Б.Ариунсанаа: АНУ-ын банканд ажиллаж, монгол эмэгтэйн нэрийг гаргаж байгаадаа баярладаг
Б.Ариунсанаа АНУ-ын Altabank банканд ажиллахаас гадна тус улсын татварын систем, аудит хөгжлийн томоохон компанид шинжээчээр ажиллаж байна. Монгол эмэгтэй Америкийн бизнесүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, хувийн хэвшлийнх нь хөгжилд хувь нэмрээ оруулаад ажиллаж буй нь бахархалтай. Мөн тэрбээр санхүүгийн зөвлөх үйлчилгээний хувийн компаниас гадна Illumine олон улсын нийгэмлэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, хууль, санхүүгийн зөвлөгөө, харилцагчдаа эрсдэлээс хамгаалах зорилготой үйлчилгээ үзүүлдэг юм. Тэрбээр АНУ-ыг зорин ирж буй, мөн тус улсад амьдарч ажиллаж буй хүмүүсийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллаж байна.
-АНУ дахь монгол эмэгтэйчүүдийг төлөөлөн манай тусгай дугаарт ярилцлага өгч буй танд талархсанаа илэрхийлье. Эхлээд өөрийгөө товч танилцуулна уу?
-Би АНУ-ын Brigham Young University-Idaho их сургуульд Бизнесийн удирдлагын бакалавр, Utah Valley University их сургуульд санхүүгийн төлөвлөлт ба аналитик чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо Glacier Bancorp-ийн салбар Altabank-д арилжааны зээлийн шинжээчээр ажиллаж байна.
Тус байгууллага нь АНУ-ын баруун бүсийн тэргүүлэх банкуудын нэг бөгөөд 20 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө удирддаг. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын үйлчилгээний H&R Block компанийн татварын ахлах шинжээчээр ажилладаг. Манай компани АНУ, Канад, Австралид жил бүр 20 сая гаруй хүнд татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Би банкны салбарт теллер, харилцааны банкир, зээлийн шинжээчээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Одоо аудитын чиглэлд төвлөрч, банкны арилжааны харилцагчдын баримт бичигт эрсдэлийн хяналт, дүн шинжилгээ хийх, алдааг засварлах ажлыг удирдан зохион байгуулж байна. Энэ бүхэн маань Америк гэдэг их гүрэнд монгол эмэгтэй амжилттай ажиллаж чадна гэдгийн илэрхийлэл болохоос гадна эх орныхоо нэрийг гаргаж буйдаа би маш их баяртай байдаг.
Ажлын хажуугаар хувь хүн, жижиг бизнес эрхлэгчдэд урт хугацаанд санхүүгийн амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой санхүүгийн зөвлөх үйлчилгээний Illuminate Financial компанийг үүсгэн байгуулсан.
Мөн нийгмийн хөгжил, оролцоонд гүнээ итгэдгийн хувьд 2015 онд Illumine International Community хэмээх ашгийн бус байгууллагыг үндэслэсэн. Энэхүү байгууллага маань цагаач, дүрвэгчдэд, ялангуяа эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол, хууль эрх зүйн мэдлэг өгөх зэрэг нийгмийн цогц үйлчилгээг хүргэдэг.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчуудаа холбож, тэдний эрх ашиг, дуу хоолойг нэгтгэх, аливаа эрсдэлээс хамгаалах зорилготой Хилийн чанад дахь Монголчуудын олон улсын ашгийн бус байгууллагын удирдах зөвлөлд ажиллаж буйгаа нэр төрийн хэрэг гэж үздэг.
-АНУ-д боловсрол эзэмшээд тус улсад ажиллаж, амьдарч байна. Тиймээс танаас Америк мөрөөдөл гэж юуг болох талаар асууя?
