Б.Батлхагва: Эрчим хүчний салбарын хувийн хэвшлийнхэн хоолойгоо багалзуурдуулсан
“Монхорус интернэйшнл” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, Эрчим хүчний зөвлөх инженер Б.Батлхагватай ярилцлаа.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Эрчим хүчний салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би эрчим хүчний инженер мэргэжилтэй. Хувийн хэвшилд хөл тавихаас өмнө “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанид Техникийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байлаа.
Хувийн хэвшил руу орсноос хойш хэд хэдэн төсөл дээр ажилласан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д байхдаа “Ньюком” группийн Салхит салхин парк дээр 150 орчим хүнтэй баг хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байлаа. Төрд ажиллаж байхдаа нэг төрлийн ашиглалтын чиглэлийн л ажил хийдэг байсан бол төслүүд дээр ажиллаад ирэхээр төсөл болгон өөр өөрийн онцлогтой байсан нь сонирхол татсан.
Олон улсын хөрөнгө оруулагчидтай ажилласнаар тэдний онцлог, давуу талуудаас суралцах, аргачлалыг нь харьцуулж шинэ мэдлэг мэдээлэл олж авах нь сайхан байдаг. Хоосон цаасан дээр зурагдаж байсан төсөл хөрөнгө оруулалтаа босгоод бүтээн байгуулалт нь өрнөөд ирэхээр үнэхээр сайхан мэдрэмж авдаг. Тиймээс хувийн салбар руу орсон юм.
–“Монхорус интернэйшнл” ХХК эрчим хүчний салбартаа томоохонд тооцогддог мэргэжлийн компани. Та бүхэн юунд төвлөрч ажиллаж байна вэ?
-Хувийн салбарт ороод 13 дахь жилдээ ажиллаж байна. Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголдоо нутагшуулах ажлыг маш их хийсэн. Эрчим хүчний салбарт олон ноу хау оруулж ирж байсан туршлагатай. Томоос нь ярьвал Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийн бүх тоног төхөөрөмжийг манай компани нийлүүлсэн. Энэ төсөл дээр 5-6 жил ажилласан. Монголд байгаа гурван салхин паркийн төслүүдэд тодорхой хэмжээний ажлууд хийлээ. Монголд том чадлын нарны 10 цахилгаан станц бий. Эдгээрээс долоон станцын бүтээн байгуулалтад тодорхой хэмжээгээр оролцож, гурван төсөл дээр нь гүйцэтгэгчээр ажилласан. Бид сэргээгдэхийн болон дамжуулахын төслүүд дээр голдуу ажилладаг. Эх үүсвэрийн дулааны цахилгаан станцууд дээр ч мөн ажилладаг.
Салбар маань өөрөө их жижиг учраас бүх зүйл рүү орж ажиллахаас өөр аргагүй. Өрсөлдөөн ихтэй ч зах зээл маш бага. Амьд үлдэхийн тулд бүх юм руу орж байна даа.
Харин тархмал эх үүсвэрийн чиглэлээр “Монхорус Солар” компанийг байгуулж, нарны дээврийн төслүүд дээр ажиллаж байна. Мөн эрчим хүчний эх үүсвэрийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн холбоог гурван инженертэй хамтарч байгуулсан. Энэхүү холбоогоороо дамжуулж гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” гэсэн амбицтай бодлого дэвшүүлсэн атал журмын энэ өөрчлөлт нь “чөлөөлье биш, чөдөрлөе” болоод байна.
-Тархмал эх үүсгүүрийн журмын шинэчлэлд 20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход нийт зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа ажлын 11 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Тус журмын хэлэлцүүлэгт танай холбоо идэвхтэй оролцож харагдсан. Та бүгдийн санал хэр туссан бэ?
-Нарны дээвэр хийдэг маш олон компани байдаг. Төрийн бус байгууллагынхаа хүрээнд судалхад 60-70 компани байсан. Харин тусгай зөвшөөрлөө авсан нь 10 хүрэхгүй. Арван инженер, техникийн ажилтантай байж тусгай зөвшөөрөл авдаг байсан бол журмын шинэчлэлээр дөрвөн инженер техникийн ажилтантай байхад авдаг болгосон.
