Цаг хугацааг хожиж чадсан хүн

Д.Бэхбаяр
2026-05-21 14:00:49
Ангилал: Хөрөг

Амарбаярын Шагдарсүрэн гуайг монголчууд “Номин”-гийн хэмээн хүндэлдэг. Бүтээн байгуулсан зүйлээрээ овоглуулж, олондоо хүндлүүлэх шиг эрхэм хүндлэл энэ хорвоод үгүй. Гэвчиг А.Шагдарсүрэн гуайг зөвхөн “Номин”-гийн гэж авгайлах нь нэг талаар өрөөсгөл юм. Түүний туулж өнгөрүүлсэн 85 жилийн намтар түүхийг судлан сонирхвол өөр олон дүр тодорно. Тэдгээрийн тухай энэхүү нийтлэлдээ өгүүлэх болно.

Торгууд нутгийн хөвгүүн Торгууд түмний их нүүдлийн тухай сонсоогүй, нулимс унагаагүй монгол хүн ховор биз ээ. Тэртээ 1630 онд 250 мянга орчим ойрад монголчууд одоогийн ОХУ-ын Ижил мөрний үржил шимтэй газарт нүүдэллэн иржээ. Гэвч тэд 140 жилийн дараа дахин их аянд гарч 4800 км замыг туулсаар Монгол нутагтаа ирсэн байна. Нүүдлийн замд 100 мянга орчим торгууд хүн зуур замын тулаан, өвчин зэрэгт амь үрэгдсээр, ердөө 20 мянган өрх буюу 70 орчим мянган хүн Зүүн гар, Бор тал, Минжит Булган, Мэргэн Байтагийн ууландаа ирсэн гэдэг. 

Ард олны дунд торгуудын баруун хошууг вангийн, зүүн хошууг бэйсийн гэж засаг ноёных нь хэргэмээр нэрлэж байсан агаад вангийнхан дотор хонгараачин овогтнууд байсан. А.Шагдарсүрэн гуайн аав Амарбаяр чухам тэр овгийн хүн юм. А.Шагдарсүрэн 1941 оны тавдугаар сарын 1-нд Ховд аймгийн Булган сумын Шар хулсны Зэл мод гэдэг газар эгэл малчин Амарбаярын отгон хүү болон мэндэлжээ. Тухайн үед Монгол Улсын Баруун хязгаарын байдал нэн төвөгтэй, бүр дайны ирмэгт тулсан хүнд үе байлаа. Асар их бэрхшээл зовлон, дээрэм тонуулын дунд амьдарч, сэтгэл санааны хүнд үеийг гэр бүлээрээ даван туулсан тухай А.Шагдарсүрэн гуай дурссан байдаг. Аав Амарбаяр, ээж Б.Түвшээ нь хүүхдүүдээ аваад бусдын адил ууланд бүгэж, нутаг дамжин явж байжээ.

“Багадаа ээжтэйгээ хонь, хурга хариулж, малын түүхий эд боловсруулж байсан. Аавтайгаа газар хагалж, тариа тарьж, андисны морь, тэмээ хөтөлж, хөц цохиж, айраг бүлж, мод түлээ түүж, ус мөс зөөж байсан дурсамж ер санаанаас гардаггүй. юм” хэмээн А.Шагдарсүрэн гуай “Далдугаар зөрлөг” номдоо бичсэн байдаг. Ах А.Пагма, эгч А.Цэвэг нь түүнээс олон насаар ах байсан учир тэднээсээ суралцдаг, том болоод ах эгч шигээ хүн болохыг мөрөөддөг байжээ. 

Түүний ах А.Пагма Баруун Монголоос төрсөн анхны хүний их эмч, Ховд аймгийн шилдэг 100 эрхмийн нэг, эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хот, хөдөөгийн эмнэлгүүдэд насаараа ажиллаж бусдын сайн сайхны төлөө амьдралаа зориулсан нэгэн юм. Сонирхуулахад, БНМАУ-ын баатар Э.Шийлэг бол А.Шагдарсүрэнгийн авга ах. Гоминданы цэрэг, Оспаны дээрэмчид Баруун хязгаарт үймээн дэгдээж, халдлага үйлдэж байхад Э.Шийлэг хилийн цэрэгт туслах ардын группийн хамгийн туршлагатай пулемётчин, ахлагчийн үүрэг гүйцэтгэж олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцон эрэлхгээр тулалдаж байсан аж. 

