АНУ-ын виз монголчуудад 15000 ам.долларын босготой боллоо

B Shurenchimeg
2026-03-19 15:40:46

АНУ-ын дотоодын улс төрөөс шалтгаалж виз олгох журам нь гадаадынх иргэдэд улам бүр хатуу чанга болсоор байна. Тухайлбал, нийт 50 улсын иргэдээс 15,000 ам.долларын визийн бонд буюу барьцаа байршуулахыг шаардана гэдгээ тус улс өчигдөр зарлалаа. Эдгээр орны дийлэнх нь Африк тивийнх бөгөөд үүнд Монгол Улс багтаад байна. 

Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1, B2 ангиллын визний шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз олгохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах аж. Уг шаардлагыг визийн ярилцлагын үеэр консулын үнэлгээнд үндэслэн сонгомол байдлаар тавих бөгөөд барьцааг бүрэн байршуулсны дараа виз олгогдох юм. АНУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчдэд гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан төлбөр хийхгүй байх, зөвхөн албан ёсны зааврыг дагахыг онцгойлон анхааруулсан байна. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийг визийн хугацаа хэтрүүлэх, хууль зөрчих эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

Учир нь АНУ-ын визийн бонд хөтөлбөр нь визийн хугацаа хэтрүүлэх, хууль зөрчих эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд тавьдаг санхүүгийн баталгаа юм. Тухайн улсын иргэн АНУ-д байх хугацаандаа нөхцөлөө зөрчихгүй, визийн хугацаа хэтрүүлэлгүй буцаж гарсан тохиолдолд барьцааг буцаан олгодог. Харин ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд барьцааг шууд хураах зохицуулалттай механизм юм. АНУ-ын визийн бонд жагсаалтад 38 улс багтаж байсан бол 12 орон нэмж орууллаа. 

B1, B2 виз нь богино хугацааны, цагаачлалын бус ангиллынх юм. 

-B1 визийг бизнесийн зорилготой буюу албан уулзалт, хэлэлцээр, семинар зэрэгт оролцох виз хүсэгчдэд олгодог. 

-B2 визийг аялал жуулчлал, гэр бүл дээрээ зочлох, эмчилгээ зэрэг хувийн журмаар зорчих тохиолдолд олгодог. Ихэнх тохиолдолд эдгээрийг хослуулан B1/B2 виз хэлбэрээр олгодог байна. 

B Shurenchimeg