Шаргал говийн туулж барамгүй тал нутгаар давхиж явахад цаанаа л нэг нууцлагдмал атлаа дулаахан мэдрэмж төрүүлж байв. Говийн бэлгэ тэмдэг болсон хэдэн тэмээ алсын бараа ширтэн таатай гэгч нь хүзүү толгойгоогоо сунайлган хэвтэх нь ёстой энэ л нутагтаа жаргалтай, зоо нь тэнэгэр идээшдэг амьтан юм даа гэх бодол төрж байлаа.
Газар тэнгэр нийлж байна уу гэлтэй говь нутгийн зөөлөн замаар довтолгосоор “Mongolian Economy” сэтгүүлийн баг дуу хуурын өлгий Дундговь аймагт ирлээ. Тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж цөөн хором хөөрөлдсөн юм. Тэрбээр “Өвлийн бэлтгэл ажил хангагдсан. Намаржаа дажгүй. Сая хоёр хоног аятайхан бороо орлоо. Наймдугаар сарын эхээр хоёр хоног бороо орсон. Бороо жаахан орвол сэргэчихдэг. Төв суурин газар болон орон нутгийнхаа өвөлжилтийг хангах хоёр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Халаалт ирэхээс өмнө уурын зуух, халаалтын зуухаа шинэчлэх ажлуудыг хийж байна. Хөдөө орон нутагт малчдаар хадлан тариалан бэлтгүүлэх, сум болон аймгийн төвдөө өвсний болон тэжээлийн нөөц бэлтгэдэг. Энэ жилийн хувьд манай аймаг онцлогтой. Зүүн гурван аймаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатарт өнгөрсөн хоёрдугаар сард маш их хэмжээний түймэр гарч олон айлууд галын аюулд өртөж малгүй, орон гэргүй болсон. Түүнтэй холбоотой миний бие хоёрдугаар сард санаачилга гаргаад “нэг өрх нэг хонь” хандивын аян зохион байгуулсан. Энэ хандивын аяны хүрээнд 2000 гаруй малчин оролцоод 3500 хонь цуглуулж өгсөн юм. Зургаадугаар сараас ноослоод, ариутгаад өнгөрсөн наймдугаар сард зүүн гурван аймагтаа хүргэж өгсөн. Зүүн гурван аймгийн ард иргэдийн зүгээс талархал илэрхийлээд манайд өвс хандивлаж байгаа. Хадлан, тариалан хийдэг иргэд болон сум, аймгуудын зүгээс өвс боодлоор хандивлаж байна. 1000 га газарт үнэ төлбөргүй хадлан хадуулж байна. Чадах чадахаараа, дэм дэмэндээ аймгууд хоорондоо өвлийн бэлтгэлээ хангаж байна” хэмээн ярьсан юм. Заавал хөгжил, төсөл, зам харгуй зэрэг том зүйл ярихаас илүү ийм энгийн боловч бие биедээ дэм өгч буй явдал сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлж байсныг нуух юун.
