Ард иргэддээ “цахилгаан бэлэглэсэн” эрчим хүчний баатрууддаа баярлалаа

Sarangerel
2026-03-18 13:55:55
Ангилал: Эрчим хүч

“Айл бүрийн тооноор цахилгаан гэрэл түгээх” нь монтёр хүний цээжиндээ тээдэг бахархал. Тэгвэл эрчим хүчний салбарын 16 мянга гаруй ажилтан бүгд Монголын харанхуйг гэрэлтүүлж, эх орныхоо хөгжилд гэрэл гэгээ нэмэхээр ажиллаж буй “монтёрууд” юм. Тэдэнд унтах, ядрах, янгуучлах эрх байхгүй. Зүрхэнд нь бадамласан итгэл, найдвар, бахархлынхаа төлөө тэд өнөөдрийг хүртэл зүтгэсээр, ажилласаар. Туйлдаа хүртэл ядарсан эрчим хүчний салбар өнөөдөр тэдний нуруун дээр л оршин тогтнож байна. Тог, цахилгаангүй бол орчин үеийн амьдралыг төсөөлөөд ч хэрэггүй. Гэтэл энэ чухал салбараа төр засаг нь ч, ард иргэд нь ч тоохгүй хаясан гэхэд хэлсдэхгүй. Харин улс орноо, ард иргэдээ цахилгаан, дулаанаар найдвартай хангахын төлөө эрчим хүчний салбарын олон мянган ажилтан өдөр шөнөгүй зүтгэсээр. Он цаг улирсаар.

Эрчим хүчний салбарын ажилтнуудын сэтгэл, зүтгэл, чадвар, туршлагын хүчээр энэ салбар 30 гаруй жилийн турш хэрэглэгчдээ найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангах үүргээ бахархалтай биелүүлж ирлээ. Гэвч тэдний тэвчээрийн тог тасраад удаж байна. Эрчим хүчний салбар шинэ зуунд шинэ бодлого, шинэ эрч хүч, шинэ системээр мэндлэх цаг нэгэнт ирсэн ч эс үйлдэл хийсээр өнөөдрийг хүргээд байна.

Учир юу вэ гэвэл 60 гаруй насыг зооглосон дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн ашиглах хугацаа дууссан, хуучирсан, хоцрогдсон. Хэзээ л бол хэзээ нам зогсоход бэлэн техник технологиуд, хэзээ л бол хэзээ тасрахад хүрсэн өндөр настай цахилгаан шугам сүлжээний утаснууд. Энэ салбарыг ингэж доройтоход хүргэсэн гол буруутан бол төр, засаг. Олон жил хаягдсаар, хөгжлийн гадна үлдсээр, үнэхээр бадар барихад хүрчээ, энэ салбар. Аливаа улсын эдийн засгийн гол хөшүүргийн нэг байх ёстой тус салбар өнөөдөр төсвөөс нулимсан жаахан мөнгөөр амь зогоож сууна. Салбарын ажилтнуудын туйлын хүсэл нь үнэ тарифаа зах зээлийн зарчмаар тогтоолгуулж, засаглалаа сайжруулж, хувийн хэвшлийн хүчтэй оролцоог бий болгож, зах зээлийн зарчмаар ажиллаж, цалин хөлсөө нэмэгдүүлж, нийгмийн асуудлаа сайжруулж, найдвараа эргэн сэргээх юм.

Эрчим хүчнийхэн дээрх асуудлуудаас илүү том асуудалтай өнөөдөр нүүр тулсан. Энэ бол эрчим хүчний салбарын мэргэшсэн ажиллах хүчин зуу зуугаараа ажлаа орхин гарч буй явдал юм. Ингэснээр тус салбар хүний нөөцийн хомсдолд ороход ойрхон болжээ. Энэ бол хуучирсан, өндөр настай тоног төхөөрөмжүүдээс ч илүү том аюул заналхийлж буй гэдгийг ойлгох ёстой. Олон жилийн сургалт, хөдөлмөр, хичээл зүтгэлээр нарийн мэргэжлийн ажилтнуудыг сурган дадлагажуулж, мэргэшүүлдэг тогтолцоо тус салбарт үйлчилдэг. Ийм үнэ цэн бүхий ажилтнуудаа олноор алдсаар байгаа нь эрчим хүчний салбарын маш том аюул гэдгийг дахин онцольё. Мөнгө төгрөг нь байвал тоног төхөөрөмж худалдан авч, шинээр сольж болох. Харин инженер техникийн ажилтнуудыг юугаар ч сольшгүй юм. Тэд бол эрчим хүчний салбарын зүрхүүд, гол баатрууд.

Эрчим хүчний салбарын алдагдлыг ажилтан үүрэх ёсгүй

Эрчим хүчний салбар бол ахмад, дунд, залуу үеийн холбоос дээр оршин тогтнодог онцлогтой салбар. Ахмад үе нь дунд үеэ боловсруулах, бүх мэдлэгээ өвлүүлж туршлага үлдээхэд анхаарал тавьдаг. Дунд үе нь залуу үеэ хамгаалах, ажил мэргэжилдээ дуртай болгох, бахархах сэтгэлийг нь төрүүлдэг бол залуу үе нь ажил мэргэжилдээ дуртай, салбараараа бахархах сэтгэлтэй төлөвшиж хөгждөг.

Эрчим хүчний салбарын хүн бүрийн сэтгэл зүрхэнд нэг эмзэглэл өнөөдөр байна. Тэд салбарынхаа бэрхшээл, асуудлын талаар ярихдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж байхыг сэтгүүлч би анзаарсан. Тэд ажил мэргэжлээрээ бахархдаг, хамт олондоо хайртай учраас өнөөдрийг хүртэл ажилласаар байна.  Тэдэнд асуудлыг зоригтой хэлж ярих эрх чөлөө, зах зээлийн зарчмаар ажиллах эрх зүйн орчин, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж тэр бүр алга. Эрчим хүчний үнэ тарифыг хүчээр барьж ирсэн төрийн бодлого, амин хувиа хичээсэн улстөрчдийн увайгүй шунал, эрчим хүчний салбарыг мөхөөж, ажилтнуудын тэвчээрийн тогийг ийн тасалж эхэллээ. Тэдний нүдэнд бахархлын гал асах бус гуниг гутралын дөл харагдаж байна. Эрчим хүчний салбарт  жаахан ч болов гэрэл гэгээ байдаг бол тэр нь ажилчдынх нь гавьяа. Харин үе үеийн төр засгийн эрх баригч намууд, Засгийн газар, Ерөнхий сайдуудад энэ салбарыг туйлдуулсан гавьяа л оногдоно. Эрчим хүчний салбарын алдагдал, зовлонг ажилтан үүрэх ёсгүй.

Улс орноо, ард иргэдээ хүнд хэцүү нөхцөлд цахилгаан, дулаанаар тасралтгүй хангаж, гэрэл гэгээтэй амьдрал бэлэглэхийн төлөө зүтгэж ирсэн эрчим хүчний салбарын ахмад, дунд, залуу үеийн 16 мянга гаруй ажилтан, баатрууддаа “Mongolian Economy” болон “Эрчим хүч сэтгүүл”-ээс баярлаж талархсанаа илэрхийлье.