Хуучин журмын хүрээнд гардаг байсан асуудлуудыг бүх шатандаа ойлгуулах гэж их явсан. Олон хуралд илтгэл тавьж, зовлонгуудаа ярьсан. Үүний ачаар төр засгаас дэмжиж, тогтоол гаргалаа. Гэхдээ журам нь бидний хүссэн хэмжээнд гараагүй. Хязгаарлалт, шат дамжлага нь их хэвээрээ л байгаа. Харин илүү ойлгомжтой болсон гэж бодож байна.
-Хязгаарлалт, шат дамжлага нь хэвээрээ үлдсэн гэж та хэллээ. Яг ямар зохицуулалт нь асуудалтай гарсан юм бэ?
-Зарчмын хэд хэдэн томоохон дэвшил гарсан ч ерөнхий концепц нь хэвээрээ үлдсэн. Тухайлбал, иргэн 20 кВт-аас дээш техникийн нөхцөл авахыг хориглочихсон. Уг нь УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” гэсэн амбицтай бодлого дэвшүүлсэн атал журмын энэ өөрчлөлт нь “чөлөөлье биш, чөдөрлөе” болоод байна. Мөн 20 кВт-аас дээш бүх эх үүсвэрийг заавал батарейтэй байх ёстой гэдэг зохицуулалт орууллаа. Энэ бол нэг төрлийн захиргаадалтын арга.
Монголд ойрын 10 жилд үүсэхээргүй, бараг бүх айл өрх, аж ахуйн нэгж нарны панель барьсны дараа үүсэх магадлалтай хүндрэлийг өнөө маргаашгүй үүснэ гэж тооцон хатуу журамлалаа. Энэ нь Н.Учрал даргын “Чөлөөлье” гэсэн бодлогын эсрэг журам болон батлагдсан.
Төрийн бус байгууллагын олон гишүүн үүнийг болохгүй гэж хэлсэн ч хүч хүрсэнгүй. Гэхдээ өөр олон дэвшил, сайжралт тусгагдсан. Дараа нь энэ журмыг сайжруулж болох байх гэж бодож байна.
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөцөө ашиглаж чадахгүй өнөөдрийг хүргэсэн. Харин сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч рүү чиглэсэн хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг ажил хэрэг болгох хувийн компаниудын чадамж дутмаг байна гэж Шадар сайд Т.Доржханд хэлж байсан. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Олон компани байгаа. Харин ч эсрэгээрээ, компаниуд мөнгө хайгаад байгаа шүү дээ. Төслийн санаанууд маш их байна. Төрөөс зохицуулалтаар дэмжих нь л сул байна.
Хэт өндөр үнэтэй тариф батлах нь гэж айгаад бүх төслийг гацаагаад байгаа. Өндөр үнэтэй төслийг явуулсан гэдэг хэл ам гарна гэж айгаад эс үйлдэл хийдэг. Сайхан юм бодоод төслийг явууллаа гэхэд тэр хүн дараа нь өндөр үнэтэй гэрээ зурсан гээд алуулах байхгүй юу. Золиос болохоос айгаад эрх мэдэлтэй хүмүүс нь төслүүдийг зоригтой дэмжиж чадахгүй байна. Өөр дээрээ эрсдэл авч чадах хүмүүс л төслүүдийг явуулах байх.
Хөрөнгө оруулагчийг одоо “Та нар бүтээгдэхүүнээ хямд борлуул” гэж шахаж болохгүй
-Дундаас нь боломж олж харж байгаа юу?
-Зөндөө боломж байна. Гагцхүү хийхэд нюанс их байдаг гэдгийг мэдрээд байгаа. Ямар ч төсөл эдийн засгийн өгөөжтэй байх ёстой. Энэ өгөөж нь Монголд бий болохгүй болохоор хэн ч хөрөнгө оруулахгүй байна. Ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх нь жам ёсны асуудал.
