь дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээгээ улам өргөжүүлэн, бэхжүүлж байна. Манайх 800 гаран ханган нийлүүлэгчтэй, үүний 600 орчим нь үндэсний ханган нийлүүлэгч байдаг. Үндэсний ханган нийлүүлэгчдээ дэмжин Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Энэ жил ТОП 100-д манай хамтарч ажилладаг 33 байгууллага багтсан байсныг харахад сайхан байсан. Бид зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд уурхай гэж ямар байх вэ гэдэг босгыг өндөрсгөхөөр ажиллаж байна. Оюу толгой бол шилдэг дижитал технологи, автоматжуулалт дээр суурилсан тогтвортой хөгжлийг эн тэргүүнд тавьдаг дэлхийн хэмжээний уурхай.
-Рио Тинто группийн хэмжээнд Оюу толгойн эзлэх амжилтуудыг дурьдана уу?
-Зэсийн бизнесийн хувьд Оюу толгойн уурхай аюулгүй ажиллагаагаар дэлхийн хэмжээнд тэргүүлдэг. Зардлын менежментийн хувьд бид үр ашигтай ажиллаж байгаа дэлхийн бизнесүүдийн дөрөвний нэгт багтдаг. Гүний уурхайдаа бид батарейт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлснээс гадна ил уурхайдаа 90 тонны даацтай өөрөө буулгагч машинуудыг туршиж эхлээд байна. Дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ус ашиглалтын дунджаас дөрөв дахин бага ус ашигладаг. Бид стратегийнхаа тэргүүлэх чиглэл бүрээр гүйцэтгэл өндөр байгаа. Үүгээрээ бид бахархахгүй байхын арга үгүй.
-Та Монголын хөгжил цэцэглэлт, залуусын ирээдүйн талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол залуус бахдам эрч хүч, авьяас ур чадвартай гэж хэлмээр байна. Боловсрол өндөр, өөр хоорондоо нягт холбоотой, өөрийн гэсэн үзэл бодолтой. Ирээдүйг ийм залуус авч явж байгаа учраас гэгээлэг байх нь гарцаагүй. Энэ их эрч хүч, авьяас чадварыг харин зөв чиглүүлэх нь чухал. Уул уурхай гэлтгүй олон чиглэлээр боловсролын тэтгэлэг, дадлагажих хөтөлбөрт хамруулж, дижитал, техникийн ур чадварыг нь дээшлүүлэх, манлайллын чиглэлээр монгол залуусыг сургах нь зүйтэй. Учир нь тэд нийгмийнхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ анхаарч санаа бодлоо илэрхийлдэг нь Монголын ирээдүйд сайнаар тусах нь илэрхий. Газарзүйн байршлын хувьд давуу талтай, байгалийн нөөцөөр баялаг, залуу эрч хүчтэй хүн амтай Монгол орон цаашдаа тогтвортой уул уурхай, цэвэр эрчим хүч, инновацийн төв болон хөгжих боломжтой гэж харж байна. Би Монголын ирээдүйг өөдрөг гэгээлгээр хардаг. Ийм гэгээлэг ирээдүйг бүтээлцэх хөгжил дэвшлийн түнш нь байхаар оюутолгойчууд бид хичээн ажиллаж байна.
/”Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч” тусгай дугаараас 2025.8 сар/