54 жил хүлээсэн нислэг

Mongolian Economy
2026-04-02 11:11:03
Ангилал: Сансар судлал

АНУ-ын NASA байгууллагын хэрэгжүүлж буй Artemis II хөтөлбөр нь хүн төрөлхтнийг сар руу дахин илгээх стратегийн чухал шатандаа орлоо. Өнөө өглөө дөрвөн сансрын нисгэгч эх дэлхийгээс амжилттай хөөрч, сарыг тойрон нисэхээр замд гарсан нь сансар судлалын шинэ эрин үеийг эхлүүлэх чухал алхам болов. Тодруулбал, хүн төрөлхтөн сүүлийн 54 жилд анх удаагаа дэлхийн хөрш сар луу ийн ойртож байна.  
Артемис II хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисэгч “Орион” хөлөг болон “Space Launch System (SLS)” хүнд даацын пуужин ашиглан сарыг тойрон 10 хоног нисэх юм. Энэ удаагийн багт эмэгтэй болон өнгөт арьст анхны сансрын нисэгчдийг оруулсан нь олон талт байдлыг илэрхийлж, сансар судлалын салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна.
Техникийн хувьд уг нислэг нь дараагийн том зорилго болох саран дээр хүн буулгах “Артемис III”-ийн бэлтгэл шат юм.

Иймээс хөлгийн аюулгүй байдал, навигаци, амьдрах орчныг бодит нөхцөлд турших стратегийн ач холбогдолтой. Мөн дэлхийн таталцлын нөлөөнөөс гарч, Сар орчмын орчинд удаан хугацаагаар ажиллах хүний бие махбодын хариу үйлдлийг судална. Түүнчлэн энэ нислэгийн хамгийн чухал хэсэг нь “free-return trajectory” буюу ямар нэгэн осол, системийн доголдол гарсан тохиолдолд таталцлын механизмаар дэлхий рүү автоматаар буцаж ирэхээр тооцоолсон аж. Шинжээчдийн үзэж буйгаар Артемис хөтөлбөр нь зөвхөн шинжлэх ухааны төдийгүй геополитикийн ач холбогдолтой. Сар нь ирээдүйн сансрын эдийн засгийн зангилаа болж болзошгүй тул АНУ, Хятад зэрэг гүрнүүдийн өрсөлдөөн идэвхжиж байна.

Mongolian Economy