Марк Клиффорд: Өсөлт гэдэг өөрөө сорилт

Mongolian Economy
2026-05-18 12:01:12

Марк Клиффорд нь Хонконгт байршилтай Азийн бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар 2007 оноос хойш томилогдон ажиллаж байна. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд “South China Morning Post”, “The Standard” тэргүүтэй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн ерөнхий редакторын үүргийг гүйцэтгэж байснаас гадна “Business Week” сэтгүүлийн Ази хариуцсан бүсийн редактораар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Марк Клиффорд 2012 онд Монголд ирээд буцахдаа “Mongolia Builds a New Identity” хэмээх нийтлэл бичсэн байдаг. Түүнийг хоёр дахь удаа Монголд зочлох үеэр нь ярилцсан юм.

-Энэ удаад Монголд ямар хэргээр ирсэн бэ? 

-Дараа жилийн өдийд Монголд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Азийн бизнесийн зөвлөл 14 оронд гишүүнтэй бөгөөд бүсийн хэмжээнд жилдээ хоёр удаа уулздаг. Уулзалтаа бид янз бүрийн газарт зохион байгуулдаг. Монголоос бусад оронд гишүүдтэй байсан бол өнгөрсөн жил “MIH” группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан манайд нэгдсэн. Үүнтэй холбогдуулан зөвлөлийн зүгээс Монголд уулзалт зохион байгуулж, танай улс дахь нөхцөл байдал, боломжийн талаар хэлэлцэхээр шийдсэн. 

-Манай уншигчдад Азийн бизнессийн зөвлөлийг танилцуулахгүй юу? 

-Албан ёсоор 2002 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Бидний гол зорилго бизнесийн салбар дахь тэргүүлэгчдийг нэгтгэж, зангиагүй ярилцах. Гишүүдийн хувьд дарга, ерөнхий захирлууд байдаг. Ази тив хүч түрэн гарч ирж буй энэ үед Монгол, Саудын Араб, Япон, Хятад, Энэтхэг тэргүүтэй орны төлөөллийг нэгтэж, бизнесийнхний хүрээнд бүс нутгийн асуудлаа ойлгох нь чухал. Өнгөрсөн хугацаанд, хүмүүс хөгжиж буй барууны орнуудад хэт их анхаарал хандуулж ирлээ. АНУ, Их Британи, Евробүсийн орнуудаас илүү их хамаарч байв. Азийн бизнесийнхэн хоорондоо ч тийм их гүн харилцаагүй байлаа. Гэтэл энд л боломжууд байна. Хөршүүдээ сайн таньж, бүсийн хэмжээнд боломж юу байгааг мэдэх хэрэгтэй. 

-Хөгжингүй орнуудын эдийн засаг, улс төрийн бодлого хөгжиж буй орнууд тэр дундаа энэ бүс нутаг руу чиглэж байгаатай уялдан зөвлөлийн зорилгод ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлага гарч байгаа вэ? 

-Үүнийг нөгөө талаас нь харвал Ази бол хөгжингүй дэлхийн нэг хэсэг. Өнөөдөр гурав дахь багана. Би энэ тивд 26 жилийн өмнө буюу 1987 онд нүүж ирж байлаа. Тэр үед Япон тун амжилттай явж байсан ч Азийн үлдсэн хэсэг тийм байсангүй. Хятадын эдийн засаг Өмнөд Солонгосынхоос ч жижиг байв. Тухайн үеийн Солонгосын эдийн засаг тийм ч том байгаагүй. Азийн хөгжлийн хөдөлгүүр нэгэнтээ ассан. Одоо бол азиуд тэрхүү өсөлтийн хөдөлгүүрийнхээ хүчийг хэрхэн нэмж, хурдасгах вэ гэдгээ хамтдаа бодож шийдэх хэрэгтэй.

-Азийн бизнессийн зөвлөл байгуулагдсанаас хойш гарсан голлох хөгжлийн өөрчлөлтүүдийг нэрлэхгүй юу? 

-Тивийн хэмжээнд илүү хүчирхэгжиж буй нь Азид анхаарлаа хандуулдаг гишүүдийг татахад бидний хувьд илүү амар болсон. Энэ л гол нь гэж бодож байна. Бидний зүгээс Азийн гишүүнчлэлдээ Ойрхи Дорнодыг хамруулахаар шийдвэрлэсэн. Бүс нутгийн эргэн тойрноос гишүүд хүлээж авах болсон ч 80 хувь нь Азийнх байх ёстой. Бид өмнө нь Саудын Араб, Кувейтийг хамарддаггүй байсан ч одоо бол тийм. Хоёр жилийн өмнө Саудын Арабд уулзалт хийсэн. Тус улсаас манайд хоёр гишүүн байдаг бол Кувейтийн нэг гишүүн саяхан бидэнтэй нэгдээд байна. Энэ талаас нь харвал өөрчлөлт үнэхээр гарсан. Зөвхөн Зүүн Ази, Энэтхэг гэлтгүй Ази тэр чигээрээ нэг утсаар хоорондоо уягдаад байна. 

