Мөнгөн хазаарын бүдэг чимээ онгон зүрхийг цочоон баясгана
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана
…хэмээн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан тэртээ 1959 онд бичиж байжээ. Завхан аймгийн Алдархаан сумын Ар ам хэмээх газар мэндэлсэн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн түүний яруу найргийн мөр бүр сэрэл мэдрэмж түрүүлж, басхүү бодрол хийгээд гуниг, уярал, ухаарлыг мэдрүүлдэг билээ.
Тиймдээ ч одоо хэр шүлгүүд нь мөнх оршиж яруу сайхнаа дуурсгасаар буй. Агуу найрагчийн төрсөн нутаг Завхан аймгийн зон олны төлөөлөл болсон Нутгийн зөвлөлийнхөн түүний нэрэмжит яруу найргийн уралдааныг өнгөрсөн ням гарагт (V.12) Улаанбаатар театрт зохион байгууллаа.

Тус наадмын эхний шатанд шүлгээ ирүүлсэн 326 яруу найрагчаас хоёр дугаар шатанд буюу тус наадамд уншигдах шилдэг 26 шүлгийг зөвхөн нэр, агуулгаар нь шалгаруулсан бөгөөд 13, 13-аар нь хэсэгчлэн хувааж уншуулсан юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 26 шүлэгч дунд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хоёр, “Болор цом”-ын эзэн зургаан яруу найрагч шалгарсан нь тус наадмын цар хүрээ, нэр хүндийг харуулж байв.
Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, СГЗ Ц.Бавуудорж, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Байгаль, Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Галтбаяр, Хэл бичгийн ухааны доктор, уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурь, СГЗ, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар ажилласан юм.

Тус наадмыг зохион байгуулахад Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил болон нутаг орноо гэсэн чин сэтгэлтэй залуусын оролцоо, хүч хөдөлмөр шингэснийг энд дуулгах нь зүйтэй байх.
“Мөнгөн хазаарын чимээ” хэмээн найрагчийн шүлгийн мөрөөр нэрлэсэн тус наадамд шүлгээ уншсан найрагчдаас Тогтохбатын Пүрэвжаргал хэмээх эмэгтэй яруу найрагчийн хайрын шүлгүүд тодоос тод ялгарч байлаа. Эмэгтэй хүний эмзэг нандин мэдрэмж, гомдол, гуниг, нулимс басхүү омголон төрхийг түүний шүлгээс олж харж байв.
Харин Сумьяасүрэнгийн Батзориг хэмээх залуу найрагчийн шүлгээс тодорхой байдал, басхүү залуу хүний омголон зан, нутаг ус, өвөг дээдсээ гэх ухааныг хөгшин аавынхаа тухай, Идэрийн голын тухай бичсэн шүлгээс нь мэдэрч болохоор байлаа. Мөн Пэрэнлэйн Нямлхагва, Батдоржийн Жамбалдорж, Мулцаны Уянсүх, Баатарын Галсансүх, Базарсадын Баттулга зэрэг Монголын авьяастай, цогтой яруу найрагчдын шүлгүүд өнгөлж, сэтгэлийн таашаалыг үзэгчдэд бэлэглэлээ.

Ийнхүү “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын Тэргүүн байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тогтохбатын Пүрэвжаргал, дэд байрт Пэрэнлэйн Нямлхагва, гутгаар байрт Сумьяасүрэнгийн Батзориг, тусгай байрт Батдоржийн Жамбалдорж, Мулцаны Уянсүх тус тус шалгарлаа.
Энэхүү наадмыг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан, “Явуухулан сан” болон “Мөнх Огторгуйн Чимэг төв” хамтран зохион байгуулсан бөгөөд монгол хэлний яруу тансаг өвийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлч залуу үеийг дэмжин урамшуулах, яруу найргийн ариун гэгээн ертөнцийг олон нийтэд түгээх эрхэм зорилгыг өвөрлөж байгаа юм.

