Улаанбаатарын шинэ барилгууд цахилгаан, дулаанд холбогдох уу

Sarangerel
2026-04-03 11:00:32
Ангилал: Эрчим хүч

Эрчим хүчний хомсдол Монголын эдийн засгийн хамгийн эмзэг асуудал болоод удаж байна. Улаанбаатар хотод 300 мянга орчим өрх инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг. Жилд дунджаар 20 гаруй мянган орон сууц ашиглалтад ордог гэх судалгаа бий. Жилээс жилд хоорондоо зай багатай, шахуу шинэ хорооллууд сүндэрлэсээр  байгаа нь нүднээ ил. Тэгвэл Улаанбаатар хотод дахин барилга барих боломжгүй байдалд хүрээд байна. Учир нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэл нь дийлэхээ байсан. Өнгөрсөн өвөл гэхэд улаанбаатарчууд тэр чигтээ хуваарийн дагуу тогоо таслуулж, лаатай өвөлжсөн. Харин ирэх өвөл бүр л хүнд даваа биднийг хүлээж байгааг эрчим хүчнийхэн дуулгаж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1803 МВт болсон. Харин шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдох хүсэлт гаргасан техникийн нөхцөлийн хэмжээ 1 гВт буюу 1000 МВт давжээ. Бүр цаашлаад бүтээн байгуулалт өрнөх тусам 3000 МВт орчим хэрэглээ биднийг хүлээж буй.  Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хомсдол эдийн засгийг шахаж эхэлсэн. 

Өнгөрсөн жилүүдэд Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын батарей хуримтлуур, бүс нутгийн нарны станцууд болон Сонгинын дэд станц зэрэг гол төслүүд ашиглалтад орж, өргөтгөлүүд хийгдсэн. Сэргээгдэх эрчим хүч, нар салхины станцууд ч ашиглалтад орсон. 

Өнгөрсөн жилүүдэд ашиглалтад орсон гол төслүүд:

Бөөрөлжүүтийн цахилгаан станц (300 МВт): 2024 оноос хойш үе шаттайгаар ашиглалтад орж буй 150 МВт-ын хоёр блок бүхий станц.

Багануурын батарей хуримтлуур (50 МВт): Эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах 50 МВт/100 МВтц чадалтай хуримтлуурын систем.

Сонгинын дэд станц (80 МВт): Цахилгаан дамжуулах сүлжээг өргөтгөх, найдваржилтыг сайжруулах дэд станц.

Бүс нутгийн сэргээгдэх эрчим хүч: Ховдын Мянгад дахь 10 МВт-ын нарны цахилгаан станц (НЦС), Говь-Алтай дахь нарны станцууд.

Эрчим хүчний өргөтгөлүүд: Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөл, Амгалангийн ДЦС-ын өргөтгөлүүд.

Улаанбаатарын эрчим хүч: Морингийн даваа, Цагаан давааны орчимд цахилгаан хангамжийг сайжруулах ажлууд хийгдсэн. 

Дээрх төслүүд хэрэгжиж, эрчим хүчний системд холбогдсон ч хэрэглээнийхээ хаана ч хүрээгүй. Монгол Улс 2025 онд ОХУ-аас 1 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 71.4 сая ам.доллароор импортолсон бөгөөд өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станцууд нөөц тоноглолгүй ажиллаж байна. 

Хамгийн харамсалтай нь дулааны цахилгаан станцуудын өргөтгөл, техник технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийгдээгүй хэвээр байна.

Шугам сүлжээ, цахилгаан станцуудын ашиглалтын хугацаа дуусаж, дөнгөн данган ажиллаж байгаа шүү дээ. Дээр нь  үндэсний аюулгүй байдлыг хангадаг суурь салбар болох эрчим хүчний салбараа нийгмийн халамжийн салбар болгож, өртгөөсөө доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болгочихсон. Энэ нь олон жил үргэлжилсэн учир тус салбар сэхэхийн тулд их олон даваа давах хэрэгтэй болоод байна. 

Ирэх  жилүүдэд эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор хэрэгжүүлэх төслүүд: 

Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5): 2026 онд газар шорооны ажлаа эхлүүлж, 100 орчим мянган айл өрхийг цахилгаан, 40 мянган айлыг дулаанаар хангах хүчин чадалтай.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц: 150 МВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийг ашиглалтад оруулна.

Баянгийн цахилгаан станц: 660 МВт-ын чадалтай станцын бүтээн байгуулалт хийгдэж байна.

Эмээлтийн цахилгаан станц: 24 МВт-ын чадалтай станц барихаар төлөвлөсөн.

Дэд бүтцийн шинэчлэл: Сэргэлэн дэд станц (92% гүйцэтгэлтэй) болон Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөлүүд. 

Эдгээр төсөл хэрэгжсэнээр 2027 оноос хойш эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа хангагдаж, системийн ачаалал буурна гэж эрчим хүчний салбарынхан тооцоолж байгаа юм. Гэвч өсөн нэмэгдэх хэрэглээг хэрхэн хангаж чадах нь эргэлзээтэй. Ямартай ч дээрх төслүүд ашиглалтад ортол, ойрын жилүүдэд Улаанбаатар хотод шинэ барилга барих боломжгүй болсон гэдгийг салбарын сайд нь онцолж байв.