Грегори Голдхаук: Глобальчлагдсан өнөө үед эдийн засгаа ханаар хаших нь ялалт биш

Mongolian Economy
2026-04-29 11:00:05

Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жил, Улаанбаатарт Канадын Элчин сайдын яам байгуулсны таван жилийн ой энэ онд тохиож буй. Манай улсын хоёр дахь том хөрөнгө оруулагч Канад улсын Монголтой харилцах харилцаа, хамтын ажиллагаа уул уурхайгаас хэдийнэ давжээ. Тиймээс манай сэтгүүл Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаукыг энэ удаагийн “Элчин сайд” буландаа урьж, ярилцсан юм. Тэрбээр 2010 оноос Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж, амьдарч байна. 

-Ямар тохиолоор энэ цаг үед таны ажил, амьдрал Монголтой холбогдов? 

-Хүүхэд байхаасаа улс үндэстнүүдийн аж байдлыг ихээхэн сонирхдог байлаа. Олон улсыг бизнесийн талбартай холбон ажиллах нь миний хүсэл байв. Төрийн алба, гадаад хэрэг болон олон улсын худалдааны чиглэлээр тус тус ажиллаж байсан. Улмаар 1981 оноос Засгийн газраа төлөөлөн дэлхийн бусад улсад дипломатчаар ажиллаж байна. Баялаг түүхтэй монгол оронд ажиллаж, амьдарч буйдаа баяртай байна. 

-Үүрэгт ажлаа авахын өмнө Монголд амьдрахад тулгарч болох сорилтуудыг хэрхэн төсөөлж байсан бэ? 

-Хоёр орны хоорон дахь харилцаа өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ Монгол Улс хурдацтай өсөн дэвжиж буй энэ үед ирж ажиллана гэдэг миний хувьд сэтгэл хөдлөм байх ч нөгөө талаас ажил мэргэжлийн хүрээнд томоохон сорилт болно гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Хүрээлэн буй орчин, цаг агаарын өөр нөхцөлөөс үүдэн гэр бүлээ Монголд идээших эсэхт санаа зовниж байлаа. 

Гэсэн ч миний охин сургуульдаа дуртай, гэргий минь эндхийн урлагийнхантай дотно харилцаатай ажилладаг болсон болохоор санаа зовох зүйл алга. Улаанбаатар бол бидний гэр. Эх орондоо очих сайхан ч гэртээ эргээд ирэх бүр ч сайхан. 

-Канад улс Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээр хоёрдугаарт жагсдаг. Манай хоёр орны хамтын ажиллагааны гол суурь нь юу вэ? 

-Харилцаа, хамтын ажиллагааны гол суурь нь худалдаа. Үүний дийлэнхийг уул уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт эзэлж байна. Статистик мэдээллээр Канад улсын 30 орчим компани Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд ханган нийлүүлэгчид ч хамаарна. Бидний судалгаагаар манай улсын Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээ таван тэрбум ам.доллартай дүйж буй. Манай хоёр улсын бүтээдэгдэхүүн, үйлчилгээ тэргүүтэй худалдааны харилцаа ойрын жилүүдэд өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн жил л гэхэд огцом буюу 200 хувиар өссөн байгаа юм. 

Бараа, бүтээгдэхүүний нэр, төрөл ч олширсоор байна. Зөвхөн уул уурхайн тоног, төхөөрөмж гэлтгүй эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, тээвэрлэлтийн тоног төхөөрөмж, төмөрлөг, хувцас гэх мэт бараа бүтээгдэхүүн зонхилж. Өнгөрсөн жилийг эргэн харахад хоёр улсын харилцаа уул уурхай, арилжааны талбараас аль хэдийнэ хальсан байна. 

Тухайлбал, Монголын зэвсэгт хүчин болон энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх, чадамжийг дээшлүүлэхэд хамтарч байна. Түүнчлэн Монгол нөхөдтэйгээ гар нийлэн төрийн үйлчилгээний шинэлчлэл дээр ажиллаж байгаа. Энэ нь цаашдын харилцаа, хамтын ажиллагаа илүү эрүүл, урт хугацаанд тогтвортой, хүчирхэг байх нөхцөл бүрдүүлж байгаа юм. 

-Монголын одоогийн улс төр, бизнесийн орчныг хэрхэн дүгнэж байна вэ? 

-Дэлхийн олон оронд амьдарч, ажиллаж байсаны хувьд нэг зүйл тодорхой санагддаг. Ази, Америк болон Европын орнуудын хувьд улс төр, худалдааны харилцаа нягт уялдаатай байдаг учир нэгийнх нь эдийн засаг доройтоход бусад нь хэвийн үлдэж чаддаггүй. Монголд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, сонгуулийн эргэн тойрон дахь үйл явдал, сонгуулийн дараах Оюутолгойн гэрээний асуудал зэрэг хэд, хэдэн хүчин зүйлийг өнгөрсөн хугацаанд харлаа. 

