Сүүлийн жилүүдэд ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр зам” (Российские железные дороги ХК) компанийн санхүүгийн байдал доройтож, “асар их өртэй” гэх мэдээлэл олон улсын болон Оросын хэвлэлүүдэд тогтмол гарч байна. Энэ нөхцөл байдал нэг асуултыг сөхөхөд хүргэж магадгүй юм. Тодруулбал, РЖД их хэмжээний өрийн дарамтад орсон үед Улаанбаатар төмөр зам (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Монгол Улс 100 хувь өөрийн болгох боломж үүсэх үү?

45 тэрбум ам.долларын өр

ОХУ-ын болон олон улсын нэр хүндтэй эх сурвалжуудын мэдээлснээр РЖД-ийн нийт өр 4 их наяд рубль буюу 45 тэрбум ам.долларт хүрчээ. Reuters агентлагийн мэдээллээс үзвэл ОХУ-ын Засгийн газар РЖД-ийг санхүүгийн хувьд “тогтоон барих” хувилбаруудыг хэлэлцэж, татаас, тарифын зохицуулалт, хөрөнгө оруулалтын зардлыг танах, Баялгийн сангаасаа хөрөнгө хуваарилах зэрэг асуудлыг авч үзэж буй ажээ. Тус компанид яаралтай 10 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм.

Их хэмжээний өр хуримтлагдсан гол шалтгаан нь экспортын ачаа тээврийн бууралт, бодлогын өндөр хүү, дэд бүтцийн томоохон төслүүдийн санхүүжилт, мөн геополитикийн нөхцөл байдалтай холбоотой хориг, зах зээлийн хязгаарлалт гэж Оросын хэвлэлүүд дүгнэж байна.

Төмөр зам нь Оросын армийн логистикийн амин судас юм. Түүх сөхвөл фронтод хангамж хүргэх гол тээвэр нь Москвагийн хувьд хэзээд төмөр зам байсаар ирсэн. Тийм учраас ОХУ Крым хүртэл төмөр зам барьсан, тийм учраас Украины газар нутаг дахь төмөр зам гол өртөө, зангилааг онилж байгаа юм.

Түүнчлэн ОХУ-ын аж үйлдвэрийн салбарт төмөр зам нэн чухал. Дэлхийн хамгийн том газар нутагтай тус улсын хувьд хол зайд аливаа барааг тээвэрлэх гол сонголт нь яахын аргагүй төмөр зам билээ. Нүүрсийг гэхэд зөвхөн төмөр замаар тээвэрлэн боомтуудад хүргэдэг.

Дүгнэвэл, төмөр зам нь Оросын эдийн засгийн эрүүл мэндийн нэг чухал индикатор бөгөөд өдгөө тус байгууллага тун хүнд байдалд байна.

Эрсдэл, сорилт

Украин руу Орос халдан довтолсны дараачаас тус улсын төмөр замын сүлжээний хэрэглээ буурч эхэлсэн. Анх дайнтай холбоотой төрөл бүрийн хориг, Барууны компаниуд Оросоос гарч явсан нь нөлөөлсөн. Улмаар нүүрс, газрын тос зэрэг ашигт малтмалын хэрэглээ буурсан нь хүнд цохилт болж эхлэв. Хэдий танк, зэвсэг, их бууг фронт руу тээвэрлэх нь нэмэгдсэн ч дайн РЖД-ийн орлогыг өсгөсөнгүй. Нэмээд эдийн засгийн тааруу нөхцөл байдал, ажиллах хүчний хомсдол зэрэг нь сөргөөр нөлөөлөв.

Тус улс улам бага үйлдвэрлэж, улам бага экспорт хийх болсон нь төмөр замын салбарт, түүнчлэн нэг салбараас хамааралтай бүс нутаг, хотуудад ихээхэн сорилт болсоор байна.

РЖД компанийн өнөөгийн байдал нь “их өртэй” гэх тодорхойлолтоос илүү бүтцийн, системийн шинжтэй гэдгээрээ онцлог. РБК, Коммерсант, Ведомости зэрэг хэвлэлд мэдээлснээр РЖД-ийн өрийн хэмжээ 4 их наяд рубльд ойртож, зээлийн үйлчилгээний зардал нь компанийн жилийн орлогын томоохон хэсгийг “идэх” болсон байна. Үүний улмаас РЖД 2025–2026 онд хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө танах, зарим дэд бүтцийн төслийг хойшлуулах, үйл ажиллагааны зардлыг 15–20 хувиар бууруулах талаар дотоод түвшинд хэлэлцэж эхэлжээ.

Нөгөө талаас, РЖД цэвэр дампуурах эрсдэлд орсон компани биш юм. ОХУ-ын Засгийн газар тус компанийг стратегийн дэд бүтцийн “тулгуур байгууллага” гэж үздэг тул тарифын бодлого, төсвийн дэмжлэг, төрийн баталгаатай зээл зэрэг механизмаар санхүүгийн тогтвортой байдлыг нь хадгалах бодлого баримталж байна. Reuters агентлагийн мэдээлснээр РЖД-ийг аврах асуудал нь дан ганц компанийн бус, Оросын экспорт, батлан хамгаалах, логистик, Евразийн транзит тээврийн бодлоготой шууд холбоотой.

УБТЗ-ийн эзэмшил

УБТЗ бол Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар 50:50 харьцаатай эзэмшдэг, хоёр улсын хоорондын гэрээнд тулгуурласан стратегийн аж ахуйн нэгж юм. Оросын талын эзэмшдэг 50 хувийг РЖД компани Засгийн газрынхаа итгэмжлэлээр удирдаж ирсэн. Энэ нь РЖД-ийн санхүүгийн байдал УБТЗ-ийн эзэмшлийн асуудалтай шууд, автоматаар холбогдох боломжгүйг харуулдаг.

Өөрөөр хэлбэл, РЖД ихээхэн өртэй болсон нь түүний гадаад дахь стратегийн актив, тэр дундаа УБТЗ-ийн хувийг заавал зарах ёстой гэсэн хууль эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Оросын тал УБТЗ-ийн хувь эзэмшлээ шилжүүлэх эсэх нь зөвхөн РЖД-ийн санхүүгийн үзүүлэлтээс бус, ОХУ-ын төрийн бодлого, бүс нутгийн тээвэр-логистикийн стратеги, Монгол-Оросын улс төрийн харилцаанаас шууд хамаарна.

100 хувь эзэмших боломж

Онолын хувьд Монгол Улс УБТЗ-ийн үлдсэн 50 хувийг худалдан авах боломж үргэлж нээлттэй. Гэвч бодит байдал дээр энэ нь хоёр улсын Засгийн газрын түвшний улс төрийн шийдвэр, гэрээ, активын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэр, бүс нутгийн транзит, аюулгүй байдлын ашиг сонирхлын тохиролцоо зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

РЖД-ийн өрийн дарамт нь ийм хэлэлцээ эхлэхэд тодорхой хэмжээнд “санхүүгийн суурь нөхцөл” болж болох ч шийдвэрлэх хүчин зүйл биш юм. Оросын талын хувьд УБТЗ нь зөвхөн бизнесийн бус, геополитик, стратегийн ач холбогдолтой хэвээр гэдэг нь гарцаагүй юм.

График эх сурвалж: united24  

Mongolian Economy