Эдийн засаг эмтрэн унаж байна
Монголын уул уурхай дэлхий нийтийн анхаарлын төвд дахин орлоо. Гэхдээ энэ удаад тодорхой бодлогогүй, хэлснээсээ буцдаг, амлалтдаа хүрдэггүй, бусдыг бөөрөлхдөг, олон ааштай, зохион байгуулалтгүй, итгэл даах чадваргүйгээрээ мандаж байна. Тодруулбал, тус салбарын хөл, толгой салбарынханд нь ч олдохгүй байна. Уул уурхайн бодлогын залгамж, халаа гэж алга. Зөвхөн уул уурхай ч биш бүх салбар тийм байна.
Өмнөх бодлогын сайн, мууг ялгаж, салгахгүйгээр бүгдийг улс төрийн “алчуураар” арчиж байгаа нь энэ салбарын гол дутагдал. Түүхэндээ 91 жилийн настай ч хөгжлийн хувьд дөнгөж хөлд орж буй одоогийн байдал нь тогтсон бодлогогүй, чиглэх зүггүй байгааг нь илчилнэ. Үүний дээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд стратегийн ач холбогдолтой ордуудын зохицуулалтыг тодорхой тусгаж өгөөгүй, хэзээ, хэдийг нь ашиглаж, хэрхэхийг заагаагүй нь хөрөнгө оруулагчид хийгээд энэ салбарынхныг улам бүр төөрөгдөлд оруулж байна.
Шинжээчид Монголыг Голланд өвчний хүнд хэлбэрт орсныг тодорхой бодлогогүй, зөв чиглэлгүй, олон эзэнтэйн балаг хэмээн тодорхойлж байна. Ойлгомжгүй, тодорхойгүй хууль, журмын “дэмжлэг”-тэйгээр гадаадын хөрөнгө оруулагчдын олонх нь Монголоос “залхаж”, зарим нь зугтаж, улмаар олон арван төсөл, хөтөлбөр гацаж, эдийн засаг захаасаа эмтэрч эхэллээ. Монголд уул уурхай хэрэгтэй юү? Одоогийн нөхцөл байдал ингэж асуухад хүргэж байгаа.
Өдгөө ДНБ-ий 25, экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаар бүрдүүлж байна. Сангийн яамнаас энэ оны эдийн засгийн төсөөллийг 17 их наяд, төсвийг долоон их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Мөн энэ онд Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрт давхина гэсэн “зар” өнгөрсөн оны сүүлчээс тарсан. Үүний гол мотор нь уул уурхай, тэр дундаа Оюутолгой. Гэтэл уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалт хийгээд дотоод дахь үйл ажиллагаа зогсонги байдалд орчихлоо.
Яагаад? Зургаа дахь удаагаа шинэчлэн найруулж буй Ашигт малтмалын тухай хууль хэрхэн чамбайрахыг монголчууд төдийгүй дэлхий нийт хүлээж байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар гарсан Ажлын хэсгийнхэн сул, задгай явж ирсэн байгалийн баялаг, эрх зүйн орчин, хараа хяналтыг нэлээд чангалахаар сайн, муугаа хэлүүлэн ажиллаж буй. Шинэчлэлийн Засгийн газар Уул уурхайн яам байгуулж, тархай бутархай бодлогын хэлтсүүдийг нэгтгээд байгаа. Салбарын сайд Д.Ганхуяг шинээр төрөх болон одоо хэрэгжиж буй хууль, дүрмийг сахиулах, уул уурхайн гэгдэх бүхнийг эмхэтгэхийн тулд 80 ажлын хэсэг томилж, өнгөрсөн сарын байдлаар 36 нь гүйцэтгэлээ мэдээлж байв.
