Иргэд жилд 950 мянган төгрөг хүртэлх татварын буцаан олголт авна

Mongolian Economy
2026-05-07 15:04:43
Ангилал: Нийгэм

Засгийн газраас өнөөдөр Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Татварын багц хуулийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ. Хууль батлагдсанаар дараах онцлох өөрчлөлтүүд бий болно.  

-Жилийн нэг тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлнө. 

-Иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. Татварын хөнгөлөлтийг жилд нэг удаа буцаан олгох бөгөөд иргэд жилд 950,000 төгрөг хүртэлх буцаан олголт авна. 

-Иргэд үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос хоёр хувийн татвар төлдөг байсан бол шинэчилсэн найруулгаар өмчилсөн орон сууцаа анх удаа худалдан борлуулсан тохиолдолд татвараас бүрэн чөлөөлнө.

-Татварын өртэй аж ахуй нэгжийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд үлдээдэг болно. Татварын тайлан залруулах хугацааг хоёр жил хүртэл сунгана. 

-Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын таатай орчныг бий болгох үүднээс 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн нэг хувийн татвар төлдөг босгыг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөнө.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд НӨАТ төлөх босго 50 сая байсныг 400 сая төгрөг болгон өсгөж, НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэл хойшлуулна.

Татварын багц хуулийн төслийг УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталж, 2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хаврын чуулганаар нийт 32 хуулийн төслийг хэлэлцэх юм.

Сэтгүүлч У.Анхцэцэг

Mongolian Economy