Цахилгаан, дулааны үнэ нэмэгдүүлэхэд алсдаа ард иргэд талархана, Г.Занданшатар сайд аа!!!

Sarangerel
2026-03-24 15:30:34
Ангилал: Эрчим хүч

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг хатуу хориглосон. Дулааны цахилгаан станцуудад гэмтэл гараад иргэд гэрэл, цахилгаангүй байх үеэр шүү дээ. Гэвч энэ шийдвэр нь ард иргэдээ бодсон мэт харагдавч, эргээд үр дагавар нь хортой байсныг мэдэх хүн тун ховор. Энэ шийдвэр нь нэг ёсондоо ард иргэддээ тал засах гэсэн, ирэх 2028 оны сонгуульд бэлдсэн л арга төдий байв.  

Учир юу гэвэл, үе үеийн Засгийн газрууд олон жилийн турш улс төрийн зорилгоор эрчим хүчний тарифыг өртөгөөс нь доогуур барьж ирсэн. Энэ нь эргээд Эрчим хүчний салбарыг татан унагааж, цахилгаан станцууд нь дэлбэрэх дээрээ тулаад байгааг мэдээгүй биш, мэдэж байсан.

Уг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнийг 85 хувиар нэмэх шийдвэрийг 2024 онд гаргаж байсан. 2026 онд дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч ийнхүү хойшлов. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг бол бодит өртөг нь 62960 төгрөг болох ёстой. Харин цахилгааны тухайд, өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хоорондох хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор байв.

Эрчим хүчний салбарын урт хугацаатай төлбөр 2.1 их наяд төгрөг бол, ойрын хугацаанд 3 их наяд төгрөгийн өр төлбөрт орно 

Гэвч цахилгаан, дулааны үнэ тарифыг зах зээлийн өртөгт хүргэх шийдвэрийг Засгийн газраас  хатуу хориглосноос болж алдагдлын зөрүүг эрчим хүчний салбар хангалттай үүрч, 2025 онд өр төлбөр нь 629 тэрбумд хүрлээ. Урт хугацаатай төлбөр нь 2.1 их наяд төгрөг бол, ойрын хугацаанд 3 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөрт орох зовлонт тавилантай учирна гэдгийг Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн хэлсэн билээ. Тиймээс энэ өр, төлбөрийг барагдуулахын тулд цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхээс өөр ямар ч сонголт үгүй.

Улаанбаатар хотод шинээр орон сууц ашиглалтад орох боломжгүй болсон

Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн “Дулааны үнийг айл өрхүүдэд 100 хувиар нэг дахин нэмэх, аж ахуйн нэгжүүдийг 70 хувь нэмэх шийдвэрийг 2024 онд гаргасан. Үүнийг мөрдөж эхлэхгүй бол үнэндээ бүтэхгүй. 10 төгрөгөөр үйлдвэрлээд 3 төгрөгөөр борлуулж байгаа. 7 төгрөг нь алдагдал болж байгаа. Улаанбаатар хотод шинээр ямар ч орон сууц ашиглалтад орох боломжгүй.

Эрчим хүчний үнийг 2026 онд 18 хувиар, 2027 онд 14 хувиар нэмэх шаардлага байна. 2028 оноос индексжүүлээд явахад бололцоо гарч ирнэ. 300 квт-ын хэрэглээтэй айл 78 мянган төгрөг төлдөг бол 18 хувиар нэмэгдүүлсний дараа 87 мянган төгрөг болно. Дахиад 14 хувийг нэмбэл 98 мянган төгрөг болно.

Улаанбаатар хотод 1 ам метр орон сууцны сарын халаалтын төлбөр 506 төгрөг байна. 557 төгрөг болно. 50 ам метр квадраттай орон сууцтай айл 27900 төгрөг төлж байгаа. Үүнийг 54000 төгрөг болгох тухай ярьж байгаа” хэмээсэн билээ.

Тэдний төлөө биш харин хорлох үйл ажиллагаа явуулж байгааг ард иргэд алсдаа мэднэ

Ер нь Засгийн газар цахилгаан, дулааны үнийг нэмэхийг хориглох бус ард иргэддээ ойлгуулж, шат дараатай нэмэгдүүлэх нь зөв алхам юм. Монголчууд тэнэг биш. Ирэх өвөл цахилгаан, дулаангүй өвөлжихийг хэн ч хүсэхгүй. Улсаараа, ард иргэдээрээ хамтраад эрчим хүчний салбараа шалбаагнаас татаж гаргаж ирэх цаг тулаад ирсэн байна. Гурван жилийн турш улс нь, иргэд нь бүсээ чангалаад сэтгэл зүрх гаргавал эрчим хүчний салбараа хөл дээр нь босгоод л ирнэ.

Өмнөх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар ч сонгуульд бэлдэхийн тулд эрчим хүчний салбарыг золиослов. Золиослоод, зүтгүүлээд, чардайлгасаар эрчим хүчний салбар нь амь тавьж байна. Амь тавьж байгааг ард иргэд ч мэдэж байгаа. Тиймээс эрчим хүчний салбараа, Монгол Улсынхаа ирээдүйг золигт гаргахаа зогсоо, Ерөнхий сайд Г.Занданшатар аа!!!. Ард түмэн тэнэг биш. Тэдний төлөө биш харин хорлох үйл ажиллагаа явуулж байгааг тэд алсдаа мэднэ. Харин ч цахилгаан, дулааны үнэ нэмэхэд ард иргэд талархана. Тэд ойлгоно.