Гэр бүл салалт ба Шүүхийн шинэчлэл

B Shurenchimeg
2026-04-17 12:43:35
Ангилал: Хууль, эрх зүй

Нийгмийн хамгийн жижиг “эд, эс” болох гэр бүл өнөөдөр хамгийн эмзэг, хамгийн их дарамт шингээдэг, хамгийн их хойшлогдож ирсэн бодлогын асуудлын нэг болжээ. Сүүлийн жилүүдэд Монголд гэр бүл салалтын тоо хурдацтай өсөж байгааг бодит байдал дээр ч, мөн судалгаа, датанаас ч харж болно. Гэр бүл салалтаас үүдэн ажилгүйдэл, орлогын ялгаа, өр зээлийн дарамт, хотжилт, гадагш чиглэсэн шилжилт, архидалт, харилцааны боловсролын дутагдал, цахим хэрэглээний өөрчлөлт, хүүхдийн хүмүүжил, үл хайхрах хүчирхийлэл, гэр бүлийн сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжгүй байдал улам бүр тодорсоор үр дүнд нь нийгмийг бүхэлд нь хамарсан өргөн хэмжээний асуудал болжээ. 

2025 онд Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс улсын хэмжээнд хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаа энэ бүхнийг улам бататгаж байна. Энэ бол 2184 өрх, гэр бүлийн гишүүдийг хамруулж, дээрээс нь 172 хүнтэй ганцаарчилсан болон фокус ярилцлага, гадаадад амьдарч буй 303 монгол иргэнээс асуулга авч нэгтгэсэн томоохон суурь судалгаа юм. Улаанбаатарын есөн дүүрэг, 10 аймаг, 30 сум, 92 хороог хамруулсан энэ түүвэр судалгаа нь гэр бүлийн асуудал өнөөдөр нийслэл, орон нутаг, дотоод, гадаад шилжилт хөдөлгөөний бүх хавтгайд зэрэгцэн оршиж байгааг харуулсан байна. 

Тайланд дурдсанаар 2019 онд 20 мянга гаруй гэрлэлт бүртгэгдэж байсан бол 2024 онд 14,225 болж 29.1 хувиар буурчээ. Харин энэ хугацаанд гэр бүл цуцлалтын тоо 4,262-аас 4,463 болж 4.6 хувиар өссөн байна. Тодруулбал, манай улсад гэр бүл болох хурд саарч, харин гэр бүл салах эрсдэл буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна гэсэн үг. Мөн гэрлэлтийн дундаж нас 1989 онд эрэгтэйчүүдийнх 23.3, эмэгтэйчүүдийнх 21.1 байсан бол 2020 онд эрэгтэй 28.6, эмэгтэй 26.7 болж, гэрлэлт дунджаар тав орчим жилээр хойшилжээ.

Судалгаанд хамрагдсан өрхийн сарын дундаж орлого 2.51 сая төгрөг байсан ч нийт өрхийн 35.3 хувь нь сард 1-2 сая төгрөгийн, 15.3 хувь нь 660 мянгаас 1 сая төгрөгийн, 14.3 хувь нь 660 мянган төгрөг хүртэлх орлоготой гэж хариулжээ. Түүнчлэн 72.1 хувь нь ямар нэгэн зээлтэй, түүний дотор 51.9 хувь нь цалингийн зээл, харин 18-34 насныхны 28.7 хувь нь аппликейшнээр зээл авдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн маргаан нь санхүүгийн байдал, тэр дундаа зээлийн дарамт, нэг эх үүсвэрээс хамааралтай орлого, хадгаламжгүй байдал, хүүхдийнхээ зардлыг даах чадвар зэргээс шалтгаалдаг байна. Энэ нөхцөлд архидалт, үл ойлголцол, үл хүндэтгэл, хүчирхийлэл үүсэхэд түүнийг тэсвэрлэх эдийн засгийн “аюулгүйн дэр” өрхүүдэд үндсэндээ байхгүй гэж хэлж болохоор. 

Гэр бүлийн салалтын нэг гол шалтгаан нь гэр бүл зохиох бэлтгэлгүй байдал. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь өнөөгийн залуучуудыг гэр бүлийн амьдралд хангалттай бэлтгэгдээгүй гэж үзсэн байна. Тодруулбал, 18-34 насныхны 8.9 хувь “маш муу”, 32.7 хувь “муу”, 38.6 хувь “дунд” гэж хариулсан бөгөөд 35-49, 50-аас дээш насныхны үнэлгээ ч үүнээс төдийлөн зөрөөгүй байна. Өөрөөр хэлбэл, бүх насныхан “гэр бүл болохдоо амархан ч, хэн, хэн нь үүрэг хариуцлагаа ухамсарлан, гэр бүлийн харилцааг тогтвортой, аюулгүй авч явах чадвар сул байна” гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Залуучуудын хувьд гэр бүлд бэлтгэх хамгийн чухал нөхцөл нь эцэг эхийн зөв үлгэр дуурайлал, бие дааж амьдрах ухаан, ёс суртахуун, хариуцлага, хүмүүжил гэж үзжээ. Үүнээс харахад гэр бүл салах суурь нь санхүү, мөнгөнөөс гадна, хүмүүжил, харилцаа хандалга, сэтгэл зүйн чадварын хомсдол гэдгийг давхар харуулж байна. Монголд гэр бүлийн маргаан, салалт эцэстээ шүүх дээр очиж байгаа нь хуульд дуртайдаа биш, шүүх дээр очихоос өөр зохицуулалтын суваг сул байгаад юм. Бухимдсан үедээ эхнэр, нөхрийн дийлэнх нь “өөрөө дотроо тунгааж боддог”, эсвэл найз нөхөд, ойр дотныхонтойгоо хуваалцдаг бол мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах нь маш бага байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Улмаар гэр бүлийн маргаан намжих бус, удаан хугацаанд хуримтлагдсаар шүүх дээр очихдоо хүрч, тэсэрч байна. Салалтын дараах нөхцөл байдал ч үүнийг баталж байна.