Мөн Халхын голын дайнд эхнээс нь дуустал оролцож байсан баатарлаг намтартай хүн.

Түүний энэ гавьяаг үнэлж, Халхын голын байлдааны 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. “Ахынхаа тухай, ер нь энэ дайнд оролцсон олон арван “баатар цол” хүртээгүй хүмүүсийн тухай бичихгүй бол  тэр он жилүүдийн тухай мэдэх хүмүүс энэ цаг мөчид надаар л өндөрлөх гээд байна. Ер нь хоёулаа хамтарч баримтат кино хийвэл ямар вэ” хэмээн А.Шагдарсүрэн гуай санал тавьж, хамтдаа “БНМАУ-ын баатар торгууд нутгийн хөвгүүн” уран бүтээлээ эхлүүлж байсан талаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж дурссан нь бий.

Төрөлх нутаг, торгууд түмнийхээ төлөө А.Шагдарсүрэн гуай үргэлж нэгийг сэдэж, хоёрыг хийж байдаг хүн. 2014 онд Булган сумандаа БНМАУ-ын баатар Б.Бадам, Э.Шийлэг нарын хөшөөг босгож, үндэсний бөхийн дэвжээ байгуулж өгснөөс гадна ах А.Пагмынхаа нэрэмжит өрхийн эрүүл мэндийн төвийг барьж бэлэглэсэн, аймгийнхаа төвд анхны агуулах худалдааны дэлгүүр, дараа нь худалдааны төв барьсан зэргийг дурдаж болно. Торгууд түмэн хэдий цөөхөн боловч олон алдартан, гавьяатныг төрүүлсэн. Монгол Улсын баатар хоёр, хөдөлмөрийн баатар ес, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 18, Ардын болон гавьяат цолтон 60 гаруй бий. Тэдгээр гавьяатуудын нэг нь “Номин Холдинг” ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн билээ.Цаг хугацааг хожих чин хүсэл “Би 1970-аад оны үед “Цаг хугацааны үнэ цэн” сэдвээр лекц бичиж үйлдвэр, аж ахуйн газрын ажилчин, албан хаагчдад яриа хийдэг байж билээ. Хоногийн 24 цагийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал бүх хүнд хамаардаг учир их сонирхолтой сэдэв юм. “Өнгөрсөн минут эргэж ирдэггүй” гэж бид сурагч байхаасаа ярьдаг болчихсон хэдий ч түүнийг яаж зөв зохистой ашиглах талаар тэр бүр хэвшил болгож дадаагүй. Цагийг хожвол бүхнийг хожно” хэмээн А.Шагдарсүрэн гуай өгүүлэв. Амьдралынхаа энэ зарчмыг тэрбээр олон хүнд хүргэхийг хичээсээр буй. Түүний 2008 онд үүсгэн байгуулсан “Монгол тэмүүлэл Сайхан Монгол орон” ТББ их, дээд сургуулиудад тодорхой сэдвээр долоо хоногийн аян өрнүүлж, энэ үеэрээ нэр хүндтэй, олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр яриа, лекц хийлгэдэг уламжлалтай байв. 

Тэдгээрийн нэг нь “Эртэч монгол хүн” арга хэмжээ юм. Тэрбээр “өнөөдрийн залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг нь маш сайн бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон. “Монголчууд ажлын таван өдөртэй, зүй нь ажлын зургаан өдөртэй ажиллах ёстой. Япон, Солонгос, Хонконг зэрэг улс яаж хөгжсөн гэвэл юун амрах тухай ойлголт, тэд чинь амралтгүй, хоол ундаа хасаж зүтгэн байж энэ хэмжээнд хүрсэн юм” гэж 2018 онд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан нь хувь хүний болоод улс орны хөгжил мөн цаг хугацааны талаарх түүний гол философи болов уу.

