Ник байрд: Монголыг сонирхож буй компаниуд олон бий

Mongolian Economy
2026-05-25 12:11:47

Ник Байрд нь 2011 оноос Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагт Гүйцэтгэх захирлаар дэвшин ажиллаж эхэлсэн байна. Үүний өмнө тэрбээр тус улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны харьяа Европын Холбооны албаны даргаар ажиллаж байжээ. “Mongolian Economy” сэтгүүлийн тусгай баг Лондон дахь сурвалжлагынхаа үеэр Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагт зочилж, түүнтэй ярилцсан юм. 

Монголын сэтгүүлчдийг хүлээн авч, ярилцаж байгаад талархаж байна. Ер нь ямар хүчин зүйлс Их Британийг дэлхийн хэмжээний түнш болгодог вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

Би Их Британи улсыг гурван шалтгааны үүднээс шилдэг хамтрагч гэж үнэлдэг. Нэгдүгээрт, манай улсын эдийн засаг өргөн хүрээнд төрөлжсөн байдаг. Тийм учраас манай компаниудын бүхий л талбар дахь үйл ажиллагаа дотоодынхоо төдийгүй бусад улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж байна. Хоёрдугаарт, Английн компаниуд гаднын улс орнуудтай нягт түншилж ажилладаг. Тэд зөвхөн гэрээлсэн бизнесийн ашиг хөөцөлдөггүй. 

Өөрөөр хэлбэл, Английн компаниуд байгаль орчинд дэмжлэг үзүүлж, боловсон хүчний сургалт, голлох төслүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг авчирдаг. Гуравдугаарт, хөрөнгө оруулахад хамгийн тааламжтай орон. Өндөр хөгжсөн томоохон эдийн засагтай орнууд дундаа манай эдийн засгийн орчин хамгийн нээлттэй нь бөгөөд Европ тивдээ нэгдүгээрт ордгийг баттай хэлэх байна.

Томоохон орнуудын эдийн засаг бүдчиж буй энэ үед дэлхийн хөрөнгө оруулалт, гадаад худалдааны орчинд ямар өөрчлөлт, сорилтууд гарч ирж байна вэ? 

Дараагийн эринд эдийн засгийн бодит өсөлт Ази, Латин Америк, Африкийн орнуудаас хамаарахаар байгаа нь өнөөдөр стратегийн хамгийн том асуудал болж буй. Европ, Америк зэрэг хөгжингүй орны хувьд үүнд дасан зохицож ажиллах шаардлагатай. Үүний тулд бидний үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүн тэдгээр улсын хэрэгцээ, шаардлагад нийцэж буй эсэхт анхаарал хандуулах хэрэгтэй болж буй. 

Мөн тус орнуудын хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой. Энэ нь Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн туйлын зорилго. Шинээр гарч ирж буй зах зээлүүдтэй экспортын салбараараа холбогдож, хөрөнгө оруулалт татах нь бидний бас нэг гол чиглэл. 

-Танай агентлаг Монголд төлөөлөгчтэй. Тэгвэл Монгол Улс дахь үйл ажиллагааны гол баганууд нь юу вэ? 

-Манайх Монгол тэргүүтэй олон улсад биднийг төлөөлсөн баг, хамт олонтой. Тэдний хувьд аливаа компанийн бизнесийн үйл ажиллагаа том, жижгээс үл хамааран тодорхой үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, тодорхой нэг улсын зах зээлийн судалгаа, хууль эрх зүй, зохицуулалтын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Гэхдээ бид бизнесийн үйл ажиллагаа явуулах бүрэн чадвартай компаниудтай харилцан холбоотой хамтран ажилладаг. 

-Өнөөдөр Монгол Улсад ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй байна гэж та бодож байна вэ? 

-Их Британийн компаниудын хувьд Монгол ихээхэн сонирхол татсан зах зээл байгаа. Хурдан өсч буй зах зээл хэдий ч манай компаниудад төдийлэн сайн танигдаагүй байна. Тиймээс өнөөдөр гол асуудал нь Монголд эдийн засгийн бодит өсөлтийг бүрдүүлэгч уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, жижиглэнгийн тэргүүтэй салбарт гарч ирж буй боломжуудыг манай компаниуд илүү сайн олж харахад чиглэж байна. Харилцан мэдээлэл солилцох шаардлагатай. -Танай агентлагийн Монгол дахь урт хугацааны бодлого, чиглэл юу вэ. Үйл ажиллагаагаа хэрхэн тэлэхээр зорьж байна вэ? 