Одоо Ашигт малтмалын тухай хууль гараад ирчихлээ. Миний зүгээс тэднийг сайн, муу гэж дүгнэж байгаа юм биш. Гагцхүү хөрөнгө оруулагчдад олон тодорхойгүй нөхцөл үүсгэсээр байгаа нь үнэн. Энэ нь улмаар бизнес эрхлэх хүсэл зоригт сөргөөр нөлөөлж байна. 

-Элчин сайдын хувьд Та Монголыг Канад улсын ямар туршлагаас суралцаасай гэж боддог вэ? 

Тогтвортой байдал, бизнесийн итгэл даах чадвар. Канад улс Монгол шиг газрын баялгаа ашиглах замаар эдийн засгаа босгож ирсэн. Эдийн засгийн хувьсгал бий болгох замналдаа олон алдаа гаргасан ч түүнээсээ суралцахыг мөн давтахгүйг хичээж байв. Монгол Улстай дээрх туршлагаа хуваалцаж чадна гэдэгт итгэж байна. Мөн газар нутгийн хэмжээ, хүн ам, газар зүй, цаг агаарын нөхцөл гээд Монголтой ижил төстэй чанар олон тул бидний зүгээс хуваалцах туршлага чамгүй бий. 

Манай хоёр орны аль, аль нь байгалийн баялаг ихтэй. Бид гараа нэгтэй орнууд. Ийм шийдвэр гаргаагүй бол гэж бидний нэхэн харамсаж буй алдаатай зарим шийдвэрээс өнөөгийн Монголын бодлого тодорхойлогчид хэрхэн зайлсхийх тал дээр хуваалцах сургамж бий. 

-Ази тивд чиглэсэн Канад улсын бодлого, сонирхол хаана төвлөрч байна вэ? 

-Ази тивийн өсөн нэмэгдэж буй үүрэг, оролцоог мэдэрч ажиллах тал дээр барууны зарим оронтой харьцуулахад бидний хувьд харьцангуй хойрго, хоцрогдонгуй яваа нь үнэн. Гэвч манай улсын Ерөнхий сайд энэ талаар маш тодорхой мэдэгдэл хийсэн. Тэрбээр Канад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр Ази тив рүү жолоогоо залах нь нэн чухал агаад, зайлж болшгүй зам гэсэн. 

Тиймээс ч бидний хувьд эдийн засаг, улс төрийн холбоотноо энэ зүгт төрөлжүүлэх үүднээс Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо, Өмнөд Солонгос тэргүүтэй Ази тивийн улсуудад хөрөнгө илүү ихээр оруулах бодлогыг барьж байна. Бид гараанаас хоцорч гарсан ч эрчтэй урагшилж байгаа. 

-Монгол Улс төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллаж буй ч багагүй сорилтуудтай тулгарч буй. Канад улсын хувьд дээрх асуудлыг Төсвийн тогтворжуулалтын сан эсвэл өөр ямар арга механизмаар зохицуулдаг вэ? 

-Энэ талаас харвал Канадад дэлхийн санхүүгийн хямрал хэзээ ч болж байгаагүй гэж хэлнэ. Бусад улс тэр дундаа Америкийн санхүүгийн эрсдэлийн олон тооцоолол бүхий системийг Канадын банк, санхүүгийн зохицуулалт хүлээн зөвшөөрддөггүй. Өөрөөр хэлбэл, бидний хувьд банкуудыг эрсдэлд оруулж болох бүтээгдэхүүн, талбарт санхүүгийн байгууллагуудаа хөрөнгө оруулахыг зөвшөөрдөггүй. Бусад улсын эдийн засагт ажиглагдаж байсан хямралын үе шат гэж манайд байгаагүй. Өнгөрсөн хямралын үеэр ажилгүйдлийн түвшин өссөн ч тухайлбал, Америктай харьцуулахад доогуур байлаа. Орон сууцны үнэ ч тогтвортой байсан. Бид дэлхийн санхүүгийн хямралын он жилүүдийг ажралгүй давсан. 

Хямралыг мэдрэлгүй өнгөрөхөд нөлөөлсөн бас нэг томоохон хүчин зүйл нь манай улсын төсөв, сангийн чанд хатуу, зарчимч бодлого байв.