Эрчим хүчний төслүүдэд хугацаа их шаардагддаг. Технологи нь үнэтэй үед эхэлж байсан төсөл тодорхой хугацааны дараа хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа хүртэхийн тулд хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалтаа нөхөөд, тодорхой хэмжээний төлөвлөсөн ашгаа олсны дараа буюу цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссаны дараа маш хямд үнээр эрчим хүчээ зарах боломж нээгдэх ёстой. Анхлан хөрөнгө оруулалт хийх нөхцөл болсон тогтвортой байдлын гэрээг дундаас нь хүчээр өөрчилж болохгүй. Нэгэнт хөрөнгө оруулаад ашиглалтад орчихсон төслүүдийг одоо баалаад байж болохгүй. Алдаан дээрээ суралцаад дараа дараагийн төслүүддээ алдаагаа давтахгүй л урагшилдаг баймаар байна.
Хэдэн жилийн дараа ашгаа хүртэх гэж байгаа хөрөнгө оруулагчийг одоо “Та нар бүтээгдэхүүнээ хямд борлуул” гэж шахаж болохгүй. Энэ нь хөрөнгө оруулалтыг олон улсад муухай харагдуулах үйлдэл юм. Анх гэрээ хийхдээ л 2 тал хүлээн зөвшөөрөхүйц хэмжээний ашиг олох боломжтой нэгж үнэ болон гэрээний хугацаагаа сайн тохиролцох ёстой. Улстөрчид өндөр үнэтэй гэрээ хийсэн байна гэж өнгөрсөн хойно нь баалж болохгүй. Монголын энэхүү тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид бүх салбарт орж ирэхээс айгаад байна.
-Эрчим хүчний олон төсөл, хөтөлбөр хэрэгжлээ гэж бодъё. Тэгвэл тэд ашгаа олохын төлөө үнээ нэмж л таарах байх. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Үнэ бол бас л асуудал. Цахилгааны төлбөрөө хэрэглэсэн хэмжээгээрээ төлөх ёстой байтал төрөөс хүчээр үнэ тарифыг нь бага байлгаж бариад эргээд цөөхөн татвар төлөгчдийнхөө халааснаас зулгаагаад байхаар утгагүй биз дээ. Ийм байдалтай маш олон жил явлаа. Дулааны салбарт гэхэд үнэ нэмэхийг зогсоосон. Маш их алдагдалтай тарифтай байхад л улс төрийн шийдвэр гаргаад зогсоож байгаа юм. Энэ бол дараагийн сонгуульд сонгогдохын тулд хийдэг ажил.
Уг нь эрчим хүчний үнийг хамгийн бага түвшинд барьж чаддаг улс хөгждөг. Гэхдээ захиргаадалтын аргаар үнийг нь хүчээр бага байлгаад алдагдалд оруулж, дампууруулах байдлаар биш л дээ. Жинхэнээсээ үнийг нь хямд байлгах ёстой. Үүний тулд төр бодлогоор орж ирж ажиллах ёстой. Одоо эрчим хүчний салбар унаж байна. Хэдэн дулааны цахилгаан станц маань өвлийн цагт зогсоход бэлэн байна.
Хөрөнгө оруулалтаа нөхөх зохицуулалтыг төр хийхгүй байгаа учраас эрүүл зах зээл бүрдэхгүй байгаа юм.
-Та гаднын олон төсөл, хөтөлбөр дээр ажилласан. Тэндээс авч үлдсэн, санаа авсан Монголдоо хэрэгжүүлчихээр зүйлс байсан уу?
-Улс орон болгоны эрчим хүчний салбараа хөгжүүлж байгаа арга барил өөр. Тиймээс бид тэдгээрийг 100 хувь хуулбарлаад амжилтанд хүрэхгүй. Монголын онцлог байх ёстой. Сайн туршлагуудыг нь хуулбарлаж ашиглах нь зохимжтой. Өндөр хөгжсөн улс орнууд манайхаас 100 жилээр түрүүлээд явж байна. Дэлхийгээр тарсан маш олон технологи байна. Тэдгээрийг Монгол Улс эхнээс нь туршиж үзэж байвал зүгээр юм билээ. Туйлын зөв, туйлын мундаг юм гэж байхгүй шүү дээ.