Түүний хувьд цаг хугацааг эрхэмлэж, цаг үргэлж үр бүтээлтэй ашигласаар ирснийг нь харуулах нэг тод баримт бол 20 гаруй жилийн турш өдрийн тэмдэглэл хөтөлж буй тууштай зан нь юм. Түүнээс гадна А.Шагдарсүрэн гуай 1980-аад оноос бичиг цаас нийлүүлэн уран бүтээлийн гараагаа эхлүүлж, 20 гаруй ном хэвлүүлж, олон арван дуу, шүлэг, найраглал, аян замын тэмдэглэл туурвижээ. Улс төр, эдийн засаг, түүх, соёл, яруу найргийн зэрэг олон сэдвийн бүтээлүүд түүнд бий. Тэдэн дунд “Торгууд ардын аман зохиол”, “Зүйр цэцэн үгсийн хоймсон хураангуй”, “Баруун Монгол ардын дуу хөгжим”, “Ойрад ардын холбоо үг аялгын тайлал”, “Торгуудын түүхэн товчоон” зэрэг нутаг устай нь холбоотой бүтээлүүд олон байдаг. Мөн “Номин Холдинг” компани, Монгол хүний зорилго, тэмүүлэл, ардын уламжлалын талаарх ном зохиол ч арвин бий. А.Шагдарсүрэн гуай өөрөө бичиж туурвиад зогсохгүй олон зохиолч, яруу найрагч, кино найруулагч, уран бүтээлчдийн 50 орчим ном туурвилыг ивээн тэтгэжээ.

“Номин Холдинг” компани ч олон арван оюуны бүтээлийг эрхлэн гаргаж, ивээн тэтгэж, хамтран ажиллаж байсан нь үүсгэн байгуулагчдын хүсэл сонирхол, зорилготой холбоотой. Тухайлбал, “Монголын 100 хаан” 11 боть, “Найман богд” хоёр цуврал бүтээл, Төрт ёс Хаадын сангаас гаргасан цуврал ботиуд, Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингэс хаан, Чингэс хааны нэвтэрхий толь, “Улирал ба Зохиолч” улирал тутмын сэтгүүл зэрэг 40 орчим бүтээлийг ивээн тэтгэжээ.

Бийр янтай нийлүүлэхээс гадна эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу үндэсний барилгын салбарын хөгжилд, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, одоогийн хэллэгээр бол томоохон төслүүдэд гар бие оролцож байсныг нь дурдалгүй өнгөрч боломгүй. А.Шагдарсүрэн гуай 1964 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх комбинатын хөвөнгийн заводод техникчээр ажиллаж эхэлжээ.

Ганц сар техникч хийгээд комбинатынхаа ерөнхий инженерээр дэвшин ажилласнаас хойш бүтээн байгуулалт, удирдлагын ажилд ханцуй шамлан оров. 

Түүний гар бие оролцсон бүтээн байгуулалтын тоонд одоогийн “Атар-Өргөө” ХК-ийн барилга, 15-р хорооллын угсармал орон сууцны барилгууд, 100 автобусны зогсоол, Холбооны яам, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Монгол кино үйлдвэр, ШУА-ийн хими, физик, түүхийн хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, МҮЭ-ийн соёлын төв ордон зэрэг томоохон барилга байгууламж багтдаг.

Мэдээж түүний цаг хугацаа, хүч хөдөлмөрөө хамгийн их зориулсан “бүтээн байгуулалт” нь өнөөгийн “Номин холдинг” компани билээ. “Номин”-гийн А.Шагдарсүрэн Дөрвөн жилийн өмнө АСЕМ Виллад болсон “Номин Холдинг” компанийн 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох завшаан сэтгүүлч надад тохиосон юм. Гадаадын олон арван брэндийн төлөөлөл болсон түмэн хүн мянган хэлээр хэлэлцэн, өмнөх болон ирээдүйн хамтын ажиллагаагаа ярилцан, үр ашигтай бизнесийн түншлэлээ хүндлэн байхыг хараад “Номин”-гийн хамт олныг үнэхээр л дэлхийн хэмжээнд ажилладаг компани гэдгийг ойлгосон юм.

