Х.Солонго: Моносчууд монгол брэндийн үнэ цэнийг дэлхийд тогтвортой байршуулахын төлөө хичээж байна

Sarangerel
2025-09-17 13:31:40
Ангилал:

“Монос” Групп Монголын ардчилалтай нас чацуу. Тус компанийн олон бүтээгдэхүүнийг монголчууд бид өдөр тутамдаа хэрэглэсээр буй. Нэг жишээ дурдахад, Ковид-19 цар тахлын үед гар ариутгагч нь монголчуудын хамгийн их хэрэглэдэг эрэлттэй бүтээгдэхүүн байсныг бид мэднэ. 35 жилийн туршлагатай, 2500 ажилтантай эм зүйн үндэсний компани энэ аюулт өвчнийг давж гарахад улс орондоо, ард иргэддээ маш том үүрэг гүйцэтгэсэн билээ. “Өнөөдрийн Монос зөвхөн эм үйлдвэрлэлийн компани бус, эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний салбарыг хамарсан цогц бизнесийн экосистем юм” гэж “Монос” Группийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Солонго ярьлаа. Тэрбээр компанийн тогтвортой өсөлт, олон улсын зах зээлд гарах стратегийг удирдан, шинэ бүтээгдэхүүн, инновац нэвтрүүлэн ажиллаж буй бизнес эрхлэгч эмэгтэй юм. Тэрбээр АНУ-д олон улсын худалдааны чиглэлээр бакалавр, Английн Warnborough их сургуульд бизнесийн удирдлага, маркетингаар магистр хамгаалсан. 2005 оноос “Монос” Группээс ажлын гараагаа эхэлж, 2006 2017 онд Монос Косметиксийн Гүйцэтгэх Захирлаар ажилласан туршлагатай. Мөн МҮХАҮТ-ын Тэргүүлэгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI)-ны гишүүн, Монголын бизнесийн зөвлөлийн (BCM)-ын Удирдах зөвлөлийн гишүүний алба хашдаг.

-“Монос” компанийн 1990 оны нийгмийн их өөрчлөлт дунд хувийн хэвшлийн анхдагч болон байгуулагдсан түүх өдгөө сонирхолтой санагдана. Та энэ талаар сонирхуулна уу?

-1990-ээд оны эхэнд жижиг савлагаатай булга, марал тос, мөн ходоод, цэр ховхлох ургамлын ханд үйлдвэрлэж эхэлснээр манай түүх эхэлсэн. 1991 онд анхны таблетны шугамаа суурилуулж, аспирин, анальгин, чацаргана, аньстай үрэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон. Тухайн үед бүтээгдэхүүнээ Оросын цэргийн ангид нийлүүлж, оронд нь дотоодод ховор эм тариа авч байсан нь Монголын бизнесийн анхны бартер хэлцлийн нэг болсон гэж хэлж болно. Улмаар 1992 онд “Монос эмийн үйлдвэр”, “Монос гоо сайхан” гэсэн компани болж, тус тусын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн дээ. Үүнээс хойш бид алхам алхмаар өргөжсөөр өнөөдөр 20 гаруй охин компани, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг групп болжээ.

-“Монос” Группийн амжилтуудаас дурдана уу. Нийт 20 охин компанитай групп олон амжилт, түүхийг бүтээсэн гэж бодож байна.

-“Монос”-ын хөгжлийн зам нь жижиг лабораториос олон салбартай үндэсний групп болтол зүтгэсэн тасралтгүй шинэчлэл, зоригтой шийдвэрийн үр дүн юм. Эхний жилүүдэд бид зөвхөн эм үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа хязгаарлах боломжгүй байлаа. Учир нь тухайн үед бусдаар гэрээлж ажил хийлгэх боломж байгаагүй тул бүх зүйлийг өөрсдөө хийхээс өөр аргагүй байсан. Иймээс эм зүйн салбарыг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, боловсрол, үйлчилгээ, худалдааг экосистемээр нь хөгжүүлэх шаардлагатай болсон юм. Өнөөдөр “Монос” Группийн Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль Монголын эм зүйн салбарын мэргэжилтний 60–70 хувийг бэлтгэж байна. Үйлдвэрлэлийн хувьд бид эм, тарилга, гоо сайхан, хүнсний чиглэлийг зэрэг хөгжүүлж, дотоодын эрэлтэд нийцсэн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Эмийн сангийн сүлжээ маань Улаанбаатарт 130, орон нутагт 60 салбартай, нийт 21 аймагт үйл ажиллагаа явуулж байна. И-Монос онлайн хүргэлтийн платформ нь дижитал эрин үеийн хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, зах зээлийн тэргүүлэгч үйлчилгээ болжээ. Өнөөдрийн “Монос” нь зөвхөн эм үйлдвэрлэлийн компани биш, эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний салбарыг хамарсан цогц бизнесийн экосистем юм.

