М.Пүрэвжав: Монголд хүнсний судалгаа 35 жил мартагдсан

Sarangerel
2026-03-05 11:08:21
Ангилал: Ярилцлага

ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар ярилцлаа. 

-УИХ-ын 36-р тогтоолоор Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулагдсан. Та бүхний судалгаа, шинжилгээний ажил хэрхэн явж байгаа вэ? 

-Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 36-р тогтоолд Монгол Улс Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнтэй болох ёстой гэдгийг заасан. Социализмын нийгмийн үед Хүнсний эрдэм шинжилгээ зураг төслийн институт гэж улсын хэмжээний хүнсний салбарын судалгаа, шинжилгээний байгууллагатай байсан. 

Тэгээд 1990-ээд оны эхээр хувьчлагдсан. Ийнхүү 30 шахам жил Монгол Улс хүнсний чиглэлээр ямар нэгэн эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг бодлогын байгууллагагүй байсаар ирсэн. Иргэд өнөөдөр хоол хүнсний шошгын мэдээллийг төдийлөн сайн мэдэхгүй учраас ашиглаж чадахгүй байна. Манай хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, бүтээгдэхүүн дээрээ шошгын мэдээлэл тавих, стандартын холбогдох тохирлууд авах, технологийн үед зөв боловсруулж байна уу, шим тэжээлийн алдагдал болон амт, өнгө үзэмжийн асуудал ямар байна вэ зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлаар хамтарч ажилладаг шинжлэх ухааны байгууллага Монголд байхгүй. 

Тиймээс манай хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ холбогдох шинжилгээг урд хөрш рүү явуулж байна. Герман, Солонгос руу явуулж байна. Аливаа хүнсийг хил гаалиар нэвтрүүлэхдээ асар өндөр шалгалтын дор хийдэг. 

Хоёрдугаарт, гадаад улс орнуудад энэ шинжилгээнүүдийг хийлгэхэд маш өндөр зардлыг манай хүнс үйлдвэрлэгчид зарцуулдаг. Энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байсан. Тиймээс манай Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн энэ тал дээр өндөр хариуцлагатай ажиллах ёстой юм.

Улсын хэмжээнд хүнсний эрдэм шинжилгээний судалгааны байгууллагагүй улс орон гэж хаана байх вэ дээ. Дэлхий дээр байхгүй үзэгдэл.

Тиймээс Монгол Улсын иргэд ямар найрлагатай хүнс, хоол хэрэглэхээ мэдэхгүй, хоол хүнсний талаар мэдлэг хомс байна шүү дээ. Манай Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор ШУТИС харьяанд байгуулагдсан ч 2025 оны улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, 2025 оны гуравдугаар сараас үйл ажиллагаа жигдэрсэн. 

-Танай хүрээлэн одоо ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ? 

-Бид одоо хүнсний бүтээгдэхүүний найрлага, физик реологийн шинжилгээний арга зүйг нутагшуулах болон бодлогын судалгаан дээр ажиллаж байна. Ер нь эхлэл төдий ажлууд явж байна. Бид өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний өндөр мэдрэмжит багажит анализын шинжилгээг нэвтрүүлэх, зөвшөөрөгдсөн арга зүйгээр баталгаатай үр дүн гаргадаг, түүндээ дүгнэлт өгдөг байх шаардлагатай байгаа. Ийм байж гэмээнэ хүнс, хоол үйлдвэрлэгчдийн хэрэгцээг хангахаас гадна нийгмийн эрүүл мэндийг сайжруулах болно. 

Одоогийн байдлаар хүнсний найрлагын бүх шинжилгээ, үндсэн шим тэжээлийн бодис уураг, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, биологийн идэвхт бодисын шинжилгээ, түүнчлэн тосны хүчил, амин хүчил, транс тосны агууламж гээд олон шинжилгээг нэг дор хийдэг эрдэм шинжилгээний лаборатори байхгүй. Эдгээрийн шинжилгээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад ч шаардлагатай байдаг. Тухайлбал, шим тэжээлийн бодис хадгалалт, боловсруулалтын явцад ямар өөрчлөлтөд орж байгааг судлах ёстой. 