-Америк мөрөөдөл бол хүн хичээнгүйлэн ажиллаж, тууштай байвал гарал үүсэл, үндэс угсаанаас үл хамааран ямар ч зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл юм. Америк улс зоригтой, хүсэл тэмүүлэлтэй хүнд хязгааргүй олон боломж олгодог. Энэ мөрөөдлийн хамгийн гайхалтай нь өөрийн бизнестэй болж, түүнийг хөгжүүлэх эрх чөлөө юм.
Америк бол олон үндэстэн, соёл уламжлалаар баялаг улс. Хууль эрх зүйн хүчтэй хамгаалалттай, шинэ санаачилгыг идэвхтэй дэмждэг, бизнесийг амжилттай явуулахад шаардлагатай бүх нөөц бололцоог бүрэн бүрдүүлсэн орчинтой улс юм.
-Та АНУ-ын банкны салбарт ажилладаг. Америкийн төр, засаг хувийн хэвшлээ хэрхэн дэмждэг талаар бидэнд мэдээлэл өгнө үү?
-Жижиг, дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн нэгдсэн бодлого, үр дүнтэй дэмжлэгийн тогтолцоо болон бизнес эрхлэх таатай орчныг тус улс бүрдүүлсэн. Засгийн газар болон санхүүгийн байгууллагууд нь буцалтгүй тусламж, Засгийн газрын баталгаатай зээл (SBA), жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, зөвлөгөө зэрэг төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд тогтвортой хөгжих, цаашлаад зах зээлээ тэлэх өргөн боломжийг олгодог.
Түүнчлэн төрөөс татварын хөнгөлөлт, гамшгийн үеийн тусламж, мэргэжлийн зөвлөгөө, сургалтын эх үүсвэрүүдээр хангаж, бизнесүүдийг өөрчлөлт, сорилтод дасан зохицох, өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг. Ийнхүү төрөөс үзүүлж буй цогц дэмжлэг нь бизнесийн орчны саад бэрхшээлийг бууруулах, инновац, шинэ санаачилгыг урамшуулах, эдийн засгийн бүхий л салбарт хүртээмжтэй өсөлтийг бий болгоход чиглэдэг.
-АНУ-ын бизнесүүдээ татварын системээр хэрхэн дэмжиж байна вэ. Та энэ талаар тодруулж ярина уу?
АНУ-д улсын (federal) түвшний татвар болон муж тус бүрийн ялгаатай татварууд байдаг. Гэсэн хэдий ч олон төрлийн татварын хөнгөлөлт, буцаан олголт болон уян хатан бизнесийн бүтэц ашиглах боломжтой тул нийт татварын ачааллаа бизнес эрхлэгчид мэдэгдэхүйц бууруулж болдог. Ерөнхийдөө татварын суутгал нь бизнесийн үйл ажиллагааны зарцуулалтыг татвар ногдох орлогоос хасах боломжийг олгодог бол татварын хөнгөлөлт нь байгууллагын төлөх татварыг шууд бууруулдаг.
АНУ-д түгээмэл байдаг хөнгөлөлтүүдийн нэг нь судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) хөнгөлөлт юм. Энэ нь шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, технологийн сайжруулалт хийхэд гарсан зардлыг бууруулдаг. Work Opportunity Tax Credit нь урт хугацаанд ажилгүй байсан, цэргийн алба хаасан ахмад дайчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүнийг ажилд авсан тохиолдолд үзүүлдэг дэмжлэг юм.
“Energy Efficiency Incentives” нь барилга, тоног төхөөрөмжийг эрчим хүчний хэмнэлттэй шийдлээр шинэчлэх болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахад чиглэдэг. Харин Disabled Access Credit нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор байр, орчноо засварлах, зориулалтын тоног төхөөрөмж суурилуулах зардлын тодорхой хувийг нөхдөг.
Үүнээс гадна, ажил олгогч хүүхэд асрах үйлчилгээ санал болгосон тохиолдолд “Employer-Provided Childcare Credit” авах боломжтой. Энэ нь тухайн компани төдийгүй ажилтнуудад маш том дэмжлэг болдог. Жижиг бизнесүүдийн хувьд “Small Business Health Care Tax Credit” нь ажилчдадаа эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд татварын буцаан олголт эдлэх боломжийг олгодог.
