Борооны эдийн засаг

B Shurenchimeg
2026-03-06 16:14:18
Ангилал: Эдийн засаг

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн хомсдол, ган гачиг, цөлжилт эрчимжихийн хэрээр улс орнууд цаг агаарт шууд нөлөөлөх технологт илүү хөрөнгө оруулж эхэллээ. Энэ чиглэлд хамгийн өргөн хэрэглэгддэг арга бол зориудаар бороо оруулах буюу үүл буудах технологи юм.

Өмнө нь туршилтын шинжтэйд тооцогддог байсан энэ арга сүүлийн жилүүдэд усны эдийн засаг, хөдөө аж ахуйн бүтээмж, эрчим хүчний аюулгүй байдалтай холбогдсон стратегийн хэрэгсэл болжээ. 

2024 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 40-50 улс цаг агаарт нөлөөлөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Үүл буудах технологи нь усан дусал агуулсан үүлэнд тодорхой химийн бодис, ихэвчлэн иодот мөнгө цацсанаар үүлэнд тархсан бичил тоосонцрууд усны дуслыг өөртөө татан томруулж, улмаар бороо болон газарт унах процессыг хурдасгадаг.

Эдийн засгийн гол ач холбогдол нь усны нийлүүлэлтийг бага зардлаар нэмэгдүүлэх боломж юм. Хур тунадас 5-15 хувиар нэмэгдэхэд л хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, гидро цахилгаан станц, усан сангийн нөөцөд мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг аж.

Олон улсад үүл буудах технологийн зах зээл 2024 онд ойролцоогоор 405 сая орчим ам.доллар байсан бол 2030-аад оны эхэн гэхэд 700 гаруй сая ам.долларт хүрнэ хэмээн “SkyQuest Technology Group”-ийн судалгаанд дурджээ. Үүнээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдолын эрсдэл өсөж байгааг харж болох юм. 

Зах зээлийн өсөлтийг хөдөө аж ахуйн усны эрэлт, хотжилт, хүн ам,  уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг
зэрэг хүчин зүйл голлон тодорхойлж байна. 

Үүл буудах технологийн хамгийн том хэрэглэгч нь БНХАУ юм. Тус улс жил бүр ойролцоогоор 200 сая ам.доллар энэ салбарт зарцуулж байгааг “No Silver Lining: Cloud‑Seeding Will Not Solve China’s Water Shortages” судалгааны тайланд дурдсан  бөгөөд 2014 оноос хойш нийт хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллароос давсан гэж тооцогддог байна. Тус улс 2025 он гэхэд үүл буудах технологийг 5.5 сая км² талбайд ашиглах зорилт тавьсан нь нийт газар нутгийн бараг талтай тэнцэх аж. 

Персийн булангийн орнууд ч усны нөөцийн хомсдолтой холбоотойгоор энэ технологид идэвхтэй хөрөнгө оруулж байна. Тухайлбал, Саудын Араб 2022 онд үүл буудах хөтөлбөрт 250 сая ам.доллар зарцуулсан бол АНЭУ жил бүр 300 гаруй нислэгийн ажиллагаа явуулж бороо нэмэгдүүлэх туршилт хийдэг. Цөлжилт ихтэй эдгээр бүс нутагт хур тунадас жилдээ дунджаар 100 мм хүрэхгүй байдаг тул үүл буудах технологи нь усны аюулгүй байдлын стратегийн арга болжээ.

Үүл буудах технологийн хэрэглээний хамгийн том салбар нь газар тариалан юм. Дэлхийн хэмжээнд энэ технологийн хэрэглээний 45 орчим хувь нь хөдөө аж ахуйн бүс рүү чиглэж байна. Жишээлбэл, Энэтхэгийн зарим мужид хийсэн туршилтаар зорилтот бүсийн хур тунадас 20 гаруй хувиар өссөн тухай мэдээлэл бий. Үүнтэй төстэй туршилтууд АНУ, Австрали, Хятад зэрэг оронд ч хийдэг байна.  Иймээс зарим эдийн засагч үүл буудах технологийг “уур амьсгалын даатгал” гэж нэрлэх болжээ.

Гэсэн хэдий ч үүл буудах технологийн үр нөлөөний талаар шинжээчдийн дунд санал зөрөлдөөн, эрсдэлүүд байсаар байна. Хэрэглэгддэг иодот мөнгө (AgI) зэрэг бодис хөрсөнд болон усан экосистемд хуримтлагдаж болзошгүй бөгөөд урт хугацаанд биологийн болон экологийн нөлөөллийг бүрэн тогтоогоогүй байна. 

Үүнээс гадна, нэг газар бороо нэмэгдэх нь ойр орчим, доод бүсэд хур тунадасны хомсдол үүсгэж болзошгүй бөгөөд үүний улмаас усны хуваарилалт, экосистемийн тэнцвэрт байдалд өөрчлөлт гарах эрсдэлтэй. Иймээс шинжээчид үүл буудах технологийг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг урт хугацааны судалгаа шаардлагатай гэж үздэг. 

Технологи нь стратегийн ач холбогдолтой, хур тунадас нэмэгдүүлэх боломжтой хэрэгсэл боловч, байгаль орчны урт хугацааны үр дагаврыг үнэлж, усны менежмент, хөдөө аж ахуй, технологийн инновацтай хослуулан хэрэглэх нь хамгийн зөв арга гэж үздэг байна.

Арабын Нэгдсэн Эмират Улс бороо оруулахын тулд үүл буудах нислэгт давсны факел ашиглаж байна

 

B Shurenchimeg