Энэ талаар Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил “Нийгмийн бүхий л салбарын зүтгэлтнүүд, алдар суутнууд Завхан аймгаас төрөн гарсан. Тэдний томоохон төлөөлөл болсон Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар их наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ нь утга зохиолын салбарт завханчуудаас оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт юм.
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам нь их найрагчийнхаа бүтээл туурвилыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, ёс заншил түүхээ монголчууддаа сурталчлах зорилготой. Энэхүү наадмыг уламжлал болгон жил бүр зохион байгуулна” хэмээн ярьсан юм.
Уралдаанд тэргүүн байр эзэлсэн яруу найрагч Т.Пүрэвжаргал “Их найрагчийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадамд тэргүүн байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Удахгүй болох “Үлэмжийн сайхан” уран бүтээлийнхээ цэнгүүний бэлтгэлийг хангахаар Завхан аймгийнхаа сумдаар явж байхдаа энэхүү наадмын сүүлийн шатанд шалгарч үлдэх болтугай хэмээн сүсэглэж, Цагаан уулынхаа бэлээс шүлгүүдээ цахимаар илгээсэн.
Тус наадамд сүүлд бичсэн хайрын шүлгүүдээ түлхүү уншлаа. Миний хувьд голдуу хайрын шүлэг бичдэг. Энэ их бүрзгэр, төмөрлөг нийгэмд хайрын шүлэг уншиж, тайтгарлыг олох нь нэг талаасаа тархины амралт болдог” хэмээн ярив.






“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын тэргүүн байрт орсон яруу найрагч Т.Пүрэвжаргалын хайрын шүлгээс хүргэж байна.

ӨВЛИЙН ХОТЫН ТЭМДЭГЛЭЛ
Шилэн байшингуудын дээгүүр
шинэдэн дүүрэх сар
Ширтэх мэт ч ямар
хөшүүн бэ
Жавар цанг жавар цан гэж
мэддэггүй байхдаа би
Гэгээн сар гэгээн сар гэж
дуулдаг байлаа
Гэрлэн дохионууд
мөсний тохуурхлаар
асч унтрахад
Гэртээ харих ёстой би
чамайг эрэн
хүйтэн рүү өнгийнө
Гэнэтхэн зун болчихоосой гэж
огт бодохгүй байна
Гэтүүр муужгайн нүд ч надад
хань болж байна
Ийм хүйтэн өвлийг хэзээ үзсэн билээ?
Итгэл найдвар минь надаас тасран оджээ
Хайрт минь ээ, бид гар гараасаа атгалцаад
Хайруу мөсөн агаарыг инээдээрээ зүсэхэд
Цантсан сормуустай миний уншсан шүлэг
Алганд чинь хайлдаг байлаа
Цаг хугацааг бид шүлэг шигээ халуунаар
Хадгалахыг хүсдэг байлаа
Хүмүүс нь явгалж зөрдөг хотын хаа сайгүй
Хүслэнт хосууд хав халуунаар амьсгалж байна
Ганцаардаж даараад би арга тасран цөхрөвч
Гараас чинь атгах хүслээ тэвчинхэн хориод
Олон хүнтэй их хотынхоо тэс мөстсөн өвөлд
Одооноос өөрийгөө дасгаж эхэллээ
Хэн нэгний асаасан тамхины цог
Уруул дээр гал болно
Хэн нэгний уруулд улалзан байгаа
Тэр гал л битгий унтраасай даа…
Тэр гал өвлийн хотыг дулаацуулна
Чиний тухай бодол л үл царцах энэ хотод
Чигээрээ яваад би хаана очиж зогсох вэ?
Таагүй ийм чичрүүдэс мөд арилахгүйг
мэдсэнээс хойш
Тамхины улалзах цогийг эртхэн бараадъя даа
хайрт минь
Угаас юм бүхэн нь дуу алдуулдаг миний хотод
Урагдсан сэтгэл минь өглөө бүр нөхөгддөг
Бусад маань ч бас миний л адил гээд
Бурхадаа тоослох
цагтаа би амар амгаланг олдог оо
Яруу найрагч T.Пүрэвжаргал