Энэ үеэр Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-аар хэлэлцэх байх гэсэн юм. Тэр хүртэл хүлээхийг хүсээгүй гаднынхан хөрөнгөө хумьж, энэ хавраас өрнөнө хэмээн тооцоолж байсан олон арван төсөл, хөтөлбөр гацаж, зарим нь буцаж байна. Гаднын зарим хэвлэлд “3М-ийн нэг хасагдлаа. Монгол гадаадын хөрөнгө оруулагчдад хатуурхаж эхэллээ” зэрэг мэдээллүүд гарч эхэлсэн нь манайхыг чиглэсэн хөрөнгийн урсгалыг хааж, үүн дээр нь Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал зэрэг ээдрээт асуудал тэдэнд Монголын эдийн засаг дордож магадгүй гэх хардлагыг төрүүлж байна. Үүний “ачаар” уул уурхайгаар халхавчилсан төрөлжөөгүй эдийн засгийн хэврэг дүр төрх илчлэгдэж, төсөв “сандарч” эхэллээ. Нэг талаар сургамж ч, нөгөөтэйгүүр монголчуудын хувьд эрсдэл юм.
Хөрөнгө оруулагчдын “дүрвэлт”
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь гаднын хөрөнгө оруулагчдыг, үргээсэн маш муу хууль боллоо гэх зэмлэл жил гаруй үргэлжилж буй. Энэ талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Болд “Хятад, Австрали, Өмнөд Африк, ОХУ тэргүүтэй манайхаас хэд дахин илүү баялгийн нөөцтэй орон зөндөө байна. Тэгэхэд бид зөвхөн Монголд л байгаа юм шиг аашилж болохгүй. Одоогийн Засгийн газар бодлогоо тодорхойлж байгаа нь сайшаалтай.
Гэхдээ бодит байдлыг зөв үнэлж, зөв бодлого гаргах нь бидэнд ашигтай. Өмнө нь ч хууль, журмын дагуу ажиллаж ирсэн. Түүнээс биш хууль журамгүй, хулгайгаар нүүрс, алт, зэс олборлоод байсан юм байхгүй. Хамгийн гол нь эрдэс, баялгийг металлаар нь ангилж, хөрөнгө оруулагчдыг стратеги, хөрөнгө оруулалтынх гэх мэтчилэнгээр төрөлжүүлэх нь манай нөхцөлд одоо шаардагдаж буй асуудал. Мөн үндэсний уул уурхайг татварын зэрэг бусад бодлогоор өндийлгөх хэрэгтэй” гэв. Мөн Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн Д.Ачит-Эрдэнэ “Монголын эрх ашиг, ирээдүйн төлөө аливаа хуулийг шинэчлэн, найруулдаг. Харин ингэхдээ тухайн цаг үед тохирсон, ирээдүйд халтай зүйл хийж болохгүй.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг цаг үеийг нь олж, маш мэдрэмжтэй хийх нь чухал.
Хөрөнгө оруулагчид өнгөрсөн оны зургадугаар сараас Монголын хөрөнгө оруулалтын орчин таагүй боллоо гэж ойлгож эхэлсэн. Бизнес, санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст одооноос илт мэдрэгдэж байна. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцаа эрс унасан. Монголын компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр энэ жил IPO бараг хийсэнгүй. Монголд хөрөнгө оруулалтын орчин муудсан гэх ойлголт байгаа учраас хувьцааг нь авахгүй байна. Бондын зах зээл ч ялгаагүй.
Монголоос гаргасан бондын хүү дөрвөн хувь байснаа тав болж өссөн. Улсын эрсдэлийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 25 хувиар ихэссэн. Түүнчлэн манайд үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгө оруулалтын хэд хэдэн сан үйл ажиллагаагаа зогсоогоод явчихлаа. Одоо Европын сэргээн босголтын банк, Хөгжлийн банкаас өөр хөрөнгө оруулагч бараг байхгүй болсон” гэсэн юм. Судлаач, эдийн засагчдын санааг хөрөнгө оруулагчдын “дүрвэлт” илт зовоож эхэллээ.