-Эрчим хүчний салбарын хувийн компанид ажиллах нөхцөл байдал ер нь ямар байдаг вэ. Олон саад бэрхшээл байдаг нь тодорхой. Гол нь боломж хэр байна вэ?
-Эрчим хүчний салбарыг өнөөдөр тарифаар нь боомилсон шүү дээ. Төрийн өмчит компаниуд амьд үлдэхийн тулд хувийн хэвшлийн төслүүдийг булааж авах шаардлага гарч байна. Борлуулалтын орлого нь тогтмол, баталгаатай, цалиндаа хэзээ ч санаа зовдоггүй, хэдэн мянган ажилтантай төрийн өмчит компанитай хувийн хэвшлүүд өрсөлдөх ямар ч боломжгүй.
Үндсэндээ хувийн хэвшлийг бүгдийг нь багалзуурдаж унагаагаад, дампууруулаад төрийн өмчит хэдэн компани л үлдэх нь шиг байна. Төрийн өмчит компаниуд нь өөрийн үндсэн үүрэгт ажлаа хиймээр байна. Ашиглалтаасаа хангалттай мөнгөө олж, хөрөнгө оруулалтаа нөхдөг. Засвар үйлчилгээгээ хангалттай хийдэг мөнгөтэй баймаар байгаа юм. Хувийн хэвшлийн хийж чаддаг ажил руу ороод байхаар бид яагаад ч өрсөлдөж чадахгүй байна.
Дээрээс нь ашиг сонирхлын зөрчилтэй. Төрийн өмчит компаниуд техникийн нөхцөл өгдөг. Гэтэл зөвшөөрөл өгдөг компаниуд нь өөрөө ажлаа аваад хийгээд байна. Хэтэрхий монополь байгаа биз дээ. Эрчим хүчний тухай хуульд зааснаар төр цахилгаанаар хангагдахыг хүссэн хэн болгоныг цахилгаанаар хангах үүрэгтэй. Гэхдээ төр энэ үүргээ биелүүлдэггүй. Хөрөнгө оруулалтаа нөхөх зохицуулалтыг төр хийхгүй байгаа учраас эрүүл зах зээл бүрдэхгүй байгаа юм.
Солонгос, Япон гэж ярихаасаа өмнө урт хөрштэйгээ эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хийх ёстой
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Түүнийгээ үйлдвэрлэж, гадагшаа экспортлоно гэж олон жил ярилаа. Үүнийг хийхэд юу саад болоод байна вэ. Боломжтой юу?
-Ер нь боломжтой. Азийн супер сүлжээ гээд амбицтай эхэлсэн төсөл бий. Уг төслийн судалгааны ажилд би оролцож байсан. Техникийн хувьд боломжтой төсөл. Эдийн засгийн хувьд ч өгөөжтэй байж болохоор харагдаад байгаа юм.
Хамгийн чухал нь улс төр, геополитик шүү дээ. Хэрэв Хятад Монголоос эрчим хүч авах хүсэлтэй байвал, бүс нутгийн улс орнууд дээрх төслийг явуулах сонирхолтой бол хэрэгжих боложтой. “Монголоос авахгүй ээ” л гэвэл авахгүй шүү дээ. Солонгос, Япон, Хятад, Орос бүгдээрээ бага үнэтэй, ногоон эрчим хүчний эх үүсвэртэй байвал гоё биз дээ. Боломж бол байгаа.Одоохондоо Солонгос, Япон гэж ярихаасаа өмнө урт хөрштэйгээ эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хийх ёстой л доо.
-Хятадад манайхаас сэргээгдэх эрчим хүч худалдаж авах хэрэгцээ шаардлага байгаа юу?