“Монос” Групп нийт 2500 ажилтантай. 79 хувь нь эмэгтэйчүүд. Гүйцэтгэх удирдлагын 42 хувь, топ түвшний удирдлагын 66 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

-“Монос” өнөөдөр хүрээгээ тэлж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Та ямар бүтээгдэхүүнийг онцлох вэ?

-Бид өнөөдөр эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний чиглэлд 20 гаруй брэнд, олон арван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлж байна. Эм үйлдвэрлэлээс Нефромон, Салимон, Витагрипп брэндийг онцолмоор байна. Мөн үе мөчний тос Индемон, дархлаа сэргээх зэрэг ургамлын ханд, бэлдмэлүүд маань олон тоны хэрэглэгчтэй болжээ. Гоо сайхны салбарт бидний олон жилийн туршлага, хөгжүүлэлтийн үр дүн болсон Биомон, Биоген, Марал брэндүүд өөрийн үнэнч хэрэглэгчийн хүрээг бий болгосон. Хүнсний үйлдвэрлэлээс Экос байгалийн эрдэст ус, мөн эрүүл амьдралын хэв маягийг дэмжигчдэд зориулсан Энхжин цайны цуврал, аньс, ааруултай үрэл зэрэг бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй байна. Эдгээр нь бидний олон жилийн түүх, тасралтгүй инновац, хэрэглэгчийн итгэлийг хослуулсан бүтээлүүд бөгөөд ирээдүйн экспортын стратегид ч чухал байр суурь эзлэх юм.

-Бизнесийг тогтвортой урт хугацаанд амжилттай явуулна гэдэг бахархмаар. Танай олон бүтээгдэхүүн экспортод гардаг. Ямар улс орнууд руу экспортолж байна вэ?

-Бид эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилтыг 2000 гаад оноос стратегийн түвшинд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр манай үйлдвэрлэсэн эм, гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүнүүд ОХУ, Киргизстан, Казахстан зэрэг Монголтой төстэй уур амьсгалтай, хэрэглэгчийн ижил бааз суурьтай орнуудад амжилттай борлуулагдаж байна. Бид 2016 оноос эхлэн бөөр хамгаалах Нефромон эмийг ОХУ-д үйлдвэрлэн худалдаалж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чадсан. Мөн энэ оноос Киргизстан руу дархлаа дэмжих Витагрипп бүтээгдэхүүнээ гаргалаа.

Бид бүтээгдэхүүнээ экспортын өндөр түвшинд гаргахыг зорьдог

Хүнсний салбарт бид Экос байгалийн эрдэст ус, уламжлалт ааруултай үрэл, эрүүл мэндийн уусдаг цайны цувралаа экспортолж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь зөвхөн Монголын брэнд бус дэлхийд “Монголын гарал үүслийн баталгаатай” бүтээгдэхүүн хэмээн танигдах суурийг тавьж байгаа. Манай экспортын стратеги бол богино хугацааны борлуулалт бус харин урт хугацаанд хэрэглэгчийн итгэлийг бий болгож, Монгол брэндийн үнэ цэнийг дэлхийд тогтвортой байршуулах явдал юм.

-“Монос” Групп улс орны хөгжил, эдийн засагт өнгөрсөн хугацаанд ямар үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна вэ?

