Ирээдүйг атгах “ховор элемент”
Газрын ховор элемент (ГХЭ) гэх ойлголт уул уурхайн нэр томьёо бус, харин дэлхийн технологийн ирээдүйг хэн атгах вэ гэдгийг шийдэх геополитик, стратегийн чухал асуудал болоод байна.
Салхин сэнсний хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүч, жолоочгүй автомашин, цэнэглэдэг батарей, нарны хавтан, цөмийн технологи, цэргийн техник, өндөр нарийвчлалтай дүрс оношилгоо, компьютерийн процессор, сервер, дэлгэц зэрэг орчин үеийн дэвшилтэт технологийг бүтээхэд газрын ховор элемент зайлшгүй шаардлагатай. Дэлхий илүү дижитал, илүү автомат, илүү “ухаалаг” болж буй энэ үед газрын ховор элементийн эрэлт огцом өсөж, цаашид ч тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна. Тэгвэл энэ стратегийн түүхий эдийн гол нийлүүлэгчид хэн бэ?
Газрын ховор элементийн нөөц цөөн хэдэн улсад төвлөрч буй. Тэр дундаа хамгийн “том хөзөр”-ийг атгаж буй БНХАУ 44 сая тонноор хэмжигдэх нөөцтэй.
Бразил, Энэтхэг, Австрали, ОХУ, Вьетнам, АНУ зэрэг орон нөөцтэй ч дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөх хэмжээний чадавх одоогоор Хятад улсад л байна. Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-д байрлах Баян-Овоогийн уурхай нь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн ордод тооцогддог аж. Тус орд нь Хятадын газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэлийн “тулгын чулуу” юм.

ГХЭ-ийн олборлолт сүүлийн 10 жилд огцом өссөн. 2013 онд дэлхийн ГХЭ олборлолт ойролцоогоор 100 мянган тонн байсан бол 2025 онд 430 мянган тоннд хүрч, дөрөв дахин нэмэгджээ. Үүний 270 мянган тонныг Хятад, 45 мянган тонныг АНУ, 30 гаруй мянган тонныг Мьянмар, 10 гаруй мянган тонныг Австрали тус тус олборложээ. Өөрөөр хэлбэл, олборлолт нэмэгдэж байгаа ч үйлдвэрлэл, “эрх мэдэл” цөөн хэдэн улсад л төвлөрч байна.
Гэвч олборлолт зах зээлийг дангаар тодорхойлохгүй. Боловсруулалт, ялгалт, цэвэршүүлэлт хамгийн чухал.
Дэлхийн эрчим хүчний агентлагийн 2024 оны судалгаагаар олборлолт болон боловсруулалтын чадавхаар мөн л Хятад улс тэргүүлсэн байна. Үүнээс боловсруулсан ГХЭ-ийн нийт хэмжээ нь 2024 онд 64 мянган тонн, цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас дахин боловсруулсан ГХЭ-ийн хэмжээ 27 мянган тоннд хүрчээ.

Монгол Улсад ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд газрын ховор элементийн зургаан орд бүртгэлтэй байна.
Эдгээр ордын нөөцийн хэмжээг нэгтгэж үзвэл 499.3 сая тонн хүдэрт 2.4 сая тонн газрын ховор элементийн исэл, дагалдахаар 63.2 тонн стронцийн исэл, 67.5 мянган тонн фосфорит, 32.2 мянган тонн гематит, 438.5 мянган тонн цирконийн исэл, 60.9 мянган тонн ниобийн исэл байна.
Түүнчлэн хайгуулын 13 тусгай зөвшөөрөл олгосноос нь есөд нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтатган олгожээ.

Газрын ховор элемент нь тархац бус, түүнийг ашиглах чадвар, технологиос шалтгаалж “ховор” гэж нэрлэгддэг. Манай улсын хувьд байгаа нөөцөө ашиглах эсэх нь орд газруудаас бус, зөв бодлого, түүний залгамж халаа, тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалт татах чадавхаас хамаарна.