Судалгаанд гэр бүл цуцалснаар 54.8 хувь нь хариуцлага, ачаалал нэмэгдсэн, 26.2 хувь нь сэтгэл санааны дарамтад орсон, 25.7 хувь нь ажил, амьдралаа хэвийн зохицуулахад хүндрэл үүссэн, 23.3 хувь нь амьжиргаа доройтсон, 23.3 хувь нь аливаа асуудлын өмнө ганцаардаж, хүчин мөхөстөх болсон, 14.3 хувь нь хүүхдийн хүмүүжил, зан авир өөрчлөгдөж сурлага муудсан гэж хариулжээ. Салсны дараах амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, зарим тохиолдолд нуран унадаг болохыг энэ тоо харуулж байна.

Гэхдээ салалтын дараах эерэг өөрчлөлтийн тухай ч хүмүүс ярьсан байна. Салсны дараа 60 хувь нь сэтгэл санааны дарамтгүй болсон, 45.2 хувь нь бусдаас хамааралгүй, эрх чөлөөтэй болсон, 22.4 хувь нь ажилдаа амжилт гаргаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, салалт нь зарим тохиолдолд дарамт, сэтгэл зүйн хүчирхийлэлтэй харилцаанаас холдож буй оролдлого юм. 

Ийм нөхцөлд хуулийн систем эхнэр нөхрийг эвлэрүүлж, гэр бүл хэвээр байлгахыг урьтал болгоод байж болохгүй, аль тохиолдолд харилцааг хамгаалах, ямар үед эхнэр,нөхрийг хамгаалах вэ гэдгийг ялгаж чаддаг байх ёстой.

Яг ийм нийгмийн дэвсгэр дээр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж байна. Өдгөө гэр бүлийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ердийн процессоор шийдэгддэг. Гэтэл гэр бүлийн маргаан шүүхэд ирэхдээ хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх, тусдаа амьдрах эцэг, эхийн уулзалт, дундын өмч, хүчирхийллийн эрсдэл, заримдаа өсвөр насны зөрчил, гэмт хэрэгтэй хүртэл орооцолдсон зэрэг олон давхар асуудал үүссэн байдаг. 

Хуулийн шинэ төсөлд үүнийг засахаар оролдож, гэр бүлийн хэрэгт зориулсан тусгай процесс, тусгай шүүх, тусгай үнэлгээний механизм бий болгож байна. Тус хуулийн зорилт нь гэр бүлийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулах явдал гэж заасан. Мөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг тогтоожээ.

Уг хуулийн хамгийн том өөрчлөлт нь гэр бүлийн хэргийг ердийн иргэний процессоос салгаж, гэрлэлт, эцэг эх хүүхдийн харилцаа, асрамж, тэтгэмж, үрчлэлт, асран хамгаалал, хамтран амьдрагчтай холбоотой маргаан, гэр бүлийн эд хөрөнгийн асуудлыг нэг хүрээнд төвлөрүүлж байгаа явдал юм. Түүнээс гадна Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, давж заалдах шатны шүүхийн бүтэц бий болж байгаа нь дагнасан шүүхийн загварт шилжиж буйг илтгэнэ. Ингэснээр гэр бүлийн хэрэг дээр мэргэшсэн шүүгч, мэргэшсэн шүүхийн орчин, мэргэшсэн дэмжих ажилтнууд бий болох эрх зүйн суурь тавигдана. 

Хуулийн төслийн дараагийн гол өөрчлөлт нь шүүх зөвхөн баримт сонсоод шийдвэр гаргахаас татгалзаж, гэр бүлийн нөхцөл байдлыг иж бүрнээр нь үнэлдэг болох гэж буйд оршино. Төсөлд “гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч” гэх шинэ мэргэжил бий болгож, шүүгч шаардлагатай гэж үзвэл маргааны шалтгаан, талуудын хүсэл зориг, орлого, зарлага, өр төлбөр, дундын өмч, хүүхдийг хэний асрамжид үлдээх нь зүйтэй эсэх, долоо ба түүнээс дээш насны хүүхэдтэй хийсэн ярилцлага, хүүхдийн онцлог байдал, талууд эвлэрэх боломжтой эсэх талаар 21 хоногт үнэлгээний тайлан гаргуулж болохоор заажээ. 

Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн хоёр талын маргаан байсан бол одоо тухайн гэр бүлийн амьдралын нөхцөл байдлыг бүх талаас нь судлан, шинжлэх процесс нэмэгдэж байна. Энэ бол бодит амьдрал дээр хамгийн их дутагдаж байгаа хэсэг. Учир нь гэр бүлийн шүүхийн маргаанд хэн чанга ярьсан нь бус хүүхэд хаана аюулгүй, сэтгэл зүй, харилцааны хувьд эрүүл, санхүүгийн чадавхтай байх вэ гэдэг нь чухал байдаг. 

Эвлэрлийн логик өөрчлөгдөж байна

Өнөөг хүртэл  эхнэр, нөхрийг аль болох эвлэрүүлэхийг урьтал болгож ирсэн. Харин шинэ хуулийн төсөл нь эвлэрүүлнэ, гэхдээ хүчээр биш гэсэн байр суурь барьж байна. Шүүх гэрлэлт цуцлах болсон шалтгаануудыг тогтоож, эвлэрүүлэх арга хэмжээ авах боловч байнгын хүчирхийлэл, дарамтаас болж амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул учирсан, эсвэл учирч болзошгүй нь тогтоогдсон бол, мөн удаан хугацаанд тусдаа амьдарсан, бага насны хүүхэдгүй, харилцан зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэхгүйгээр шууд шийдвэрлэх боломжийг нээж өгчээ. 

Энэ бол гэрлэлтийг ямар ч үнээр хамаагүй хадгалах бус, нэн тэргүүнд хүний эрх, аюулгүй байдал, хүүхдийн эрх, амьдралын бодит нөхцөлд тулгуурлан шийдвэр гаргах процесс руу шилжиж буй өөрчлөлт юм.  

Дагалдах хуулиудын өөрчлөлт ч энэхүү хуулийн реформыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжийг нээж өгнө. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд гэр бүлийн хэрэгт ажиллах эвлэрүүлэн зуучлагч нь хүүхэд, гэр бүлийн чиглэлээр тусгай сургалтад хамрагдсан байх шаардлага тавьж, хүүхдээ хэн нь асрах, тусдаа амьдар буй эцэг, эхийн уулзалтын асуудлыг эвлэрүүлэн зуучлалын хүрээнд тодорхой оруулжээ. 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гэр бүлийн хэрэг дээр шүүгчийн авсан урьдчилсан арга хэмжээ, тухайлбал ойртохыг хориглох, хүүхдийг нэг талд байлгах, эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох зэрэг захирамжийг шууд гүйцэтгэх боломж бүрдүүлж байна. Энэ нь өмнөх шиг шүүхийн шийдвэр гарсан ч амьдрал дээр хэрэгжихгүй үлдэх эрсдэлийг багасгах зорилготой аж. 

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд эдгээр өөрчлөлтийг бүр ч илүү тодорхой болгоно. Жишээлбэл, өсвөр насны хүүхдийн холбогдсон гэмт хэрэг, түүнд авах зарим таслан сэргийлэх арга хэмжээ, мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн эрүүгийн болон зөрчлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломж бүрдүүлжээ. 

Мөн бага насны хүүхдийн мэдүүлгийг тусгай өрөөнд авч, дуу, дүрс бичлэгээр баталгаажуулах юм. Шүүх хуралдаанд хүүхдийг шууд оруулахгүйгээр өмнөх мэдүүлгээр, эсвэл техникийн аргаар оролцуулах зохицуулалтыг ч тусгасан байна. 

Гэхдээ энэ шинэчлэлийн хамгийн эмзэг, анхаарууштай хэсэг нь хэрэгжилт. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч, эвлэрүүлэн зуучлагч, мэргэшсэн шүүгчдийг сургах, шинэ шүүхийн байр, зардлыг 2027 оны төсөвтэй уялдуулан шийдвэрлэх талаар тусгасан. Мөн гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчтэй холбоотой 19-23 дугаар зүйл, түүнчлэн тусгай бүлгийн зарим заалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх зохицуулалт хийжээ. Хэрэв эдгээр нөхцөлийг цаг хугацаанд ньбүрдүүлж чадахгүй бол шинэ хууль амьдралд тус болохоосоо өмнө шинэ түгжрэл үүсгэх эрсдэлтэй. 

Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон дагалдах багц өөрчлөлтүүдийн цөм нь зөвхөн шүүхийн шинэчлэл биш. Энэ бол Монголын төр гэр бүлийн маргааныг хүүхдийн эрх, хүний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын зангилаа асуудал гэж эцэст нь хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Хэрэв энэ реформ хүний нөөц, төсөв, мэргэшил, үйлчилгээний дэмжлэгтэйгээ хамт хэрэгжиж чадвал гэр бүлийн маргааныг шүүх дээр шийдэх төдий биш, шүүхэд хүрэхээс нь өмнө таньж, хүрсэн хойно нь хүүхдэд ээлтэй, амьдралд ойр, шийдвэр нь биелдэг тогтолцоо руу шилжих боломжтой. 

B Shurenchimeg