Санхүүгийн бат бөх байр суурь, бизнесийн томоохон платформ, удирдлагын ёс зүйтэй бөгөөд итгэл даах харилцааг нь “Номин”-гийн гол давуу тал гэж үзэн олон жилийн турш хамтран ажиллахдаа таатай байдгийг энэ үеэр гаднын олон түнш нь илэрхийлж байлаа. Тухайлбал, монголчуудын сайн танил Terranova, Calliope брэндийг үйлдвэрлэгч Италийн TEDDY группийн Борлуулалт хариуцсан захирал, хөгжүүлэлт хариуцсан ерөнхий менежер Пьерлуйжи Маринелли “Номин шиг буурь суурьтай компани, хүмүүс олох амар биш. Италичууд дөрөв биш 10 хөлтэй ширээ найдвартай гэж ярьдаг. Ийм ширээн дээр юу ч бүтээж босгож, тавьж болно гэсэн утгатай. Үүнтэй адилаар манай компани урт хугацааны бизнес харилцааг үнэлдэг. Номинтой бид ийм бизнес харилцааг өрнүүлдэг гэж бодож байна” хэмээж байв.Тэртээ 1992 онд байгуулагдаж байсан “Номин холдинг” ХХК өдгөө борлуулалт үйлчилгээ, импорт, экспорт дистрибюшин, технологи, үйлдвэрлэл, барилга үл хөдлөх, санхүү, агаарын тээвэр гэсэн зургаан үндсэн бизнесийн чиглэлээр тус тусын зах зээлд хүчтэй өрсөлдөх чадвартай 30-аад охин компани, 6300 гаруй ажилтантай болж өргөжжээ. Сард давхардсан тоогоор хоёр сая гаруй хувь хүн, байгууллагад үйлчилдэг нь тус групп компанийн үйл ажиллагааны цар хүрээний нэг том илэрхийлэл үзүүлэлт юм.

Түүнчлэн дотоодын 10 мянга орчим жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа бизнес эрхлэгчид болон гадаадын 700 гаруй брэнд, түншүүдтэй хамтран ажиллаж байна. Тус групп хамгийн сүүлд “Чингис Аэрлайнс Юнити” ХХК-ийг үүсгэн байгуулж, 70 хүний суудалтай ATR 72-600 агаарын хөлгийн үйлчилгээг зах зээлд санал болгож эхэллээ. Тус компани нийт есөн аймагт дотоодын нислэг үйлдэж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг татахад бодитой хувь нэмэр оруулах нь гарцаагүй. 

Өнөөдөр “Номин Холдинг” групп нь хувийн хэвшлийн томоохон төлөөлөл, үндэсний хэмжээний бахархалт компаниудын нэг болсныг монголчууд хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь өрхийн бизнесийг эхнээс нь босгож, 34 жилийн турш олон салбарт өндөр чадамжтай байгууллагыг, өөрөөр хэлбэл амжилттай бизнесийг бүтээсэн нь А.Шагдарсүрэн гуайн гэр бүлийн эх орондоо оруулж буй нэг том хувь нэмэр, хувь заяаны тохиол гэж ойлгоход хэтрүүлэг болохгүй. “Бид хэзээ ч уул уурхай, согтууруулах ундаа, тамхи зэрэг онцгой албан татварын бараа бүтээгдэхүүний салбарт ороогүй.

