Мустафа Сарныч: Туркийн компаниуд Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулсаар ирсэн

Mongolian Economy
2026-05-20 11:48:56

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарныч 2012 оны долоодугаар сараас албан үүргээ гүйцэтгэж байна. Османийн эзэнт гүрний хоёр дахь нийслэл байсан Бурса хотод төрсөн тэрбээр Анкара дахь Гази Их сургуулийн Олон улсын харилцааны ангийг 1990 онд бакалаврын зэрэгтэй дүүргэсэн аж.

Турк улс бол тив дамнасан орон. Та эх орныхоо газар зүйн онцлогоос сонирхуулахгүй юу? 

Юуны өмнө улс төр, эдийн засгийн мэдээлэл уншдаг хүмүүст зориулан гаргадаг Монголын хамгийн сайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох танай сэтгүүлд ярилцлага өгч байгаадаа би туйлын их баяртай байна. Манай улс Ази, Европ тив дамнан байрлах бөгөөд Босфорын хоолойгоор зааглагддаг. 

Тийм учраас 750 мянган ам.метр газар нутаг дээр амьдардаг 76 сая хүн амтай Турк улс нь олон янзын соёл, шашин шүтлэгтэй хүмүүсийг холбоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Манайд Европ, Балканы болон Азийн улс, гүрнүүдийн шинж чанар байдгаас гадна Ойрхи Дорнод, Кавказын орнуудын онцлог мөн хадгалагдан ирсэн юм. Үүний илрэл нь бидний хоол унднаас эхлээд ардын аман зохиол, тэр ч байтугай өдөр тутмын амьдралд хүртэл тусгалаа олсон байдаг. 

Түүнчлэн Туркийн Засгийн газар өөрийн хөрш орнууд болох Грек, Болгар, Сири, Ирак, Иран болон Гүржтэй харилцахдаа “Тэг бэрхшээл” буюу хамтын ажиллагааны бодлогыг баримталдаг. Сири улсад өрнөж буй хямрал нь маргаангүйгээр “Арабын хавар” хөдөлгөөнөөс улбаатай. Бид хөрш зэргэлдээ оршдог ОХУ, Азербайжан, Украин, Молдав зэрэг оронтой маш сайн харилцаатай байдаг. 

-Элчин сайд аа, Та манай улсад ирэхээсээ өмнө Ойрхи Дорнод, Умард Африкийн орнууд, Аддис Абеба, Скопье, Приштина, Комитини зэрэг хотод ажиллаж байжээ. Монгол Улсад ирэхэд тань ямар үйл явдал нөлөөлсөн бэ? 

-Өнгөрсөн оны өдийд шөнө дунд миний утас дуугарлаа. Утсаа автал манай Гадаад хэргийн сайд Ахмет Давутолу ярьж байна. Тэрбээр намайг Улаанбаатарт ажиллуулахаар томилсон гэдгээ хэллээ. Турк улсын Засгийн газраас миний гүйцэтгэж ирсэн албан үүргийг ийнхүү үнэлсэн нь миний хувьд үнэхээр их хүндэтгэлтэй үйл явдал мөн гэж үзэж байна. Би анх удаа Азид Элчин сайдаар томилогдсон. Өмнө нь миний хашиж байсан үүрэгт албан тушаалууд ертөнцийн баруун өнцөгт байсан гэж хэлж болох юм. 

Амьдралынхаа сүүлийн 12 жилийг би Турк улстай түүх болон соёлын гүнзгий холбоотой гэгддэг Балканы орнуудад өнгөрүүлсэн. Энэхүү чухал албан тушаалд томилогдоход мэдээж тодорхой шалгуурууд байсан. Ололт, амжилтыг минь харгалзан үзсэн гэж ойлгож байна. Танай улсад миний гүйцэтгэх үүрэг даалгавар тодорхой улс төр, эдийн засаг, соёлын харилцааг сайжруулан, өргөжүүлэхэд чиглэсэн болно. 

Та өмнө нь ажиллаж байсан орнууддаа гаргасан өөрийн амжилт, зүтгэлээсээ хуваалцахгүй юу? 

