Тээвэр, логистикийн өртөг өсөж эхэллээ

B Shurenchimeg
2026-05-11 17:25:16
Ангилал: Дэд бүтэц

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, Улаан тэнгис орчмын аюулгүй байдлын эрсдэл дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь доргиож эхэлсэн. Далайн тээврийн компаниуд маршрутаа өөрчлөх, даатгалын шимтгэл нэмэгдэх, шатахууны зардал өсөх зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр олон улсын тээвэр, логистикийн өртөг аажмаар нэмэгдэж байна. Энэ нөлөөлөл Монгол шиг далайд гарцгүй, импортоос өндөр хамааралтай улсын хувьд илүү хурцаар мэдрэгдэж эхэллээ.  

Олон улсын тээвэр зуучийн “Алстод рөүд” ХХК-ийн мэдээллээс харахад БНСУ-ын Бусан хотоос Тяньжин хүртэлх хуурай замаар 40 тоннын чингэлэг тээврийн зардал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 3930 ам.доллар байсан бол энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл 3500 ам.доллар болж буурсан байна. Харин дөрөвдүгээр сараас үнэ дахин өсөж 3650 ам.долларт хүрчээ. Харин төмөр замаар 40 тоннын чингэлэг тээвэрлэх үнэ мөн өмнөх саруудад 3010 ам.доллар орчимд тогтвортой байсан ч тавдугаар сард 3060 ам.доллар болж өсжээ. Энэ нь Ойрх Дорнод дахь хурцадмал байдалтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм. 

Далайн тээврийн үнэ өсөхөд Бусан, Тяньжин зэрэг дамжин өнгөрөх боомтуудын ачаалал ихсэж, ирэх ачааны өртөг нэмэгдэж, чингэлгийн эргэлт удааширдаг. Үүний дараа хуурай замын, ялангуяа авто тээврийн зардал илүү хурдан өсдөг нь эндээс тодорхой харагдаж байна.

Тиймээс авто тээврийн үнэ төмөр замаас илүү савлагаатай, зах зээлийн өөрчлөлтөд илүү мэдрэмтгий байгаа юм. 

Мөн Японы чиглэлд ч ижил өөрчлөлт ажиглагдаж байна. Япон-Улаанбаатар чиглэлийн хуурай замын 40 тоннын чингэлэг тээврийн үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 4550 ам.доллар байсан бол нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл 3550 ам.доллар болж тогтворжоод байсан. Гэсэн ч дөрөвдүгээр сард 3700 ам.доллар болж эргээд өсөв. 

Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцдах тусам дэлхийн томоохон тээврийн компаниуд Улаан тэнгисийн маршрутаас зайлсхийж хол зам сонгох, ачаагаа өөр боомтоор дамжуулах, нэмэлт даатгалаар хамгаалах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ингээд далайд эхэлсэн өртөг агуулах, дамжин өнгөрөх тээвэр, төмөр зам, авто тээврээр явсаар Монголд ирэхдээ улам өсөж байна. 

Энэ өөрчлөлт зөвхөн Азийн чиглэлд ажиглагдаагүй. Европоос ирэх хөргүүртэй тээврийн үнэ аль хэдийн өндөр түвшинд хүрчээ. “Алстод рөүд” ХХК-ийн өгсөн мэдээллээр Бельгиэс 13,750 евро, Польшоос 12,750 евро, Италиас 15,150 евро, Чехээс ирэх авто тээврийн үнэ 11,500 ам.доллар байна. 

Дэлхийн худалдааны урсгал цар тахлын дараах хямралаас аажмаар гарч, үнэ бууран тогтворжиж байсан билээ. Гэвч геополитикийн шинэ эрсдэлүүд дахин тодорхойгүй байдал үүсгээд байна.

“Алстод рөүд” ХХК-ийн мэдээлэлд дурдсанаар Канад-Улаанбаатар чиглэлийн Truck 40 тонн чингэлгийн тээврийн үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 8250 ам.доллар байсан бол энэ оны нэгдүгээр сард 8150 ам.доллар болж бага зэрэг буурсан ч өндөр түвшинд хэвээр байна. Ингээд ч зогсохгүй дотоод тээврийн үнэ ч “хөдөлжээ”. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл 4.2 сая төгрөг байсан дотоод тээвэр (Эрээнээс Улаабаатар)-ийн үнэ дөрөвдүгээр сараас эхлэн 4.6 сая төгрөг болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, тээвэр логистик, нийлүүлэлтийн бүх шатанд өртөг нэмэгдэж эхэлжээ.  

Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс, автомашин, үйлдвэрийн түүхий эдийн дийлэнхийг импортоор авдаг учраас тээврийн өртөг өсөх нь эцэстээ бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний савлагаа Монголын инфляцад шууд ирнэ гэсэн үг.

Монгол шиг далайд гарцгүй улсын хувьд тээвэр, логистикийн өртөг нь макро эдийн засгийн судаснуудын нэг гэсэн үг. Энэ судасны хаа нэгтээ даралт үүсэхэд нөлөө нь хэдэн мянган километрийн цаана байгаа бидэнд хүртэл мэдрэгдэнэ. Хэрэв Ойрх Дорнод дахь нөхцөл байдал ойрын хугацаанд тогтворжихгүй бол энэ өсөлт цаашид үргэлжилж, Монголын инфляцад дарамт үзүүлэх гол хүчин зүйлсийн нэг хэвээр байх төлөвтэй. 

B Shurenchimeg