Баар цэнгээний газар байгуулж үзсэнгүй. Авлига хээл хахуулиас ангид байж, шударга өрсөлдөж, татвараа үнэнч шударгаар төлж ирсэн. Монгол Улсын Шилдэг 100 аж ахуйн нэгж шалгаруулах үйл ажиллагаа 21 жил зохион байгуулагдахад тасралтгүй шилдгээр шалгарч, амжилтаа бататгасаар ирсэн” хэмээн тэрбээр өгүүлсэн. 1990-ээд оны эхэн үе нь Засгийн газрын алдарт 20-р тогтоол гарснаар мөнгөний ханш унаж, барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэнээр иргэдийн амьдрал хэцүүдэж, ядуурал ихэссэн амаргүй цаг байсан. Тухайн үед нийслэлийн Октябрийн районы орлогч даргаар ажиллаж байсан А.Шагдарсүрэн хоосон дэлгүүрүүдээр картын бараа хуваарилж, айл өрх бүрд хүргэх гэж бие сэтгэл, оюун бодлоо зориулан шантралгүй ажиллаж байлаа. Гэвч энэ их ачаалал, хүнд цаг үе эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлснөөр эрүүл мэнд, гэр бүлдээ зайлшгүй анхаарах цаг ирснийг тэрбээр ойлгов.

Түмний төлөө цаг наргүй, биеэ гаргуунд нь хаян ажиллаж байсан ч түүнд өөрт нь хурааж хуримтлуулсан зүйл байсангүй.

Гэхдээ Монгол Улс зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй шилжсэн учир ухаалгаар сэтгэж, шаргуу хөдөлмөрлөж чадсан хэн бүхэнд сайхан амьдрах боломж бололцоо нээгдээд байлаа. Чухам энэ нь өнөөгийн “Номин холдинг” хэмээх их айлын түүхийн хуудсыг эхлүүлэх анхдагч нөхцөл болжээ.

Эхлээд өрхийн үйлдвэрлэл эрхлэхээр шийдэж А.Шагдарсүрэнгийн гэргий Р.Содном гарын уртай учир гэрээрээ хүний хэрэгцээтэй төрөл бүрийн зүйл оёх болов. Тэр үед санаан зоргоор материал олдохгүй учир Арьс ширний үйлдвэрийн хаягдлаас өөдөс түүж, загвар донж нь таарсан савхин хүрэм хийсэн нь өндөр үнэ хүрч зарагдах болжээ. Улмаар үнэг, булга, тарваганы арьсаар малгай, бэлэг дурсгалын зүйлс хийсэн нь гадаад, дотоодын үйлчлүүлэгчдийн сонирхлыг ихэд татаж эхлэв.

Ингээд гэр бүлийн гишүүд тухайн үеийн хэллэгээр бол хувиараа эрхлэх аж ахуй (ХЭАА) байгуулахаар санал нэгдэж, 1992 оны долдугаар сарын 11-нд “Номин-5” ХЭАА-г байгуулсан юм. Тэрхүү түүхэн цаг үеийн талаар А.Шагдарсүрэн гуай “Гэртээ гар, хөлийн хоёр машинаар ойр зуурын оёдол хийдэг, том хүү Ш.Уламбаяр 15-р хорооллын дэлгүүрт “Дуу бичлэг” гэсэн хаягтай, пянзнаас дуу хуулдаг, одоогийнхоор бол студи маягийн магнитофон соронзон бичлэгийн хөдөлмөр эрхэлдэг байлаа. Харин ХЭАА-н гэрчилгээ авахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний ашиг, орлогын тооцоог их өндрөөр бодож, “радио электроникийн үйлдвэрлэл ба засвар, гадаад дотоод худалдаа, зуучлал эрхлэх хугацаагүй эрх” авч, гэр бүлийн таван гишүүнээ бэлгэдэн “Номин-5” гэж нэрлэсэн хэмээн дурссан. Харин дараа жилийнх нь сүүлчээр хүү Ш.Баярсайхан нь Сингапурт М.Жексоны тоглолтыг үзээд ирэхдээ цаг, утасны аппарат, камер авчирч борлуулсан нь тэр дороо зарагджээ. 

