Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ыг санаачилснаараа түүхэнд үлдэнэ
Төрийн бодлого удаан, үр дүн нь бүдгэрдэг гэх ойлголт олон нийтэд байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн богино хугацаанд эрчимтэй хэрэгжиж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, байгууллагуудын уялдааг нэг дор төвлөрүүлсэн бодит үр дүнгээрээ анхаарал татаж байна. Эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, холбогдох яамд, төрийн захиргааны байгууллагууд, арилжааны банкууд, олон улсын байгууллага зэрэг өргөн хүрээний оролцоотойгоор хэрэгжиж буй энэ хөдөлгөөнд 2500 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж, шинээр 53 үйлдвэр бий болсон нь хөдөлгөөний бодит нөлөөг илтгэнэ. Энэхүү ажлыг бодлогын түвшинд гардан чиглүүлж, талбар дээр нь явж зөв менежментээр удирдсан хүмүүсийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүн, Доктор, Профессор Ч.Даваабаяр. Түүнтэй хийсэн ярилцлагаас “Хүнсний хувьсгал” ын зорилго, механизм, цаашдын стратеги, тэр дундаа олон улсын бодлого, хоёр хөрштэй харилцах эдийн засгийн бодит нөхцөл, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль эрх зүйн шинэчлэлийн шаардлага илүү тодорхой харагдана.
-“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Таны хувьд энэ ажилтай хэрхэн холбогдсон бэ?
-“Хүнсний хувьсгал” эхлэх үед би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэ жил тав дахь жилдээ ажиллаж байна. Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгчөөр арван жил ажиллах хугацаандаа Монгол Улсаа хоёр бүтэн тойрч, баялаг бүтээгчидтэйгээ уулзсан байна. Жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэгчидтэй ойр ажилласнаа Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлын хүрээнд үндэсний томоохон үйлдвэрлэгчид, бодлогын байгууллагуудтай уялдуулан үргэлжлүүлж байна.
-“Хүнсний хувьсгал” богино хугацаанд үр дүнд хүрэхэд юу нөлөөлсөн бэ?
-Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 гаруй жилд хүнсний аюулгүй байдлын асуудал тодорхой хэмжээнд орхигдсон. Үүний үр дагаварт иргэд гарал үүсэл, хадгалалт, шим тэжээл нь эргэлзээтэй бүтээгдэхүүн хэрэглэх эрсдэлтэй нүүр тулсан. Энэ бол зөвхөн хэрэглээний асуудал биш, эрүүл мэнд, аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд иргэн эрүүл, аюулгүй амьдрах, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал хангагдах асуудлыг үндсэн суурь гэж үздэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах, ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах том зорилгын төлөө “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, өөрийн биеэр манлайлан ажилласаар бодит үр дүн гаргаж чадлаа. Үүгээрээ Төрийн тэргүүн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт түүхэн шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн түүхэн хүнээр тодорч үлдэх болно. Нөгөө талд, олон улсын орчин өөрөө хүнсний бодлогын ач холбогдлыг өсгөсөн. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдал, үнийн савлагаа, улс орнуудын экспортын хязгаарлалт зэрэг хүчин зүйлс нэмэгдэж байна.
Төр, хувийн хэвшлийн уялдааг маш сайн ханган ажиллаж байгаа
Ийм үед Монгол Улс импортын өндөр хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ өсгөх нь тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын нэг хэсэг юм. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод” шилжих суурь реформ, “100 жил – 10 зорилт” санаачилгын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангаж, дотоодын хэрэгцээгээ бүрэн ханган, улмаар бүс нутагтаа хүнс экспортлогч улс болох томоохон зорилт тавьж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн арга хэмжээ 2025.12.12
-Хөдөлгөөний хэрэгжилтийн бүтэц, уялдаа ямар байна вэ?
-“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 114 ажил хэрэгжиж байна. Гол ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан хэрэгжүүлж, УИХ ын дөрвөн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, салбарын эрдэмтдийн зөвлөл, төрийн захиргааны байгууллагууд, олон улсын байгууллагууд, “Хүнсний хувьсгал” ТББ, арилжааны банкууд, хэвлэл мэдээллийн баг хамтран ажиллаж байна. Мөн 28 мэргэжлийн холбоо нэг дор уялдсан нь бодлогын том давуу тал болсон. Ингэснээр салбарын асуудлыг нэг ширээний ард бодитоор ярьж, шийдвэр гаргалт руу оруулах боломж нэмэгдсэн.
Манай алба “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ЕТГ-ын чиг үүргийн хүрээнд зөвлөж, төр-хувийн хэвшлийн уялдааг хангах уулзалт, зөвлөлдөх механизмуудыг тогтмол ажиллуулж ирсэн.
-Ерөнхийлөгч “Давсаа хүртэл айлаас гуйхаа больё” гэж уриалсан. Энэ уриа бодлогын хувьд юуг илэрхийлсэн бэ?