Үүнд, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Энэ бол хариуцлагаа ухамсарлах, өндөржүүлэх асуудал юм. Хариуцлагагүй, сул задгай явж ирсэн компаниудад бол боломжийг нь нэлээд хааж байгаа чанга хууль. Харин хариуцлагатай, хариуцлагатай байхыг эрмэлздэг, сахилга баттай компаниудын хувьд асуудал биш. Бид Монголд, үр хойч, ирээдүйдээ хэрэгтэй, ашигтай хууль бий болгохоор л ажиллаж байна. Монголын хууль гаднынханд хэт өгөөжтэй, бүхнээ дэлгэж болохгүй. Бас дэндүү хатуу, түлхэж, боомилж болохгүй. Тодорхой тооны хөрөнгө оруулагч хөрөнгөө татсан тухай мэдээлэл бий. Түүнээс биш хэт олноороо, эдийн засагт мэдэгдэхүйцээр явсан зүйл одоогоор алга.
Энэ бол зохицуулалтын асуудал болохоос биш хөрөнгө оруулагчдыг хааж, хавчсан зүйл огт биш” хэмээв. Гэвч бодит байдал бишдсэнийг дэлхий нийт онцолж байгааг мартаж болохгүй. Уул уурхайн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бүхэн гацаанд орж, зарим нь зогсож эхэлсэн нь хуулийн орчноор “оролдсонтой” холбоотой. Эдүгээ гаднын хөрөнгө оруулагчид, тэр дундаа уул уурхайн бизнесмэнүүд шинээр батлах хуульд сул тал, ашигтай зүйл гарах нь уу хэмээн ажиглахын сацуу бусад улсад хөрөнгө оруулж, мөнгөө эргэлдүүлж эхэллээ. Ус, агаар мэт хэрэгтэй гадаадын хөрөнгө оруулалтыг ингээд “явуулчих” нь хайран ч төрийн бодлого, баялгийн дархлаа бидэнд чухал. Учир нь хуулийн төсөл боловсруулагчид бол Монголын ирээдүйг хамгаалах хоточ банхар байх ёстой. Энэ утгаараа гаднын хэн нэгний таашаалд нийцүүлж, хууль, журам, дүрэм батлах эрх бидний хэнд ч байхгүй.
Гаднынхан болоод дотоодынхонд нэн таатай, эрх зүй сул, хяналт муу орчинтой байсныгаа бид засаж, сайжруулж, өөрийн өмчөө хамгаалах гэж байгаа учраас эмээх зүйл үгүй гэж тайвширч болно. Гэхдээ бас газрын дорх баялгаа ухаад гаргах техник, багажгүй гар хоосон, хөл явган монголчууд нэг талыг хэт барьж болохгүй. Нэг кг алт гаргахад шаардлагатай зүйлсийн 90-95 хувийг хөрөнгө оруулагчдаас “харж” байгаа бидэнд уян хатан бодлого хэрэгтэй. Энэ нь хуулийн хүрээний зөв зохицуулалт.
Түүнээс биш шавхагдах баялгийн төлөө үр хойчдоо өр, ахиад л таван жилийн дараа засах хуулийн төсөл бэлдэх хэрэггүй. Зөв зохицуулалт руу тэмүүлж байгаагийн нэг жишээ нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй гишүүд Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7 дугаар заалтыг өөрчлөх төслийг УИХ-ын дэд дарга М.Энхболдод өргөн барьсан явдал юм. Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан дээрх хуульд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон тухайн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас дээш байх тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авч хөрөнгө оруулахаар заасан.
Энэ нь хөрөнгө оруулалтыг саналаар хийх хүсэл, эрмэлзлийг багасгах, өрөмдлөг, тээвэрлэлт зэрэг жижиг, сажиг асуудал бүрийг УИХ хэлэлцэж, шийдвэр гаргахад хүрч байгааг онцолж, 100 тэрбум төгрөгийн босгыг арилгах, УИХ-аас 49 хувиас дээш зөвхөн төрийн өмчит болон оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг шийдвэрлэх тухай төсөл юм. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагчдын нуруунаас нэг том ачааг авч хаяна гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байна. Мөн геополитек болоод гуравдагч хөршийн харилцааг орхигдуулж болохгүй. Зарим эх сурвалжид гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал бол дотоод зах зээлээ хамгаалах арга гэжээ.
Үнэндээ бол манайд хамгаалаад байх зах зээл одоогоор бүрэлдээгүй байна.