Анх гар цүнхтэй Сингапур явдаг байсан бол тун удалгүй онгоцны каргогоор, сүүлдээ 20, 40 тоннын чингэлэгээр цахилгаан бараа авчирч борлуулдаг боллоо. Дөнгөж 20 гарч явсан хүүд гадаад түншүүд нь авсан барааных нь тал үнийг л урьдчилгаа болгон авч, үлдсэнийг нь борлуулсны дараа авдаг байсан нь “Номин-5”-ийг хөл дээрээ зогсоход ихээхэн дэмжлэг болсон аж. 1996 оны баяр наадмаар нэг өдөрт 70 телевизор зарж, бөөн баяр болж байсан дурсгалтай мөч ч бий. 

“Номин”-гийн хамт олны бизнесийг зөвхөн арилжаа наймаа төдий бус монголчуудын ахуйн хэрэглээний соёлд хувьсгал хийсэн чухал үйл явдал гэж үзэж болно. Үнэхээр л Япон, Сингапур зэрэг улсын электрон барааны шилдэг брэндүүдийн ачаар тухайн цаг үед монголчууд гар угаалга, нидрүүлгээс угаалгын машин, дэрсэн шүүрнээс тоос сорогч, өртөө шуудангаас гар утас, махны шууз, борцноос хөлдөөгч, радионоос өнгөт телевизортой болж томоохон шилжилт хийсэн юм. Өдгөө “Номин”-гоос бараа бүтээгдэхүүн, даатгалын үйлчилгээ, хивс худалдаж аваагүй монгол айл өрх огт байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй.

А.Шагдарсүрэн гуай гэр бүлийн бизнесийнхээ амжилтын нууцын талаар “Нууцсаад байх юм ер байхгүй. Бүхий л үйл ажиллагаа ил тод байдаг. Бидний гол зорилго нь чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнийг дээд зэргийн сэтгэл ханамжийн баталгаатайгаар хямд үнээр түргэн шуурхай хүргэх юм. Хэрэглэгч, түншүүд, нийлүүлэгч гэсэн гурван талт хамтын ажиллагааны чанар, өгөөжийг улам дэлгэрүүлж, сайжруулж байдаг” гэж өгүүлсэн юм.

Гэр бүлийн бизнес гэдэг компанийн засаглалын хувьд бас тийм ч амар сорилт биш. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхээ бүх санхүү, хөрөнгө хүч, цаг хугацааг нэгэн зүйлийн төлөө зориулж, дэнчин тавьж ажиллах зоригтонгууд олон биш. “Номин холдинг”-ийн хувьд гэрийн эзний хичээл зүтгэл, цаг хугацаатай уралдан ажилладаг сахилга бат, гурван хүүгээ зөв сурган хүмүүжүүлж, мэдлэг ур чадвараар “цэнэглэж” чадсан нь тэдний амжилтын бас нэг нууц болов уу гэж бодогдоно.

Үүний үр дүнд л олон салбарын бизнес, охин компаниуд нь улсынхаа төсөвт дорвитой хувь нэмэр оруулдаг, найдвартай татвар төлөгч, нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн найдвартай түнш, үндэсний шилдэг аж ахуйн нэгж болж чадсан нь Гарцаагүй.

Төр түшилцсэн он жилүүд “Монгол орны хөгжлийг би маш өөдрөгөөр төсөөлж, монголчуудыг дэлхийг чиглүүлэх хувьтай улс гэж боддог. Төрийн мэлмий гийхгүй бол түмний нүд сохорно, төрийн багана доргиход гэрийн багана хугардаг гэсэн үг бий. 

Тийм учраас төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байх нь маш чухал” хэмээн өгүүлэх А.Шагдарсүрэн гуай 1969-1976 онд МҮЭ-ийн төв зөвлөлд барилга, ой, мод боловсруулах үйлдвэрийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны анхны нарийн бичгийн дарга, МҮЭ-ийн соёлын төв ордны анхны дарга, Сүхбаатарын районы намын хорооны үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн анхны нарийн бичгийн дарга, Октябрийн районы ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга зэрэг төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байв.

