“Чөдөртэй морь”-оо чөлөөлье

Т.Амаржаргал
2026-05-15 13:08:12
Ангилал: Эдийн засаг

Монголчууд бид чөлөөт зах зээлд хөл тавиад 30 гаруй жил болсон ч бизнесийн орчин зах зээлийн зарчмаар бус, хэтийдсэн дүрэм журам, далд давуу эрхийн сүлжээгээр зохицуулагдаж байна. Энэ бол хэнд ч ил үнэн. Тиймээс МҮХАҮТ 2026 оныг “бодлогын өмгөөллийн жил” хэмээн зарлаж, чөлөөт зах зээл дэх “чөдөртэй морь”-ийг чөлөөлөхөөр зорьж байна. Бодлогын өмгөөлөл бол асуудлаа шударгаар тодорхойлж, түүний шийдлийг төр засгийн түвшинд хүлээн зөвшөөрүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, “залруулгын механизм” гэж тодорхойлж болно. Монголын бизнесийн орчинд “залруулга” хийх ёстойг илтгэдэг хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнээс хамгийн тод нь бизнес болоод улс төрийн хэт ойрын холбоо юм. Тэдний дотносол “давуу эрхийн эдийн засаг”-ийг бий болгосон. Эндээс улс төрийн холбоогоор давуу тал олж авдаг жишиг хаанаас эхэлсэн бэ гэх асуулт урган гарна. Хариулт нь тодорхой. Бүх зүйл зөвшөөрөл, лиценз хөөцөлдөхтэй зэрэгцэн өрнөж эхэлдэг. 

Зөвшөөрлийн тогтолцоо

Монголын бизнесийн орчны хамгийн эмзэг цэг бол зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олж авах үйл явц юм. Жижиг бизнес эхлүүлэх, мега төсөл хэрэгжүүлэхийн аль алинд үй олон зөвшөөрөл хүснэ. Зарим нь давхацна, зарим нь бүр огт хэрэггүй ч байж болохоор. Ямартай ч зөвшөөрүүлэх шаардлагатай. Гэвч хамгийн ноцтой нь зөвшөөрөл авах өгөх нь авлигын суурь болж, шударга өрсөлдөөнийг алдагдуулдаг хаалт болж хувирсан. Одоогоор Монгол Улсад 250 төрлийн тусгай зөвшөөрөл, 121 төрлийн энгийн зөвшөөрлийг олгоход хуулиар “шүүгээд” зогсохгүй хуультай дүйх журмыг давхардуулан тулгаж байна.

Мөн зөвшөөрөл авахын тулд 9-33 төрлийн баримт бичиг бүрдүүлж, 39-138 шат дамжлага дамжин 21-100 хоног хүлээж байж хариугаа авч байна. 

Тиймээс үйлчилгээний салбарын зарим зөвшөөрлийг төр биш, мэргэжлийн холбоод олгодог болох нь хамгийн оновчтой гарц юм. Энэ зохицуулалт Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд суусан гол концепцуудын нэг. Хэрэв МҮХАҮТ тодорхой зөвшөөрлүүдийг ил тод, цахим хэлбэрээр олгодог болчихвол орон нутгийн удирдлага, аль нэг нам эвслийн далбаан доорх хэн нэгэн “зөвшөөрлийн процесс”-т хуруугаа дүрэх шаардлагагүй болно. 

Журамжсан эдийн засаг

Бизнес эрхлэгчдээс зөвшөөрлийн дараах том саад юу вэ гэж асуувал тэд зохицуулалтын “ширэнгэн ой” – журмуудыг нэрлэнэ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Монгол Улсад 930 гаруй хууль үйлчилж байхад, 2768 журмаар бизнес эрхлэгчдийг давхардуулан дарлаж байна” гэсэн юм. Гэхдээ асуудал нь тоо биш, тодорхойгүй байдал. Яамдын гаргасан хуулиас “дархтай” журмууд үргэлж асуултын тэмдэг дагуулдаг. Зарим нь бүр өөрсдөдөө ашигтай зүгт нөхцөл байдлыг эргүүлсэн байдаг. Үр дүнд нь хөрөнгө оруулалт хумигдана, жижиг, дунд бизнесүүд зах зээлээс шахагдана. Том компаниуд төртэйгээ үзэлцэнэ, стратеги төлөвлөлт нь байнгын гацаанд орно. Иймд танхим бодлогын өмгөөллөөр дамжуулж “журамжсан эдийн засаг”-ийг хүлээсээс нь задлах “амбиц” тээж байна.

