Скүүтер, суррон, мопедыг ингэж журамлая

Mongolian Economy
2026-04-23 11:00:31
Ангилал: Байр суурь

Нийслэл хотод түрээсийн дугуй, мопед, скүүтер, сурронын улирал эхэлж, үүнтэй холбоотой шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэн ч стресс, хэл амны сэдэв хэвээр байна. 

Дэлхийн хотуудад цахилгаан дугуй, скүүтер, мопед унахад дугуйн зам ашиглуулах, нас болон хурдны хязгаар тогтоох зэрэг аргаар явган зорчигчдыг хамгаалдаг. Жишээлбэл, цахилгаан скүүтерийг хөнгөн мопед гэж үзэж, явган замаар унахыг хориглох, скүүтэр, мопед болон энэ төрлийн хэрэгслийг унаж буй хүн 14-16 нас хүрсэн байх, 20-25 километр цагийн дээд хурд баримтлах зэрэг заалтууд бий. Ялангуяа Европын орнууд заавал дуулга өмсөхийг шаардахаас гадна дохионы гэрэл, тормоз, гэрэл ойлгогчтой байх ёстой.

Түүнчлэн цахилгаан скүүтерт нэгээс илүү зорчигч сундлан явах, архи, согтууруулах ундаа, мансууруулах, тайвшруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд энэ төрлийн тээврийн хэрэгсэл ашиглахыг хоригложээ.

Цахилгаан скүүтер унахтай холбоотой голлох дүрмүүдийг танилцуулъя:

-Европ: хатуу дүрэм журамтай, гэрэл, гэрэл ойлгогчтой байхыг шаарддаг, хурдны дээд хязгаар 20-25 км/ц. Герман, Итали, Франц зэрэг олон оронд 125сс моторт дугуй унахад жолооны үнэмлэх шаарддаг.

  • Герман: Дээд хурд 20 км/цаг, заавал даатгуулсан байх, явган замаар зорчихгүй.
  • Франц:  хурдны хязгаар 25 км/ц боловч явган замаар 6 км/ц
  • Британи: хувийн цахилгаан скүүтерээр хотын гол гудамж, зам,  явган хүний замаар явахыг зөвшөөрөхгүй, дүрэм зөрчсөн тохиолдолд торгуулийн 6-8 оноо авч, энэ түүх жолооны бүртгэлд нь хадгалагдах, цаашлаад тээврийн хэрэгслээ хураалгах.
  • Нидерланд: цахилгаан скүүтерт тус улсын Тээврийн хэрэгслийн удирдах газраас зөвшөөрөл авах,  скүүтерээ бүртгүүлэх, ослын даатгал хийлгэхийг шаардах болсон.
  • Япон: энэ төрлийн тээврийн хэрэгслийг моторт хэрэгсэл гэж үздэг тул бүртгүүлэх, улсын дугаар болон жолооны үнэмлэхтэй байхыг шаарддаг.
  • Сингапур: явган зорчигчийн замаар хориглосон, зөвшөөрөгдсөн замаар унах насны доод хязгаар 16 гэж заажээ.

-Хятад: дуулгаас гадна, ялангуяа суурьшлын бүсэд цахилгаан скүүтер улсын дугаартай байх, унадаг дугуй болон моторт тээврийн хэрэгслийн ялгааг жин болон хурд,  дөрөөний функц зэргээр нарийвчлан зааж, 20 кг-аас хүнд жинтэй, 30 км/ц-аас дээш хурдалдаг бол моторт дугуйн зөвшөөрөл шаардлагатай байна.

  • АНУ: Олон мужид дугуйн замаар 24-32 км/ц хурдтай явахыг зөвшөөрдөг, явган зорчигчийн зам руу орохыг хориглодог.
  • Канад: зарим мужид 50 км/ц-аас бага хурдаар авто болон дугуйн замаар зорчихыг зөвшөөрдөг. Ингэхдээ гол төлөв 24 км/ц-аар хязгаарладаг.

Сэтгүүлч Б.Даваажав

Mongolian Economy