Хөрөнгийн захынхны амжуулаагүй ажил

Т.Амаржаргал
2026-01-20 10:13:56
Ангилал: Эдийн засаг

Монголчууд бид цэнхэр, ягаан тасалбараар хөрөнгийн зах зээлд хөл тавьснаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд зах зээлийн идэвх сул, “унтаа” байдалд байсан ч “унтаарал”-ыг банкууд сэрээсэн гэж хэлж болно. Банкууд IPO хийсний дараачаас зах зээл хурдацтай тэлж, өдгөө зах зээлийн үнэлгээ 14.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь 2020 оныхоос дөрөв дахин тэлсэн үзүүлэлт юм. 

Гэхдээ “хөрөнгийн зах зээлд жинхэнэ өсөлт бий болоогүй” гээд хэлчихвэл хатуудахгүй болов уу. Шалтгаан нь тэлэлтийг өртөөлөх улс төрийн хүсэл эрмэлзэл, бодлогын зохицуулалт байхгүйтэй холбоотой. 

Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудад байгууллагын хөрөнгө оруулагчид зонхилж, зах зээлийн цусны урсгалыг түргэсгэж бас тэлж байдаг. Энэ хэрээр бизнесүүд өсөж, улс орны эдийн засаг бэхэждэг. Харин манай улсын хөрөнгийн зах зээлд байгууллагын хөрөнгө оруулагчдын оролцоо дэндүү сул байна. Бүр сулаар зогсохгүй тэдний оршин тогтнох орон зай ч алга. 

15 жилийн өмнөх ярилцлага ба цаг хугацааны аялал

Энэ онд “Mongolian economy” сэтгүүлийн 15 жилийн ой тохиож байна. 2011 оны хоёрдугаар сард хэвлэгдэж байсан сэтгүүлийнхээ анхны дугаарт бид эдийн засгийн “толь” болсон хөрөнгийн зах зээлийг онцолж байлаа. Хөрөнгийн зах зээл унтаарч байгаа шалтгааныг бид тухайн үеийн “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Болдоос тодруулж, зах зээлийг сэргээх “ерөндөг” чухам юу болохыг тодруулж байсан юм. 

Өдгөө Рио Тинто группийн Арилжаа, бизнес хөгжлийн захирлаар ажиллаж буй тэрбээр 15 жилийн өмнөх ярилцлагадаа тов тодорхой нэг л гарцыг хэлж өгсөн. Тэр нь байгууллагын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх тухай байв. 

Сэтгүүлийн онцлох зочин Б.Болд, “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Монголдоо дотоодын гэсэн байгууллагын хөрөнгө оруулагчдыг бий болгох нь чухал. Тэр дундаа тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, хедж сан зэргийг байгуулж, тэднийг хөрөнгийн зах зээлд оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна” гэсэн юм. 

Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны талаас илүү нь арилжаанд ордоггүй, идэвхгүй байдаг учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сонголт байдаггүйг ч тэрбээр шударгаар хэлж байв. Үүгээр зогсохгүй манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг “Southgobi Sands” гэх мэт том компаниуд болон стратегийн ач холбогдолтой орд газруудыг IPO хийлгэж, хувьцааных нь багахан хувийг ч атугай Монголын хөрөнгийн биржээр арилжвал унтаарсан зах зээл сэргэх боломжтойг тэрбээр ярьж байсан. 15 жилийн өмнөх эл ярилцлагыг эргэн сануулж буйн учир нь байгууллагын хөрөнгө оруулагчдын оролцоог бид өнөөг хэр нь бий болгож чадаагүйтэй холбоотой. 

Саяхан мөн үнэт цаасны компанийн нэгэн захиралтай ярилцах завшаан тохиосон юм. Нийтлэлд нэрээ дурдуулахыг хүсээгүй тэр эрхмээс байгууллагын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэх тал дээр Монгол Улс хэр сайн ажилласныг асуухад тун чамлалттай дүн өгсөн.