Өмнө нь бид Зүүн болоод Өмнөд Ази руу харцаа чиглүүлдэг байсан. Монгол, Афганистан тэргүүтэй улсууд манай байгууллагын дүрэм журмын үүднээс Азид тооцогддогүй байлаа.

Мөн асуудлыг Хонконгийн Засгийн газартай харилцан тохиролцох хэрэгтэй байдаг. Улмаар бид байгууллагынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, Монгол Орос тэргүүтэй Төв Азийн, Ойрхи Дорнодын орнуудыг хамрах болсон. Өөрөөр хэлбэл, илүү өргөн цар хүрээнд энэ тивийг харах болсон. 

-Ямар шинэ сорилт, боломжууд өнөөдөр гарч ирж байна вэ? 

-Бизнессийнхний хувьд гарч ирж буй асар олон боломжийн дундаас тохирохоо сонгох нь шинэ сорилт болж байна. Барууны орнууд тэр дундаа Европт ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Бизнесээ авч үлдэх, ажил олох нь тэдний хувьд томоохон сорилт байгаа бол Азид боломжууд дундаас хамгийн тохиромжтойг нь сонгох, шилдэг боловсон хүчин олох нь сорилт болж байна. Өсөлт гэдэг өөрөө сорилт. Боломж өсөлтийг удирдах нь сорилт. Хэрэв Монголын эдийн засаг шиг ес эсвэл 19 хувийн өсөлттэй яваа бол хэрхэн энэ өсөлтийг дааж явах хүмүүсээ олох вэ. Хүн хэмээх баялаг, авьяас чадварыг олно гэдэг миний бодлоор хамгийн том сорилт. Аливаа байгууллагын хувьд гайхам боломж, тохирох хүнээ сонгон, эрх мэдэл өгч, түүгээрээ дамжуулан ихийг олж авахад анхаарах нь зүйтэй. Энэ бол сонирхол татам сорилтын зэрэгцээ хаана ч олдоод байдаг зүйл биш юм шүү. 

-Азийн хувьд энэ хамгийн том сорилт уу? 

-Хамгийн том сорилтуудын нэг нь яах аргагүй мөн. Магадгүй хамгийн хамгийн нь ч байж мэднэ. Байгаль орчны асуудал үүнтэй зэрэгцэх хэмжээний том сорилт гэж хэлмээр байна. 

-Дараагийн 100 жил Азийнх байх эсэхийг өнөөдөр ямар хүчин зүйлс тодорхойлж байна вэ? 

-Гайхалтай асуулт байна. Ази дэлхийг захирах эсэхийг мэдэхгүй юм. Гэвч энэ тивийн хүн ам, өсөлтийг харвал зогсоох хүч гэж бараг үгүй мэт санагдаж байна. Дэлхий ертөнц ирээдүйд илүү олон эсрэг, тэсрэгээс бүрдэнэ. Нэг улс дахин дэлхийг удирдана гэж бодохгүй байна. Гэвч азиудын хувьд боломж хязгааргүй байх нь илэрхий байна. Олон зууны турш хүмүүс хүүхдүүдээ тэр дундаа охидоо сургуульд сургах боломжгүй, эмнэлэгт үзүүлэх мөнгөгүй байлаа. Хүмүүст дутагдах зүйлгүй сайхан амьдрах боломжийг нь тавьж өгөх л хөгжил, өөрчлөлтийн утга учир. Сайхан машин, тансаг сууцтай болох тухай асуудал биш. Эцсийн дүндээ хүмүүсийн л тухай юм. Энэ талаас нь харвал Азийн зуун гэж хэлж болно. -Монгол дахь хөрөнгө оруулалт, бизнесийн өнөөгийн орчинг та юу гэж бодож байна вэ? -Бизнессийнхэн тодорхой байдалд дуртай. Ирээдүйд юу болохыг тодорхой мэдэж байхыг тэд хүсдэг. А эсвэл Б гэсэн салаа замын сонголтыг таамаглаж болох ч А,В,С,D гэсэн сонголттой байхыг тэд хүсэхгүй. Аль замаар явахаа мэдэх газрын зурагтай байх хэрэгтэй гэсэн үг. 

-Та Монголд 2012 онд ирснийхээ дараа бичсэн нийтлэлдээ Монголын эзэнт гүрэн дэлхийг дайлаар мордож, олон улсын тавцанд нэрээ тамгалсан тэр үеийг дурьдсан байсан. Монгол олон улсын тавцанд дахин тодрох боломж олдож буй энэ үед хэрхэн зөв хөдлөх вэ? 

