Гадаад зээлийн өгөөжийг өсгөх хууль батлагдах уу

B Shurenchimeg
2026-04-07 13:25:23
Ангилал: Хууль, эрх зүй

2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 9.8 тэрбум ам.долларыг Төв банк, Засгийн газар, үлдсэн 30.6 тэрбум ам.долларыг банк, аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байна. Тэр дундаа уул уурхайн болон хувийн сектор гадаад санхүүжилтийн гол хэрэглэгч болжээ. 

Гадаад өрийн дарамтыг улам тодруулж буй өөр нэг үзүүлэлт бол төлбөрийн тэнцлийн бүтэц юм. 2025 онд урсгал данс 2.19 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бөгөөд үүнд үйлчилгээний дансны 2.85 тэрбум ам.долларын алдагдал, анхдагч орлогын 3.54 тэрбум ам.долларын алдагдал голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бараа худалдаанаас ашиг олж байгаа ч үйлчилгээ, хүү, ногдол ашиг хэлбэрээр олсон ашгаа эргүүлэн гадагш алдаж байна гэсэн үг юм. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад гадаад зээл, тусламжаар хэрэгжиж буй олон төсөл, хөтөлбөрийн хугацаа хэтрэх, өртөг нэмэгдэх, эсвэл ашиглалтад орсны дараа орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй нийтлэг сул тал байсаар ирсэн. Хэдийгээр гадаад зээл авах, бүртгэх, удирдах хууль эрх зүйн зохицуулалт тодорхой байсан ч түүнийг хэрхэн ашиглах, ямар шалгуураар төсөл сонгох, үр ашгийг хэрхэн хэмжих талаарх нэгдсэн бодлого дутмаг байсантай холбоотой.

Товчхондоо, Монголын хууль тогтоомж өр авахыг зохицуулсан боловч өрийг өгөөжтэй ашиглахыг  орхигдуулсаар иржээ.  

Энэ “цоорхой”-г нөхөх зорилгоор “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зэхэж байна. Уг хуулийн төсөл батлагдвал гадаадын өр зээлийг өгөөжтэй хөрөнгө оруулалт болгох хууль эрх зүйн суурь бүрдэх учиртай. 

Хуулийн төсөл санаачлагчдын мэдээлснээр Засгийн газрын шугамаар гэрээ байгуулж, УИХ-аас соёрхон баталж хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас өнөөдрийн байдлаар ажил хэрэг болж байгаа 89 төсөл байна. Эдгээр төслийн зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл нь 14.5 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд гадаад зээлийн гэрээний ихэнх нь 2030 он гэхэд дуусахаар байгаа аж.

Гэвч зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас шалтгаалж төслийн хэрэгжилт удааширдаг. Зарим төсөл 10 жилээс дээш хугацаанд хэрэгжих эрсдэл бодитоор үүсээд байгааг хуулийн төсөл санаачлагдын зүгээс онцолжээ. Тиймээс нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй болон энгийн нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийг үр ашигтай ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Мөн уг хуулиар дамжуулан тодорхой хэдэн мега төслийн санхүүжилтийн механизмыг өөрчлөхөөр байна. Тодруулбал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төсөлд багтсан Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн санхүүжилт нь одоогийн төсвийн зардал, алдагдлын хязгаарт багтахад хүндрэл үүсгэж,  хэрэгжилтийг удаашруулж байгааг онцолж байна. Үүнтэй холбоотойгоор эдгээр төслийн гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардлыг тухайн жилийн төсвийн зардал, алдагдлын тооцоонд уян хатан байдлаар тусгах, өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд төсвийн сахилгын хязгаараас чөлөөлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Нэг талаас энэ нь стратегийн төслүүдийг урагшлуулах боломжийг нээж байгаа ч нөгөө талдаа төсвийн сахилга, өрийн тогтвортой байдалд дарамт үүсгэх эрсдэлийг дагуулж болзошгүй. Ялангуяа нэг удаагийн “онцгой” зохицуулалт цаашид жишиг болж, ирээдүйд бусад төслүүдэд адил хөнгөлөлт шаардах суурь бий болох эрсдэл өндөр. Энэ нь төсвийн бодлогын тогтвортой байдлыг алдагдуулж, өрийн хуримтлалыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. 

Түүнчлэн тус хуулийн төслийн бас нэг чухал хэсэг нь гадаад зээлээр санхүүжих төслүүдэд тавих шалгуурыг үндсээр нь шинэчилж буй явдал юм. Тухайлбал, төсөл бүр эдийн засгийн өгөөжтэй байх, тодорхой хугацаанд зардлаа нөхөх чадвартай байх, валютын урсгалд эерэг нөлөө үзүүлэх, импортыг орлох, эсвэл экспортыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг заавал хангах ёстой болж байна. 

Энэ нь өмнөх шиг улс төрийн ач холбогдлоор төсөл сонгодог байдлыг хязгаарлаж, эдийн засгийн шалгуурыг нэгдүгээрт тавьж буй том өөрчлөлт юм.

Мөн хуулийн төсөлд гадаад зээлийг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд төвлөрүүлэх тухай тусгаж байгаа аж. Тэр дундаа импортыг орлох, валютын урсгалыг дотоодод хадгалах төслийг тэргүүлэх ач холбогдолтойд тооцох заалтууд тусгагдсан байна. 

Энэ нь Монголын эдийн засгийн хамгийн эмзэг хэсэг болох төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодлоготой шууд уялдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад зээлээр санхүүжих төсөл бүр эдийн засгийн гадаад тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх ёстой гэсэн шаардлага тавигдаж байна.

Хуулийн төслийн бас нэг онцлох заалт нь төслийн хэрэгжилтийн сахилга, ил тод хяналтын тогтолцоог чангатгаж байгаа явдал. Үүнд төслийг гэрээний хугацаанд багтаан ашиглалтад оруулах, гүйцэтгэлтэй нь санхүүжилтийг уялдуулах, шаардлага хангахгүй тохиолдолд санхүүжилтийг зогсоох, хариуцлага тооцох зэргийг тусгажээ.   

Энэхүү хуулийн төсөл батлагдаж, ажил хэрэг болж чадвал Монгол Улсын өрийн дарамт тогтвортой түвшинд хадгалагдаж, гадаад зээл эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит хэрэгсэл болж хувирах боломжтой. Нөгөө талдаа гадаад зээлийг өгөөжтэй болгох зорилготой ч институцийн чадавх, засаглалын чанар хангалтгүй нөхцөлд сөрөг  үр дүн авчрах магадлалтай юм. 

B Shurenchimeg