Дээр нь хүнсний физик реологи, молекул биологийн судалгаа чухал юм. Тиймээс Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн энэ бүхнийг хийх ёстой. Их олон ажил хүлээж байна даа. Ер нь бол “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр манай хүрээлэн байгуулагдсан гэж хэлж болно. Энэ хөдөлгөөний гол агуулга бол ард түмэнтэйгээ хамтраад өнөөдөр болтол хийж чадаагүй зүйлээ илүү эрч хүчтэй нөхөж хийх гэсэн санаа шүү дээ. 

-Цаашдын хийх ажлын төлөвлөгөө юу байгаа вэ? 

-Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн маш өндөр түвшний судалгаа хийдэг хүрээлэн болж өсөх ёстой. Гадаад харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай байна. Хүн амын дунд өвчлөл нэмэгдсэнээр өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ чухлаар тавигдахын зэрэгцээ хүн бүр анхаарал хандуулдаг болсон. Үнэн зөв мэдээлэл шаардлагатай байна. Хүмүүс тосонд шарсан хүнсний бүтээгдэхүүн муу л гэдэг. 

Гэтэл идэж болно. Гол нь тос удаан хугацаанд халуун өндөр температурт хайрагдаж, нөгөө айхтар өвчин үүсгэдэг туйлт нэгдэл үүсгэж байна уу, үгүй юу гэдгийг хэмждэг, хянадаг болмоор байна. Түүнээс тосонд буруу байхгүй. Туйлт нэгдлүүд үүсээгүй бол хүүхдүүдэд тосонд хайрсан хуушуур өгч болно гэх мэт олон асуудал байна. Миний мөрөөдөл Монголын уламжлалт хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх. 

Хүнс, хөдөө  аж ахуй эрхэлж байгаа хүмүүс бүтээгдэхүүнээ зарах гэж зовдоггүй, сургууль цэцэрлэг дотоодын чанартай хүнсээ боломжийн үнээр аваад хэрэглэдэг тогтолцоо бүрдүүлэх юм. Бэлчээрийн малын махаа гаднынханд гуйж биш гуядаж өгдөг болоход үнэт чанартай гэдгийг нотлох судалгааны баримт л чухал юм. Бас өвс ургамал, эмийн ургамал байна. Монгол хаанаас юу ч гуйхгүй. Гол нь энэ сайхан ургамал, хоол хүнсээ шинжилж, судлах хэрэгтэй.  

-Ер нь монгол хүн өдөр тутамдаа ямар хоол хүнс идвэл илүү зохимжтой вэ. Хүмүүс янз бүрээр л ярих юм. Худлаа үнэн асар олон мэдээлэл дунд бид амьдарч байна шүү дээ?

-Сүүгээ уу, таргаа уу, айргаа уу. Сүү цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэх хэрэгтэй. Мөн махаа иднэ. Махаа идэхдээ аль болох бага иднэ. Ядаж л зуны улиралд багасгамаар байна. Гэхдээ монголчуудын махны хэрэглээ нийт хүн амын дунджаар тийм ч их өндөр биш болох нь бусад орны хэрэглээтэй харьцуулахад харагддаг. Дээр нь нэр төрөл цөөн ч дотоодын хүнсний ногоо, улаанбуудайн гурилаа хэрэглэ.

Хамгийн гол нь гурилан идэх юмаа багасгах, чихэр, чипс, чихэртэй ундааг тас болих хэрэгтэй. Талхыг иддэгээрээ иднэ.

Цагаан будаагаа идэж болно. Гэхдээ аль болох олон төрлийн будаа холиод идэх хэрэгтэй. 

Тараг сайн уух хэрэгтэй. Тараг уухдаа үйлдвэрийн сайхан таргаа уу, өглөө оройн алинд ч болно. Зах зээл дээр маш гоё тарагны хөрөнгө оруулж ирж байна. Түүгээр гэртээ тараг бүрж болно. Урд хөршид 2000 оноос эхлээд бүх хүүхдүүдээ сүү, цагаан идээгээр “балбасан” байхгүй юу. 

Одоо залуучууд нь үнэхээр гоё болсон. Хоол хооронд ямар нэг идэх юм өгөх маш буруу зуршил. Хөгшчүүл “хүүхдийг байнга хэвдэг мал шиг битгий болгоод бай” гэдэг шүү дээ. Дундуур нь цайгаа ууж болно. Хэвж сурна гэдэг маш аюултай. Бодисын солилцоо хямарснаар таргалалт гээд олон өвчний суурь болно. Таргалалттай хүүхдийн элэг эрүүл байна гэж байхгүй, ихэвчлэн элэг өөхөлнө.