Эрчим хүчний салбарын “Дөнгө”  

Sarangerel
2026-05-27 14:48:07
Ангилал: Эрчим хүч

Эрчим хүчний салбарт 2026-2027 онд томоохон эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок, Баянгийн цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц, Сэлэнгийн цахилгаан станц, Мандалговийн цахилгаан станц зэрэг олон эх үүсвэрийг барих юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар таван аймагт нарны цахилгаан станцын төсөл хэрэгжинэ.

Тэгвэл нөгөө талд эдгээр станцаас цахилгаан дамжуулах агаарын шугамын асуудал яригдана. Монгол Улсын цахилгаан дамжуулах агаарын шугамын чадлын асуудал өнөөдөр эрчим хүчний системийн хамгийн том сул тал буюу “Дөнгө” болоод байна. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх дамжуулах дэд бүтцийн нөөц шавхагдсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний эх үүсвэрүүд болон сэргээгдэх эрчим хүчний станцууд хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч тэдгээрийг тээвэрлэх дамжуулах шугамын нэвтрүүлэх чадал нь хязгаартаа тулаад буй. Бүсийн эрчим хүчний системд шинээр нар, салхины станц бариад ч дамжуулах шугамын чадал хүрэлцэхгүй тул системд нэгтгэж авч чадахгүй гацах тохиолдол гарсаар байгаа.

Өнөөдөр Монгол Улсад 35-220 кВ-ын хүчдэлийн түвшинд төмөр болон төмөр бетон тулгуурууд ашиглаж байна. Эдгээрээс төмөр тулгуур нь 50 жилээс дээш, төмөр бетон тулгуур нь 35 жилээс дээш ажиллах үйлдвэрийн заавартай ч 110 кВ-ын агаарын шугамууд 1963 оноос ашиглалтад оржээ. Нийт цахилгаан дамжуулах сүлжээний 70 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн нь хамгийн том эрсдэл болоод байна. 

Ашиглалтын хугацаа нь дууссан тоноглолуудын ашиглалтыг цаашид хэрхэн арчлаах, ашиглах талаар ямар нэгэн зааварчилгаа, дүрэм байхгүй бөгөөд олон жилийн үечилсэн графикийн дагуу үзлэгээр илэрсэн гэмтлийг устгах, хэсэгчлэн сольж шинэчлэх ажлыг хийдэг байна.

Ийм үед цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх олон төсөл яригдсаар байгаа. Энэ талаар Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн “Өнгөрсөн хугацаанд нийтдээ найм орчим их наяд төгрөгийн дүнтэй шугам сүлжээний өргөтгөл эхэлсэн. Тухайлбал, Чойр-Сайншандын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг Европын сэргээн босголт хөгжлийн банк 71 сая орчим еврогоор санхүүжүүлж байгаа. Мөн Багануур, Чойрын 220 кВ-ын шугам бий. Хоёр талынхаа дэд станцын өргөтгөлтэйгөө 90 гаруй сая долларын өртөгтэй төсөл хэрэгжиж эхэлж байна.

Дараагийнх нь Дундговь аймгийн төв Мандалговиос Өвөрхангай аймгийн төв Арвайхээр дэд станцын хооронд 250 орчим км цахилгаан дамжуулах 220 кВ-ын шугамыг Дэлхийн банк санхүүжүүлж байгаа. 100 орчим сая долларын хөрөнгө оруулалттай. Дараагийн том шугам Сайншандаас Цагаансуварга руу 200 гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугам, хоёр дэд станцын барилга байгууламжийн хамт Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй явж байна. Мөн Ховдын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас Мянгат дэд станц руу 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам явж байгаа. 108 тэрбум төгрөгийг нь улсын төсөвт суулгасан.

500 кВ-ын агаарын шугам бол Монгол шиг жижиг улсад урьд өмнө байгаагүй том төсөл. Манайд байгаа хамгийн том нь 330 кВ-ын шугам байгаа бол Улаанбаатар хотод түүхэн бүтээн байгуулалтын ажлын эхлэл тавигдаж байгаа” хэмээн ярьж байв.

Өнөөдрийн байдлаар Төвийн бүсийг Баруун болон Говийн бүстэй холбосон 220 кВ болон 500 кВ-ын өндөр хүчдэлийн шугамуудыг шинээр барьж, нэвтрүүлэх чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг Төвийн бүсийн системтэй холбох өндөр чадлын агаарын шугамын угсралтын ажил эрчимтэй хийгдэх асуудал яригдаж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Чойр-Сайншандын 220 кВ-ын хоёр хэлхээ 220.04 км урттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын “Сайншанд” дэд станц, 220/110/35 кВ-ын “Чойр” дэд станцын өргөтгөлийн төсөл, Сонгино-Дархан чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээ 196.5 км урттай ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл, Сайншанд-Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээ 204.6 км урт ЦДАШ, 220/22 кВ-ын “Цагаансуварга” дэд станцын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх гэрээ хэлцэл байгуулаад байгаа юм.

“Эрчим хүч-4” төсөл буюу Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх төсөл яригдаж байна.

Энэхүү төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 78 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд шинээр Мандалговь-Арвайхээр чиглэлийн 287 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Өвөрхангай” дэд станцыг шинээр барих, “Баянхонгор”, “Арвайхээр”, “Мандалговь” дэд станцыг өргөтгөх ажлууд хийгдэнэ. Тус төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, Хангайн болон Баруун бүсийн аймгуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Улсын хэмжээнд нийт 764.4 км урттай 220 кВ-ын шинэ ЦДАШ-уудыг барьж дуусгахаар Засгийн газрын урт хугацааны төлөвлөгөөнд тусгасан. Харин 2026-2030 онд 2365 км шугам ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.