Банкуудын нийт зээлийн 5.7 хувь нь “ногоорчээ”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлогын хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудын удирдлагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр Төв банк 2019 оноос хойш бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж ирснийг онцолсон юм.
Өнөөдрийн байдлаар ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байгаа аж.
Цаашид энэ хэмжээг шат дараатай нэмэгдүүлж, 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа тэрбээр дурдсан.
Мөн өрхийн эрчим хүчний хэмнэлт, ногоон тээврийг дэмжих бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаа төв банк онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон устөрөгчийн цэвэр эх үүсвэрт тээврийн хэрэгслийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хугацааг 30 сараас 60 сар хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Үүний үр дүнд зээлийн хүртээмж 3.4 дахин нэмэгдэх бол эргэн төлөлтийн ачаалал 40 орчим хувиар буурна гэж тэд тооцож байна.

“Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлогын хэрэгжилт” уулзалт
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өгснөөс гадна байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжих хүрээнд компаниудын ногоон бонд гаргах идэвх санаачилгыг дэмжиж, бонд гаргах үйл явцыг хялбарчлах, хууль эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүдийн тухайд, ногоон зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгож, хөрөнгө оруулалтын зориулалттай бүтээгдэхүүний хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон.
Харин арилжааны банкууд цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал шүүмж өрнүүлсэн нь анхаарал татаж байв. Тодруулбал, банкууд ногоон зээлээр дамжуулан цахилгаан авто машины эрэлт, хэрэглээг дэмжихэд анхаарч байгаа ч энэ төрлийн тээврийн хэрэгслийн дэд бүтэц хангалттай хөгжөөгүй байна гэсэн юм. Ялангуяа алслагдсан сум орон нутагт цэнэглэх станцын хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байгаа учраас эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг сайжруулах тал дээр бодит, үр дүнтэй алхам хийх шаардлагатайг банкуудын удирдлагууд Ерөнхий сайдад уламжиллаа.
