Чөлөөт бүсүүдийг юу чөдөрлөж байна вэ
Чөлөөт бүсийн хөгжил нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, цаашлаад эдийн засгийг солонгоруулах боломжуудын нэг. Нөгөө талаас хил дамнасан, хөрш зэргэлдээ орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах бас нэгэн боломж юм. Энэ ч утгаар нь авч үзвэл чөлөөт бүсүүд нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.
Чөлөөт бүсэд хөгжих олон боломж бий

Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга О.Анхбаяр:
Манай чөлөөт бүс ОХУ-аар дамжин Евро-Азийг холбосон худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх боломжтой гэдгээрээ онцлог. 2013 онд байнгын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 144 аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч байгууллагатай хамтран ажилласан. Үүнээс 42 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Бидэнд Евро-Азийн орнуудыг холбон эдийн засгийг өргөжүүлж, тэндээс валтын орлого олох боломж бий. Энэ боломжийг менежментийн аргаар, мэргэжлийн хүмүүстэй нь хамтран ажиллаж шийдэх боломжтой. Чөлөөт бүсэд хөгжих олон боломж бий. Гэхдээ үүнд сенежментийн орчин үеийн бодлого хэрэгтэй. Мөн бизнес эрхлэгчдийн итгэл найдвар 100 хувь бүрэн биш байна. Тэд их хэмжээний хөрөнгө оруулалт гаргаад бизнес эрхэлтэл төр засгийн бодлогоос шалтгаалаад тухайн чөлөөт бүсийг хаачих вий гэдгээс болгоомжилж байгаа. Ийм тохиолдол ч өмнө нь гарч байсан.
Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулаад бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай. Мөн чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны дарга нарт тодорхой эрх мэдлийг олгох шаардлагатай байна. Тэгснээр чөлөөт бүсүүд цаашид хөгжинө. Бид Чөлөөт бүсийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуульд бизнес эрхлэгчид, олон нийт, байгууллагуудаас санал хүсэлт авч, хэлэлцүүлэгт оролцсон. Үр дүн гарна гэж найдаж байгаа.
Түр гарцыг туршилтын журмаар явуулахаар бэлтгэж байна

Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Сэргэлэн:
Манайх эдийн засгийн хамтарсан чөлөөт бүс гэдгээрээ онцлог. 2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 223 дугаар тогтоолоор нээлтээ хийсэн. Энэ онд ажлууд эрчимтэй явж байна. Хилийн цэг тогтоох ажлын хэсэг гарсан, байнгын үйл ажиллагаанд оруулах суурь алхмууд эхэлсэн. Одоогоор түр гарцыг туршилтын журмаар явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Төр-хувийн хэвшлийн түншлэлээр чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хийх ёстой

Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Ц.Итгэл:
Цагааннуурын боомтоос 25 км, Улаанбаатар хотоос 1700 км, аймгийн төвөөс 68 км буюу нутгийн гүнд байрладгаараа манайх онцлог. Мөн манай бүс хурдны замтай ойрхон гэдэг утгаараа тээвэр логистик хөгжих бүрэн боломжтой. 2023 онд нээлтээ хийснээс хойш одоогоор зургаан аж ахуйн нэгж нэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн түншлэлээр чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хийх ёстой. Гэвч бүтээн байгуулалт маань төлөвлөсний дагуу явахгүй байна. Тиймээс аль аль тал нь үүн дээр анхаарч ажиллах шаардлагатай.
Тулгамддаг асуудал нь дэд бүтэц

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Х.Бямбажав:
Дэлхийд 7000 орчим чөлөөт бүс байдгаас 5300 орчим нь идэвхтэй ажиллаж байгаа. Үүний дөрөв нь Монгол Улсад бий. Манайх 2022 онд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан чөлөөт бүс. Гол зах зээлд ойр гэдгээрээ Монгол дахь чөлөөт бүсүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот нь ДНБ-ий 65 хувийг бүрдүүлдэг, нийт хүн амын дийлэнх нь суурьшдаг.
Хоёр дахь давуу тал нь, авто тээвэр, төмөр зам, агаарын тээврийн огтлолцол дээр байршиж байгаа. Бид чөлөөт бүсийг хөгжүүлэх гэж 2002 оноос хойш зүтгэж байгаа. Тулгамддаг асуудал нь дэд бүтэц. Дээр дурдсан 7000 орчим чөлөөт бүсийн дийлэнхийнх нь дэд бүтцийг улсаас нь хийгээд өгчихдөг. Харин манайд яг эрчимтэй ажиллах гэж байтал дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зогсоочихдог.
Сэтгүүлч: Р.Ренчиндулам