-Хятад аль хэдийн Өвөр Монголын нутагт асар их хэмжээний эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулсан. Гэхдээ хэрэгцээг нь хангахгүй байгаа. Бүс нутгийн хэмжээнд цагийн зөрүү 3-4 цаг байдаг. Нэг газар нь нар мандаж байхад нөгөө газар нар мандаагүй байдаг. Нар мандсан газар нь үйлдвэрлээд л байвал улс орнууд нэгдсэн сүлжээнд холбогдох нь давуу талтай. Энэ дайн тулаан геополитикийн асуудал байгаагүй бол дэлхийг хамарсан нэгдсэн сүлжээ маш гоё ажиллах боломжтой. Шийдэл нь байна. Хийхэд хэцүү.
3600 МВт-ын хүчин чадалтай “Шивээ-Овоо” цахилгаан станц баригдах байсан ч гацсан
-Уг нь геополитикийн асуудлаас бусдаар бол уг төсөл явах боломжтой юм байна, тийм үү?
-Ер нь бол тийм. Хөрөнгө мөнгө босгож болно. Геополитикийн асуудал шийдэгдээд худалдах, худалдах авах гэрээ нь хөрөнгө оруулалтаа нөхдөг бол хэрэгжих боломжтой. Хятадын таван жилийн төлөвлөгөөнд “Шивээ-Овоогоос нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд Бээжинд нийлүүлнэ” гэж оруулсан байдаг. Дээд хэмжээнд хамтран ажиллах санамж бичгээ байгуулаад зөндөө төсөл явсан шүү дээ. Гэвч монголчууд нь ажлаа хийгээгүй. Тиймээс хятадууд монголчуудад итгэхээ байсан.
Миний сонссоноор таван жилийн төлөвлөгөөнийх нь ганц биелээгүй нь манай тэр төсөл гэсэн. Биелэхгүй байх магадлал өндөртэй төсөл дахин оруулж ирж өөрсдийгөө асуудалд оруулах дарга байхгүй шүү дээ. Тиймээс аль болох Монголтой холбоотой төслийг оруулахгүй нь ойлгомжтой.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй хамт Эрчим хүчний сайд, Цахилгаан дамжуулах сүлжээ компанийн захирал зэрэг хүмүүс очиж, Хятадын эрчим хүчний төрийн өмчит компанитай цахилгаан станцын гэрээ зурж байсан. Тэр цахилгаан станцын төслийн хүчин чадал анх 3600 МВт байсан бол дараа нь 5400 МВт, сүүлдээ 9250 МВт болсон. Гэвч тэгээд гацсан даа. Энэ төсөл хэрэгжсэн бол Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох байлаа.
Тухайн үед уг цахилгаан станцаас Монгол Улс авна, авахгүй гэдэг яриа болж байсан. “300 МВт-ыг нь Монголд өгөөч” гэсэн яриа хүртэл гарч байсан. Гэвч тухайн үед Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах технологи нь үнэтэй байсан. Тиймээс асуудлууд гарсан болов уу гэж бодоод байгаа юм. Дээр нь тарифын асуудал байсан байж магадгүй. Тариф дээрээ тохиролцоогүй байх гэж таамаглаж байна. Энэ төсөл хэрэгжсэн бол хятадууд нүүрсний цахилгаан станцынхаа суурилагдсан хүчин чадлын 20 орчим хувьд сэргээгдэх авъя гэж ярьж байсан. Тэгэхээр сэргээгдэхийн эх үүсвэр барьж байгуулаад Хятад руу экспортлох боломжтой байсан. Тэр боломжуудаа алдсан.
Ши Жиньпин дарга олон улсад “нүүрсний хөрөнгө оруулалтаа зогсоолоо” гээд зарлачихсан. Түүнээс хойш энэ төсөл албан ёсоор зогссон. Монголчууд тэр олон жилд үүнийг хийж чадаагүй. Төр засаг ажлын хэсэг гаргаад бага багаар ахиулсан бол болох л байсан юм. Гэвч үе үеийн удирдлагуудын хэнд нь ч ашиггүй байсан байхгүй юу. Ашиггүй төслүүдэд эс үйлдэл гаргадаг шүү дээ. Мөн хэл амнаас айгаад эс үйлдэл гаргадаг.