-Ерөнхийлөгчийн “Давсаа хүртэл айлаас гуйхаа больё” гэх уриа нь нэг бүтээгдэхүүн, нэг салбарын тухай энгийн санаа бус, харин улс орны тусгаар тогтнол, дархлаа, аюулгүй байдлыг хүнсээр дамжуулан баталгаажуулах бодлогын гүн утгыг илэрхийлсэн стратегийн мессеж юм. Энэхүү уриа нь хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах чадварыг бий болгох, өөрөөр хэлбэл улс орон өөрийн нөөц, үйлдвэрлэл, мэдлэгт тулгуурлан тогтвортой орших чадамжтай байх ёстой гэсэн үзэл баримтлалыг илтгэнэ. Ийм утгаараа “Хүнсний хувьсгал” нь зөвхөн үйлдвэрлэл, эдийн засгийн бодлого бус, үндэсний аюулгүй байдал, стратегийн бие даасан байдлын бодлого юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ үзэл санаа нь ковид цар тахлын хүнд үед Ерөнхий сайдын хувиар улс орныг удирдаж байхдаа хүнсний нийлүүлэлтийн эмзэг байдлыг бодитоор туулсан туршлага дээр суурилж, улмаар Ерөнхийлөгчийн институтийн түвшинд залгамж чанартайгаар бодлого болон өргөжсөн гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, богино хугацааны хариу арга хэмжээ бус, төрийн бодлогын тогтвортой үргэлжлэл болж чадсан юм.

Баялаг бүтээгчид Энэтхэг улсын аж үйлдвэрийн паркт зочилов
“Хүнсний хувьсгал” нь цогц хандлагатай бодлого тул үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, санхүүжилтээс гадна мэдээлэл, соён гэгээрэл, олон нийтийн оролцоог бодлогын салшгүй хэсэг хэмээн үзсэн. Энэ хүрээнд төр, мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбар харилцан уялдаа, итгэлцэлд суурилан ажиллаж, өнөөдрийн байдлаар 150 цуврал нэвтрүүлэг, 1000 гаруй сошиал контент, зургаан дугаар бүхий сэтгүүлийг бэлтгэн олон нийтэд хүргээд байна. Энд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн гурван өндөрлөгийн бодлогын уялдаа, мөн ардчилсан нийгмийн чухал тулгуур болох “дөрөв дэх засаглал” буюу хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо онцгой үүрэг гүйцэт гэж байна. Энэ хамтын ажиллагаа нь зөвхөн бодлогыг тайлбарлах бус, иргэн бүрийн ухамсар, хандлага, сонголтод нөлөөлөх соён гэгээрлийн хөдөлгөөн болон өргөжсөнөөрөө онцлог гэдгийг цохон тэмдэглэн хэлэх байна. Иймд “Хүнсний хувьсгал” нь хүнс үйлдвэрлэх хувьсгал байхаас гадна Монгол хүний сэтгэлгээ, оюун санаанд чиглэсэн хувьсгал болж, “гадаадаас хараат бус, өөрийн хүч боломждоо итгэдэг” үндэсний ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
-“Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Цагаан алт” бодлогуудын уялдаа, эдийн засгийн үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд хил гаалиар уул уурхайн тоног төхөөрөмж давамгай орж ирдэг байсан бол одоо хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн эзлэх хувь эрс нэмэгдсэн нь өөрөө чиг хандлагын өөрчлөлт юм. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” гэсэн харилцан уялдаатай бодлого нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, газар тариаланг мал аж ахуйтай хослуулах, түүнд суурилсан боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилготой. Төрийн үндсэн үүрэг бол иргэдээ эрүүл хүнстэй, ажилтай, орлоготой байлгах. Энэ суурийг хангаж чадсанаар үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг бэхжинэ. Хөдөө аж ахуйн сэргэлт нь зөвхөн ажлын байр биш орон нутгийн эдийн засгийг тэтгэж, импортыг орлох бодлогын гол хэрэгжүүлэгч болж байна. Цаашилбал экспортын шинэ боломж нээж, валютын эх үүсвэрийн “хоёр дахь багана” болох суурь тавигдаж, эдийн засаг солонгорч, уул уурхайн бус салбар хөгжинө.
-“Хүнсний хувьсгал” цаашид үргэлжлэх ёстой гэдэг дээр олон нийтийн хүлээлт байна. Таны байр суурь ямар вэ?
-“Хүнсний хувьсгал” II, III гээд шаталсан байдлаар үргэлжлэх нь зайлшгүй. Дэлхийд хүнсний реформ 30-50 жил үргэлжилсэн жишээ олон бий. Манай улсын хувьд ч 25-30 жил тасралтгүй хэрэгжүүлж байж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах түвшинд хүрнэ. Бид органик хүнс экспортлогч улс болох зорилготой. Эхний ээлжид тогтолцоог эхлүүллээ. Цаашид эрх зүйн орчин бүрдэж, тогтолцоо бэхжвэл ямар ч удирдлага солигдсон бодлогын залгамж чанар алдагдахгүй. Ийм учраас хууль эрх зүйн шинэчлэл бол дараагийн шатны хамгийн гол багана болж байна.