Энэ өнцгөөс байдалд хандаж байгаа бол цаг нь арай эрт гэдгийг бидний дотоодоо хангах ямар нэг бараа, бүтээгдэхүүнгүй байдал гэрчилнэ. Гаднын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хийж, бүтээх, амжуулах, туслалцаа авах шаардлага дөнгөж бууриа засаж буй монголчуудад юу юунаас хэрэгтэйг бодлого боловсруулагчид мартаагүй байх. Япон, Герман зэрэг гүрнүүд улсдаа хөрөнгө оруулалт татах гэж яаж тэмцэлдэж байгааг бид бэлхнээ харж байна.
ДНБ нь 50.000 ам.долларт хүрсэн хэрнээ АНУ гадаадын хөрөнгө оруулалтыг яаж дэмжиж, хаалгаа нээж байгаа нь ч цаанаа учиртай. Төрийн тодорхойгүй байдал, ойлгомжгүй олон хууль, дүрэм, журмаас болж шувуу шиг үргэсэн хөрөнгө оруулагчдыг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж баталснаар эргүүлээд аваад ирнэ гэвэл үлгэр болно. Тиймээс одоо л бидний зүрхээ чагнах цаг. Хэрвээ бид аль нэг улсын төрийн бодлого манайд буурь засахаас сэргийлэх гэж байгаа бол Канад, Австрали шиг “Аливаа улсын бодлогоор орж ирж байгаа төрийн өмчлөлтэй аж ахуйн нэгжийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, зөвшөөрөл өгнө” гэж тусгах хэрэгтэй. Түүнээс биш орж ирснийх нь дараа “Чалко” шиг буцаах нь Монголын нэр хүнд хийгээд бизнест халтай. Үүний хажуугаар гаднын хөрөнгө оруулагчид бидний баялагт хэрхэн эзэн суусныг мартаж болохгүй.
Юун эдийн засгийн тогтвортой өсөлт, амьдралын баталгаа, ажлын байр Тэргүүлэгч салбарын халаас, нүд, чих, аман дээр сандайлчихаад байгаа улстөрчдийн ашиг сонирхлын ган гинжийг таслах цаг иржээ. Оюутолгой, Тавантолгойг улстөржилтийн савраас даруй “аврахгүй” бол хууль, дүрэм батлаад ч тусыг олохгүй. Бид төсвийнхөө дийлэнхийг энэ салбараас тэр дундаа Оюутолгойоос бүрдүүлнэ гэж төсөөлж буй. Ирээдүйнхээ ихэнх хувийг Тавантолгойн нүүрсэнд даатгаад буй. Гэтэл бидний хувьд алтан өндөг гаргадаг тахиагаа төрийн оролцоотойгоор буланд шахаж, эвгүйдвэл алж ч мэдэх нөхцөл бүрдээд байгаа. Эндээс Монголын эдийн засаг маш эмзэг, ганцхан зүйлээс хараат, төрөлжиж чадалгүй “нүд аньж” мэдэхээр байгааг дүгнэж болно.
Юун эдийн засгийн тогтвортой, огцом өсөлт, ажлын байр, амьдралын баталгаа
Оюутолгойн гэрээнээс урьтаж монголчуудыг ордын 34-өөс илүү хувийг эзэмших эрхгүй болгож, алт, зэсийн гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгосон гээд улс төрийнхний бантан дуусахгүй. Монгол Улсад нөөц нь тогтоогдсон 1200-гаад ордоос 200-300-г нь стратегийн ордод хамруулах боломжтой ч 15 нь “Стратегийн орд” хэмээн зарлаж, хавсралтаар 39-ийг нэрлэсэн байдаг. Монголын төр, ард түмэн хувь хүртэхээр хуульчилсан ч дээрх ордууд аль хэдийн дотоод, гадаадын хувийн компаниудын мэдэлд орж, түрүүчээсээ олборлож дуусаад байна. Тэр ч бүү хэл стратегийн ордуудын лиценз нь хувь хүмүүсийн гарт орж, Хонконг, Торонто, Лондонгийн хөрөнгийн биржид задгай мөнгө шиг зарагдаж байна. Лицензийг дагаад тухайн газарт байгаа баялаг тэр чигтээ гадаадын хувьцаа эзэмшигчдийн мэдэлд очиж байна гэсэн үг.
