“Mongolian economy” сэтгүүлийн Орлогч эрхлэгчээр Н.Энхбаярыг томиллоо

B Shurenchimeg
2026-01-12 15:49:03
Ангилал: Mongolian Economy

Монголын эдийн засаг, бизнесийн “Mongolian economy” сэтгүүлийн Орлогч эрхлэгчээр Н.Энхбаярыг томиллоо. Монгол, Англи хэлээр гардаг “Mongolian Еconomy” сэтгүүл үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ирэх 15 жилийнхээ өнгө төрхийг тодорхойлж, цаг үетэй хөл нийлүүлэн сэтгүүлийн өнгө төрх, бодлогыг шинэчлэн батжуулах үндэс суурийг тавихад Орлогч эрхлэгч Н.Энхбаяр голлох үүрэгтэй ажиллах юм. Н.Энхбаяр сүүлийн жилүүдэд “Mongolian Economy” сэтгүүлийн орчуулагч, сэтгүүлч, редактораар ажиллаж байсан. 

Мөн олон улсад нэртэй Английн The Economist сэтгүүлийн “Дэлхий” дугаарын редактор, орчуулагчаар ажиллаж, олон улсын том дугаарыг Монголд нутагшуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн сэтгүүлч, редактор, орчуулагч юм. “Mongolian Economy” сэтгүүлийн хувьд The Economist сэтгүүлийн Дэлхийн дугаарын Монгол дахь тусгай зөвшөөрөл эзэмшигчээр ес дэх дэх жилдээ ажиллаж байна. Н.Энхбаяр нь англи, орос хэлтэй орчуулагч, сэтгүүлч бөгөөд ажлын гараагаа хэвлэл мэдээллийн “Монгол Ньюс” компаниас (Таван цагираг, “Өнөөдөр” сонин) сэтгүүлчээр эхлүүлж байсан. 

Мөн Business.mn сэтгүүлд сэтгүүлч, орчуулагч, олон улсын “National Geographic Mongolia” төслийн веб редактораар ажиллаж байв. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 25 жил ажиллаж буй бөгөөд эдийн засаг, бизнесийн чиглэлийн 150 гаруй дугаарт сэтгүүлч, редактор хийсэн арвин туршлагатай.

Н.Энхбаяр нь сэтгүүлчээс гадна орчуулгын чиглэлээр олон бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж уншигчдын хүртээл болгосон. Тухайлбал, спортын мэдээллийн “Таван цагариг” сонинд ажиллаж байх үеэс А.Айверсон, М.Жордан, Л.Жэймс, К.Роналду, Л.Месси, С.Көрри, К.Брайант зэрэг дэлхийн алдартай тамирчдын намтар номыг орчуулан гаргажээ. Мөн бизнес, эдийн засгийн салбарын томоохон номууд, тухайлбал, “Энтрепренерийн үйлдлийн систем”, “Хяналтын хуудасны ид шид”, “Төгс компани бүтээх нууц”, “Энтрепренерийн төөрөгдөл эргэн ирсэн” нь зэрэг 10 гаруй номын орчуулагч, орчуулгын редактороор ажиллаад байна. Түүнчлэн “Mongolian Economy” сэтгүүлийн албан ёсны эрхтэйгээр уншигчдадаа хүргэсэн “Сингапурын амжилтын тавин нууц” номын орчуулагч, редактораар ажилласан билээ.

 

 

 

 

 

B Shurenchimeg