Санхүүгийн хямрал болохын өмнөх 8-10 жилийн хугацаанд Канад улсын төсөв байнгын илүүдэлтэй явж ирсэн. Энэ нь ч хямралын үед бидэнд тодорхой хэмжээнд зөөлөвч болсон. Өнөөдрийн байдлаар Засгийн газар төсвийн зарлагаа хянаж, сангийн бодлогоо чангатгаж, эерэг тэнцэлд барих үүднээс Төсвийн алдагдал танах хөтөлбөрийг (DRAP) хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Энэ бол бидний зорилго. Тогтворжуулалтын сан манайд байдаггүй. Бороотой өдөрт зориулсан нөөц байхгүй ч төсвийн хяналтыг чангатгаж, тэнцвэртэй байдлыг удаан хугацаанд хангаж чадсанаар нэг талаас үр ашгийн дээд хязгаарт нөгөө талаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний зардал доод хязгаарт хүрэх учиртай. Энэ бол бороотой өдөр гар дүрдэг нөөц сантай адилгүй. Харин хямралын үед болон хямралын дараа ч үргэлжилж байдаг сангийн хумих бодлогын үйл явц юм. 

-Канад улсын орчин үеийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан ололт, амжилтуудаас хуваалцахгүй юу?

-Канад улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр чухал хичээлийг маш сайн заалгасан. Нэгдүгээрт, Чөлөөт худалдаа үр өгөөжөө өгдөг. Хоёрдугаарт, глобальчлагдсан өнөө үед эдийн засгаа ханаар хаших нь ялалтын зам биш. 

-Канадчуудын сонирхлыг Монголын ямар боломжууд татаж байна вэ? 

-Уул уурхай одоохондоо давамгайлсан шинжтэй байгаа ч төрөлжиж эхэлж байна. Ойрын үед Канадын компаниуд эрүүл мэнд, боловсролын салбарыг ихээхэн сонирхож буй нь илт байна. Саяхан л гэхэд агаарын бохирдол, жирэмсний үеийн асаргаа гэх мэт асуудалд зөвлөгөө өгөх зорилготой эрүүл мэндийн томоохон судалгааг Монголд хийх санхүүжилтийг Канадын тал хариуцаж байгааг мэдлээ. Мөн бид боловсролын байгууллагуудад сургалтын хөтөлбөрөө танилцуулах, Монголын багш нартай туршлага хуваалцан хамтрахаар түншлэлийн түвшинд явж байна. 

Энд үйл ажиллагаа явуулдаг Канадын компаниуд ажилчдаа өөрийн сургалтын хөтөлбөрөөр сургадаг. Харин одоо Канадын боловсролын байгууллагууд Монголд ирж, энэ салбарт түншлэх сонирхолтой байна. 

Жишээлбэл, Канадын “British Columbia” их сургууль, Монголын ШУТИСтай хамтран уул уурхайн инженер болон бусад мэргэжлээр сургалтын хөтөлбөр, материал болон оюутан солилцох гэрээ байгуулаад байна. Бидний зүгээс Канадын боловсролын байгууллагуудыг оролцуулж Монголд боловсролын үзэсгэлэн зохион байгуулна гэж бодож байна. 

-Монголд үйл ажиллагаа явуулахад Канадын компаниудад нийтлэг ямар бэрхшээл тулгарч байна вэ? 

-Монголд жил бүр ирдэг Канад хүмүүсийн тоо чамлахааргүй ч хурдацтай өсч байна. Статистикаас үзэхэд өнгөрсөн жил нийт 3700 канад хүн ирсэн байгаа юм. Энэ бол өмнөх жилтэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт. Тулгарч буй саад гэвэл нэн тэргүүнд ойлголтын асуудал байна. Канадчуудын хувьд Монгол хурдацтай хөгжиж буй орон гэдэг талаас нь анхаарлаа хараахан хандуулж эхлээгүй. Канадчуудын ойлголтод төв Азид оршдог Монгол хэмээх нэртэй оронд сонирхол татам үйл явц өрнөж эхэлж байгааг ойлгож эхэлж буй дүр зураг л харагдаж буй. 

Канадад байхдаа би хүмүүст Монгол орон гэж хаана байдгийг газрын зураг дээр үзүүлэх хэрэг гардаг байсан ч өнөөдөр тэгэх шаардлагагүй болжээ. Тэд миний тусламжгүйгээр Монголыг газрын зургаас олж чаддаг болж. Бид хууль эрх зүйн урьдчилан хэлж болохуйц тогтвортой орчныг бүрдүүлэхэд урт удаан зам туулах биз ээ. Гэсэн ч дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа бизнес эрхлэгчдийн Монгол хэмээх амжилтын түүхийн нэг хэсэг байх хүслийг хууль, эрх зүйн тогтвортой орчин л төрүүлдэг. 

Mongolian Economy сэтгүүлийн “Шингэн эдийн засаг” дугаарын 28-30-р нүүр

2013.03.13

Mongolian Economy