Миний хувьд хийж гүйцэтгэсэн зүйл олон байгаа ч Косово дахь Турк Косовогийн Худалдаа аж үйлдвэрийн танхимыг үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулснаа мартдаггүй юм. Энэхүү төрийн бус байгууллагын үйл ажиллагаа амжилттай явж байгаа бөгөөд өдгөө Турк, Косово хоёр улсын хооронд гүүр болж байна. Туркийн бизнес эрхлэгчдийг үүнтэй төстэй ажил танай улсад хийхийг уриалсан бөгөөд эхний алхмуудыг хийж эхэлснийг дуулгахад таатай байна. 

Турк-Монгол Улс хоорондын харилцаа шинэ түвшинд хүрсэн. Тухайлбал, Улаанбаатар-Истанбулын чиглэлийн шууд нислэгтэй боллоо. Цаашид хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанаас манай уншигчдад танилцуулахгүй юу? 

Турк, Монгол Улс бараг бүхий л салбарт төгс харилцаатай хамтарч ажиллаж байна. Үүний нэг үзүүлэлт нь тун удахгүй ашиглалтад орох Туркийн Элчин сайдын яамны болон өргөөний барилгыг жишээ татаж болно. Тун удахгүй шинэ байрандаа нүүж орохоор зэхэж байна. Хоёр орны хамтын ажиллагаа сайн байгаа ч олон алхмыг, нэн ялангуяа эдийн засгийн салбарт хийхээр байна. 

Улаанбаатар-Истанбулын чиглэлийн шууд нислэг хоёр орны эдийн засгийн хамтын харилцааны хөгжил дэвшлийг илтгэж байна. Саяхан болж өнгөрсөн Туркийн Ерөнхий сайд Рэжэп Таийп Эрдоаны айлчлалын үеэр хоёр тал нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудал дээр санал нэгдсэн. Энэ нь Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд тус болно гэж үзэж байна. 

Түүнчлэн визний асуудлыг хөнгөвчлөх журам гарсны дараа Туркээс бизнесийн төлөөлөгчид ирэх нь нэмэгдлээ.

Жишээлбэл, энэ зургадугаар сард Туркийн Экспортлогчдын Холбооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилна. Өдөр ирэх тусам өсөж байгаа Монголын зах зээлд асар том боломж байгаа нь харагдаж байна.

Тодруулбал, Туркийн барилгын нэртэй компаниудыг Монголын орон сууц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах тал дээр дэмжих хэрэгтэй гэж үзэж буй. Эцэст нь хэлэхэд, Туркийн хувийн компаниуд 20-оод жилийн турш Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулсаар ирсэн. Монголын дөрвөн хотод Туркийн таван сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай компаниуд хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. 

Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ өнөөдрийн байдлаар 40 сая ам.доллар байгаа. Та бүхэн үүнийг 250 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Худалдааны эргэлтийн хэмжээг өсгөхийн тулд ямар үйл ажиллагаа явуулахыг төлөвлөж байгаа вэ? 

Монгол, Туркийн эдийн засаг хоорондоо сайн харилцаатай бөгөөд энэ нь цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт хэт амбицтай мэт харагдах ч үүнд хүрэх бүрэн боломжтой. Монгол Улс мал аж ахуй, уул уурхайн салбартай. Манайд дэлхийд сүлжээ бүхий хүчирхэг олон компани бий. 

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 

Аливаа хүн албаны ажлаа зөв зохицуулж чадваас өөрийн хийх дуртай зүйл буюу хоббийдоо илүү их цаг зав гаргах боломжтой гэж боддог. Би хөгжим, дүрслэх урлаг сонирхдог. Тийм ч учраас Улаанбаатарт зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнд аль болохоор оролцохыг хичээдэг. Өнгөрсөн оны долоодугаар сард Монголд анх ирээд Богд хааны музейд зочилсон. Нэмж хэлэхэд, би кино урлагийг ихэд сонирхдог. Боломж олдвол шинэ кино алдалгүй үзэх дуртай. Өвлийн хүйтэн өдрүүдэд ном миний хамгийн сайн найз болдог. Спортоос хөл бөмбөг, теннис тоглох дуртай. 