-Өнгөрсөн 35 жилд “Монос” Групп зөвхөн бизнесийн байгууллага бус Монголын эрүүл мэнд, үйлдвэрлэл, боловсрол, инновацын экосистемийг хөгжүүлэгч үндэсний хүч байсан гэж би үздэг. Нэгдүгээрт, бид олон улсын эмийн зах зээлийг Монголд анх нэвтрүүлж, дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг албан ёсоор оруулж ирсэн. Энэ нь хэрэглэгчдэд зөвхөн чанартай эм, эмнэлгийн бүтээгдэхүүн авах боломжийг бүрдүүлээд зогсохгүй, эмийн салбарын стандартыг шинэ түвшинд хүргэсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, сум, дүүрэг, хороо бүрт “Монос”-ын эмийн сан ажиллаж, 24 цагаар иргэддээ ойрхон, тасралтгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байна.

Гуравдугаарт, үндэсний үйлдвэрлэлээ “болохгүй”-гээс “болох хүртэл” хөгжүүлж, эм, гоо сайхан, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Улмаар эм, гоо сайхны үндэсний брэндүүдийг анхлан үйлдвэрлэж олны танил болгосон. Дөрөвдүгээрт, боловсролын салбарт “Монос”-ын харьяа Эм зүйн шинжлэх ухааны их сургууль Монголын эм зүйн салбарт мэргэшсэн боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж, улсынхаа эрүүл мэндийн тогтолцоонд үнэтэй хөрөнгө оруулалт хийсээр байна. Энэ бүхэн “Монос” Группийн Монгол Улсын хөгжилд оруулж ирсэн бодит, хэмжиж болохуйц хувь нэмэр бөгөөд бидний дараагийн зорилго зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад “Монгол брэнд”-ийг чанар, итгэлцлийн жишиг болгон таниулах явдал юм.

“Монос” эмийн сан Улаанбаатарт 130, орон нутагт 60 салбартайгаа 21 аймагт үйл ажиллагаа явуулж байна.

-Мөн ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг шүү дээ. Жилдээ хэдий хэмжээний татварыг улсын төсөвт төвлөрүүлж байна вэ?

-Жилдээ 45-50 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлж ТОП-100 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч иржээ. Би хувьдаа энэ нь зөвхөн бизнесийн өрсөлдөх чадварын илэрхийлэл гэхээс илүүтэй улс орондоо оруулж буй “Монос” Группийн хөрөнгө оруулалт, оролцоо, хувь нэмрийг тодорхойлдог гэж ойлгодог.

-Энэ урт хугацаанд өнөөгийн амжилтыг бүтээхэд олон саад бэрхшээлтэй тулгарсан нь гарцаагүй. Ямар бэрхшээл, сорилт хамгийн хүндээр тусч, хэрхэн давж гарсан бэ?

Энэ асуултанд хариулахад тийм ч хэцүү биш. Моносчууд бидний хамгийн том сэтгэлгээний давуу тал саад бэрхшээл бүрийг боломж болгож чаддаг хандлага, тууштай байдал, зориг юм. Тиймээс энэ олон жилийн түүхийн туршид багагүй сорилттой тулгарсан ч тэдгээрийг шинэ шатанд дэвших түлхүүр болгож чадсан. Хамгийн хүнд үе Ковид-19 цар тахлын жилүүд байлаа. Энэ үед манай гар ариутгагч хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж, үйлдвэр маань 24 цагийн горимоор гурван ээлжээр ажилласан. Эмийн компани учраас бид цар тахлын хоёр жилд онцгой нөхцөлийн горимоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг хүлээж, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалан ариун цэврийн хатуу дэглэм сахин ажиллаж байлаа. Мөн манай “Дармон” эм коронавирусийн эмчилгээний жагсаалтад багтаж, олон мянган хүний амь насыг хамгаалахад хувь нэмэр оруулсан зэрэг амжилтыг дурдаж болно.