-Эрх зүйн орчны шинэчлэл гэж яг юуг хэлж байна вэ?
-Нэгдүгээрт, хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын “суурь хууль”-ийн зохицуулалт илүү тодорхой, уялдаатай болох шаардлагатай. Хоёрдугаарт, үйлдвэрлэл–тээвэр–хадгалалт борлуулалт–экспорт хүртэлх сүлжээнд стандарт, хяналт, хариуцлагын тогтолцоо нэг мөр байх ёстой. Мөн олон улсын худалдааны бодит нөхцөл, хоёр хөрштэй хийх худалдаа, транзит, логистикийн орчин, гуравдагч зах зээлд гарах шаардлага зэрэг нь дотоодын эрх зүйтэй салшгүй холбоотой. Тиймээс ойрын хугацаанд хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бий. Ерөнхий зорилго нь импортыг орлох үйлдвэрлэлийг хамгаалах, экспортын өрсөлдөх чадварыг өсгөх, чанар, стандарт, итгэлцлийн тогтолцоог бүрдүүлэх явдал.

ORDA хүнсний үйлдвэр. Өвөрхангай аймаг
-Дараагийн шатанд анхаарах сургамж, засах шаардлагатай зүйл юу байна вэ?
-Монгол Улс чинээлэг дундаж давхаргыг бий болгож байж тогтвортой хөгжинө. Бизнесийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл байдаг учраас кластерын системээр уялдуулах нь чухал. Төрийн цогц бодлого, тогтолцооны шинэчлэлгүйгээр дараагийн шатны өсөлт тогтворжиход бэрх л дээ. Мөн санхүүжилтийн тэнцвэр дээр анхаарах шаардлага бий. Жишээ нь газар тариалан, хүнсний салбарт бага хүүтэй зээл очиж байгаа ч мал аж ахуй руу очих санхүүжилт харьцангуй бага байх тохиолдол байна. Эрсдэл өндөр гэх шалтгаанаар банкууд болгоомжлох хандлагатай. Энэ тохиолдолд эрчимжсэн мал аж ахуй хөгжихгүй, бодлого эзэндээ хүрэхгүй эрсдэл үүснэ. Энэ мэт асуудлыг дараагийн шатанд илүү нарийн засаж, зөв тэнцвэржүүлэх ёстой. Эцсийн зорилго бол Монгол хүн эрүүл хүнс хэрэглэж, илүү чанартай, урт удаан амьдрах, улс орон хүнсээрээ бие дааж, цаашлаад экспортын шинэ гарц нээх асуудал юм.
-Үндэсний хөдөлгөөн эрчимтэй өрнөж, бодит үр дүн гарч эхэлсэн энэ үед бодлогын дараагийн шатанд ямар эрх зүйн болон зах зээлийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Өнөөдөр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, санхүүгийн байгууллага, хэвлэл мэдээлэл зэрэг олон талын түншлэлд тулгуурлан богино хугацаанд бодит үр дүн гаргаж чадсан цөөн бодлогын нэг болж байна. Энэ нь зөвхөн санхүүжилт, дэмжлэгийн асуудал бус, харин нийт нийгмийг хамарсан итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан үндэсний хөдөлгөөн болж өргөжсөний илрэл юм. Гэхдээ энэхүү эрчийг тогтвортой хадгалах, хүрсэн үр дүнг алдахгүй баталгаажуулахад хууль эрх зүйн орчны шинэчлэл удаашралтай байгааг бодитоор хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Тухайлбал, Хөдөө аж ахуйн тухай хууль, Худалдааны тухай хууль, Импортын зохицуулалттай холбоотой хууль тогтоомжууд бодлогын энэ хурдтай уялдаж шинэчлэгдэхгүй байгаа нь хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хойш татаж буй бодит хүчин зүйл болж байна. Иймд цаашид дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтын бодлогоор дэмжих, эх оронч худалдан авалтыг тогтолцооны түвшинд хэвшүүлэх, мөн импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоод зах зээлээ хамгаалах эрх зүйн шийдлүүдийг зоригтой хийх нэн шаардлагатай байна. Үүний зэрэгцээ сүлжээ хүнсний дэлгүүрүүдийн хувьд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнд зориулсан лангуу, талбайг бодлогоор өргөтгөх, ил тод, тэгш өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Эцэст нь хэлэхэд, “Хүнсний хувьсгал” бол эхэлсэн хөдөлгөөн бус, тогтсон тогтолцоо болох ёстой бодлого юм. Үүний тулд богино хугацаанд гарсан амжилтыг эрх зүй, зах зээлийн хамгаалалт, худалдан авалтын бодлогоор баталгаажуулж чадвал Монгол Улс хүнсээрээ бие даасан, өрсөлдөх чадвартай, дархлаатай улс болох бодит боломж бүрдэж байна.
“Хүнсний хувьсгал” тусгай дугаараас
2025.12.12