“Paid Family” and Medical Leave Credit нь ажил олгогч ажилчдадаа цалинтай болон эрүүл мэндийн чөлөө олгоход чиглэдэг бол “Renewable Energy Investment and Production Credits”-ийг нар, салхи, геотерм зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулсан бизнесүүдэд урамшуулал болгон олгодог.
Түүнчлэн зарим мужид ажилчдын ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт зориулсан татварын урамшуулал ч бий. АНУ-ын татварын тогтолцоонд энэ мэтчилэн олон төрлийн хөнгөлөлт, буцаан олголт байдаг нь бизнес эрхлэгчдэд зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, улмаар урт хугацааны өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүлдэг.
Гэхдээ эдгээрийг бүрэн ашиглахын тулд бизнес эрхлэгчид зардлын баримт, нотолгоог нарийн бүрдүүлэх шаардлагатай бөгөөд татварын мэргэжилтнээс зөвлөгөө авч, бизнесийн онцлогтоо тохирсон хөнгөлөлтийг тодорхойлох нь чухал. Мөн АНУ-д бизнес эхлүүлэхдээ хувь хүн, ХХК, S, эсвэл C корпораци зэрэг тохирох бүтцээ зөв сонгох нь татварын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн татварыг бууруулах, аж ахуйн нэгжийн татварын давуу талыг ашиглах, мөнгөн урсгалаа илүү уян хатан удирдах боломжийг олгодог.
Үүний зэрэгцээ татварын хөнгөлөлт, урамшуулал нь татвар төлөх хугацааг хойшлуулах, хэмнэсэн хөрөнгөөр дахин хөрөнгө оруулалт хийх, технологид хөрөнгө оруулах, ажилтнуудын халамжийг сайжруулах, хандив өгөх боломжийг нээдэг. Стартап болон жижиг бизнесүүдэд зориулсан тусгай хөнгөлөлтүүд нь эхний шатны санхүүгийн дарамтыг бууруулж, татварын жилийн уян хатан сонголт хийх, урт хугацаанд хөрөнгийн төлөвлөлт хийх давуу талтай.
Эцэст нь хэлэхэд, АНУ-ын татварын систем нь төвөгтэй мэт боловч зөв бүтэц, ухаалаг төлөвлөлт, боломжит бүх хөнгөлөлтөө ашигласнаар бизнес эрхлэгчид санхүүгээ илүү үр ашигтай удирдаж, тогтвортой өсөлтийг хангах хүчтэй хэрэгсэл болдог.
-АНУ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ хэрхэн дэмждэг вэ?
-Эмэгтэй бизнес эрхлэгчид дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна. Нэг жишээ дурдахад, 2022 оны судалгаанаас үзвэл АНУ-д бүртгэлтэй 35.7 сая бизнесийн 14 сая орчмыг нь эмэгтэйчүүд эзэмшиж байна. Энэ нь нийт бизнесийн 39 хувь юм. АНУ-д бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмждэг NAWBO, WBENC, ABWA болон Center for Asian Pacific American Women (CAPAW), Women Innovators (Win) Fellowship, United States Hispanic Business Council (USHBC) зэрэг томоохон байгууллага бий.
Эдгээр байгууллага эмэгтэйчүүдэд бизнесээ томруулах сургалт, мэдээлэл, менторын болон нетворкинг боломжуудыг олгодог. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амьдарч буй муж, хотоосоо дэмжлэг авах боломжтой. Би өөрөө эдгээр байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хүчирхэг эмэгтэйчүүдээс суралцсаар байна.
Тэднээс алдаа, онооны туршлагаас гадна сэтгэлзүйн ихээхэн дэмжлэг авдаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бодитой амжилтад хүрэхийн тулд бие биенээ дэмжиж, урамшуулж, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ч ийм байдлаар нэгдэн, хамтдаа өсөн дэвжээсэй гэж хүсдэг.