Бид цааш хөдөлж Өмнөговь аймгийн нутагт ирлээ. Гурван сайхан бүсгүй болон тэмээний хөшөөтэй хаалга биднийг угтан авлаа. Энд цахилгаан тасарчээ. Гэсэн ч Гурван сайхан ууландаа жаргах улбар алтан наран элч гэрлээ харамгүй хайрлаж байлаа. Өмнөговь аймагт дэлгэр сайхан зун болжээ. Шаргал өвс сондуул, бут, сөөг, бударганатай талаар тэнгэр газрын заагаар давхиад л байлаа. Зорьсон газартаа хэзээ очих нь таавар мэт. Газар нутгаа хэрхэн таньж, зүг чигээ авдаг юм, бүү мэд. Өмнө нь говьд ирж байгаагүй миний хувьд энэ нутаг ийм л нууцлагдмал санагдсан юм. Бид Ханхонгор сумын малчдын зөвлөгөөнийг сонирхож очив. Дөрвөн сумын малчид цугларан зөвлөгөөн хийж байлаа. Тус сум аймгаасаа хамгийн ойр 25 км-ын зайд оршдог, хамгийн их малтай сум юм байна. Тус суманд 10 айл л гал түлдэг, бусад нь төвийн шугам сүлжээнд холбогджээ. Өмнөговь аймаг 2028 онд бүх сумаа засмал замаар холбохоор төлөвлөсөн бөгөөд Ханхонгор суманд Олон улсын нисэх онгоцны буудал байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Өмнөговь аймгийн тухайд улсын төсөвт 2021 онд 78.3 тэрбум, 2022 онд 264.7 тэрбум, 2023 онд 456.4 тэрбум, 2024 онд 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ийм л баян аймаг. Газар дор нуугдсан баялгийнхаа ачаар ард иргэд нь хөгжил дэвшил рүү тэмүүлж байна. Говийн тэрхүү хатуу ширүүн нөхцөл энэ ард түмнийг ажилсаг, хүлээцтэй, тайван, тэнүүн сайхан сэтгэлтэй болгосон юм болов уу. Яг л тэмээ шигээ тайван, алсыг харсан хүмүүс юм.
Үлэг гүрвэлийн өлгий нутаг Баянзаг-Улалзах цонжийн хөндий
Говийн нууцлаг, гайхалтай тогтоцтой, Баянзагийг үзэх бидний гол зорилго байлаа. Биднийг очиход үлэг гүрвэлийн өлгий нутаг Баянзаг-Улалзах цонжийн хөндий галын дөл мэт улайран харагдана. Гадныхны дунд асч буй толгод буюу “Улаан эрэг” хэмээн алдаршсан Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт хол саахалтын зайд оршино. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Баянзаг өндөр эгц цавчим эрэгтэй. Галын дөл мэт улаан хөрстэй. Эрт цагт нутгийн хүмүүс мянган тэмээ туугаад ороход тэмээний бараа харагддаггүй байсан хэмээн хуучилдаг байж. Хамгийн гайхалтай нь наран жаргах үед улалзах гал мэт улайран харагддаг учраас “Улалзах цонж” хэмээн нэрийджээ. Олон сая жилийн түүхийг агуулсан уг сүнслэг газарт үлэг гүрвэл сүргээр амьдарч говийн жаргах нарыг харж байсан гэхээр гайхалтай санагдана.
Баянзагт үлэг гүрвэл амьдарч байсныг анх гэрчилсэн хүн бол АНУ-ын археологич Рой Чэпман Эндрюс. Тэрбээр 1923 онд Монголд ирж хайгуул хийгээд долдугаар сарын 14-ний өдөр Баянзагаас үлэг гүрвэлийн өндөг олжээ. Дэлхийд анх удаа динозаврын өндөг олдсон нь энэ байж. Ингээд тухайн үедээ дэлхий дахинаа шуугиан дэгдээж үүнээс хойш гадаадын судлаачид Баянзаг руу цуварч эхэлсэн байдаг. Баянзагаас үлэг гүрвэлийн өндөг олноор олдсоноос гадна үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа эндээс олжээ. Үүнээс гадна велоцираптор болон бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон байдаг. Жижгэвтэр махан болон өвсөн идэшт динозавруудын олдвор ч олддог. Тухайлбал, Монголд хамгийн элбэг олддог эвэрт үлэг гүрвэл, хуягт үлэг гүрвэл, цэрдийн үеийн хөхтөн амьтны олдворууд маш их байдаг. Мөн доторхи хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгнүүд олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон гэдэг.

