Махны үнийн дарамт нэмэгдсээр…
Монголчуудын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн махны үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байна. Манай улс малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт ордог ч хүн амын төвлөрөл, нийлүүлэлтийн сүлжээний оновчгүй бүтэц нь хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжийг хязгаарладаг гэж судлаачид үздэг.
2026 оны гуравдугаар сарын 9-ний байдлаар томоохон захууд дээр махны дундаж үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгджээ. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар захууд дээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 21,197 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 25,841 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Харин жижиглэнгийн болон томоохон сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны үнэ 30 мянган төгрөгт хүрээд байна.
2019 оны гуравдугаар сард үхрийн ястай махны үнэ дунджаар 9,390 төгрөг, харин хонины ястай мах 7,945 төгрөгийн үнэтэй байжээ. Өөрөөр хэлбэл, долоон жилийн хугацаанд үхрийн махны үнэ бараг 2.7 дахин, хонины махны үнэ 2.6 дахин өссөн гэсэн үг.
Энэ өсөлт нь зөвхөн махны зах зээлд биш, нийт хүнсний инфляцын өсөлтийг харуулж байгаа юм. Махны үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь улирлын шинжтэй нийлүүлэлтийн савлагаа.
Нөгөө талаас, тээвэр логистикийн зардал, нийслэлийн хүн амын өсөлт махны үнэд тодорхой нөлөө үзүүлдэг.
Сүүлийн жилүүдэд шатахууны үнэ, тээврийн үйлчилгээний зардал өссөн нь махны эцсийн үнэд шингэж байна. Үүн дээр хөргөлт, хадгалалтын зардал, жижиглэнгийн худалдааны ашиг зэрэг хүчин зүйлсийг нэмбэл махны жижиглэнгийн үнэ захын үнээс илүү өндөр тогтоход хүргэж буй. Тиймээс зах зээлийн бүтцийг илүү үр ашигтай болгох, нийлүүлэлтийн системийг шинэчлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