-Их гүрэнд ажиллаж, амьдарч, хөлөө олоход, багагүй сорилт, бэрхшээлтэй тулгарсан байх. Тэдгээрийг хэрхэн даван туулсан туршлагаасаа хуваалцана уу?
-Миний амжилтын гол хүчин зүйлс нь тууштай байдал, цагийн зохистой хуваарилалт, өөрийгөө үргэлж хөгжүүлэх хүсэл эрмэлзэл гэж боддог. Би зорилгоо долоо хоног, улирал, жилээр нарийвчлан төлөвлөж, төлөвлөгөөндөө дүн шинжилгээ хийдэг. Ялангуяа өдөр тутмын сахилга бат, зорилго, мөрөөдөлдөө тууштай байх нь намайг мөрөөдөлдөө хүрэхэд дэмжлэг болж, урам зориг өгдөг.
Ямар ч сорилт, бэрхшээлгүй ирдэг амжилт гэж байхгүй. Надад тулгарч байсан хамгийн том бэрхшээлийн нэг нь хэлний саад, АНУын хууль, систем, соёлын ялгаа байлаа. Шинэ орчинд олон ажил хослуулж, хүүхдүүдээ өсгөж, бизнесээ босгоход маш их эрч хүч шаардсан. Эдгээр бэрхшээлийг даван туулахад миний гэр бүл, тэр дундаа аав, ээж, багш нар, туршлагатай менторууд, найз нөхөд, хамтран ажиллагчид маань тусалснаар өнөөдрийн намайг бүтээсэн.
Хилийн чанадад сурч, ажиллаж, бизнес эрхэлж, ихийг хийж бүтээхийн төлөө яваа охиноо үргэлж дэмжиж, тусалдаг аав, ээждээ маш их баярлалаа гэж хэлье.
-Та Монгол Улсын хөгжлийг хэрхэн хардаг вэ? Манай улсын хөгжил дэлхийн улс орнуудын хаана явна гэж бодож байна вэ?
-Манай эх орон ирээдүйд хөгжих их потенциалтай гэдэгт итгэдэг. Байгалийн баялаг ихтэй, залуу хүн амтай, үндэсний хүчирхэг үзэл санаатай Монгол Улс дэлхийн тавцанд чухал тоглогч болох боломжтой. Америкийн хамгийн том давуу тал нь бизнесийн салбараа их дэмждэгт оршдог. Бизнесийн салбараа дэмжсэнээр ажлын байр нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжирдаг.
Манай төр засаг ч мөн адил бизнесийн салбартаа илүү анхаарч, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө маш сайн ажиллах хэрэгтэй. Монгол Улсын хүн ам цөөн, ажиллах хүчний нөөц хязгаарлагдмал учир бизнесээ олон улсын зах зээлд өргөжүүлэхэд бодит сорилтууд тулгарч байна. Дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд үйлдвэрлэл, механикжуулалтад хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай.
Жишээлбэл, өдөрт 100 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани олон улсад гарахын тулд өдөрт 1000 ширхэгийг хийх ёстой. Гэвч дэд бүтцээ сайжруулж, автоматжуулалт хийхгүйгээр ингэх боломж хязгаарлагдмал. Шинэ санаачилга, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулж, экспортын боломжийг нэмэгдүүлснээр Монгол Улс тогтвортой, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгож, урт хугацаанд амжилттай хөгжинө гэж хэлмээр байна.
Та Хилийн чанад дахь Mонголчуудын зөвлөл байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн. Та байгууллагынхаа гол амжилт, хийсэн ажлуудын талаар сонирхуулна уу?
-2022 оноос хойш Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Удирдах зөвлөлд АНУ-ыг төлөөлсөн гурван төлөөлөгчийн нэгээр ажиллаж байна. Би уг байгууллагад нэгдээд удаагүй ч Бельгид болсон анхны “Монгол Наадам”-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан. Бид АНУ-ын бүс нутгийн багтай хамтраад Вашингтон ДС, Чикаго, Денвер, Сиэтл, Калифорни зэрэг томоохон хотод цагаачлал, татвар, нийгмийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна.