Турк улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн туршлагаас Та хуваалцахгүй юу. Сонгуулийн үйл явцыг шударга явуулахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ? 

Юун түрүүнд Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулага (OSCE)-ын отгон гишүүн болсныг дурдах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын урилгаар удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л үйл явцад OSCE-ын баг бүрэлдэхүүн хяналт тавих бөгөөд бэлтгэл ажлыг хангасан. Тус байгууллагын ажиглагчид урт болон богино хугацаанд сонгуулийн үйл явцыг хянах болно. Сонгуулийг чөлөөт, шударга байдлаар явуулах ёстой. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын ардчилсан замналыг цаашид улам бэхжүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. 

Манай орны хувьд Ерөнхийлөгчийг Туркийн парламентийн гишүүд сонгодог байсан уламжлалтай. Харин Ерөнхийлөгчийг цаашид иргэд сонгох уу, эсхүл Парламент сонгосон хэвээр байх уу гэдэг асуудлаар бүх нийтийн санал асуулга 2007 онд явуулсны дүнд олон нийтийн саналаар Ерөнхийлөгчөө сонгож байя гэж шийдвэрлэсэн юм. Тиймээс ирэх жил Турк улс Ерөнхийлөгчөө анх удаа олон нийтийн саналаар сонгох болно. 

Манай хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр ямар зорилт дэвшүүлсэн байгаа бол. Танай улсын аялал жуулчлалын салбарын онцлог юу вэ? 

Аялал жуулчлал нь Туркийн эдийн засгийн гол тулгуур юм. Өнгөрсөн онд манай оронд 35 сая жуулчин аялж 25 тэрбум ам.долларын орлого улсын төсөвт оруулсан. Бид тус салбар дахь туршлагаасаа Монгол Улстай хуваалцахыг хүсч байна. Энэ талаар холбогдох түнш байгууллагуудтайгаа ярилцаж эхэлсэн. Юуны өмнө визний асуудлыг шийдвэрлэнэ. 

Хоёр орны хооронд зорчих зорчигчид болон Истанбул-Улаанбаатарын нислэгийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна.

Туркийн Анталья хотоос 75 км зайтай орших уран барилга, түүх дурсгалаар алдартай эртний Сийде хот

Сонирхуулахад, Туркийн аялал жуулчлалын нэлээд хэдэн байгууллага, компанийн төлөөлөгчид ирж хамтарч ажиллах төсөл судалж байгаа. Мөн “Turkish Airlines”-ийн зүгээс Монголын аялал жуулчлалын компаниудад сургалт, семинар хийхээр төлөвлөснийг дурдъя. Турк болон Монголын түүхэн холбоосыг харахад ямар зүйл таны сонирхлыг хамгийн их татдаг вэ? 

Хамгийн сонирхолтой зүйл бол Монголын газар шороон дээр Түрэг үндэстэн оршин байсныг гэрчлэх ул мөрийг харах. Хархорин сум болон Налайх дүүрэгт байрлах Түрэгийн хөшөө, дурсгалд хадгалагдан үлдсэн өвөг дээдсийн минь түүхийг унших үед Түрэгийн овгууд олон зууны туршид дорноос өрнийг зорин энэхүү урт удаан аяллаа хэрхэн хийсэн юм бол гэж би өөрөөсөө асуудаг. 

Тэр ч бүү хэл нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалаад бидний өнөөгийн өлгий нутаг болох Анатолия (Бага Ази) хүртэл нүүсэн байгаа юм. Манай улс өнөөдөр бүс нутагтаа хамгийн шилдэг улс болсны шалтгаан энэ ч байж болох юм. Мөн өвөг дээдсийн туулж өнгөрүүлсэн арвин туршлага бидэнд нэмэлт хүч чадлыг өгдөг. Энэ нь Туркийг “дотоод хүч” хэмээн нэрийддэг өөр нэг шалтгаан ч байж болох юм. 

Mongolian Economy сэтгүүлийн “Ерөнхийлөгч” нарын эдийн засгийг шинжхүй дугаараас

2013.06.20

Mongolian Economy