Эрчим хүчний яам бодлогоо гаргадаг байх ёстой
-Эрчим хүчний яам болон салбарын сайд ажлаа хийж чадаж байна уу. Юун дээр анхаарч ажиллах ёстой гэж та боддог вэ?
-Эрчим хүчний яам бодлогоо гаргадаг байх ёстой. Төрийн бодлого, эрчим хүчний бодлогоо хэрэгжүүлэх дээр анхаарч ажиллах ёстой. Гэвч яам нь аж ахуйн шинжтэй ажил хийсээр байна. Энэ бол үеийн үед байсаар ирсэн асуудал. Нэг хэсэг аж ахуйг нь Эрчим хүчний удирдах газар авч явдаг байсан.
Манай салбар маш хүнд байдалд орчихсон. Ихэнхи тоног төхөөрөмжүүд хуучирсан. Өглөөнөөс орой хүртэл хүндрэл бэрхшээлээ ярьсаар байгаад дуусдаг. Бодлого ярих ямар ч цаг хугацаа байхгүй. Яам бодлогын газартай ч олон жилийн хугацаанд хөгжил ирэхгүй байгаа нь бодлого хэрэгжихгүй байгаатай холбоотой. Эрчим хүч бол зөвхөн яамны асуудал биш. Үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбогддог.
-Үндэсний эв нэгдэл, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний асуудалд байнга санаа зовдог гэж Ерөнхийлөгч ярьж байсан?
-Эрчим хүчний салбараа хөгжүүлэх бодлогыг үеийн үед хэрэгжүүлж чадаагүй нь одоо гай болж байна шүү дээ. Станцуудын жижиг гэмтэл нь Монгол Улсын хэмжээний гэмтэл болж хувираад төрийн гурван өндөрлөг нь тэрийг бодож хонож байгаа бол харамсалтай биз дээ. Монгол Улс бодлого бодох бүр л завгүй болно. Өдөр тутмын аж ахуйн ажилтай орооцолдоод байвал ирээдүйг харсан чиглэлийн ажил хоцрох л байхгүй юу. Өглөөнөөс орой хүртэл эдийн засаг, бодлого боддог нөхдүүд ажлаад эхэлбэл үр дүн заавал гарна л даа.
Хэн нэгэн сайд, хэн нэгэн шийдвэр гаргагч байгаад хэцүү. Хаа очиж манай энэ сайд (Б.Чойжилсүрэн) юм үзсэн хүн учраас галыг өөр дээрээ авч, нэр хүндээ алдахаас айхгүй илэн далангүй хэлж чадаад байгаа юм. Энэ бол хэр баргийн хүнд байхгүй чанар. Нэлээн хэдэн төсөл явж байна. Тэдгээрийг чээжээрээ зоригтой хамгаалаад явж чадаж байгаа нь олон хүнд байхгүй чанар гэж бодож байна. Ихэнх дарга нар аймхай шүү дээ.
Манай салбарын сайдаар ажиллах хүн төсөл хөтөлбөр босгож үзсэн, санхүү эдийн засгийн мэдлэгтэй, улс төрийн тодорхой хэмжээний хамгаалалттай, чадварлаг зөвлөх багтай байвал амжилт гаргана. Зөвлөхүүдийн баг нь хэнээс ч айхгүй үгээ хэлдэг байх ёстой. Даргадаа болохгүй байгаа гэдгийг хэлэхээс айдаг байвал дампуурал шүү дээ. Байгаа байдлыг үнэнээр нь хэлснийхээ төлөө ажлаасаа халагддаг байж болохгүй. Олон өнцгийг сонсож шийдвэр гаргадаг лидертэй байвал хөгжинө гэж хардаг.