Мөн E-Mongolia, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран гадаадад амьдарч буй монголчуудад цаг үеийн мэдээлэл хүргэх түншлэл бий болгохоор ажиллаж байна. Санхүү, татварын чиглэлээр мэргэшсэн хүний хувьд АНУ-д амьдарч буй монгол иргэд, тэр дундаа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, семинар зохион байгуулж АНУ-ын татварын бодлогод сүүлийн үед гарсан өөрчлөлтүүдийг тайлбарлан хүргэхийг зорьж байна.
-АНУ-д ажиллаж амьдарч буй монгол эмэгтэйчууд голдуу ямар ажил, бизнес эрхэлж байна вэ?
-Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн төлөөлөгчийн хувьд бидний нэг чухал зорилт бол АНУ-д ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоог бодитоор ойлгоход чиглэсэн судалгааны ажлыг эхлүүлэх юм. Хэдий судалгаа маань эхний шатандаа байгаа ч урьдчилсан мэдээллээс харахад, монгол эмэгтэйчүүд эрүүл мэнд, хүүхэд, ахмад настан асрах үйлчилгээ, цэвэрлэгээ, жижиглэн худалдаа, гоо сайхан, логистик зэрэг салбарт түлхүү ажиллаж байна.
Мөн сүүлийн жилүүдэд онлайн худалдаа, ресторан, барилгын туслах үйлчилгээ, санхүүгийн болон орчуулгын үйлчилгээ зэрэг чиглэлээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тоо өсөж байна.
-Та Монгол Улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна гэж боддог вэ. Цаашид Америк, Монголын хооронд гүүр болж, ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ? -Миний сэтгэл зүрхэнд эх орон, монголчуудаа дэмжих хүсэл мөрөөдөл үргэлж байдаг. Би санхүүгийн мэдлэг, ялангуяа хувийн болон аж ахуйн нэгжийн санхүү, татвар, зээлийн талаарх ойлголтоо хуваалцсанаар хувь хүн болон бизнес эрхлэгчдийг мэдээлэлтэй, оновчтой шийдвэр гаргахад нь туслахыг зорьдог. Энэ нь амьдралын чанар, бизнесийн амжилтаа бататгахад нь чухал нөлөөтэй.
Мөн АНУ-д бизнес эрхлэгч монголчууддаа дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ АНУ-ын зах зээлд орохыг хүсэж буй Монголын бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, тусламж хүргэхэд анхаарч байна.
Санхүүгийн боловсрол бол урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс юм. Цаашид Монголд болон гадаадад амьдарч буй монголчуудынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын тулд өөрийн ур чадварыг зориулан ажиллах болно.
Бизнесүүд ихэвчлэн тулгардаг бэлэн мөнгөний урсгал, татвар, зээл, бизнесээ өргөжүүлэх зэрэг бэрхшээлийг даван туулахад нь туслахыг хүсч байна. Мөн 2026 оноос Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес Аялал” сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ сургалтаар оролцогчид Америкаар аялж, Америкийн компаниудаас туршлага судалж улмаар бизнесээ хөгжүүлэх боломжтой болох юм.
-АНУ руу бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж буй Монголын бизнес эрхлэгчдэд та юу зөвлөх вэ?
-АНУ-ын зах зээл, хэрэглэгчдийн онцлог, хэрэгцээг нарийвчлан судлахыг хамгийн эхэнд зөвлөе. Танай бүтээгдэхүүний чанар, гадаад үзэмж олон улсын стандартад нийцэж байгаа эсэх нь маш чухал. Мөн чадварлаг баг бүрдүүлж, АНУ-ын зах зээлийг сайн ойлгосон ментортой хамтран ажиллах нь болзошгүй алдаанаас, ялангуяа их хэмжээний санхүүгийн алдагдлаас сэргийлэх, хүндрэлийг даван туулахад ихээхэн тус болно.
“Монголын хүч ба Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” дугаарын 89-91-р нүүр
2025.08-р сар
