Монгол Улс “Авлигын индекс”-т улам ухарсаар

Mongolian Economy
2026-02-10 17:13:02
Ангилал: Олон улс

Transparency International байгууллага жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексээ өнөөдөр танилцууллаа. Энэ жил Монгол Улс 31 оноо авч, 182 орноос 124-р байрт жагссан нь Монгол Улс авлигын эсрэг бодлого, засаглалын чанараар уруудах чиг хандлага тасралтгүй үргэлжилж байгааг харууллаа. Сүүлийн жилүүдэд оноо тогтмол буурч, байр ухарсаар байгаа нь авлига системийн шинжтэй асуудал болж хувирсныг илтгэнэ.

Индексийн уналт нь зөвхөн авлигын түвшнийг илэрхийлэхээс гадна төрийн институцийн хараат бус байдал, хуулийн хэрэгжилт, ил тод байдалд бизнесийн болон шинжээчдийн итгэл суларч байгааг харуулдаг. Ялангуяа уул уурхай, төрийн өмчит компаниуд, томоохон худалдан авалт, шүүх-прокурорын хараат бус байдалтай холбоотой асуудлууд олон улсын үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн байх магадлал өндөр.

31 оноо нь Монгол Улс авлигыг хянах чадвар сул, хариуцлагын тогтолцоо бүрэн ажиллахгүй байна гэсэн дохио юм. Энэ байдал нь гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зардал, зээлийн үнэлгээ, улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй билээ.

Авлигын индексийг сайжруулахын тулд зөвхөн гоё нэртэй хууль батлах нь хангалттай биш. Харин хуулийн хэрэгжилт, институцийн хараат бус байдал, хариуцлагад төвлөрсөн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг Авлигын газрын зурагт улам бүр улайсаар, оноогоор улам бүр ухарсаар байгаа Монгол Улсын индекс тодорхой харуулав.

2025 оны Авлигын төсөөллийн индексийн Ази тивийн онцлох баримтууд

-2012 оноос хойш Ази тивийн 32 улсын найм нь үзүүлэлтээ сайжруулсны эхэнд Бутан (71), Бруней (63), Лоас (34) орж байна.

-Тайланд (33), Монгол (31) 2012 оноос хойш тогтмол тааруу үзүүлэлт үзүүлэв. Ялангуяа Монгол Улсад хуулийн засаглал, хариуцлага илт суларснаас гадна үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг иргэдийн үндсэн эрхийг хязгаарлах нь нэмэгджээ.

-Ази тивд хамгийн өндөр оноо авсан Сингапур (84), Шинэ Зеланд (81), Австрали (76) улсууд дэлхийн индекст тус бүр гурав, дөрөв, 12-р байрт жагсаж байна.

-Ази тивд Афганистан (16), Мьянмар (16), БНАСАУ (15) хамгийн их авлигатай улсаар нэрлэгдэв.

Mongolian Economy