-Дараагийн таван жилд эрчим хүчний ханган нийлүүлэгч болох нь нэн чухал гэж бодож байна. Оюутолгой болон бусад төслөө хэрэгжүүлэх нь олон улсад танигдаж, хөрөнгө оруулагчдыг татахын зэрэгцээ монголд хүлээлгэх тэдний итгэл ч батжина. Азийн дийлэнх улсад байдаггүй газар нутаг, байгалийн баялаг Монголд бий нь гайхалтай. Өнөөдөр хүн бүр эрчим хүчинд хэт анхаарч байна. Шинэ Зеландыг аваад үзье. Дэндүү жижиг орон атлаа ногоон, цэвэр Шинэ Зеланд гэсэн брэндийг бий болгочихсон байна. Тэнд байгаль орчны эко туршлагыг аялал жуулчлалтай хослуулсан байдаг. Зүүн Ази тэр дундаа 1.3 тэрбум хүнтэй Хятад улсын зүүн хэсэг хамгийн их хүн ам төвлөрсөн хэсэг. 

Тиймээс тэд Канад, АНУ, Шинэ Зеланд гэсэн цэвэр агаарт загасчилж, морь унаж болох газрыг зорьдог. Монголд энэ бүгд байна. Ирэх 25 жилд эрчим хүч цойлно гэж хэлмээр байна. Эрчим хүчний гайхалтай суурийг бүрдүүлсэн Катар, Саудын Араб шиг боломжоо сайн харж, ухаалаг ашиглах хэрэгтэй. Ирээдүйдээ хөрөнгө оруулах нь чухал. Том газар нутаг дээрх цөөн хүн ам, дэд бүтцээ шийдэхэд бэрх гэх мэт сул тал Монголд цөөнгүй ч түүнийг давуу тал болгох боломж бий. Учир нь танай улсад Азийн ямар ч оронд заяагаагүй олон төрлийн байгалийн баялаг байна. Уул тал, гол нуур, говь цөл гээд итгэмээргүй уудам нутаг байна. Ази хөгжих тусам, энэ тивийнхэн гадагш гарах нь ихсэж, дэлгүүр хэсэхээс илүүг хүсэх болсон. Бусдад байхгүй энэ сайхан орон байхад том дэлгүүрүүд байхгүйдээ санаа зовох хэрэггүй. 

Энэ бол ирэх 10 жилийн асуудал. Аялал жуулчлалын боловсронгуй дэд бүтцийг бий болгох нь энэ салбарын хөгжилд төдийгүй монголчуудад нэн чухал хэрэгцээтэй байна. Ажлын байр бий болно гэсэн үг. Хэрвээ миний өмнө 25 жилийн төлөвлөгөө байсан бол ирэх жилүүдэд эрчим хүчний салбараа зөв хөгжүүлж, хөршүүдтэйгээ эвтэй харилцах тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж ажил гэж хэлнэ. Хоёр их гүрэнтэй зэрэгцэн оршдог бодит байдал. Тиймээс тэдэнтэй хэрхэн зохицож оршин тогтнохыг сурахаас өөр аргагүй.

 -Хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласны дараа чухам яагаад Азийн бизнесийн зөвлөлийг сонгосон юм бэ? 

-Хэвлэл мэдээллийн салбарт би ихэнхдээ бизнес, санхүү, эдийн засгийн сэтгүүл зүйгээр замнасан. Миний хувьд “Business week”, “Eastern Economic Review” тэргүүтэй мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж байсан туршлага бий. Тиймээс Азийн бизнесийн зөвлөлийн ихэнх хүмүүс миний өмнө нь уулзаж, ярилцлага авч байсан хүмүүс байдаг. Ази тив миний хувьд хамгийн сэтгэл татам газар. Хэдийгээр Засгийн газруудын үүрэг их ч хувийн хэвшлийнхэн л энэ өөрчлөлийг бий болгож байгаа. Манай зөвлөлийн гишүүд таван их наяд гаруй ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компаниудыг захирч, шууд байдлаар хоёр сая хүн ажиллуулдаг бол шууд бусаар түүнээс ч илүү олон. Тиймээс бизнесийн салбар дахь шийдвэр гаргагчдыг нэгтгэн ажиллах нь илүү өндөр бүтээмжийг бий болгох гайхалтай боломж юм. -Азидаа аль улсыг тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг Та шилдэг нь гэж үнэлдэг вэ? -Өөрийн дуртай нэг мэдээллийн хэрэгслээ сонгоод хэл гэх нь хүүхдүүдийнхээ дундаас хамгийн хайртайг нь сонго гэж байгаатай адил санагдаж байна. Илүү чөлөөт мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн урсгалтай орнуудын нийгэм дэх нөлөөлөл нь харьцангуй эерэгээр тусч байдаг. Бизнес, улс төрд ч адилхан. Улс бүр өөр учраас тодорхой хэлэхэд хэцүү юм. 

-Хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар нийтлэг сорилттой тулгарч байна вэ? 

-Хэвлэл мэдээлэл гэдэг олон нийтэд хүрдэг үйлчилгээ учраас тэдний асуудал ч ерөнхийдөө адилхан. Бүх л байгууллага зарлагаа нөхөж, ажилчдынхаа цалинг өгөх ёстой. Гэхдээ эдийн засаг хөгжих тусам асуудлаа шийдэх өргөн боломж олддог. Сурталчилгаа өгдөг нэг нь уурлалаа гэхэд бусад нь байгааг санах хэрэгтэй. Эсвэл захиалагчид байна шүү дээ. Энэ бол үйл ажиллагааны хувьд бэрх хувилбар. Томоохон улс төрч, бизнессийнхний дэмжлэггүйгээр төрөлжсөн санхүүжилтээр үйл ажиллагаагаа хангалттай хэмжээнд явуулна гэдэг хэцүү. 

Түүхийг сөхвөл, Азийн олон оронд шоронд орсон ч хамаагүй хэмээн боддог хүмүүсийн эрхлэн гаргадаг цөөн хэвлэл байсаар ирсэн. Гэхдээ би дийлэнх нь бусдын эрхшээлд байдаг гэж хэлээгүй шүү.

Эрсдэлийг үүрэхэд үргэлж бэлэн байдаг баатарлаг хэсэг бүлэг хүний тухай ярьж байгаа юм. Энэ нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсэх нөхцөл, зарим үед халхавч болох нь бий. Улмаар илүү хүчирхэгжиж, бусдаас үл хамаарах үзэл санаа газар авахад нөлөөлдөг. Гэвч хөгжингүй орнуудад хүртэл энэ асуудал байсаар ирсэн. Ялангуяа дарамт, шахалт энэ салбарт хүчтэй ноёрхсоор байна. Хувийн хэвшил, төр засгийнхан хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, хүмүүсийн юу бичихийг зааж болохгүй гэдгийг ойлгох нь нэн чухал. Гэвч энэ бол хэзээ ч дуусдаггүй тэмцэл. 

-Та энэ удаагийн айлчлалынхаа дараа Монголын тухай дахин нийтлэл бичих үү? Тийм бол ямар өнцгөөс нь хөндөх вэ? 

-Би энд байх хугацаанд сонирхолтой олон уулзалтыг хийж яваа. Хөгжиж буйг харах сэтгэл хөдлөм байна. Сонгууль, Оюутолгойн анхны тээвэрлэлт зэрэг сонирхолтой олон үйл явдал та бүхнийг хүлээж буй. Энэ бүхний дараагаас улс орны байдал харьцангуй тогтуун болж ирэх болов уу гэж найдаж байна. Тодорхой байдал бол бизнессийнхний хамгийн их хүсдэг зүйл. Юу болохыг харж л байя. Одоогийн байдлаар би нийтлэл гэхээсээ Азийн компаниудын байгаль орчны тал дээр гаргаж буй санаачилгын талаар бичиж буй номондоо илүү анхаарч ажиллаж байгаа. Ном маань дараа жил хэвлэгдэнэ. 

-Таны бичиж буй номын агуулгатай холбогдуулаад асуухад энэ тал дээр Монголын нөхцөлийг Та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Монгол Улс эрчим хүч тэр дундаа цахилгааны дутагдалд ороод байгаа. Мөн нүүрснээс хэт хамаарал бүхий эрчим хүчний хэрэглээтэй. Гэвч нар, салхины асар их баялгаа ашиглан эрчим хүчний нийлүүлтээ нэмэгдүүлэх “лут” боломж байна. Үүний зэрэгцээ бүтээмж өндөртэй барилгын материал ашиглаж болно. Ийм материалаар барьсан барилгуудтай болвол, халааж, хөргөхөд эрчим хүч бага зарцуулна гэсэн үг. Тохь тухтай сайхан амьдрал цогцлоох нь хүмүүсийн хувьд эрхэм зорилго. Түүнээс нүүрс, салхи болон нар эсвэл ямар барилгын материалаар барьсан нь сонин биш байдаг. Асуудлыг шийдвэрлэх асар их боломж бий. 

Mongolia Economy Сэтгүүлийн “Ерөнхийлөгч” нарын эдийн засгийн бодлогыг шинжхүй дугаараас

2013.06.20

Mongolian Economy