-Бид Монголын эдийн засгийн хөгжлийн голлох талбаруудад өөрсдийн ур чадвар болон компаниудаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэр дундаа уул уурхайн салбарт нягт уялдаж ажиллах хүсэл бий. Монголын компаниудтай аль хэдийнэ хамтраад эхэлчихсэн. Тухайлбал, манай томоохон компаниуд, тэр дундаа “Рио Тинто” болон ханган нийлүүлэгч сүлжээ компаниуд уул уурхайн салбарт төхөөрөмж, үйлчилгээг үзүүлэх тухай юм.

Аажимдаа тус салбарын бүхий л шатанд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дотоодын хүний нөөцийн чадавхыг өсгөхөд туслахыг мөн хүсч байна.

Улмаар Монголын хөгжүүлэхийг хүсч буй бусад талбарт ч хамтрах сонирхолтой байгаа. Ингэснээр эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, бусад салбараа чадавхжуулахад хэрэгтэй дэд бүтцийг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Монголын эдийн засгийн хөгжлийн ирээдүйн түвшин, төрөлжилтөд тохирох мэргэжилтнүүдээ бэлтгэж чадах боловсролын системтэй болох, мөн эрүүл мэндийн салбараа төрөлжүүлэхэд бид туслахыг хүсч байгаа. Манай улсын олон банк санхүүгийн байгууллага Монголын томоохон төслүүдийн санхүүжилтэд оролцох сонирхолтой байгаа. Монголд дундаж давхаргынхан нэмэгдэх тусам жижиглэнгийн бизнес эрхлэгчдийн хувьд илүү сонирхолтой боломжууд гарч ирж буй нь харагдаж байна. 

Хэдийгээр бусад улстай харьцуулахад Монголын дундаж давхаргын хүн ам бага ч үүнээс үл шалтгаалсан хөгжлийн өндөр үзүүлэлт энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын сонирхлыг өдөөж байна. 

Их Британийн жижиг, дунд, том хэмжээний бизнес эрхлэгчдээс аль нь илүүтэй Монголыг сонирхож байна вэ? 

Зах зээл нь өөрөө одоохондоо шинэ, танил бус байгаа учир эрсдэл үүрэх чадвар бүхий хөрөнгөтэй томоохон компаниуд л эхэлж орж байна. Үүний хажуугаар “адал явдал хайгч” жижиг компаниуд ч бий. Тэдний үйл ажиллагааны туршлагыг харж байгаад бусад нь ч дагаад ороод ирнэ. Гагцхүү хууль эрх зүйн орчин, бизнес эрхлэхэд гардаг асуудлууд, боломж бололцоо юу байна гэдэг тал дээр мэдлэг, мэдээлэл тэдэнд өгөх хэрэгтэй. Монголыг сонирхож буй Англи компаниуд олон байна. 

Уул уурхайн салбарт Английн компаниуд хөрөнгө оруулаад эхэлчихсэн ч бусад салбарыг сонирхох төдий байна гэж ойлгож болох уу? 

Тийм, хүсэл сонирхол өндөр байна. Монголын хөгжил хурдтай урагшилж, дэд бүтцээ хөгжүүлэх тусам энэ сонирхол бодит гэрээ болж хувирах нь мэдээж.

-Танай улсын бизнесийнхний хувьд Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхэд тулгарч буй хүндрэлүүд юу байна вэ?

-Бизнессийнхэн тодорхой, таамаглаж болохуйц зохицуулалттай орчныг хүсдэг. Хоёрдугаарт, тэдэнд томоохон төслүүдийн талаарх мэдээлэл түрүүлж хүрдэг. Голлох төслүүд олон нийтэд хүртээмжтэй, ил тод байх нь компаниудыг ихээхэн хөшүүрэгддэг. Монголын гэлтгүй бүх зах зээлд энэ хамаатай. Энэ л тэднийг татах соронз. Тэд зах зээлүүдийн хооронд шилжилт хөдөлгөөн хийж, хаашаа ч явж чаддаг хүмүүс шүү дээ. 