Гэхдээ 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан нь түүний хувьд олон жил удирдах албан тушаал хашсан туршлага, мэдлэгээ төр нийгэмдээ зориулах хамгийн өндөр босго, тавцан байсан юм. Анх түүнийг бизнесээ орхиод, эрх баригч намын дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай өрсөлдөх болсныг сонсоод “Шаагаа шал дэмий юм хийх юм. Бизнесээ хөөгөөд мөнгөө олоод явж байвал барав” гэсэн яриа хүртэл гарч байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, түүнийг ийм чанга өрсөлдөгчтэй таараад ялалт байгуулна гэж хэн ч төсөөлөөгүй. Харин А.Шагдарсүрэн гуайн хувьд бизнес нь түүний эцсийн бөгөөд гол зорилго хэзээ ч байсангүй, харин төр улсдаа ихийг хийх, бусдад тустай зүйл бүтээхийг л зорьсоор ирсэн байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүн, дөрвөн орны (Япон, БНХАУ, Австрали, Канад) парламент хоорондын бүлгийн гишүүнээр ажилласан. 

Түүнчлэн Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны бүртгэл, Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалснаас гадна эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт орж үр дүнтэй ажиллажээ. Нэгэн сонирхолтой тоо дурдахад, 2000-2004 оны хооронд УИХ нийт 990 хууль, тогтоол батлан гаргасны 26 хувийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн нь тус хорооны ажлын цар хүрээг харуулдаг. Төрийн эрх барих дээд байгууллагад олон хууль тогтоомжтой “зууралдаж” ажилласан дөрвөн жилийн хугацаанаас нь зөвхөн нэг хуулийг онцолъё. 

Тэрбээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд 2002 онд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Уг хууль нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, тэднээс хуульд захирагдах үндсэн дээр аж ахуйгаа чөлөөтэй эрхлэх боломжит нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс аж ахуй эрхлэхэд оролцох хүрээг аль болох багасгаж, хүнд суртал, авилгалын механизм үйлчлэх орчныг хааж, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй төрийн үйлчилгээ бий болгоход бүхэлдээ чиглэсэн ихээхэн ач холбогдол бүхий төрийн бодлогын цогц гэж хэлж болно” хэмээн онцлон дурдсан байдаг. 

Эдгээрээс гадна газар өмчлөл, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, Мянганы зам, банкны салбар зэрэг улс орны хөгжлийн нэн чухал чиглэлийн хууль, тогтоолуудыг боловсруулах, батлах, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь дурдууштай. УИХ-ын гишүүнээр ажилласан талаараа “Төрөө түшилцсэн мину” дурсамж ном бичсэн нь төр барилцах хугацаандаа хийсэн ажилтай, бүтээсэн зүйлтэй ажилласан гэдгийг нь нотлох бүтээл болжээ.

А.Шагдарсүрэн гуай тэрхүү дөрвөн жилийн талаар “Эх орны өнцөг булан бүрээс шилэгдэн ирсэн олон сайхан нөхөдтэй парламентын танхимд дөрвөн жил амь амьсгаа нэгтэй ажиллана гэдэг үнэхээр их завшаан, бас төр түшилцэх том сургууль байлаа. Лавшруулан судалж, маргаж мэтгэлцэх хэрээр асуудлынхаа гүнд орж, ухаарч таньж, улмаар бие биеэсээ суралцаж явсан энэ үе маань миний амьдралын нэгэн сайхан үе байсан. Олон сайхан өсөх ирээдүйтэй, шилдэг түшээдтэй хамтран ажилласан маань их хувь тохиол юм даа” хэмээн дүгнэн өгүүлсэн байдаг.  Алс баруун хязгаарын торгууд хөвгүүн эрдэм мэдлэг, хөдөлмөрийг эрхэмлэж, тууштай сахилга бат, цагийг эрхэмлэгч нандин чанартаа тулгуурлан төр түшилцэж, улсынхаа хамгийн том групп компаниудын нэгийг үүсгэн байгуулсныг одоо эргэн харахад мөн их хувь тохиол юм даа гэсэн бодол энэхүү нийтлэлийг тэрлэн байхад өөрийн эрхгүй төрж байлаа.

Mongolian Economy Сэтгүүлийн 2026 оны зургаадугаар сарын үндсэн дугаараас

Д.Бэхбаяр