Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарынхантай уулзлаа

B Shurenchimeg
2026-05-21 11:51:44
Ангилал: Банк

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний үйлдвэрлэлийн санхүүжилт, санхүүгийн салбарын оролцоо болон цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцлоо. Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 102 жилийн ойтой давхцсан, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг санхүүжүүлэх, мөнгөний бодлогын орчныг шинэчлэх, санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн бодлогын уулзалт болов. 

Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон Монголбанк, арилжааны банкны 1300 гаруй төлөөлөл оролцжээ.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт банк, санхүүгийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаад, дотоод орчны сорилттой нөхцөлд төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр Монголбанк бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцоллоо.Монголбанк хуулиар үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилттой. Мөн энэ зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг.

Сүүлийн жилүүдэд банкны салбарын хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөө улам тэлж байна. Монголбанкны мөнгө, санхүүгийн статистикийн мэдээллээр 2026 оны гуравдугаар сарын байдлаар банкны салбарын тайлан тэнцлийн нийт дүн 85.0 их наяд төгрөгт хүрч, жилийн өөрчлөлт 21.5 хувьтай гарчээ. Энэ нь банкны салбар зөвхөн хадгаламж, зээл олгодог уламжлалт зуучлагч бус, эдийн засгийн мөчлөг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн санхүүжилт, өрхийн хэрэглээ, бизнесийн идэвхжилд шууд нөлөөлдөг томоохон институц болсныг харуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын мэдээлснээр макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдаж, банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд хэвийн түвшинд, эрсдэл даах чадвар тогтвортой байгаа аж. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны гуравдугаар сарын хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан бөгөөд инфляц 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч, зорилтот интервалын голч руу дөхсөнийг тэмдэглэсэн байна.

Гэсэн ч инфляцын дарамт бүрэн арилсан гэж үзэхэд эрт байгааг мөнгөний бодлогын шийдвэрүүд харуулж байна. Шатахуун, хүнсний үнэ өсөх эрсдэл, геополитикийн тодорхой бус байдал, гадаад орчны савлагаа нь Монгол шиг импортын өндөр хамааралтай эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэл хэвээр байгаа юм.

Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр онцолсон үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал банкны салбартай шууд холбогдож байна.Тэрбээр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд банк, санхүүгийн салбарын оролцоо чухал болохыг тэмдэглээд, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, барилгын материал, бордооны үйлдвэрлэлийн хараат бус байдлыг хангах нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстойг онцолсон.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хараат бус байдал зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаар хэмжигдэхгүй. Түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, урт хугацааны зээлийн орчин, эрсдэлийг даах банкны чадавх, мөнгөний бодлогын тогтвортой байдалтай салшгүй холбоотой. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, барилгын материал зэрэг стратегийн салбарт хөрөнгө оруулалт татахад арилжааны банкуудын зээл, баталгаа, ногоон санхүүжилт, төслийн санхүүжилтийн механизм чухал үүрэгтэй.Түүнчлэн Төв банкны хараат бус байдал нь инфляцын эсрэг бодлогыг богино хугацааны улс төрийн дарамтаас ангид хэрэгжүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын эрсдэлийг урьдчилан хянахад чухал институцийн баталгаа болдог. Харин банкны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудал нь зээлийн хүртээмж, үйлчилгээний чанар, дижитал шилжилт, эрсдэлийн удирдлага, банкны засаглал зэрэг олон талтай.

Уулзалтын үеэр Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан банк, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнав. “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор Монголбанкны ахмад ажилтан П.Дамдин, Монголын ногоон санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал М.Болд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч О.Банзрагч нарыг шагналаа.

Мөн Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан, Төрийн банкны даатгалын албаны менежер А.Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Монголбанк болон арилжааны банкны зарим төлөөллийг “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнав.

                              

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийнхаа дагуу Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардууллаа. Ийнхүү банкны салбарын 102 жилийн ойн уулзалт нь салбарын өнгөрсөн замналыг тэмдэглэхээс гадна Монголын эдийн засгийн дараагийн хөгжлийн шатанд банк, санхүүгийн салбар ямар үүрэг гүйцэтгэх вэ гэсэн асуултыг дахин тодотгов. 

B Shurenchimeg