Цах тахлыг ийн амжилттай давж гарсны дараа бас нэг том сорилт тулгарсан. Улс даяар хэрэглэж, хүн бүрт хүрсэн манай гар ариутгагчийг зарим байгууллага “эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй” гэж мэдээлэн нийгэмд буруу ойлголт төрүүлсэн. Үнэн хэрэгтээ бидний ашигласан спирт нь эмнэлгийн ариутгалд хэрэглэдэг цэнхэр спирт юм. Гэтэл зарим байгууллагын албан мэдэгдэл, өрсөлдөгчдийн сошиал дайралт нь “буллинг” маягийн уур амьсгалыг бий болгосон доо. Энэ нь үнэндээ амь насны эрсдэлтэй нөхцөлд хөлс, хүч, сэтгэлээ зориулан ажилласан моносчуудад маш хүнд мэдрэмж байсан. Гэсэн хэдий ч бид энэ бүхнийг давж гарсан. Монголын ард түмэн цар тахлын хүнд үеийг эрүүл саруул даван туулахад манай бүтээгдэхүүнүүд үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс ч манай бусдаас ялгарах онцлог бол шинэчлэл, хариуцлага, тэсвэр тэвчээр юм. Хямрал, сорилт бүр биднийг илүү хүчирхэг болгосон. Хүнд үед ч нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чаддаг сэтгэлгээ нь өнөөдрийн амжилтын маань үндэс юм.

-Нийгмийн тэрхүү сөрөг ойлголт, дайралтыг хэрхэн давж гарсан туршлагаасаа хуваалцаж болох уу?

-Бид асуудалд нээлттэй хандаж, ил тод, баримтад тулгуурлан шийдвэрлэх шийдлийг сонгосон. Бид “Дэлхийн олон оронд уг спиртийг гар ариутгагчийн үйлдвэрлэлд ашигладаг нь нотлогдсон. Хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэж ирсэн спирт бөгөөд тариа хийхэд ч ашигладаг” гэдгийг олон нийтэд тодорхой тайлбарласан. Ингэснээр нийгэмд үүссэн буруу ойлголтыг засаж, хардлага, үл итгэх байдлыг намжаасан. Энэ нь аливаа эрсдэл, шүүмжлэлтэй тулгарахад хамгийн зөв хариу бол үнэн зөв мэдээлэл, ил тод байдал, мэргэжлийн нотолгоо гэдэг том сургамжийг бидэнд өгсөн дөө.

-Тогтвортой хөгжлийн бодлогод дэлхий даяараа анхаарч байна. Танай компани тогтвортой хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?

Бид энэ асуудалд маш их анхаардаг. Нэгдүгээрт, ногоон үйлдвэрлэл, усны менежмент: Хүнсний үйлдвэрлэлдээ саарал усыг боловсруулах болон дахин ашиглах технологи нэвтрүүлж, усны хэрэглээгээ эрс бууруулж байна. Хоёрдугаарт, нарны эрчим хүч ашиглах. Үйлдвэр, ахуйн талбай дахь гэрэл, цахилгааны эрчимжлийг нарны энерги рүү шилжүүлэн, төсвийн зардал, нүүрстөрөгчийн хийг багасгахад анхаарч үйл ажиллагаагаа ногоон хөгжилтэй уялдуулж байна. Гуравдугаарт, инновац буюу “эдийн засгийн ногоон гол”: Бид бүтээгдэхүүнээ зөвхөн дотооддоо үйлдвэрлэн борлуулаад зогсохгүй дэлхийд гаргахыг эрмэлздэг. Иймд орчин үеийн дэвшилтэт технологи, инновац, бүтээмжийн шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, үйл ажиллагааны бүхий л түвшинд байнгын “өлсгөлөн” байж, оюунлаг шийдэл болон бүтээмжээр Монгол бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг зорьдог. Иймд цахим засаглалд онцгой анхаарал хандуулж, сүүлийн жилүүдэд тасралтгүй хөрөнгө оруулж байна.

Бид цар тахлын хоёр жилд онцгой нөхцөлийн горимоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг хүлээж, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалан ариун цэврийн хатуу дэглэм сахин ажиллаж байлаа

-Монголын бизнесийн салбарын эрх зүйн орчин ямар байна вэ. Юуг сайжруулж, анхаарах шаардлагатай байна вэ?

