Эмэгтэйчүүдийн хөдөлмөр дутуу үнэлэгдэж байна

B Shurenchimeg
2026-03-17 11:37:34

Дэлхий даяар нийт эмэгтэйчүүдийн дөнгөж 48.7 хувь ажил эрхэлж байгаа нь эрэгтэйчүүдийн 73 хувьтай харьцуулахад үлэмж ялгаатай үзүүлэлт юм. Дэлхийн Банкны тооцооллоор, хөдөлмөрийн зах зээлд хүйсийн энэхүү эрс ялгааг арилгаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг эрэгтэйчүүдийнхтэй адил болгож чадвал дэлхийн ДНБ 20 гаруй хувиар өсөх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, жендэрийн тэгш байдал нь нийгмийн шударга ёсны асуудлаас гадна, эдийн засгийн асар том нөөц боломж юм.

Монгол Улс 2025 оны Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр 65 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оноос 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээрээ Зүүн Ази, Номхон далайн бүсэд тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Гэвч энэ ахицыг бүтцийн шинжтэй асуудлууд шийдэгдсэний илрэл биш, харин боломж нээгдэж эхэлсний дохио гэж харах нь илүү бодитой болов уу. 

Сүүлийн таван жилийн дундаж цалингийн үзүүлэлтээс харахад манай улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн орлогын зөрүү тогтвортой хадгалагдсаар байна. Тухайлбал, 2024 онд эрэгтэйчүүдийн сарын дундаж цалин 2.57 сая төгрөгт хүрсэн бол эмэгтэйчүүдийнх 2.08 сая төгрөг байна. Энэ нь зөвхөн нэг жилийн ялгаа биш, 2020 оноос хойш тасралтгүй хадгалагдсан зөрүү юм. Цагийн хөлсний хувьд эрэгтэйчүүд 10.1 мянган төгрөг, эмэгтэйчүүд 8.3 мянган төгрөгийн дундажтай байна. Эндээс харахад хөдөлмөрийн үнэлэмжийн ялгаа зах зээлийн түвшинд хадгалагдсан хэвээр байгаа юм. 

 

Энэ зөрүүг зөвхөн боловсрол, ур чадварын ялгаагаар тайлбарлах боломжгүй. Монголд дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийн тоо өндөр байдаг ч хөдөлмөрийн зах зээл дээр тэдний хөдөлмөрийн үнэлгээ доогуур хэвээр байна.

Асуудал нь хүний капитал бус, институцийн орчин, салбарын бүтэц, нийгмийн хэвшмэл ойлголтод оршиж байна. 

Ажилгүйдлийн түвшний динамик ч мөн сонирхолтой зураглал өгнө. 2021 онд ажилгүйдэл оргилдоо хүрч, эрэгтэйчүүдийнх 8.7 хувь, эмэгтэйчүүдийнх 7.8 хувь байсан бол 2023 онд буурч, 2024 онд эргээд бага зэрэг өссөн байна. Гэхдээ бүх хугацаанд эрэгтэйчүүдийн ажилгүйдэл эмэгтэйчүүдээс өндөр байгаа нь анхаарал татна. Энэ нь эмэгтэйчүүд илүү тогтвортой, гэхдээ бага цалинтай ажлын байр эзэлдэг, харин эрэгтэйчүүд өндөр цалинтай ч илүү савлагаатай салбарт төвлөрдгийг илтгэнэ.

Санхүүгийн хүртээмжийн асуудал энэ дүр зургийг улам тодруулж байна. Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү 1.2 тэрбум ам.долларт хүрсэн гэх тооцоо бий. Энэ нь зөвхөн зээл олголтын асуудал биш, харин эдийн засгийн боломжийг тэгш хүртээж чадахгүй байгаагийн илрэл юм. Хэрэв энэ зөрүүг нөхөж чадвал жижиг, дунд бизнесийн салбар дахь өсөлт хурдасч, ажлын байр нэмэгдэх бодит боломж бий. 

Олон улсын туршлагаас харахад эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх бодлого нь хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг байдаг.

Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хүүхэд асрах үйлчилгээ, уян хатан ажлын нөхцөл, тэгш цалингийн хууль нь зөвхөн орлогын тэгш байдлыг сайжруулаад зогсохгүй, нийт эдийн засгийн бүтээмжийг өсгөдөг. 

Монгол Улсад ч ийм бодлогын “дараагийн ахисан шат” шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчин сайжирсан ч хэрэгжилтийн чанар, институцийн уялдаа сул хэвээр.  Жишээлбэл, ижил хөдөлмөрт ижил цалин олгох зарчим бодит байдал дээр бүрэн хэрэгждэггүй, санхүүгийн салбар дахь жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй байна. 

Жендэрийн тэгш бус байдал нь дан ганц “эмэгтэйчүүдийн асуудал” биш. Энэ нь эдийн засгийн үр ашиг, өсөлтийн боломж, өрсөлдөх чадварын ч асуудал юм. Монгол Улс энэ нөөцийг бүрэн ашиглаж чадвал зөвхөн тэгш нийгэм байгуулаад зогсохгүй, эдийн засагт илүү хурдтай, тогтвортой өсөлтийн шинэ эх үүсвэрийг нээх боломжтой. 

 

B Shurenchimeg