“Баянзаг-Улалзах цонж” төвийн гүйцэтгэх захирал С.Мөнхсайхан Бутан улсын хааны хамт
“Баянзаг-Улалзах цонж” төвийн гүйцэтгэх захирал С.Мөнхсайхан “2018 оноос хойш манайд 120 мянган жуулчин ирсэн. 2025 онд 72 орны 31768 жуулчин ирсэн. Өнгөрсөн жил 300 гаруй сая төгрөг орж ирсэн. Орсон орлогоороо “Баянзаг-Улалзах цонж” төвөө тохижуулах, ажилчдын цалин, урсгал зардалд зарцуулдаг. Манайд Бутаны хаан хүртэл ирж байсан шүү дээ, надад зураг даруулах завшаан тохиосон. Гэхдээ ичээд тухайн үед зургаа сошиалд оруулж чадаагүй” хэмээн ярих тэрбээр говийн хатуу ширүүнийг зоригтой, тэмцэгч чанараараа даван туулж буй эмэгтэй юм. Тус төв жилийн дөрвөн улирал ажилладаг бөгөөд өвлийн цагт битүү цасаар хучигдаж, зуны цагт аагим халууныг туулах гээд говьд үйл ажиллагаа явуулах бэрх. Гэвч тэрбээр шантрахгүй, ажилсаг хичээнгүй чанараараа төвөө ажиллуулж олон мянган жуулчин хүлээн авч байна.
“Баянзаг-Улалзах цонж” төв Баянзагийг дэлхийн жишигт нийцсэн тусгай хамгаалалттай газар болгох, палеонтологийн олдворыг хамгаалж байгальд үзмэр бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
Үлэг гүрвэлийн олдворуудаас гадна эртний “Цайны зам” жуулчдын сонирхлыг ихээхэн татна. Цайны зам нь Хятадын Бээжингээс гарч Хөх хотыг дайран Хүрдэт агуйгаар үдлэн хоноглоод өнөөгийн Гашуун сухайт боомт орчмоор Монгол Улсад нэвтэрч, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Булган сумын нутгаар дамжин Монголын эртний нийслэл Хархорин цаашлаад Ховд, Улиастайгаар дайрч Түркистан, Кашгар улс хүртэл аялдаг байсан түүхэн баримт бий. Өмнөговь аймгийн нутгаар цайны замын ул мөр өнөөг хүртэл маш тод үлдсэн байдаг бөгөөд Баянзагийн баруун дэнж дээр ойролцоогоор 4 метр өргөнтэй засаж янзалсан урт зам одоог хүртэл байдаг аж. Тиймээс тус түүхэн газрыг тодотгохын тулд Баянзагт тэмээн жингийн цуваа бүхий хөшөө дурсгалын цогцолбор байгуулжээ.
Бид одод нь ойрхон тэнгэрийн заадаст хоёр хонов. “Говь мираж лодж” хэмээх жуулчны бааз говь нутгийн зах нь үгүй шаргал талд дэлхийн жишигт нийцсэн цэвэрхэн, тансаг үйлчилгээг үзүүлж байна. Монгол гэр дотор орчин үеийн нойл, душ гээд байхгүй юм алга. Ресторан, кофе шоп нь хааны ордон мэт тансаг. Энд говийн амар тайванг мэдрэхээр ихэнхдээ Европын жуулчид ирдэг юм байна. Чимээгүй нам тайван, ялаа нисэх нь хүртэл сонсогдох орчинд сайхан амрах шиг жаргал гэж үгүй. Ийм жуулчны бааз говьд олон байдаг. Ямар ч газар орон аялал жуулчлалаа дагаад үйлчилгээ сайн байвал тэнд дахин очих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэх нь гарцаагүй. Говь нутаг үүнийг олж хараад аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг ч үзүүлж байна. Ийнхүү бидний аялал өндөрлөж, Улаанбаатар хотын зүг жолоо залсан юм. Зах нь үл үзэгдэх талын өвс нь хүртэл чимээгүй, тэнгэр газрын зааг руу тэмүүлэх замыг дагаад диваажин руу шувуудтай давхисаар говь нутгийг орхин одлоо. Чимээгүй, нууцлаг говь минь дараа дахин уулзахын ерөөл тавъя.
/Өмнөговь, Дундговь аймаг 2025.09.25/
У.Сарангэрэл