500 саяын бонд ба Монгол өр
Монгол Улсын Засгийн газар 2026-2028 онд төлөх гадаад бондын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор 5.95 хувийн купонтой, зургаан жилийн хугацаатай, 500 сая ам.долларын шинэ бонд өчигдөр олон улсад гаргалаа.
Дахин санхүүжилтийн хүрээнд шинээр босгосон “Сенчири-5” бондод зах зээлээс 1.6 тэрбум ам.доллар буюу 3.2 дахин давсан захиалга ирсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгааг илтгэж байна. Тус бондын эрсдэлийн нэмэгдэл 2.22 хувь аж.

Энэ оны дөрөвдүгээр сард төлөх “Номад” бондын төлбөрийг “Сенчири-5” бондоор хэсэгчлэн санхүүжүүлж байгаа юм. Тодруулбал, ирэх сард нийт 154 сая ам.долларын үндсэн төлбөр төлөх байсан бол үүнээс 154 сая ам.долларыг шинээр босгосон 500 сая ам.доллароос санхүүжүүллээ. Ингэснээр энэ жилийн төсөв, валютын нөөцөд ирэх байсан шууд дарамтыг бууруулав. Номад бондын үлдэгдэл 20 сая ам.долларыг улсын төсвөөс төлөх юм.
Мөн 2028 оны нэгдүгээр сард хугацаа нь дуусах 8.65 хувийн өндөр купонтой “Сенчири-2” бондын 220.1 сая ам.долларын үндсэн төлбөрийг урьдчилан зохицуулж, 321.6 сая ам.долларыг өрийн удирдлагын арга хэрэгслээр дахин санхүүжүүлэв.
Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй өрийн тодорхой хэсгийг 5.95 хувийн харьцангуй бага өртөгтэй эх үүсвэрээр сольж, хугацааг 2032 он хүртэл сунгасан гэсэн үг юм.
Ингэснээр 2026-2028 онд төвлөрсөн өрийн оргил ачааллыг багасгах, мөн өндөр хүүтэй өрийг бууруулах давхар зорилго хэрэгжиж байна. Сангийн яамны тооцоолсноор энэхүү зохицуулалтын үр дүнд хүүгийн зардлаас ойролцоогоор 14.5 сая ам.долларыг хэмнэж байгаа аж. Гэсэн хэдий ч нийт өрийн хэмжээ хэвээр үлдэж, харин төлбөрийн хуваарь 2032 он хүртэл сунгагдаж байгаа юм. Тиймээс дахин санхүүжилтийн бодит үр нөлөө нь зөвхөн богино хугацааны дарамтыг зөөлрүүлэхэд бус, урт хугацаанд өрийн өртгийг хяналттай байлгаж чадах эсэхээр хэмжигдэх болно.
