Зээл хумигдана

T.Amarjargal T.Amarjargal
2026-01-16 17:59:07
Ангилал: Эдийн засаг

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж,  хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэх шийдвэр гаргалаа. Мөн банкуудын төгрөг болон валютын ЗБН (заавал байлгах нөөц)-ийн хэмжээг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлж, төгрөгийн ЗБН-ийн хэмжээг 14, валютынхыг 19 хувьд хүргэлээ. Иргэдийн хэрэглээний зээлийн тухайд, мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа ч өсөлт өндөр байгаа учраас Монголбанк ийнхүү өр орлогын харьцааг “чангалах” шийдвэр гаргаж байна гэсэн юм. Тухайлбал, 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар иргэдийн хэрэглээний зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсжээ. 

Хэрэглээний зээлийн өсөлт нь инфляцыг өдөөх, бизнесийн зээлийн эх үүсвэрийг бууруулах эрсдэлтэйн зэрэгцээ импортын урсгалыг идэвхжүүлж, валютын нөөцийг гадагшлуулах том хүчин зүйл болдог. Иймд төв банк долоон тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд буй валютын нөөцөө ийн гамнахаар шийдвэрлэжээ.

Ялангуяа эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, валютын нөөцөө хамгаалах нь чухал гэж төв банк үзэж байна. Мөн банкуудыг “авдрын ёроол”-доо илүү мөнгөтэй байхыг үүрэгдэж буй нь хэрэглээний зээлийг хумьж буй нэг хэлбэр юм. Банкуудын ЗБН-ийн хэмжээ нэгэн цагт таван хувиар хэмжигдэж байсан бол жил дараалан энэ хэмжээ өссөөр 2020 онд төгрөгийн ЗБН 10.5 хувь, валютынх 15 хувь болсон. Үүгээр зогсохгүй ЗБН-ийн хэмжээг сүүлийн таван жилд мөн чимх чимхээр нэмсээр өнөөдөр ийнхүү тус бүр 14 болон 19 хувьд хүргээд байна. 

Нөгөөтээгүүр, банкуудын ЗБН-ийн хэмжээ нэмэгдсэнээр зээл хумигдах, зээлийн хүү өсөх, урт хугацаанд хүү буурахгүй байх төлөвтэйг шинжээчид хэлж байна. 

 

 

T.Amarjargal T.Amarjargal