Ардчилсан нам ч ялгаагүй эрчим хүчний салбараар туг тахисан
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Гэвч улс орны хөгжлийн урд алхдаг эрчим хүчний салбар хуучин социалист системтэйгээ 2026 онтой учран золгоод байгаа билээ. Бид өвлийн тэсгим хүйтэнд лаа барьж, хөлдөх дээрээ тулаад байгаа нь засаг төрийг ээлж дараалан барьсан нам эвслүүдтэй шууд холбоотой. Эрчим хүчний салбараа халамжийн салбар болгож, өөрчлөн шинэчлэлт хийгээгүйтэй хамгийн их холбоотой.
Бид өмнөх нийтлэлээрээ 2024 оны сонгуулиар МАН-ын эрчим хүчний салбарт өгч байсан амлалтуудыг онцолсон. Харин энэ удаа Эрчим хүчний салбар дахь Ардчилсан намын амлалтыг хүргэж байна.
Эрчим хүчний салбарыг доройтлын зам руу унахад АН ч мөн ялгаагүй үүрэг гүйцэтгэсэн. АН засаглаж байсан үедээ (2012-2016) бас л “Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгоно” хэмээн амлажээ.
- Сайншандад 600-800 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц барина,
- Төвийн бүсэд ТЭЦ-5-ын нэгдүгээр ээлж,
- Дарханы станцын өргөтгөл,
- Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц,
- 50-аас доошгүй МВт хүчин чадалтай усан болон салхин цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна гэж амлаж байсан юм.
Ардчилсан намын Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил нар саяхан нэгэн подкастаар эрчим хүчний салбарт юу хийж байснаа ярилцаж байх юм. Эрчим хүчний сайд асан М.Сономпил “Намайг эрчим хүчний сайд байхад цахилгаан, дулааны чадлын дутагдалд орсон байсан. Өвөлдөө ОХУ-аас 20-30 МВт цахилгаан авч байсан. Энэ үед ТЭЦ-4-ийг өргөтгөх бэлэн төсөл байсан. Манайхан гарцуудаа хайгаад олчихсон. Даанч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод гацаанд орчихдог. ТЭЦ-3 дээр 250 МВт-ын хүчин чадалтай станц 250 сая ам.доллараар барих гэж байсан. Хийж чадаагүй” гэдэг зүйлийг ярив.
Эрчим хүчний салбарт худал ярих тусам түүнийх нь төлөөсийг ард түмэн үүрч байна
Харин хийсэн зүйл нь 300 МВт-ын хүчин чадалтай Амгалангийн дулааны станц. Сүүлд 100 МВт-ыг нэмээд 400 МВт болгосон. 75 сая ам.доллароор 2.8 жилд барьсан. Мөн ТЭЦ-4-ийг ОХУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 70 сая ам.доллараар 18 сарын дотор амжилттай өргөтгөсөн гэх ажлууд юм. Гэвч эцсийн дүндээ “Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгоно” гэдэг АН-ын мөрөөдөл биелээгүй.
Харин 2024 оны сонгуулиар эрчим хүчний салбарт доорх амлалтуудыг өгч байжээ.
- Эрчим хүчний экспортын 5 ГВт хүчин чадлыг бий болгоно.
- Дархан 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур
- Чойр 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур
- Мандалговь 200 МВт нар, 100 МВт цэнэг хураагуур
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түшиглэн устөрөгчийн үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
- Сэргээгдэх эрчим хүчний цогцолборыг хөрш орнуудтай холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулна.
- Улс орны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэсэн байна.
АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөртөө хүнд, хөнгөн аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг голлох салбарт 15 том төсөл хэрэгжүүлж, 100 мянган ажлын байр шинээр бий болгоно хэмээн амлаж байв. Энэ сайхан амлалтуудаас нэг нь ч биелээгүй.
МАН ч тэр, АН нь ч тэр ялгаагүй эрчим хүчний салбарыг орхигдуулсан. Олон жил үргэлжилсэн сайхан амлалтуудын уршгаар эрчим хүчний салбар өнөөдөр туйлдаа хүрчихээд байна. Хий хоосон мөрөөдлөө олон жил ярьсаар бараг эрчим хүчний салбарын уран зөгнөлт кино болж хувирах нь. Худлаа ярих тусам түүнийх нь төлөөс улам их болсоор байна. Арван амлалтаас ядаж нэг нь ч хэрэгжсэнгүй.
Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын үүдэнд “Хэрэглэгчдийг найдвартай дулаан, цахилгаан, эрчим хүчээр тасралтгүй хангана” хэмээн бичсэн байдаг. Энэхүү зорилгоо эрчим хүчний салбар биелүүлж чадахгүй хэмжээнд өнөөдөр хүрлээ. Том төсөл хөтөлбөр байг гэхэд дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг бага багаар шинэчлэх, шугам сүлжээний хуучирсан утсуудыг шинэчлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх зэрэг наад захын зүйлийг эрчим хүчний салбарынхан хүсэж, хүлээсээр. Тэд эрчим хүчний салбарт намуудын өгсөн сайхан амлалтуудын багахаан хэлтэрхийг горьдож сууна. Гашуун үнэн бол энэ.
Үргэлжлэл бий…