Хавсралтаар дурдагдсан 39 ордыг орхиод, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 15 стратегийн ордыг л аваад үзье. Нарийн сухайтын нүүрс, Мардай, Гурванбулагийн уран,Төмөртэйн төмрийн хүдэр, Бүрэнхааны фосфорит, Бороогийн алт, Төмөртэйн овооны цайрын орд, Дорнодын Уран гэсэн найман орд Хятад, ОХУ, Канадын мэдэлд бүрэн шилжсэн. “Стратегийн ордод Монголын талын хувь оролцоо 50 хүртэл хувь байна“ гэсэн хууль үйлчлэхгүй байгаагаас үлдсэн долоон орд ч энэ замаар явж мэдэхээр байгаа.
Дээрх ордуудын заримтай нь Монгол Улс “Тогтвортой байдлын гэрээ” байгуулсан гэдэг ч тэр нь нууц. Тогтвортой байдлын гэрээ байгуулсан бол эхний таван жил орлогын албан татвараас 100 хувь, дараагийн таван жил 50 хувь чөлөөлөгдөхөөр гэрээлсэн байдаг. “Тогтвортой байдлын гэрээ“ халхавчаар ард түмний хүртэх хувийг үгүй хийгээд зогсохгүй, татвараа ч бүрэн төлөхгүй дархан эрх эдэлнэ гэсэн үг. Монголын олигархиуд ч зүгээр суусангүй. Стратегийн орд болох Нарийн сухайтын нүүрсний ордыг тав хувааж, нэг хэсэгт нь Хятадын “ЧинхуаМАК”, “Канадын Саусгоби Сэндс”-ийн хоёр уурхай, нөгөө хэсэгт нь Монголын “МАК”-ын хоёр уурхай олборлолт хийж байна.
Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох 188 сая тн нөөц агуулсан хэсгийг “Овоот Толгойн орд” хэмээн нэрлэж, “Айванхоу Майнз Монголиа Инк”-ийн охин компани болох “Саусгоби Сэндс” эзэмшиж, нүүрс экспортолж байна. Зэс-молибдений Цагаан суваргын ордыг бас л “Монголын Алт” буюу МАК компани 100 хувь өмчилсөн. Стратегийн 15 ордоос Монголын төрд Багануур, Шивээ–Овоо л үлдээд байна. Төрийн эрх мэдэлтнүүдийн аалзны торыг ашиглан булааж авч чадсандаа харийнхан баярлаж суугаа. Ингээд ч зогсож чадахгүй төсвөө бүрдүүлнэ хэмээн тооцоолж, монголчуудыг тэжээх гол эх үүсвэрээр цоллосон болгоод байсан Оюутолгойд “эрхмүүд” гэнэт нуруугаа харуулж, хэвлэл мэдээлэл, хуулиар балбах атлаа өөр хэн нэгнийг “Манайд хөрөнгө оруулаач ээ, таатай орчин шүү.
Манайх төмөр зам тавих гэж байгаа, газрын тосны үйлдвэр барих гэж байгаа, сургууль, цэцэрлэг, зам гээд өч төчнөөн бүтээн байгуулалт хийнэ. Хөрөнгө оруулаач” хэмээн урих нь утгагүй. Монголын улс төр уул уурхайтай бат гагнагдсаныг энэ Засгийн газар салгах үүрэгтэй. Гаднынхан бас нүд, чихтэйг санах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчиддаа хэрхэн хандаж буйг бидэнд хөрөнгө оруулахаар зэхэж буй харийнхан хар дансандаа үргэлж тэмдэглэж байгаа. Уул уурхайг өөртөө бэхэлсэн улстөрийн гинжийг таслахтун. Үгүй бол тэд “тэжээгчээ” хэн нэгэнд худалдаж ч мэдэхээр байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна.
“Нүүдлийн шувууд”-аас юу салгах вэ
Хөрөнгө оруулагчид бол нүүдлийн шувууд. Ялгаатай нь оруулсан хөрөнгөө хэд дахин нугалж аваад буцна. Өдгөө Монголд орж ирж буй нийт хөрөнгө оруулалтын 81 хувь уул уурхайн салбарт төвлөрч байгаа ч энэ нь бусад салбар, иргэдэд төдийлэн наалдахгүй байгааг хүмүүс шүүмжилдэг.