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж байгаа ч дийлэнх нь үл хөдлөх хөрөнгийн суурьтай байна. Хөрөнгийн зах зээлд сонирхолтой нүүдэл хийх, даацтай, чадамжтай сан тун ховор байна. Мөн дийлэнх жижиг сангууд дотоодын гэхээсээ гаднын зах зээлийг онилдог. Ийм нөхцөлд хөрөнгийн зах зээлийн цусны эргэлт сайжрахгүй. Монголын хөрөнгийн биржид хоёр сан бүртгэлтэй ч тэр хоёр сангийн нэгж эрхийн арилжаа нийт арилжаанд маш бага хувийг эзэлдэг” гэсэн юм. 

15 жилийн өмнөх ба дараах ярилцлагуудад яг л нэг өнцөг, нэг санаа цухалзсаар буй нь зах зээлийн хөгжилд хүч нэмэх “байгууллагын хөрөнгө оруулагч” гэх гол тоглогчдоо умартаж ирснийг илхэн харуулж байна.  

Хавчиг зайд том тоглогчид тоглохгүй

Манай улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 35 дахь өвөлтэйгөө золгож байна. Гэвч  байгууллагын хөрөнгө оруулагчдын оролцоо хомс хэвээр. Үүний шалгаан нь зах зээлийн багтаамж болон улс төрийн хүсэл эрмэлзэлтэй холбоотой. 

Хөрөнгийн зах зээлд “influencer” гэж тодорхойлж болох хэд хэдэн тод дүр байдаг. Тэд байнга л тэтгэврийн шинэчлэл ярьдаг байсан. Одоо гэхдээ энэ талаар ярих нь ч цөөрч байх шиг… 

Хөрөнгийн захынхан яагаад тэтгэврийн шинэчлэл ярьдаг байсныг сөхвөл мөн л нэг жанцан бий. Дэлхий дахины туршлага, зах зээл хөгжсөн орнуудын жишгийг харвал, тэтгэврийн сангууд байгууллын хөрөнгө оруулагчид дундаа “томчууд” нь гэж хэлж болно. 

Гэвч “тэтгэврийн шинэчлэл” гэгч зүйлээ бид одоо хүртэл хийгээгүй, хийх шинжгүй байгаагаас дэлхийн жишгээр ажилладаг тэтгэврийн санг байгуулах нь зүүд зэрэглээ болж байна. Монголын нийгмийн даатгалын тогтолцоо ч ийм боломж олгохооргүй байна.  

“Нийгмийн даатгал татвар болон хувирч, сан нь цөлмүүлж, тэтгэвэр нэмэхдээ төсвөө тэмтэрдэг байдал залрахгүй л бол улс төрчид тэтгэврийн шинэчлэл рүү ханцуй шамалж орохгүй” гэж шинжээч ярьж байсан юм. 

Нөгөөтээгүүр, зах зээлийн багтаамж маш бага байгаа нь байгууллагын хөрөнгө оруулагчдад хаалт болж байна. ТОП-20 индексэд багтдаг хувьцаат компанийн өдрийн арилжааны дундаж дүн хоёр сая төгрөгөөр хэмжигдэж байхад энэ орон зайд байгууллагын хөрөнгө оруулагч орно гэдэг боломжгүй. 

Түүнчлэн Монголын хөрөнгийн биржид 162 хувьцаат компани бүртгэлтэй гэх боловч яг л 15 жилийн өмнөх шигээ талаас илүү нь арилжааны идэвхгүй байна. Эсрэгээр нь идэвхтэй, дажгүй компани руу хараагаа чиглүүлмэгц 5-34 хувиа л хөрөнгийн биржээр арилжаалж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ хавчиг зайд том тоглогчид орох боломжгүй. 

Тиймээс “поп сэдэв” болоод буй МИАТ, Оюутолгой, Эрдэнэтийг IPO хийлгэж, тоо төдий өмч болсон 1072 хувьцаагаа амь оруулъя. Тэгж байж л хөрөнгийн зах зээлд хүсээд буй өөрчлөлтийн салхи сэвэлзэх биз ээ. 

 

Т.Амаржаргал