Төрөөс тогтоосон төлбөр

Монголын зарим салбарт зах зээлийн үнэ бус төр засгаас тогтоосон “төлбөрийн хязгаарлалт”-ууд тоглоомын дүрмийг тогтоож байна. Ялангуяа эрчим хүчний салбар энэ дүрмийн хамгийн том хохирогч. Чөлөөт зах зээлийн дүрмээр бол эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр үнэ тогтох ёстой. Гэтэл улс төрийн шийдвэрээр төлбөр тогтож байгаа нь хөрөнгө оруулагчдыг бараг л цочоодог. Эрчим хүчний төсөл дээр гадны хөрөнгө оруулагчид орж ирдэггүй нь ч үүнтэй холбоотой. 

Үүгээр барахгүй “хохирогч салбар” татаасаар амьдардаг бүтэц болон хувирч, муу юм бүхний эхэнд цоллуулдаг. Сонгуулийн амлалтын “шидэт дохиур” ч болж болно. Аль ч тохиолдолд тэр салбар эмгэнэлтэй хувь заяагаар замнана.  

Хэрэв эрчим хүчний салбарт бодит үнэ тогтвол юу болох вэ? Төсөөлөхийг оролдъё.  Хэрэв тийм зүйл болбол энэ талбарт хувийн хэвшлүүд зоригтойгоор хөл тавьж, янз бүрийн хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэнэ. Гэтэл тоглоомын дүрэм нэгэнт ийм биш учраас төр өөрөө төсөл сэдэж, төслөө санхүүжүүлж, бүтээн байгуулалтаа хүртэл өөрсдөө хийхийг оролдож байна. Төлөөсөнд нь урт нас, удаан түүхтэй, зардал өндөр төслүүд олон нийтийн хүлээлтийн нэг хэсэг болон хувирч, салбарын “зовлон” мөнхөд үргэлжилж байна. 

Дэлхийн танхимуудын туршлага

Дэлхийн ихэнх оронд худалдаа, аж үйлдвэрийн танхимууд бодлогын өмгөөллийн гол институц байдаг. АНУ-ын Худалдааны танхим (U.S. Chamber of Commerce) гэхэд, Татварын бодлогын өөрчлөлтөд идэвхтэй оролцдог. Шүүхийн түвшинд хүртэл бодлогын байр сууриа хамгаалдаг.

Харин Германд аж үйлдвэрийн танхимууд (IHK) салбарын стандарт тогтоох, хувийн хэвшлийн бүртгэлийг хийх, гарааны бизнесыг бойжуулах, Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөхөд идэвхтэй оролцдог. Сингапурын бизнесийн холбоод ч мөн бодлогын өмгөөллийн тал дээр ихээхэн үр дүнд хүрч чадсан. Тухайлбал, зөвшөөрлийг цахимжуулах, бизнесын маргааныг шуурхай шийдвэрлэх, бизнес эхлүүлэх хугацааг багасгах, төр-бизнесийн шууд харилцааны үр дүнд суурилсан платформ бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн.

Манай улсын эдийн засаг жижиг. Жижиг тусмаа зөв, буруу бодлогын үр нөлөө шууд тусна. Тиймээс дэлхийн туршлагыг дагаж, тоглоомын дүрмийг тогтооход танхимын оролцоог бэхжүүлэх нь чухал. Хувийн хэвшлийнхний зовлон жаргалыг хамгийн сайн ойлгодог институцыг бодлогын гал тогоонд ойр байлгавал бизнесийн орчинд гэрэл асах нь дамжиггүй.

Т.Амаржаргал