-Монгол Улсын ирээдүйн хөгжилд би итгэлтэй байна. Манай улсын хувийн хэвшил, ялангуяа эм, хүнсний салбар сүүлийн 35 жилийн хугацаанд асар хурдтай хөгжиж, дэлхийн зах зээлд гарах хэмжээнд хүрсэн. Гэхдээ өнөөгийн үйлдвэрлэлийн потенциалыг бүрэн ашиглахын тулд илүү идэвхтэй дэмжлэг хэрэгтэй байна. Манай үйлдвэрүүд технологи, хүний нөөц, бүтээгдэхүүний чанарын хувьд дэлхийн стандартад нийцсэн ч экспортын гарцыг нэмэгдүүлэх, зах зээлд гарах зөвшөөрөл, дэмжлэгийг цаг алдалгүй олгох, бодлогын уялдаа холбоог сайжруулах тал дээр төрийн оролцоо нэн чухал байдаг. “Монос” Группийн хувьд дэлхийд гарах бүрэн боломжтой бөгөөд үүнийг зөв зохион байгуулалт, бодлогын дэмжлэгтэй хослуулбал Монгол Улсын экспортын чадавх, эдийн засгийн өсөлтөд онцгой нөлөө үзүүлнэ гэж итгэдэг. Энэ бол зөвхөн “Монос”-ын төдийгүй бүх үндэсний үйлдвэрлэгчийн хамтын ирээдүй. Энэ нь зөвхөн бизнесийн амжилт бус Монголын эдийн засаг, үндэсний үйлдвэрлэлийн ирээдүйн стратеги. Бидэнд боломж байна, одоо л цаг нь ирсэн.

-Татварын хуулийн шинэчлэлийн талаар бизнес эрхлэгчдээс санал авсаар ирсэн. Татвар, нийгмийн даатгал нь бизнесийнхэнд хэр дарамт болж байна вэ?

– Монголын бизнес эрхлэгчдийн санал бол татвар, нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь өсөлтөө зөв удирдаж буй компаниудад шударга бус дарамт болж байгаа явдал юм. Томорсон бизнесийг шийтгэх бус харин экспортоо нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, инновацад хөрөнгө оруулсан тохиолдолд урамшуулдаг бодлого нэн шаардлагатай байна. МҮХАҮТ-ын гишүүдийн зүгээс НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах нь эрэлт, борлуулалтыг дэмжиж, эдийн засгийг өргөжүүлэх чухал алхам гэж үздэг. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь жижиг, дунд бизнесүүдийн оршихуйд шууд эерэг нөлөө үзүүлнэ. “Монос” Группийн хөгжлийн замнал ч үүнийг харуулдаг. Жижиг эмийн үйлдвэрээс олон улсын зах зээлд өрсөлдөхүйц инновацлаг бүтээгдэхүүн гаргах хүртэлх замд шударга, тогтвортой орчин дутагдсаар ирсэн. Хэрэв татвар, эрх зүйн орчин уян хатан, зөв бодитой дэмжлэгтэй байсан бол бид өнөөдрийнхөөс илүү хурдан, илүү өргөн хүрээний амжилтад хүрэх боломжтой байлаа. Эцэст нь хэлэхэд, цалинг нэмэхийн хирээр татвар, нийгмийн даатгалд өгдөг нь ажилтанд очих бодит өгөөжийг бууруулж, ажил олголтын урамшуулалыг хязгаарлаж байна. Тиймээс татварын орчинг илүү шударга, урамшуулалтай болгох нь чухал байна.

-Эм, эм зүйн салбарт ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг. Танай компанид ч мөн ийм байдаг гэж бодож байна.

-Эмэгтэйчүүдийн мэдрэмж, нарийн нямбай чанарыг хамгийн ихээр шаарддаг салбар юм. Манайд ч энэ онцлог тод томруун харагддаг. Нийт ажилтнуудын 79 хувь нь эмэгтэйчүүд. Гүйцэтгэх удирдлагын 42, топ түвшний удирдлагын 66 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Энэ бол тоо баримт төдий бус “Монос” Группийн хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд бидний өсөлт, амжилтын ард эмэгтэйчүүдийн хүч, мэдлэг, зүтгэл байсаар ирсэн. Иймд манай эмэгтэйчүүд бол зөвхөн ажиллах хүч биш харин шинэ санаа, хариуцлага, урт хугацааны хөгжлийн тогтвортой суурь маань юм. Бидний хувьд эмэгтэйчүүдийн манлайлал бол компанийн хамгийн чухал “innovation capital” гэж хэлж болно.

/Монголын бизнес  эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч сэтгүүлийн тусгай дугаараас 2025.08 сар/