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Оюутолгойг тойрсон шуугиан Монголыг сонирхож буй Английн компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ? 

-Манай компаниудын сонирхож буй шинэ зах зээлүүдэд ялгаатай сорилтууд бий. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөх асуудал бий. Олон улсын хөрөнгө оруулалтын орчинд шинээр гарч ирсэн улсуудын Засгийн газар хуульдаа өөрчлөлт оруулж тохируулах шаардлага гардаг. Харин хэр хурдан хугацаанд хуулиа сайжруулж, түүнийгээ тогтвортой мөрдөх нь чухал. Хөрөнгө оруулалт тогтвортой эрх зүйн орчинд л орж ирдэг. 

-Монгол дахь бизнесийн боломжуудыг хэрхэн үнэлж байна вэ. Хөрөнгө оруулалтаа үргэжлүүлэн нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл, давтан хөрөнгө оруулалт татах зах зээл байж чадаж байна уу? 

-Мэдээж тийм. Монгол илүү танил болох тусам Английн компаниудад илүү дөхөм болно.

 -Өнөөгийн нөхцөлд Монголын ирээдүйг хэрхэн тодорхойлж байна вэ? 

-Шинэ, зорилготой, өөрчлөлтөөр өөрийгөө цэнэглэж байгаа байдал нь хөгжил, хөрөнгөө иргэддээ жигд тарааж, хурдтай өсөн дэвжихийг хүсч буйг харуулж байна. Ийм нөхцөл байдалд буй улсууд хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилж, илүү сайн хөрөнгө оруулалтуудыг татах чадварт суралцдаг. Томоохон гүрнүүдээс ирэх хөрөнгө оруулалтыг дагаад авьяас чадал, сургалт, боловсрол гэхчлэн олон баялаг ороод ирнэ. Энэ бол элгэмсэг эдийн засгийн үр дүн. 

-Манай улсад жижиг, дунд компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдаг. Тэдний зүгээс танай байгууллагаас ямар төрлийн дэмжлэг авч болох вэ? 

-Олон улсад үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой ямар ч компанид Монгол дахь манай төлөөлөгчийн газар туслахад бэлэн. Бид жижиг, дунд бизнесийнхэнтэй Англид хэрхэн бизнес эрхэлдэг талаар ярилцах болно. Энэ тун ойлгомжтой бөгөөд энгийн үйл явц. Манай улсад бизнес эхлүүлэхэд ердөө л 13 хоног шаарддаг ба энэ нь Европт хамгийн хурданд тооцогддог. Их Британид хууль эрх зүйн орчин ихээхэн нээлттэй, ил тод, элгэмсэг байдаг.

Урьдчилж тооцоогүй ямар нэг асуудал гарч ирэхгүй гэдгийг баталж байна. 

Жишээлбэл, манай машин үйлдвэрлэлийн салбар Герман, Энэтхэг, Япон тэргүүтэй гаднынхны “гарт” байдаг. Гэсэн ч улсдаа ихээхэн өгөөжтэй салбарт тооцогддог юм. Түүнчлэн дэд бүтцийн салбар ч тэр чигтээ гаднынхны өмчлөлд бий. Бид олон улсын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй орон бөгөөд тэдний оролцоог бүрэн хангадаг улс.

 -Гаднын зах зээлүүд рүү хараагаа чиглүүлж буй манай компаниудад юу гэж зөвлөх вэ. Англи улсын хувьд тодорхой дагаж мөрдөх шаардлага байдаг уу?

 -Тийм онцгойлсон тусдаа шаардлага байхгүй. Хөгжингүй орнуудад хүрээгээ тэлэхээр зэхэж байгаа бол Их Британи зорих ёстой эхний зах зээл гэдгийг хэлье. Английг дэлхийд гарах гарцаа болгож ашиглах нь хамгийн оновчтой. Англи бол санхүүгийн төв. Тиймээс англичуудтай хамтран ажиллах боломжийн олон үүдийг нээнэ гэж хэлмээр байна. 

Mongolian Economy сэтгүүлийн “Монгол, Британийн түүхэн түншлэл” дугаараас

2013.09.15

Mongolian Economy