Хянан шалгах эрх бүхий байгууллагуудын олон улсын форум боллоо

B Shurenchimeg
2026-05-01 14:27:47
Ангилал: Олон улс

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Евразийн бүс нутгийг хариуцсан байгууллага буюу Евразийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (EAМУТБ)  ФАТФ-ын Африк, Ойрхи Дорнодын бүсийг хариуцсан бүс нутгийн байгууллагуудтай хамтран “Тэнцвэртэй байдал ба итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа” олон улсын форумыг ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгууллаа. 

Форумд Африк, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази болон Европын 30 гаруй улсын хянан шалгах эрх бүхий байгууллагууд, санхүүгийн байгууллагууд мөн мөнгө угаахтай тэмцэх тогтолцоонд хамаарах санхүүгийн бус мэргэжлийн байгууллагууд, олон улсын мэргэшсэн экспертүүд зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийг чанаржуулах, олон улсын зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал, санаачилгын талаар хэлэлцэн, харилцан туршлага солилцов.   

Санхүүгийн зохицуулах хорооноос “Хяналт шалгалтын арга хэрэгслүүдийн хувьсал: Хяналт шалгалтаас эрсдэлийн үнэлгээ хүртэл”, “Дижитал банк, хиймэл оюун ухаан болон шинэ технологийг комплаенсын тогтолцооны үйлчилгээнд ашиглах нь” форумын хэлэлцүүлгүүдэд панелистээр оролцож, туршлага хуваалцсан юм. 

Форумын үеэр EAМУТБ-ийн нарийн бичгийн дарга Сергей Тетеруков санхүүгийн гэмт хэргүүд үндэстэн дамнасан шинжтэй болсныг онцлоод, бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа нь дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн тулгуур болохыг дурдсан юм. Харин оролцогчдын зүгээс  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд дижиталчлал, шинэ харилцаа холбооны технологи, их өгөгдлийн шинжилгээг ашиглах, тэргүүн туршлагаа байнга солилцох нь нэн чухал гэдэгт санал нэгдсэн юм. Мөн улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт, соён гэгээрүүлэх ажлуудаас эхлэн зөрчил дутагдалд хатуу арга хэмжээ авах хүртэл иж бүрэн тогтолцоог бүрдүүлж, хяналт шалгалтын шинэ эринд “ухаалаг тэнцвэр”-ийг хадгалахын ач холбогдлыг онцоллоо.  

 

B Shurenchimeg