Тухайлбал, орон нутгийн хөгжил, малчид, сурагчид, бүс нутагт юу хөгжүүлэв, шинэчлэв. Үүнийг Монголын төр эргэж харсан тул хуулийн төсөлд шинэчлэл хийхээр ажиллаж буй гэж иргэд ойлгож байгаа. Энэ талаар Б.Болд “Гаднын хөрөнгө оруулагчдыг үзэн ядсан, зүхсэн байдал амь бөхтэй байгаа нь маш буруу. Монголын тусгаар тогтнолыг улам баталгаажуулсан гаднын том хөрөнгө оруулагч бидэнд хэрэгтэй. Монголын бүтээн байгуулалт, аж үйлдвэр дөнгөж яригдах хэмжээндээ л явж байна шүү дээ. Цаасан дээр байгаа зүйлийг босчихсон мэт сэтгэж, босгох хөрөнгөө үргээх эрх бидэнд байхгүй. Хөрөнгө оруулагчид бол өөрт таатай орчин нөхцөлийг л сонгоно.
Монголоос гадна өч төчнөөн таатай орчин байгааг бид мартаж болохгүй” гэсэн. Мөн гаднынхны туршлага, олон улсад нийцсэн нөхөн сэргээлтийн арга, дэвшилтэт технологиуд бидэнд хэрэгтэй. Дэлхийн стандартад нийцсэн нөхөн сэргээлтийн арга, туршлагыг нэвтрүүлж байна хэмээн олборлогчид тархи угааж байгаа ч газар дээрээ хэрэгжсэн нь хэд л бол. Хяналт, шалгалтын комиссынхны хийсэн шалгалтын дүнд монголчууд итгэж үлдэж байгааг мэргэжлийн байгууллагын ажилтнууд бодох л хэрэгтэй.
Зөв зохицуулалтаар хөрөнгө оруулагчдыг дуудаж, тэдний гар, ур ухаан, хөрөнгөөр их зүйл бүтээж, эдийн засгаа нэг баганаар биш төрөлжсөн олон хөшүүргээр тэтгэж, бат бөх болгох нь л энэ хуулийг дахин дахин оролдож байгаагийн гол шалтаг. Түүнээс биш үлээхэд хийсэх, хүрэх төдийд нурах хөрөнгө оруулалт дээр л тогтсон өнөөдрийн байдлыг “тогтоох” учиргүй. Хуулийн сургаар эмтрэн унаж буй эдийн засгаа бид маш түргэн хугацаанд дархлаажуулах хэрэгтэй байна. Үгүй бол юун төсөв, инфляцийг нэг оронтой тоонд оруулах, бондын өр дарах, ДНБ-ээ 30.000 ам.долларт хүргэх талаар яриад ч хэрэггүй бид.
Шавраас нэр хүндээ татаж гаргаач
Уурхайчин. Монголынхоо баялгийг харийнханд цөлмөн өгөгч, байгаль, дэлхийгээ эвдэн сүйтгэгч, хууль бусаар баялаг хулгайлагч, нинжа, бичил уурхайчин гээд орчин цагийн уурхайчдад сайн нэр нэг үгүй. Энэ мэргэжлээр ажил, амьдралаа авч яваа настайчууд “уурхайчин” гэхээсээ ичдэг болтлоо энэ салбарын нэр хүнд унасныг олон хүн ярьдаг. Тэгсэн атлаа салбарын ачаар эдийн засгаа төрөлжүүлэх, зам, сургууль, цэцэрлэг, тэнгэр баганадсан барилга, хөгжил ирнэ гэж найдаж, хүлээж суугаа. Энэ салбарын хөсөр унасан нэр хүнд, имижийг бодлогоор сэхээн амьдруулах цаг нь энэ үе байх ёстой.
Mongolian Economy сэтгүүлийн “Уул уурхайн илч буурав уу” дугаарын 9-15-р нүүр
2013.04.10
