Гадаадын хөрөнгө оруулалтын дөрвөн СААД
Дэлхийн хөрөнгө оруулагчид аль улс руу мөнгөө чиглүүлэх вэ гэдгээ шийдэхийн тулд эдийн засгийн эрсдэл, улс төрийн тогтвортой байдал, институцийн чадвар гэх мэт үзүүлэлтийг нэгэн зэрэг харж үнэлдэг. Түүнчлэн олон улсын байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд, банкууд аливаа улсын эдийн засгийг үнэлэхдээ зээлжих зэрэглэл, авлигын индекс, инновацын индекс, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн гол үзүүлэлтийг хамгийн түрүүнд хардаг.
Тухайн улсын санхүүгийн эрсдэлийг хэмжих хамгийн гол үзүүлэлт бол зээлжих зэрэглэл юм. Монгол Улсын зээлжих зэрэглэл 2020-2023 онд B3 буюу тогтвортой түвшинд байсан бол зээлжих зэрэглэл болж сайжирсан. Энэ нь макро эдийн засгийн зарим үзүүлэлт тогтворжиж, гадаад өрийн эрсдэл тодорхой хэмжээнд буурч байгааг илтгэдэг.
Гэвч B ангилал нь олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд эрсдэлтэй ангилалд тооцогддог. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг сонирхож байгаа ч эрсдэлийн үзүүлэлт өндөр хэвээр байна гэсэн үг.
Дараагийн үзүүлэлт нь авлигын индекс бөгөөд Монгол Улс эл үзүүлэлтээр 2020 онд 35 оноо авч байсан бол өнгөрсөн онд 31 болж буурч, 182 орноос 124-р байрт жагссан. Энэ нь авлигын эсрэг бодлого, засаглалын чанар тасралтгүй уруудаж байгааг харуулж буй. Сүүлийн жилүүдэд оноо тогтмол буурч, байр ухарсаар байгаа нь авлига системийн шинжтэй асуудал болж хувирсныг харуулж байна. 
Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эмзэг дохио юм. Учир нь авлигын түвшин өндөр байх нь гэрээний биелэлт, хууль хэрэгжилт, төрийн шийдвэрийн тогтвортой байдалд эргэлзээ үүсгэдэг.
Гурав дахь гол үзүүлэлт бол инновацын индекс. Монгол Улс 2024 онд тус индекст 67-р байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 78 болж өссөн нь эерэг үзүүлэлт юм. Энэ нь технологи, стартап, мэдлэгт суурилсан эдийн засгийн чиглэлд тодорхой ахиц гарч байгааг харуулж байна. Гэхдээ инновацын өсөлт нь ихэвчлэн хувийн хэвшлийн хүчин чармайлт дээр тулгуурлаж, бодлогын орчин хангалттай тогтвортой биш бол өсөлт удаан хугацаанд үргэлжлэхэд хүндрэлтэй.
Дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг дөрөв дэх гол үзүүлэлт бол тухайн улсын өрсөлдөх чадвар. Эдийн засгийн судалгаанд өрсөлдөх чадварыг улсын бүтээмж, институц, бодлого, зах зээлийн орчин зэрэг хүчин зүйлсээр тодорхойлдог. Манай улс 2020-2025 оны хооронд олон улсын өрсөлдөх чадварын индекст 60-65 орчим байрт хэлбэлзэж байна. Энэ нь Монголын эдийн засаг дэлхийн зах зээлд дундаж түвшний өрсөлдөх чадвартайг илтгэнэ.
Сүүлийн жилүүдэд манай улсын макро эдийн засгийн зарим үзүүлэлт сайжирч байгаа ч хөрөнгө оруулалтын урсгалыг тогтвортой нэмэгдүүлэхэд эрх зүй, татвар, институцийн тодорхой бус байдал томоохон саад хэвээр байна.
Түүнчлэн банкны салбарт шинэчлэл хийх хүрээнд Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хоёр их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн Монголын банкны холбооны тайланд дурджээ. Энэ нь манай улсад орж ирж буй нийт гадаадын хөрөнгө оруулалтын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний дүн юм.Хэрэв энэ хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадвал Монголын банкны системийн капитал нэмэгдэж, зээл олголт, санхүүгийн зах зээлийн гүнзгийрэлд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
