Өрхийн хүнс улам бүр үнэд орсоор
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны тавдугаар сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.3 хувиар, өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна.
Харин хүнсний зарим бүтээгдэхүүний дөрөвдүгээр сарын дундаж үнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өсөлт илүү тод харагдаж байна. Тухайлбал, 2026 оны дөрөвдүгээр сард дотоодын төмсний дундаж үнэ 3156 төгрөг болж, 2025 оны мөн үеэс 132.9 хувиар өсжээ.
Импортын луувангийн үнэ 2523 төгрөгөөс 3402 төгрөгт хүрч 34.8 хувиар, импортын байцаа 3087 төгрөгөөс 3645 төгрөг болж 18.1 хувиар нэмэгдсэн байна. Мөн Хятадаас импортолсон сонгино 13.3 хувиар, саримс 8.5 хувиар, импортын чинжүү 5.9 хувиар өссөн бол улаан лоолийн үнэ 0.7 хувиар буурчээ.

Гурил, будаа, элсэн чихрийн бүлэгт өөрчлөлт харьцангуй жигд бус байна. Дотоодын савласан I гурилын үнэ 2229 төгрөгөөс 2507 төгрөг болж 12.5 хувиар, II гурилын үнэ 1358 төгрөгөөс 1414 төгрөг болж 4.1 хувиар өсжээ.
Импортын цагаан будааны үнэ 4864 төгрөгөөс 4966 төгрөг, импортын шар будааны үнэ 6419 төгрөгөөс 6334 төгрөг болж 1.3 хувиар, элсэн чихрийн үнэ 4951 төгрөг болж 0.7 хувиар буурчээ.

Өргөн хэрэглээний бусад хүнсний бүтээгдэхүүнээс ургамлын тосны үнэ хамгийн өндөр өсөлттэй байна. Нэг литр ургамлын тосны дундаж үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 8814 төгрөг байсан бол 2026 оны дөрөвдүгээр сард 35.1 хувиар өсөж 11911 төгрөг болжээ. Мөн тараг 19.4 хувиар, талх 9.6 хувиар, савласан сүү 5.4 хувиар нэмэгдээд байна. Харин өндөгний үнэ 610 төгрөгөөс 609 төгрөг болж 0.2 хувиар буурсан.

Жилийн харьцуулалтаар хүнсний ногоо, ургамлын тос, сүү, тараг зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өрхийн хүнсний зардалд илүү хүчтэй дарамт үзүүлж байна. Ялангуяа төмс, ургамлын тос, луувангийн үнийн өсөлт нийт хүнсний үнийн дарамтыг тодорхойлох гол хөдөлгөөн болжээ.
